Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 22-30 тоотод оршин суух, Гэрэл овогт Б.Б-ийн /Регистрийн дугаар: ФА70020176/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргад холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00449 дугаар шийдвэрээр Б.Б намайг Орхон аймгийн Ирээдүйн одод биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 1 620 372 төгрөг гаргуулан олгохоор шүүх шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсэнээс хойш Аймгийн Засаг даргыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх гэж бодсон юм гэвч хариуцагч Аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул миний бие аргаа барж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт шүүхэд гаргасан.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шүүх даалгасан боловч өнөөдөрийг хүртэл шийдвэр биелэгдэхгүй миний бие ажилдаа орж чадахгүй явсаар байна.

Олон сараар ажил эрхлэхгүй байх нь миний гэр бүлийн амьдралыг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж, үр хүүхдийн маань ч эрх ашгийг хохироож байна.

Шүүхийн шийдвэр 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарснаас хойшхи хугацааны цалингаа хариуцагч талаас нэхэмжилж байна.

Үүнд:

2017 оны 04-р сард ажлын 6 өдөр 2017 оны 05-р сард ажлын 23 өдөр 2017 оны 06-р сард ажлын 21 өдөр 2017 оны 07-р сард ажлын 18 өдөр 2017 оны 08-р сард ажлын 23 өдөр нийтдээ ажлын 91 өдрийн цалин нэхэмжлэнэ. Миний сарын цалин 741 234 төгрөг учраас ажлын 91 өдрөөр бодож 3 137 316 /гурван сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б-гийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 09 дүгээр сарын цалин ажлын 21 хоног 741,234 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын цалин ажлын 21 хоног 741,234 төгрөг нийт 1,482,468 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны нийт ажлын91 өдөр бөгөөд түүний цалин болох 3,137,316 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Б.Б шүүхэд хандаж 4 сард 6 өдөр, 5 сард 23 өдөр, 6 дугаар сард 21 өдөр, 7 дугаар сард 18 өдөр, 8 дугаар сард 23 өдөр ажиллах ёстой бгөөд нийт 91 өдрийн ажлын хөлс 3,3137,316 төгрөгийг нэхэмжилжээ.

2017 оны 04 дүгээр сард 5 хоног, 6 дугаар сард 20 хоног, 7 дугаар сард 16 хоног ажиллах боломжтой. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үнийн дүн, ажлын хоногийн тооцоолол зөрүүтэй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ .

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд шүүхэд гомдол гаргаснаар  Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00449 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна. Дээрх шүүхийн шийдвэрт гомдол гараагүй байх бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнийг ажилд эгүүлэн аваагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу цалингаа нэхэмжлэх эрхтэй.

             Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сар 7 хоног ажилгүй байсан байна. Нэг сард ажлын 21.5 хоног байх журмын дагуу тооцвол /6 сар х 21.5=129 хоног / 129 ажлын өдөр болж байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 сарын 30-н хүртэлх хугацааны ажлын 7 хоногийг нэмж нэхэмжлэгчийг нийт 136 хоног ажилгүй байсан байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00449 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн дундаж цалинг 741.234 төгрөгөөр тооцсон байна. Ийнхүү дээрх дундаж цалинг ажлын 21.5 хоногт хуваахад нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 34.476 төгрөг болсон бөгөөд үүнийг ажилгүй байсан 136 хоногоор үржүүлж /34.476 х 136/ =4.688.736 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

             Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг ямар шалтгаанаар биелүүлээгүй болох талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй, харин нэхэмжлэгчийн тооцоо үндэслэлгүй байгаа талаарх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.688.736 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.  

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 89,970 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН