Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.М, Т.Э, О.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

өсвөр насны шүүгдэгч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Нарантунгалаг, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Догмидмаа, 

өсвөр насны шүүгдэгч С.Ойлан, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сархад, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав,

өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюундэлгэр, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин

насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалан, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Баярсайхан нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Т.Э, Б.М, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн О.М, Б.Н, Б.Д, Б.Х, С.О нарт холбогдох эрүүгийн 201625032118 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Дампил овогт Б.М, 1998 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Монгол Солонгосын политехникийн сургуулийн Хэвлэл дизайны ангийн 1 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэрийн 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УИ98010470.

2. Оорцог хорхон овгийн Т.Э, 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Барилгын политехникийн коллежид сурч байсан, ам бүл 7, эцэг эх эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 6-2А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БД98031110.

3. Оорцог хорхон овогт О.М, 1997 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Өмнөговь аймагт "Тавуу" ХХК-д засварчин, "Стимо" ХХК-д түгээгч ажилтай байсан, ам бүл 7, эцэг эх ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 36 хэсэг Улиастай гудамжны 207 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БД97041015.

4. Боржигон овгийн Б.Н, 2000 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурч байсан, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 2-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЛ00250508.

5. Монгол овгийн Б.Х, 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Монгол Солонгос политехникийн коллежийн гагнуурын 1-А ангид сурч байсан, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Арьс ширний 1 дүгээр байрны 5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК00292152.

6. Дамиран овгийн Б.Д, 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,    мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Монгол Солонгос политехникийн коллежийн гагнуурын 1-А ангид сурч байсан, ам бүл 7, эцэг эх эгч ах нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Буян-Ухаа 18-636 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар АЮ01270210.

7. Ботагара овгийн С.О, 2000 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Монгол Солонгос коллежийн гагнуурын 1а ангид сурч байсан, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цэций хороолол 2-45 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 5 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УД00270411.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч Б.М, Т.Э, О.М, өсвөр насны шүүгдэгч Б.Н нар нь 2016 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайн орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Э.Т, У.Э, М.Н нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон Э.Тийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол, У.Эгийн самсунг галакси эс-3 загварын гар утсыг дээрэмдэн авч 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Д, С.О-т нь 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Б.Баясгалангийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон 230.000 төгрөгийн үнэ бүхий айфоне-5 загварын гар утас, биет 70.000 төгрөгийг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Д, С.О-т нь 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Меланж караокений орчимд иргэн Д.Билгүүн, А.Нандинчимэг нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон А.Нандинчимэгийн гар цүнхтэй гоо сайхны хэрэглэл, гар утасны цэнэглэгч, чихэвч, банкны виза карт, иргэний үнэмлэх, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси жи-7 загварын гар утас, биет 2770 төгрөг зэргийн дээрэмдэн авч, 652.770 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Т.Э нар нь өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийн гэр бүлийн таагүй орчинг далимдуулж, 2016 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайн орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Э.Т, У.Э, М.Н нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт, мөн 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Билгүүн, А.Нандинчимэг, арван найман насанд хүрээгүй иргэн Б.Баясгалан нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө архи их уусан байсан. Энхнаран манай сургуулийн таньдаг хүүхэд байна гээд уулзаж байсаныг санаж байгаа, би хоёр хүүхэд цохисноо хүлээж байгаа. Мөнхцоож энэ хэрэгт оролцоогүй. 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон хэргээс Б.Баясгаланг дээрэмдсэн гэх хэргийг бид нар хийгээгүй. Харин  Д.Билгүүн, А.Нандинчимэг нарыг хоорондоо муудалцаад эмэгтэй нь уйлчихсан байна гэж ойлгоод очисон. Энэ хэрэгт С.Ойлон бол оролцоогүй, тасраад уначихсан, бөөлжиж байсан, Б.Хыг энэ хэрэгт оролцож байгааг хараагүй, Дашнямыг зууралдаад ноцолдож байхыг харсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна…” гэв.

Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө болсон хэргийг хүлээн зөвшөөрч байна.Гэхдээ би хэн гар утсыг нь авсныг мэдэхгүй байгаа. Б.Баясгаланг дээрэмдсэн гэх хэргийг огт үйлдээгүй. Таньж олуулах ажиллагаа хийхийн өмнө биднийг хамт нэг өрөөнд удаан хугацаанд хамт байлгасан. Хохирогч Д.Билгүүн, А.Нандинчимэг нарын эд кзйлийг авснаа хүлээн зөвшөөрч байна. С.Отэр өдөр согтоод тасарчихсан байсан. Сүүлд түүнийг эмнэлэг дээр хоносон гэж мэдсэн. Миний хувьд Б.Нтэй үерхэдэг байсан. Түүнийг гэмт хэрэг хийхэд уруу татсан, дарамталсан, алгасан асуудал байхгүй. Дахин ийм хэрэг хийхгүй…” гэв.

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө би их согтчихсон байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байгаа. Утасны кодыг хззхдээр нь гаргуулж байснаа санаж байгаа, тэр утсыг нь хаячихсан байна лээ, ийм хэрэг хийсэндээ их харамсаж байна, дахин хэрэг хийхгүй… ” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 сарын 8-9-нд шилжих шөнө Мөнхбаяр 3 хүүхэд дээр очоод уулзаж байсан. Миний утасны цэнэг дууссан байсан учраас би тэр хүүхдүүдийн утсаар яриад өгье гэж аваад согтуу байсан болохоор хармаалчихсан байсан. Энэ нь миний буруу, авах зорилго байгаагүй. Д.Билгүүн, А.Нандинчимэг нарын эд зүйлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Б.Баясгаланг огт дээрэмдээгүй. Таньж олуулах ажиллагаагаар биднийг анх хараад танихгүй эргэлзээд байсан…” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б.Баясгалан гэж хүнийг огт хараагүй, дээрэмдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгшүй. Мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах үед бидэнтэй хамт нэг өрөөнд 1 цаг гаран хамт байлгасны дараа асуухад намайг дээрэмдсэн хүүхдүүд мөн байна гэж хэлсэн. Д.Билгүүн, А.Нандинчимэг нарыг дээрэмдсэн гэх үед би С.Ойланы таксинд бөөлжсөнийг арчаад, таксины мөнгө төлөөд ирэх үед бужигнаад, гүйлдэхээр нь дагаад гүйсэн. Юу болж байгааг мэдээгүй…” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би маш их согтсон байсан болохоор юу болсныг сайн санахгүй байгаа. Баясгалан гэж хүнийг дээрэмдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна…” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Онь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг дээрмийн гэмт хэрэг хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд ямар нэгэн хэрэг үйлдээгүй…” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрч байхад гэрээсээ дэлгүүр орох гэж 20.000 төгрөг аваад гарсан. Утсаар яриад явж байгаад дэлгүүр ортол хаалттай байсан. Хэдэн хүүхдүүд миний урд явж байсан. Тэгтэл нэг хүүхэд араас гарч ирээд намайг цохисон.. Намайг газар унатал дээр гарч цохиод өөрт байгаа зүйлээ гарга утас чинь хаана байна гэж хэлсэн. Миний халаасыг нэгжээд утас аваад тэр хүүхдүүд зугтаагаад явсан. Би намайг дээрэмдсэн нэг хүүхдийг санаж байгаа цагаан оруулагтай цамц өмссөн, үсээ голоороо хуваасан хүүхэд байсан... “ гэв

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөх болон яллах талуудын санал болгосноор мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж нотлох баримтаар үнэлсэн, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. 

Насанд хүрээгүй хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 8-ны орой 22 цагийн үед найз Энхтүвшин, Нямбаяр нартай уулзах гээд гэрээсээ гарсан. Тэгээд найзуудтайгаа 22 цаг 10 минутын үед Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр уулзаад бид 3 манай гэрийн зүг явсан. Бид гурав 16 дугаар байрны арын сааданд жоохон юм ярих гээд суусан чинь нэг хүүхэд ирснээ “та нар манай найзыг дээрэлхсэн үү” гэхээр нь би “үгүй ш дээ” гэсэн чинь тэр хүүхэд намайг “чи томроод байна уу” гээд гэдэс рүү гараараа 2 удаа цохисон. Намайг тэгж цохисон хүүхдийг Мөнхбаяр гэж байсан. Араас нь дахиад 2 хүүхэд ирснээ нэг хүүхэд нь эхлээд болиоч гээд нөгөө найзыгаа бид нараас холдуулахыг оролдсон. Тэгсэн чинь тэр Мөнхбаяр гэдэг нь “би эд нарыг зодохгүй” гээд тэр гурван хүүхэд буцаад ирсэн. Буцаж ирснээ бид гурваас хаана сурдаг вэ гэж асуухаар нь сургуулиа хэлсэн чинь танай сургууль юм байна ш дээ гээд бид гурвыг нэг, нэгээр нь салгаж гурван тийш нь авч явсан. Намайг тэр Мөнхбаяр гэдэг хүүхэд нь дагуулаад жоохон зайтай зогсож байснаа “чи сургуулиас тэрийг таних уу, энийг таних уу” гээд сургуулийн тухай юм асуугаад байж байтал нэг охин хүрч ирээд “гар утсаараа ганц яриулчих” гэхээр нь би халааснаасаа утсаа гаргаж ирээд дэлгэцэн дээр нь байдаг кодыг нь хийгээд тэр охинд өгчихсөн. Тэр охин миний гар утсыг аваад цаашаа манай найз Энхтүвшингийн зогсож байсан зүг рүү явсан. Тэгсэн нөгөө надтай уулзаад байсан Мөнхбаяр гээд хүүхэд гэнэтхэн миний хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Юу ч хэлээгүй гэнэтхэн л цохисон. Тэгснээ миний толгойг доошоо дарж байснаа өвдгөөрөө миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуугаас зугтаад Энхтүвшин, Нямбаяр нартай уулзаад нөгөө хамт ирсэн 3 охин дээр очоод миний гар утсыг авсан охиноос гар утсаа авъя гэтэл “надад байхгүй нөгөө банди нарт өгсөн, тэд нараас ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи авсан юм чинь тэр хүнээсээ өөрөө авч өг” гэсэн чинь “би тэр гурван хүүхдийг чинь танихгүй, гар утсыг чинь наашаа өг гээд авчихсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь араас нөгөө эрэгтэй хүүхдүүд нь ирээд Мөнхбаяр гээд эхлээд намайг цохисон хүүхэд нь дахиад миний зүүн талын нүдний хэсэгт 2-3 удаа гараараа цохиод үргэлжлүүлээд хэвлий хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон. Би гэдсээ дараад доошоо тонгойсон чинь тэр Мөнхбаяр дахиад нүүр рүү өвдгөөрөө 2 удаа өвдөглөсөн. Би босоод Энхтүвшин, Нямбаяр нартай уулзаад зугтсан чинь араас нэг хүүхэд нь бид нарыг өмөөрч байгаа дүр эсгээд хамт зугтаасан. Нилээн гүйгээд эргээд харахад тэр хүүхэд нөгөө 2 найзтайгаа үлдсэн, охидууд нь харагдахгүй байсан. Тэгээд бид гурав зугтаж байхад араас Мөнхбаяр нь гүйж ирээд намайг барьж аваад дахин хэвлий хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр үед хажуугаар 1 приус машинтай ах явж байхаар нь тусламж гуйж хашгирсан чинь машинтай ах машинаа зогсооход нөгөө хүүхдүүд зугтаачихсан. Бид 3 тэр машинтай ахтай тэр хүүхдүүдийг хайгаад олоогүй, харин 3 охиныг нь барьчихсан юм... Мөнхбаяр гэдэг хүүхэд дараа нь Энхтүвшин дээр очоод хэвлий хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж байсан...” гэжээ /1-р хавтаст хэргийн 43-44, 240/.

Насанд хүрээгүй хохирогч У.Э мэдүүлэхдээ: “...Тэгээд байрны сааданд бид гурав юм яриад сууж байтал нэг хүүхэд ирснээ манай найзыг дээрэлхээд байна уу гээд сонин зүйл яриад байсан. Манай найз Тэнгэр үгүй гэсэн чинь тэр хүүхэд Тэнгэрийн хэвлий хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Араас нь дахиад хоёр хүүхэд нэмэгдэж ирээд хаана сурдаг талаар асуугаад Тэнгэр, Нямбаяр бид гурвыг тал тал тийшээ салгаад явсан. Намайг Энхнаран гээд хүүхэд нь авч яваад сургуульд чинь тийм багш байдаг уу гээд асуугаад байсан. Би тэр хүүхэдтэй юм яриад зогсож байтал хажуу талаас нэг охин ирснээ утас байна уу гэхээр нь би утас байгаа нэгжгүй Скайтел рүү үнэгүй мессэж бичиж болно гэсэн чинь өгч бай, мессэж бичээд өгье гэхээр би куртикнийхээ дотор талын халааснаас гар утсаа гаргаж ирээд дэлгэц дээр байдаг кодыг нь тайлаад өгчихсөн. Тэгсэн чинь тэр охин миний гар утсыг аваад цаана байсан 2 эмэгтэй дээр очоод мессэж бичээд байсан байх. Яг тэр үед хажуухан талд найз Тэнгэрийг нэг хүүхэд хэвлий, нүүр рүү нь цохиод байх шиг байхаар нь би очоод салгах гэсэн чинь намайг нөгөө дагуулаад явсан Энхнаран гэх хүүхэд нь явуулахгүй байсан. Тэгснээ би чамд гар хүрэхгүй гээд хоолой нэг гараараа багалзуурдсан. Би гарыг нь тавиулаад Тэнгэр дээр очоод бид нар жоохон холдсон. Би миний гар утсыг авсан охиноос гар утсаа авъя гэсэн чинь надад байхгүй, би энэ банди нарт өгсөн, нэгжээд үз гээд байсан. Тэгсэн чинь нөгөө банди нар нь зодох гээд байхаар нь бид гурав зугтаад нэг машинтай ахаас тусламж гуйсан юм...” гэжээ /1-р хавтаст хэргийн 47-48, 235/.

Насанд хүрээгүй хохирогч М.Н мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр найзууд болох Энхтүвшин, Тэнгэр бид гурав орой 22 цагийн үед Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр уулзаад Тэнгэрийн байрных нь хажуу талын сааданд сууж байтал нэг хүүхэд ирснээ “та нар манай найзыг дээрэлхээд байгаа юм уу” гэсэн чинь найз Энхтүвшин “үгүй яагаа ч үгүй” гэсэн. Тэгсэн чинь араас нь дахиад 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэдтэй ирсэн. Нөгөө 2 эрэгтэй хүүхэд нь ирснээ тэр гурван хүүхэд нийлээд бид гурвыг нэг нэгээр нь “хаана сурдаг юм” гээд юм асуугаад салгасан. ...би намайг дагуулж явсан хүүхэдтэй юм яриад зогсож байхад нэг охин над дээр ирснээ “утас байвал ганц яриулчихаач” гэхээр нь би байхгүй гэсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэр охин цаашаа яваад манай хоёр найзын гар утсыг нь авчихсан юм шиг байсан. Би дараа нь мэдсэн юм. Учир нь Энхтүвшин тэр надаас гар утас асууж ирсэн эмэгтэйгээс гар утсаа авъя гэсэн чинь юу яриад байгаа юм бэ би гар утсыг чинь аваагүй гээд байсан. Би тэр үед л Тэнгэр, Энхтүвшин нарын гар утсыг авсан юм байна гэдгийг мэдсэн...” гэжээ /1-х хавтаст хэргийн 239/.

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалан мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 3-ны орой 23 цаг 35 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төмөр замын 1а байрны 14 тоот гэрээсээ гараад байрныхаа ойролцоо байдаг хүнсний дэлгүүр очтол хаалттай байхаар нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талд байдаг дэлгүүр орох гээд төмөр замын 5, 6 дугаар байрны голын харанхуй хэсэг рүү орох гээд найз охинтойгоо утсаар яриад явж байхад 5, 6 дугаар байрны голд 5-6 миний насны банди нар зогсож байсан ба намайг уг банди нарын өөдөөс алхаж байтал гэнэт миний араас толгойн ар хэсэг рүү нэг хүн гараараа цохиод би газар өнхрөөд унасан ба унахдаа гар утсаа газар унагаачихсан. Тэгтэл нөгөө байрны голд зогсож байсан банди нар гүйж ирээд миний бие толгой тархи руу өшиглөж дэвсэж байгаад намхан богино хар өнгийн савхин юм шиг материалтай куртиктэй, үсээ голоор нь хуваагаад самнасан банди нь миний дээр гарч суугаад “бүх зүйлээ гаргаж өг ална шүү” гээд миний толгой руу хэд хэдэн удаа цохисон юм.

Тэгээд би өмдний халаасандаа байсан бүхэл 20.000 төгрөгийг гаргаж өгчихөөд толгойгоо хаагаад хэвтсэн чинь “утсаа гаргаад ир” гэхээр нь би “наана чинь уначихсан ш дээ” гэхэд худлаа яриад бай гээд намайг цохиж байснаа миний утсыг олсон уу яасан нэг нь Айфон байна ш дээ гэж хэлээд бүгдээрээ ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү зугтаагаад гүйгээд явчихсан юм. Миний алдагдсан гар утас нь одоогоос 1 сарын өмнө таньдаг хүнээсээ өөрийн барьж байсан гар утсаараа сольж авч байсан Айфон-5 маркийн шаргал өнгөтэй гар утас байсан ба утасныхаа гадуур гэрэнд нь 50.000 төгрөг хийсэн байсан юм... Гомдолтой байна. Алдсан гар утас мөнгөө олж авмаар байна. Мөн миний бие өвдөөд байна, эмчилгээ хийлгэхээрээ эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ...” гэжээ /2-р хавтаст хэргийн 214-217/.

Д.Билгүүн нь хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ажлын газрынхантайгаа 25-р эмийн сангийн буудлын хажууд байх караокед сууж байгаад тарахын алдад буюу ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад Нандинчимэгийг таксинд суулгаж өгөх гээд гарсан... такси барих гэтэл Нандинчимэг “дотор муухай оргио байна бөөлжлөө” гэсэн. Тухайн үед Төмөр замын эмнэлгийн тийшээ эргээд жоохон харанхуй газар модны доор Нандинчимэгийг бөөлжүүлсэн юм. Нандинчимэг явган суучихсан, би цүнхийг нь барьчихсан нуруун дээр нь дарж өгөөд байж байтал миний араас өшиглөх шиг болсон. Гайхаад эргээд хартал хар цамцтай, өндөрдүү, үс нь урдуураа их ургачихсан юм шиг хүүхэд байсан. Тэгэхээр нь би “яаж байна аа дүү нар” гэсэн чинь үгийн зөрүүгүй миний хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэр залуу өөрөөсөө гадна 4 эрэгтэй хүүхэдтэй бас нэг эмэгтэй хүүхэд хамт байсан. Намайг тэгж цохихоор нь би тэр залууг заамдаж барьж аваад өөрлүүгээ татаад нүүр рүүгээ цохиулчихгүй гээд бага зэрэг тонгойсон. Намайг тэгж цохисон хүүхэд нь бусдаасаа хамгийн өндөр нь байсан. Тэгээд тонгойсон чинь хажуу талаас найзууд нь орж ирээд намайг газар унагаагаад тал талаас өшиглөөд байсан. Би нүүрээ хамгаалаад гараа нүүрэн дээрээ барьсан байсан... би тэгж байхдаа Нандинчимэгийн цүнхийг нь газар унагаачихсан юм шиг байсан. Тэгж байтал тэр хүүхдүүд намайг зодохоо болиод шар үстэй эмэгтэй хүүхэд нь түрүүлээд зугтаасан чинь бусад нь араас нь дагаад зугтаасан...” гэжээ /2-р хавтас хэргийн 241/.

Мөн Д.Билгүүн нь гэрчээр мэдүүлэхдээ: “...Наранчимэгийг би нурууг нь дараад нэг гартаа цүнхээ барьсан байхад миний хойноос өгзөг рүү нэг хүн өшиглөх шиг болсон. Эргээд харахад хар цамцтай өндөр биетэй хар бор царайтай залуу байсан. Яаж байнаа дүү нар гэхэд намайг эхэлж нүүр рүү цохисон байгаа. Тэгтэл нөгөө хамт явж байсан 4-5 залуу байсан ба нэг эмэгтэй цаана нь зогсож байсан, нөгөөх хамт явж байсан залуучууд нь хажуунаас дайраад газар унагаасан ба бүгдээрээ цохиж зодож нүүр гэдэс рүү өшиглөж байсан. Нэг мэдэхэд хамт явж байсан шар үстэй охин нь түрүүлээд урагшаа гүйсэн ба тэр охиныг би цүнх авлаа гэж харсан. Тэгтэл нөгөөх залуучууд бутраад араас нь гүйсэн ба намайг эхэлж цохисон залуу намайг тавихгүй байхаар нь би зууралдаж байгаад алдсан ...шар үстэй эмэгтэй хажууд хараад зогсож байсан... Хар өнгийн малгайтай цамцтай өндөр залууг нь сайн санаад байна. Үсээ 2 хуваасан дундаж өндөртэй нэг залуу байсан. Мөн улаан хацартай шар царайтай нэг залуу байсан...” гэжээ /2-р хавтаст хэргийн 116/.

            Хохирогч А.Нандинчимэг нь мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн үед манай 3-р эмнэлгийн эмч сувилагч нарын хамт “Меланж”-ын хажуу талын “Хас” нэртэй караокед ороод ...гэртээ харихаар 01 цаг өнгөрч байхад би эмч Билгүүний хамт караокегоос гараад намайг таксинд суулгаж өгнө гээд Төмөр замын эмнэлгийн зүг яваад уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа явж байхад миний дотор муухайраад байхаар нь би хэсэг зогсоод хашааны урд суугаад бөөлжиж байсан. Тэгэхдээ өөрийнхөө барьж байсан саарал өнгийн арьсан цүнхээ өгөөд бариулсан. Гэтэл дөрөв таван 16-аас 18 орчим насны банди нар ирээд Билгүүнээ эмчтэй маргалдахын завдалгүй зүгээр яваач замаас холдооч гэж хэлсэн ба босоод харахад Билгүүнээ эмч газар эвхрээд уначихсан 2 гараараа толгойгоо барьчихсан, харин нөгөөх 4-5 залуучууд нь бие рүү нь бүгд өшиглөж дэвсэж байсан. Харин нэг залуу нь газар өвдөглөөд суучихсан гараараа толгой руу нь цохиж байсан. Хажууд нь шар үстэй үсээ задгай тавьсан байсан нэг охин зогсож байсан. Тэгэхээр нь би болиоч та нар яагаад зодоод байгаа юм бэ гэхэд хар саравчтай малгайтай хантаазтай жижиг шардуу царайтай залуу энэ өөрөө зүгээр явахгүй байна ш дээ яасан овоо гөлөг вэ гээд хараалын үг хэлээд 2 удаа өшиглөсөн байгаа. Тэгтэл нөгөөх шар үстэй охин урагшаа түрүүлээд гүйсэн, нөгөөх банди нар нь араас нь гүйсэн. Тэгээд Билгүүнээ эмч босож ирэхээр нь миний цүнх хаана байнаа гэхэд миний цүнх байхгүй байсан ба би чиний цүнхийг харж чадсангүй өөрөө зодуулчихлаа тэд нар аваад зугтаачихлаа ш дээ тэр охиныг нь харсан уу ямар аймаар санаатай охин бэ гээд бид 2 хоорондоо яриад араас нь хөөсөн ба байрны дундуур ороод алга болчихсон. Би такси бариад нөхөртэйгөө 3-р эмнэлэг дээр очиж уулзаад бид хоёр буцаад Меланж караокены үүдэнд очоод цагдаа нар ирсэн байсан ба цагдаатай очиж уулзахад миний цүнхийг шар үстэй охин нь барьчихсан, Нөгөөх банди нар нь хажууд нь зогсож байсан. Тэнд нийт 5 банди байсан... Миний цүнхэнд 3.770 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, чихэвч утас, виза карт зэрэг бичиг баримт байсан. Утас 2016 оны 12 сард мобикомоос 650.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг жи7 маркийнх байсан. Бусад зүйлийг нь үнэлэхгүй... хуучин хэрэглэж байсан зүйлс юм. ...Билгүүн бид хоёрыг дагаж байсан юм шиг байна лээ. Саравчтай малгай өмссөн байсан тэр залууг нь сайн санаж байна хар бараан өнгийн хантаазтай, дунд зэргийн биетэй байсан ба сүүлд Билгүүнийг 2 удаа өшиглөсөн, хоёр дахь залуу нь болохоор бусдаасаа өндөр биетэй бор царайтай жижиг хар нимгэн куртиктэй залуу байсан ба энэ залуу нь болохоор хажуу талаас нь гэдэс рүү нь өшиглөж байсан, 3 дахь залуу нь болохоор намхан биетэй, үсээ хагалаад хар өнгийн куртиктэй харагдаж байсан. Энэ залуу нь өвдөглөөд суучихсан толгой руу нь гараараа цохиж байсан... нөгөөх 2 үлдсэн банди нь мөн өшиглөж байсан. Харин нөгөөх охин нь үсээ задгай тавьсан шар үстэй, шар царайтай биеийн тамирын өмд пүүзтэй, дээгүүрээ бие бариу биш хэлхгэр куртик өмссөн байсан... Яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед 3.770 төгрөг байсан гэж хэлсэн байх, гэхдээ хурааж авсан зүйлс бүрэн байсан тэгэхээр 2770 төгрөг байсан байх...” гэжээ /2-р хавтаст хэргийн 115, 242/.

Гэрч М.Мөнхтөр мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 23:50 минутын үед миний бие өөрийн эзэмшлийн 78-76 УБА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинаар таксины үйлчилгээнд Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Урт цагааны гудамжинд явж байтал Урт цагааны урд байрнууд дунд алсаас харахад 3 хүүхдийг өөр 3 хүүхэд жагсаагаад зогсоочихсон, нэг шар царайтай цагаан цайвар өнгийн цамцтай, цагаан саравчтай малгайтай 20-25 орчим настай эрэгтэй жагсаад зогсож байсан хүүхдүүдийн нэгийг нь заамдаад өшиглөөд байсан. Нөгөө 2 хүүхэд хажууд нь хөдлөхгүй зогсоод байсан. Хажууханд өөр 2 хүүхэд хоорондоо зууралдаад байсан. ...Би дөхөж очоод юу болоод байна гэтэл жагсаад зогсож байсан нэг хүүхэд нь “ахаа туслаарай бид гурвыг дээрэмдээд хамаг гар утсыг авчихлаа” гэсэн. Би бариад аваач наадуулаа гэтэл нөгөө 3 хүүхэд нь зугтаагаад явсан. Зодуулж байсан хүүхдүүд тэдгээр хүүхдүүдийг 3 охинтой хамт явж байсан гэсэн. Зугтаангуут нь би зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх хүүхдүүдийг нөгөө хүүхдүүдийн хойноос яв би амдаад урдаас очоодхъё гээд явсан. Би байрнууд дунд руу эргээд ортол зодуулсан гэх хүүхдүүд нөгөө хүүхдүүдийг хайгаад олсонгүй харин хамт явж байсан охидууд нь тэнд явж байна гэсэн. Би араас нь машинтайгаа яваад очтол нөгөө 3 охин хурдан хурдан алхаад яваад байсан. Би машинаараа урд замыг нь хааж зогсоод та нар яахаараа хүн дээрэмддэг юм найз залуучууд чинь хаана байна гэтэл мэдэхгүй саяхан Сансарын бааранд танилцсан залуучууд байсан мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би найз залуучуудаа дууд гэсэн. Тэр үед зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэн 3 хүүхэд хүрээд ирсэн ба тэдгээр 3 охидыг таньж байсан. Тэдгээр охидуудыг явуулахгүй байлгаж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин өндөр нуруутай нэг хүүхэд нь гэдсээ бариад байсан. Зодуулснаас болоод өвдөж байх шиг байсан. ...зууралдаад байсан нөгөө 2 хүүхдийн нэг нь намхан саравчтай малгайтай 20-22 орчим насны цэнхэр өнгийн куртиктэй байсан, 2 дахийг нь сайн харж чадаагүй... гар утас дээрэмдсэн гэх хүүхдүүдийг харвал танина. 2 хүүхдийг хараад шууд зааж чадна... арай өндөр нуруутай хүүхдийг нь дээрэмдсэн гэх хүүхдүүдийн өндөр нуруутай нь хүүхэд нь цохиж зодоод байсан...” гэжээ /1-р хавтаст хэргийн 49-50/.

Гэрч Б.Отгончимэг мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 19 цагийн үед Сансар орж нэг найзтайгаа уулзаад салсан юм. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ над руу залгаад “Сансарын White night бааранд байна ороод ир” гэсэн. Тэгээд орсон чинь Номин-Эрдэнэ ганцаараа сууж байсан. Бааранд сууж байхад Бадамсүрэн ирсэн... орой 22 цаг өнгөрч байхад баарнаас гартал Номин-Эрдэнийн найз залуу Энхнаран нь Их дэлгүүр дээр байна, хүрээд ир гэж ярьсан... Бид гурвыг ирэхэд Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав хүлээж байсан. Бид нар нийлээд УИД-ийн ард байрны дунд байдаг саадан дотор суугаад 1 том пиво, 1 шил архи хувааж уусан. Бид нар сааднаасаа гараад хажуухан талд нь сандал дээр сууж байхад өөр гурван хүүхэд ирээд бидний байсан сааданд ороод суусан. Тэгсэн чинь тэр хүүхдүүд дээр Мөнхбаяр, Мөнхцоож, Энхнаран гурав очоод яриад байсан... наанаас нь Бадамсүрэн, Номин-Эрдэнэ бид гурав очсон. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ тэр гурван хүүхдийн нэгнээс нь “манай найз ирж байгаа, ганц мессэж бичээд өгье надад нэгж байдаггүй” гэсэн чинь нөгөө хүүхэд нь Самсунг эс-З маркийн бараан өнгийн гар утсаа гаргаж ирээд дэлгэцийнх нь кодыг тайлаад Номин-Эрдэнэд өгсөн юм. Номин-Эрдэнэ тэр гар утсыг нь аваад яасан гэдгийг мэдэхгүй байна. Би тэд нараас жоохон холдож байгаад гэрийнхэнтэйгээ утсаар яриад буцаж ирсэн чинь тэр гар утсаа өгсөн хүүхэд эгчээ гар утсаа авъя гээд над дээр ирсэн. Тэгэхээр нь би надад байхгүй ш дээ, чи хэнд өгсөн юм бэ гэсэн чинь энэ эгчид өгсөн гээд Номин-Эрдэнэ рүү заасан. Би Номин-Эрдэнээс чи гар утсыг нь авсан юмуу өгөөч гэсэн чинь надад байхгүй Мөнхцоожид өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гар утсаа асуугаад байсан хүүхдэд тэр ахад чинь байгаа гэнэ гэж Мөнхцоожийг зааж өгсөн. Удаа ч үгүй Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав нөгөө сааданд байсан гурван хүүхэдтэй ноцолдоод байгаа ч юм шиг, нэг бол зодолдоод ч байгаа юм шиг байсан. Бадамсүрэн, Номин бид гурав салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь орхисон. Тэгээд бид гурав байрны голд очоод бие засаж байхад Номин-Эрдэнэ нэг хар бараан өнгийн S3 маркийн гар утсыг гаргаж ирээд Бадмаа Номио хоёр хоорондоо нэг нь ломбарданд тавьчихъя гээд нөгөөх нь бааранд оръё гээд байсан... бид гурав Энхнаран, Мөнхцоож, Мөнхбаяр нарын байсан газар руу буцаад ирэхэд тэд нар бүгд байхгүй байсан. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ тэр гурав Их дэлгүүр дээр байж байя гэсэн гэж хэлсэн. Бид гурав их дэлгүүр рүү явж байсан чинь нөгөө сааданд байсан 3 хүүхэд машинтай ахтай араас ирээд бид нарыг барьсан юм. ...Мөнхбаяр тэр сааданд байсан гурван хүүхэдтэй маргалдаад байсан. Голоор нь Энхнаран ороод Мөнхбаяртай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсан гэдгийг мэдэхгүй байна. ...Мөнхбаяр хамраа цоолоод ээмэг зүүчихсэн бас хацраа цоолоод хар өнгийн бөөрөнхий ээмэг зүүсэн байсан... Миний мэдэж байгаагаар Номин-Эрдэнэ нэг гар утас гаргаж ирж байсан. Сүүлд цагдаагийн газар ирэхэд бас нэг самсунг S2 маркийн гар утас байсан гэж байсан...” гэжээ /1-р хавтаст хэргийн 51-52/.

Гэрч Б.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “...би 2016 оны 11 дүгээр сарын 7-ны 16 цагийн үед Номин-Эрдэнэтэй уулзаад... 22 цагийн үед Сансарт байрлалтай White night баар онгойхоор нь ороод хүний нэг шил пиво авч ууж байтал Отгончимэг ирсэн. Бид гурав дахин хүний хоёр шил пиво авч уусан. Баарнаас шөнийн 00 цагийн үед гарсан... Номин-Эрдэнэ, Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав их дэлгүүрийн энд байна гэж байна хүрээд ир гээд байна гээд такси бариад их дэлгүүрийн ард уулзаад байрны голд байх сааданд суугаад бөөнөөрөө нэг том пиво хувааж уусан. Тэгж байсан үл таних гурван хүүхэд ирээд хажуу талын сааданд сууцгаасан. Тэгсэн чинь Энхнаран тэр гурван хүүхэд дээр ганцаараа очоод таньдаг гурван хүүхэд байна ш дээ гээд юм яриад байсан... Мөнхбаяр нь тухайн үед нилээн согтсон байсан. Тэгээд Мөнхбаяр Энхнарангийн араас очоод юм ярьж байсан. Тэгсэн Номин-Эрдэнэ нөгөө гурван хүүхдийн нэгнээс нь гар утсаар чинь нэг ярьчихъя гэхэд нэг хүүхэд нь энгэрийн халааснаасаа самсунг эс-3 маркийн гар утсаа гаргаж ирээд Номин-Эрдэнэд өгсөн. Номин-Эрдэнэ гар утсыг нь аваад шууд цаашаа явсан. Тэгсэн чинь Мөнхбаяр нэг хүүхдийнх нь нүүр, гэдэс хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Энхнаран бас нэг хүүхэдтэй нь юм яриад байсан. Тэгсэн чинь нөгөө гурван хүүхэд нь зүгээр л утсаа аваад явъя ахаа гэсэн чинь Мөнхбаяр согтсон байсан болохоор би аваагүй, чаддаг юм бол аваарай гээд байсан. Тэгээд Мөнхбаяр, Мөнхцоож, Энхнаран гурав нөгөө гурван хүүхдийг айлгаад, хөөгөөд явуулчихсан. Тэгснээ Энхнаран нь Номин-Эрдэнэ, Отгончимэг бид гуравт “байрны дундуур ороод нуугдаж бай, хэрвээ уулзаж чадахгүй бол их дэлгүүрийн урд талын усан оргилуур дээр уулзъя” гээд салцгаасан. Отгончимэг, Номин-Эрдэнэ бид гурав байрны дунд орж бие засаж байтал Номин-Эрдэнэ самсунг эс-3 маркийн гар утас гаргаж ирээд намайг форматалчих гэхээр нь би чадахгүй гэсэн чинь Номин-Эрдэнэ батарейг нь салгаад унтраагаад цүнхэндээ хийсэн...” гэжээ /1-р хавтас хэргийн 59/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15542 дугаар дүгнэлтэд:

“1. У.Эгийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /1-р хавтаст хэргийн 68/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15541 дүгээр дүгнэлтэд:

“1. Э.Тийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэжээ /1-р хавтаст хэргийн 70/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4713 дугаар дүгнэлтэд:

"1. Б.Баясгалангийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /3-р хх-5/.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 20/.

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 28/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 29-30,32, 2-р хх 104, 106,107/.

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 35-40, 232, 2-р хх 108-113, 210-215/.

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-24, 2-р хх-185, 3-р хх-114 /,

Насанд хүрээгүй сэжигтний нас тоолсон тэмдэглэл /1-р хх 176, 3-р хх-59, 67, 78 /,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 160, 169, 171, 173, 3-р хх-57, 66, 76 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлээд шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар дүгнэв.

Шүүгдэгч Б.М, Т.Э, О.М, өсвөр насны шүүгдэгч Б.Н нар нь 2016 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайн орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Э.Т, У.Э, М.Н нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон Э.Тийн самсунг галакси эс-2 загварын гар утсыг дээрэмдэн авч 80.000 төгрөгийн хохирол, У.Эгийн самсунг галакси эс-3 загварын гар утсыг дээрэмдэн авч 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 Шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нар нь 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Меланж караокений орчимд иргэн Д.Билгүүн, А.Нандинчимэг нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон А.Нандинчимэгийн гар цүнхтэй гоо сайхны хэрэглэл, гар утасны цэнэглэгч, чихэвч, банкны виза карт, иргэний үнэмлэх, 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг галакси жи-7 загварын гар утас, биет 2.770 төгрөг зэргийг дээрэмдэн авч, 652.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин прокуророос шүүхийн хуралдаанд шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Д, С.О-тыг бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Б.Баясгалангийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул холбогдох шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж, яллахаас татгалзах санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Д, С.О-тт холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн бусдад дээрэмдүүлсэн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.М, Т.Э нарыг өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийн гэр бүлийн таагүй орчинг далимдуулж, гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Учир нь Б.М, Т.Э нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацаанд  2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан бөгөөд тус хуульд  “хүүхдийг гэр бүлийн таагүй орчинг далимдуулж, гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаагүй тул 2015 онд шинээр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг баримтлан шүүгдэгч Б.М, Т.Э нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Х, С.О-т нь шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Меланж караокений орчимд иргэн Д.Билгүүн, А.Нандинчимэг нарыг  дээрэмдсэн гэмт хэрэгт оролцсон болох нь хөдөлбөргүйгээр нотлогдохгүй, С.Онь “согтуу байсан, нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан”, Б.Х “таксины мөнгө төлөөд иртэл бүгд зугтаагаад гүйхээр нь дагаад гүйсэн” талаар тодорхой мэдүүлэхээс гадна энэ байдлыг тухайн дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх бусад холбогдогч нар нотлон мэдүүлэхээс гадна хохирогч А.Нандинцэцэг нь таньж олуулах ажиллагааг 6 дугаартай Б.Хыг сайн хараагүй, сүүлд ирсэн байх гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд  эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Б.Х, С.О-тын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг гэм буруугүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, өсвөр насны шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар өөрчилж шийдвэрлэв.

Ингэхдээ прокуророос шүүгдэгч Б.М, Т.Э, О.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,  эдлүүлэхээр,

өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон өөрчилж, хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.М, Т.Э, О.М, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын 2016 оны 11 сарын 9-ний өдрөөс 2016 оны 11 сарын 23, 2017 оны 8 сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 116 хоног, шүүгдэгч Б.Мийн 2016 оны 11 сарын 9-ний өдрөөс 2016 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 14 хоног, шүүгдэгч Т.Эгийн 2016 оны 11 сарын 9-ний өдрөөс 2016 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 110 хоног, өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийн 2017 оны 4 сарын 4-ний өдрөөс 2017 оны 5 сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоног, өсвөр насны шүүгдэгч Б.Дын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл нийт 3 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч С.Оцагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Б.Х 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Э.Т, У.Э, М.Н, Д.Билгүүн, А.Нандинчимэг нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, ямар нэгэн саналгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.М, Т.Э, О.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрт ял оногдуулахдаа мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан тэдгээрт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М Т.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн бусдад дээрэмдүүлсэн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Тус дүүргийн прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Х, С.О-тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тэднийг гэм буруугүйд тооцсугай.

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 4. Шүүгдэгч Б.М, Б.Э, Б.М нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон,

-өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.М, Т.Э нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 116 хоногийг, шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 14 хоногийг, шүүгдэгч Т.Эгийн цагдан хоригдсон 110 хоногийг, өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 52 хоногийг, Б.Дын цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.М, Т.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

            -2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д нарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, өсвөр насны шүүгдэгч С.Оцагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Б.Х 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Б.Н, Б.Д нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Т.Э нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч болон өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Б.М, Т.Э нарт авсан цагдан хорих, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Д, Б.Х, С.О-тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН