Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 01088

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2017/01088

Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-18-08 тоотод оршин суух, Чонос овогт Т.Э /регистрийн дугаар ФБ91040919/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох

 “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Т.Э нь 2016 оны 05 дугаар сараас “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүрээр ажилд орсон. Ийнхүү ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргалгүй хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны хүлээх үүргийг сахин биелүүлж, сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн, Б/192 дугаартай “Т.Э ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас халагдсан. Миний бие сахилгын зөрчил гаргаагүй байтал үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Төмөрбаатар овогтой Энэрэлийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.Т.Э нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлэх 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т.Э нь ээлжинд гарч байсан. Түүнийг ээлжинд гарч байх хугацаанд ээлжийн жижүүр Баасансүрэнгийн бие өвдсөн тул 8 дугаар сарын 14-ний өдөр ажилд гарах боломжгүй гэж мэдэгдсэн. Үүний дагуу хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын менежерийн ажлыг хариуцаж байсан Н.Баярт Т.Э-ээс 8 дугаар сарын 14-ний өдөр ажилд гарч чадах эсэхийг асуухад Т.Э ажилд гарч чадна гэсэн. 8 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 8 цагт Т.Э-д Н.Баярт нь Аюулгүй ажиллагааны журам, техник ашиглалтын болон байцаагч монтёрын Аюулгүй ажиллагааны заавар №17-г дагаж мөрдөж ажиллах зэрэг зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан албан ёсоор ажилд гаргасан. Энэ нь тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал дахь 8 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, өдөр тутмын зааварчилгааны журнал дахь 8 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, хөдөлмөр хамгааллын нэгдүгээр шатны үзлэгийн журнал дахь 8 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэлүүд дэх Т.Э-ийн гарын үсгээр батлагдаж байгаа. Т.Э нь албан ёсоор ээлжийн амралтаа эдлээгүй байсан бөгөөд 14-ний өдөр зааварчилгаа авч ажилдаа гарсан тул албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж байсан.

2.2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутад компанийн диспетчер инженер Оюунсайханд хэрэглэгчээс танай ажилтан ажил дээрээ согтуу байна гэсэн дуудлага ирснийг Борлуулалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ш.Дайрийжавд мэдэгдсэн. Ш.Дайрийжав нь хуулийн зөвлөхийн гар утасруу залгаж Т.Энэрэл ажлын байран дээр согтуу байна гэж мэдэгдсэн. Үүний дагуу хуулийн зөвлөх 4 дүгээр микрын 18 дугаар байранд байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын байранд оройн 22 цагийн орчим очсон. Очиход Т.Э нь ажлын байранд их хэмжээний согтолттой байсан учир албан үүргээ гүйцэтгэхийг нь зогсоож 8 дугаар сарын 15-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргатай очиж уулзахыг зөвлөсөн. Гэвч Т.Э  нь ирээгүй ээж нь ирж уулзсан. Т.Э нь 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэгтэй уулзаж албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрч тайлбар бичиж гарын үсэг зурж өгсөн.

3.8 дугаар сарын 14-ны орой Т.Э-ийн ажлын байранд хийсэн дуу бичлэг, 8 дугаар сарын 21-ний өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын өрөөнд Цэцэггэрэл, Т.Э нартай хийсэн уулзалтын бичлэгт Т.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн тухайн үед зэж нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг нь хүлээн зөвшөөрсөн.

4.8 дугаар сарын 14-нд хамт ээлжинд гарч байсан дуудлагын монтёр Мягмарсүрэнгийн мэдүүлэг мөн тухайн өдөр ээлжинд гарч байсан диспетчер Б.Оюунсайханы мэдүүлгээр Т.Энэрэл нь согтууруулах ундаа хэрэглэснийг нотлож байна.

5.Т.Э нь ажил олгогчтой 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ийн гэрээний 5.6.Б, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.7.Б-Д заасан сахилгын ноцтой зөрчил гаргаж ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан оогтуурсан, согтууруулах ундаа хэрэглэсэн тул Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.3.В, 10.7-г тус тус үндэслэн халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Э нь шүүхэд хандаж “Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

              Т.Э нь  “Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүр хийж байгаад тус компанийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/192 дугаартай тушаалаар ажлаас халагджээ.

             Хариуцагч нь түүнийг Компанийн дотоод журмын 10.3.в,10.7.в заалт, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ажлын байранд архи, согтууруулах ундаа ууж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан байна.

            Гэвч нэхэмжлэгч нь ажлын байранд архи, согтууруулах ундаа уусан, ажилдаа согтуу ирсэн, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байна. Т.Энэрэлийн согтуу байсныг хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай багаж хэрэгслээр согтуу эсэх болон согтуурлын зэргийг шалган тогтоогоогүй, нэхэмжлэгч нь үнэртүүлсэн байсан гэх боловч энэхүү байдал тодорхойгүй, гэрчийн мэдүүлгээр түүнийг согтуу байсан гэж дүгнэх боломжгүй байна.

            Түүнчлэн хариуцагч талаас гаргаж өгсөн СD бичлэгийг хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4-р бичил хорооллын 18 дугаар байрны хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын байранд, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “ЭБЦТС”ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн ажилтаны хийсэн дуу бичлэг гэж тайлбарлаж байгаа боловч ямар журмаар хэзээ, хэдийд хэрхэн яаж хийсэн, Т.Энэрэлийн яриа мөн эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч дуу бичлэг хийсэн талаар огт мэдээгүй, бусдын яриаг нууцаар, өөрт нь мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр хийсэн нь нотлох баримт бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4,38.5,38.9 дэх заалтуудыг зөрчсөн тул шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан болно.

Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Э-ийг “Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж зохих бичилт хийхийг даалгах үндэстэй байна.

            Нэхэмжлэгчийн сүүлийн 3-н сарын цалин буюу 2017 оны 5,6,7 сарын цалин нийт 3.289.835 төгрөгөөс дундаж цалинг тооцвол сарын 1.096.611 төгрөг болж байх бөгөөд ажлын 21.5 хоногт хуваавал нэг өдрийн цалин 51.005 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нийт 52 хоног ажилгүй байсан байх бөгөөд 1 сард ажлын 21.5 хоногоор тооцоход 21.5+22=43.5 хоног, 43.5х51.005=2.218.725 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Т.Э-ийг “Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Борлуулалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дуудлагын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Эрдэнэт Булганы цахилаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас Т.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.218.725 төгрөг гаргуулан Т.Э-д олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 120.650 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН