Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0498

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.С 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.М 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.П, гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.С миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад өөрийн амьдарч байгаа газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан болно. Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгээр Таны хүсэлт болгосон газар нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 тоот захирамжаар иргэн Б******* овогтой М*******ын нэр дээр /*******/ нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 дүгээр хороо, Шархадны 60 гудамж .. тоот хаягт эзэмшүүлсэн байна гэсэн хариу ирүүлсэнд гайхаж байна.

Учир нь У.С миний бие гэр бүлийн хамт тус газарт 2008 оноос хойш амьдарч, эзэмшиж ирсэн. Манай тэр хэсэг газруудыг үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр газрын зөвшөөрөл дүүргээс огт олгодоггүй байсан. Тэр хавын бүх айлууд мэдэж байгаа. Харин 2017 оны сүүлээр газрын албаны мэргэжилтэн, хорооны хэсгийн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс тэр хавиар явж одоо танай энэ орчимд газрын зөвшөөрөл олгохоор болсон гэж зарим нэг айлуудаар хэмжилт хийж явсан болно.

Ингээд миний бие зөвшөөрөл олгогдохоор болсон юм байна гэж баярлан дүүргийн Газрын албанд өргөдлөө гаргасан болно. Өмнө нь ч миний бие удаа дараа очиж байсан ба огт зөвшөөрөл олгогддоггүй, өргөдөл шууд буцаачихдаг л байсан атлаа яагаад манай газар дээр амьдрах нь байтугай манай 9 хороонд ч амьдардаггүй, бүртгэлгүй Б.М гэх иргэнд эзэмших эрхийн гэрчилгээ олгосонд туйлын гомдолтой байна.

Миний ойлгож байгаагаар газар зохион байгуулагч нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо тухайн газар дээр нь биечлэн орж, үнэхээр Б.М амьдарч байгаад энэ газрыг эзэмших давуу эрх үүсээд байгаа юм уу, эсвэл өөр айл амьдраад байгаа юм уу шалгах ёстой байсан гэж үзэж байна.

Мөн 2014 онд тухайн газар үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүсээс гарсан байсан юм уу. Биднийг очиход үерийн бүс, ундны хамгаалалтын бүс гээд огт ойртуулдаггүй байсан. Үнэхээр Б.М Баянзүрх дүүргийн газрын алба болоод дүүргийн Засаг даргын ямар эрх, ашиг сонирхолтой болоод бусдын амьдарч байсан газар дээр газар эзэмших эрхийг гэрчилгээ олгосон эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Миний бие энэхүү амьдарч байгаа газраа усны тогтцоос хамгаалахын тулд маш их хэмжээний шороо асгуулж бусад газруудаас хамаагүй өндөр болгож, мөн тог цахилгаан газар доогуур татах зэргээр их хэмжээний зардал ч гаргаж байсан болно. Үүнийг тэр айлууд бүгд гэрчилнэ.

Миний бие Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-06/4314 дүгээр албан бичгээр Иргэн С нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариуг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б*******ын Мб-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч байгаа газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тус тус тусгахаар заасан.

Ийнхүү хуульд заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б*******ын М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч байгаа газарт газар эзэмших эрхийг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...У.С нь гэр бүлийн хамт тус газарт 2008 оноос хойш амьдарч, эзэмшиж ирсэн. Манай тэр хавийн газруудыг үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр газрын зөвшөөрөл огт олгогдоогүй байсан гэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Анх Б*******ын М******* нь дүүргийн Газрын албанд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргасан ба иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 60-******* тоот 700 м.кв м.кв газрыг 5 жилийн хугацаатай иргэн Б.Мт эзэмшүүлсэн.

Дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу тус өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм.

Нэхэмжлэгч У.Сын тухайд тус дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 60-******* тоот газрыг эзэмшихээр дүүргийн Газрын албанд өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй ба дүүргийн Газрын албанаас зөвшөөрөлгүй хашаа барьсан тул уг газрыг чөлөөлүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000414 дугаартай шаардах хуудсыг нэхэмжлэгчид гардуулсан байдаг.

Ийнхүү шаардах хуудсыг хүлээн авсны дараа нэхэмжлэгч нь уг газартаа 2003 оноос хойш амьдарсан, газар эзэмших эрхтэй этгээд гэсэн тайлбарыг Б.Мын эзэмшиж буй газрын зүүн талын хашааны зургийн хамт хавсаргаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Газрын албанд гомдол гаргасан ба дүүргийн Газрын албанаас ...танай одоо байгаа хашааны баруун талд хоосон газарт дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 тоот захирамжаар иргэн Б.Мт амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж 69 дугаартай хариу өгөх мэдэгдлээр хариуг өгсөн боловч уг хариуг нэхэмжлэгчээс гардаж аваагүй байдаг.

Улмаар нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргасан ба дүүргийн Газрын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаартай албан бичгээр тус газрыг дүүргийн Засаг даргаас иргэн Б.Мт эзэмшүүлсэн тухай хариу өгсөн.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн ба Б.Маас цаг хугацааны хувьд сүүлд буюу 2018 онд газар эзэмшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Баязүрх дүүргийн 9 дүүргийн хороо, Шархадны 60 гудамж, ******* тоот хаягт орших нэгж талбарын 18******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгосон юм.

Анх энэхүү газрыг эзэмшихээр 2014 оны 09 дүгээр сараас эхлэн хүсэлт гаргаж, хөөцөлдсөн бөгөөд энэ үед манай газар дээр болон тэр хавьд айл огт байгаагүй, хашаа байшин, гэр ч баригдаагүй хоосон газар байсан бөгөөд мэргэжлийн эрх бүхий этгээдээр кадастрын зураг, хэмжилт хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан болно.

Улмаар 2014 оноос хойш 2016 онд н.О******* гэх хүн манай дээр буусан байхад нь очиж уулзахад Энэ газрын хажуу талыг У.С гэх хүнээс худалдаж авсан, андуураад буусан байна гэсэн тул бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй юм байна гэж ойлгон дахин н.О*******ыг газраа чөлөөлүүлэхээр хандаагүй юм. Гэтэл одоо тус газрыг зарсан гэх У.С нь миний газар гэж шүүхэд хандаж буй нь огт үндэслэлгүй байна.

Түүнчлэн У.Сын эзэмшихийг хүсэж буй газар нь манай газрын хажууд байрлаж байгаа талаар Баянзүрх дүүргийн газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж байсан байна.

Өөрөөр хэлбэл, У.С гэх этгээдийн эзэмшихээр хүсэж буй газар нь миний одоо эзэмшиж буй газартай ямар ч хамааралгүй бөгөөд давхцалгүй байхад ийнхүү газрыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж буй нь ойлгомжгүй байна.

Хэрэв үнэхээр өөр бусад этгээд манай газар дээр амьдарч байгаа бол бид уг газрыг булааж авах, хууль бусаар, нууцаар авах ямар ч хүсэл сонирхол байхгүй бөгөөд тийм ч ёс зүй надад байхгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг нягтлан тогтоож, маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх гуравдагч этгээд Б*******ын М******* нь дүүргийн Газрын албанд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргасан байна.

Дээрх иргэний гаргасан хүсэлтийг хариуцагч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж хариуцагч үзэж, Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60 гудамж, ******* тоот хаягт орших нэгж талбарын 18******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Мт 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч У.С өөрийн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60 гудамж, ******* тоот хаягт орших 700 м.кв талбай бүхий газрыг өөрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр Баянзүрх Дүүргийн Засаг даргад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгээр Таны хүсэлт болгосон газар нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 тоот захирамжаар иргэн Б.Мын нэр дээр /18*******/ нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 дүгээр хороо, Шархадны 60 гудамж ******* тоот хаягт эзэмшүүлсэн гэсэн хариуг өгчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан ...У.С нь маргаан бүхий газарт 2008 оноос эхлэн амьдарч байгаа тэр хавын газруудыг үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр газрын зөвшөөрөл дүүргээс огт олгогдоогүй байсан. Тэр хавийн бүх айлууд мэдэж байгаа бид газар эзэмших хүсэлтээ гаргахаар бидний хүсэлтийг авалгүйгээр дээрх хариуг амаар хэлдэг байсан хэрнээ 2017 оны сүүлээр газрын албаны мэргэжилтэн, хорооны хэсгийн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс тэр хавиар явж, одоо танай энэ орчимд газрын зөвшөөрөл олгохоор болсон гэж зарим нэг айлуудаар хэмжилт хийж явсан... гэх тайлбараас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо тухайн газар дээр нь биечлэн очиж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газар дээр хэдэн оноос эхэлж хэдэн жил амьдарч багааг шалгаж тогтоогоогүй, мөн нэхэмжлэгч У.Сын эзэмшихийг хүсэж буй газар нь гуравдагч этгээдийн эзэмшихээр авсан газрын хаана нь байрлаж байгаа, давхцалтай эсэх талаар дүүргийн Газрын албанаас судалж тогтоох бүрэн боломжтой байх тул шүүх маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй гэж заасан байна.

Иймд хариуцагч дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн маргаж буй байршил болон маргаан бүхий газрын хаягийг тогтоох, мөн тухайн газар нь үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүсэд орж байгаа эсэх, хамгаалалтын бүсээс гарсан бол хэний ямар шийдвэрээр хамгаалалтын бүсээс гарсан, ямар шийдвэрээр амьдарч буй иргэдэд уг газарт газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох болсон талаар судалж тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, мөн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж тус тус захиргааны байгууллагын шийдвэр гаргахаас өмнө хийх ажиллагааг нарийвчилан зааж өгсөн байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ