Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00121

 

  К-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 471 дүгээр шийдвэртэй, К-гийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгч К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай. 

Нэхэмжлэлд: “Миний бие Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг өөрчлөн томилох тухай 21 дүгээр тушаалаар тус эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд томилогдсон юм. Түүнээс хойш эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд томилсон байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагаас ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот буюу нэг дугаартай хоёр тушаал гарган К намайг нэгдүгээрт Мэс заслын Тасгийн ээлжийн сувилагчаар, мөн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар тус тус томилсон байсныг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ. Гэтэл К би тус эмнэлгийн Мэс заслын хагалгааны сувилагчаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 2 дугаар сарын 20-ны хүртэл, 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар одоо хүртэл ажиллаж байна. Тухайн үед Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Т-д хандаж “Намайг яагаад Мэс заслын тасгийн Ахлах сувилагчаас өөр ажилд шилжүүлж байгаа вэ, миний цалин хөлс буурна шүү дээ, би тус байгууллагад 30 гаруй жил Мэс заслын тасагт ажилласан хүн, Ахлах сувилагчийн ажлаас гарах ёсгүй” гэж хэлэхэд тэрээр “Таныг бид түр хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа, эргээд Мэс заслын тасгийн Ахлах сувилагчаар дахин ажиллуулна, Та одоохондоо түр ажлаа хийж бай, манай байгууллагын зарим тасгуудад ийм түр зуурын өөрчлөлт, зохицуулалт хийж байгаа” гэж хэлсэн. Энэ үед би өөр ажилд шилжүүлсэн тушаалыг авъя гэхэд дарга маань “Та түр хугацаагаар ажиллаж байгаа учраас танд өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргахгүй” гэсэн. Ингээд би даргын хэлсэнчлэн тус Мэс заслын тасагт ээлжийн болон боолтын сувилагчийн ажлыг нэлээд хугацаанд хийхээр болсон тул байгууллагын захиргаанд хандаж “намайг өөр ажилд буруу шилжүүлж байна, та нар шийдвэрийг өөрчлөхгүй бол шүүхэд хандана, тушаалын нэг хувийг авна” гэж хэлэхэд Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай 2 тушаалыг өгч би 2017 оны 3 дугаар сарын 02-ны үед гардан авсан. Гэтэл ажил олгогч нь таныг удахгүй Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эргэн авна гэсэн боловч одоо 4 сар гарах гэж байгаад аваагүй учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Би өөр ажилд шилжин ажилласнаар цалин хөлс маань ойролцоогоор үндсэн цалин 63000 төгрөгөөр буурч байна.

Иймд К намайг Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн томилох, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “К нь гомдолдоо ...намайг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот буюу нэг дугаартай хоёр тушаал гарган Мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар, мөн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар тус тус томилсон байсныг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ гэж бодит байдалд үл нийцэх зүйлийг бичсэн байна. К нь надад өөрийгөө байгууллагын санхүүжилтээр мэс заслын сувилахуй судлалын мэргэжил дээшлүүлж суралцсанаа хэлж, хэрэв эзэмшсэн мэргэжлээрээ гэрээт газраа ажиллаагүй тохиолдолд сургалттай холбоотой бүх зардлыг эргүүлж төлөхөөр гэрээнд заасан тул мэргэжлээрээ томилон ажиллуулж өгнө үү хэмээн удаа дараа хүсэлт тавьдаг байсан. Нэгэнт гэрээнд заасан мэргэжлийг эзэмшиж ирсэн ахлах сувилагч өөрөө хүсэлт гаргаж байсан тул түүнийг мэргэжлээр нь ажиллуулахаар болж, түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Мэс заслын тасгийн хагалгааны сувилагчаар томилсон билээ. Гэтэл К нь тушаал гарсны дараа гэнэт хагалгааны сувилагч хийхгүй, Мэс заслын тасгийн боолтын сувилагч хиймээр байна гэж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр хүсэлт гаргасны дагуу түүний өмнөх тушаалыг Мэс заслын тасгийн боолтын сувилагч хэмээн өөрчилж өгч байсан. Нэг өдрийн, нэг дугаартай 2 өөр тушаал гэж ярьж байгаа нь ийм учиртай. Үүнийг 2 өөр тушаал гэж ойлгохын оронд ажилтны хүсэлтээр засвар оруулсан нэг тушаал хэмээн ойлгох нь зүйтэй. Мэс заслын тасгийн 2 сувилагчийн мэргэжлийн аль аль нь түүний гэрээгээр эзэмшсэн мэргэжилд таарч тохирч байсан. Энэ бүгд зөвхөн түүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн ажиллагаа болохоос ажилтны эрх ашигт нь халдсан асуудал биш. Нэхэмжлэгчийг ахлах сувилагчаас Мэс заслын тасгийн сувилагчаар шилжүүлэн томилсон 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тушаалуудын аль алийг нь хүний нөөцийн менежер түүнд гардуулж өгсөн. Хэрэв К тушаалуудыг гардаж аваагүй бол нэг дугаартай 2 тушаал гарсан гэдгийг яаж мэдэх билээ. 12 дугаар тушаалыг гардаж авсны үндсэн дээр ахлах сувилагчийн ажлыг сувилагч С-т хүлээлгэж өгсөн. Үүнийг нотлох гэрч нар ч байгаа.Иймд өөрийгөө ахлах сувилагчаас чөлөөлөгдсөнийг 3 дугаар сарын 02-ны өдөр мэдлээ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч К нь ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, өөрийн хүсэлтийн дагуу боолтын сувилагчаар ажиллаж байгаа атлаа ахлах сувилагчаас чөлөөлөгдөж тушаалаа гардан авснаас хойш 2 сарын дараа гэнэт ухаан орсон мэт эрхэнд маань халдлаа гэж худал хуурмаг дүүрэн гомдол гаргаж байгаа явдалд мэл гайхаж байна. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажлыг хүлээлгэж өгөх өдөр тасаг дотроо хурал хийж сайн дурын үндсэн дээр сувилагч К нь ахлах сувилагчийн ажлаа Т-д хүлээлгэж өгсөн ба хамт олондоо баярлалаа. Сайн, муу, алдаа дутагдал байсан байх, Одоо ажлаа хүлээлгэж өгнө. Элдэв асуудал гаргахгүй гэж хэлж байсан. Сувилагч К нь Мэс заслын тасгийн ахлах сувилагчаас чөлөөлөхөд ямар нэгэн санал, гомдол хэлж байгаагүй, цалин хөлс буурах талаар асуудлыг тавьж байгаагүй болно. Би түүнд түр хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа, эргээд ахлах сувилагчаар томилох болно гэж хэлж байгаагүй. Энэ бол түүний санаанаасаа зохиосон зүйл болно. Мөн гомдол гаргагч К 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Иймээс нэг хүн 2 төрлийн гэрээ байгуулан, 2 орон тоонд ажиллах боломжгүй. Түүний өмнөх Ахлах сувилагчийн хөдөлмөрийн гэрээ нь Боолтын сувилагчаар томилогдож гэрээ байгуулснаар дуусгавар болсон. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 183 тоот тушаалын гуравдугаар хавсралтын В хэсэгт заасан ахлах сувилагчид зайлшгүй тавигдах шаардлага болох ахлах сувилагч заавал БАКАЛАВР-ын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг сувилагч К нь хангахгүй бөгөөд уг шаардлагыг хангаж буй сувилагч Т-г Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар томилсон явдал болно. Өөрөөр хэлбэл К нь мэргэжлийн хувьд маргаж буй ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй болсон. Иймд нэхэмжлэгч К-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан К-ийг Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Иргэн К-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ноцтой зөрчсөн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайлбал, Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа өөрийг нь өөр ажилд шилжүүлсэн тухай ажил олгогчийн шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авсан гэж мэдүүлдэг боловч түүний уг тайлбар нь бусад байдлаар үгүйсгэгддэг. Тухайлбал, түүний 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж ахлах сувилагчийн ажлаас чөлөөлөгдөж өөр ажил буюу Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн боолтын сувилагчаар ажиллаж ирсэн болох нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг өөрчлөн томилох тухай” 12 тоот, “тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг шинээр томилох тухай" 13 тоот, “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 14 тоот тушаал, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протокол, Ажил хүлээлцсэн тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны цалингийн карт, Төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтад суралцагчтай байгуулах гэрээ, мэс заслын тасгийн ахлах сувилагч Т-гийн ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн Нэгдсэн эмнэлгийн даргад хандаж гаргаж байсан өргөдөл, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 183 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”, мөн гэрч И, Х, У, К нарын мэдүүлэг зэрэг бусад хөндлөнгийн хэд хэдэн нотлох баримтуудаар нотлогдоно. Эдгээр нотлох баримтуудыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэс заслын тасгийн эмч нарын өрөөнд болсон хуралд оролцсон болохоо зөвшөөрдөг.

Тухайн хуралд яригдсан асуудлыг К нь мэдэж байсан ба уг асуудалтай холбогдуулан гаргасан ажил олгогчийн шийдвэрийг “би аваагүй, тухайн үед ажил олгогч гардуулаагүй” гэх боловч тухайн хурал хийгдэх болсон нэг шалтгаан нь нэхэмжлэгчийг ахлах сувилагчийн ажлаас боолтын сувилагчийн ажилд шилжүүлэн томилсон явдалтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К нь тэр үед энэ талаарх гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч шүүхэд гомдлоо гаргаагүй байна. Ингэснээр нэхэмжлэгч К нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Дүгнэж хэлэхэд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлээгүй, үндэслэл муутай дүгнэлт хийсэн, хэт нэг талыг барьсан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь дээрх байдлаас харагдаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 471 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүх нь К-гийн нэхэмжлэлтэй Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, нэхэмжлэгч К-гийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Ажил олгогч К-гийн өөр ажилд шилжүүлэхэд бичгээр зөвшөөрөл аваагүй, түүнийг өөр ажилд шилжүүлэх болсон үндэслэлийг нотолж чадаагүй, нэхэмжлэгчийг хоёр ажилд нэг өдрийн нэг огноотой тушаалаар томилж байгаа нотлох баримтууд эргэлзээтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтан К-гийн гомдлыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

К нь Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот хоёр тушаалыг хүчингүй болгож, тус эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн томилуулах тухай гомдол гаргажээ. 

Хэрэгт цугларсан Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн К-гийн мэс заслын тасгийн боолтын сувилагчаар болон тус тасгийн ээлжийн сувилагчаар тус тус томилсон 12 дугаартай хоёр тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мөн тасгийн албан хаагчдын хурлын тэмдэглэл, ажилтан, ажил олгогчийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /боолтын сувилагч/, ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт, ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар “Тасаг нэгжүүдийн ахлах сувилагч нарыг шинээр томилох тухай” тушаал, К-гийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажил олгогчид гаргасан хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, дараах үйл баримтууд тогтоогджээ. 

Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дүгээр тушаалаар тус эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагчаар томилогдон ажиллаж байсан К-гийн тус эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалаар мэс заслын тасгийн боолтын сувилагчаар, мөн өдрийн 12 дугаар тушаалаар мэс заслын тасгийн ээлжийн сувилагчаар тус тус шилжүүлэн томилж, ажилтантай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэс заслын тасгийн боолтын сувилагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулж байгаа бөгөөд ажилтан К ажил олгогчид хандаж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “мэс заслын тасгийн боолтын сувилагчийн ажилд томилж өгөх” талаар хүсэлт гаргаж байсан, түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалаар мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажилд Т-г томилж ажиллуулсан байна. 

Дээрх үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зохигчийн тайлбартай харьцуулан үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан зохицуулалтыг зөрчигдөөгүй гэж үзэхэд эргэлзээтэй байна. Ажилтан К-гийн ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хоёр удаа тушаал гаргаж, мэс заслын тасгийн боолтын сувилагчаар болон ээлжийн сувилагчаар тус тус томилсон атлаа ажилтантай боолтын сувилагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, түүнчлэн ажилтан 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан байхад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 өөр тушаал гаргасан, ажилтан К-тай мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг хоёр тал харилцан тохиролцож, хэлэлцсэний үндсэн дээр өөрчлөх, эсхүл дуусгавар болгох байтал ажилтантай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэс заслын тасгийн боолтын сувилагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т нийцсэн гэж үзэх боломжгүй байна. 

Ажил олгогчоос дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж, К-тай мэс заслын тасгийн боолтын сувилагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ажилтны гэрээгээр тодорхойлсон эрх зүйн байдлыг дордуулсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогджээ. 

Ажил олгогчийн гаргасан ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилсон 2 удаагийн  шийдвэрийг ажилтанд гардуулсан нь баримтаар тогтоогдоогүй, ажилтан К-гийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажил үүргээс чөлөөлсөн шийдвэрийг ажил олгогч гаргаагүй, ажилтантай мэс заслын тасгийн ахлах сувилагчийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцож өөрчлөлт оруулаагүй, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар дуусгавар болгоогүй бөгөөд нэхэмжлэгч К-гийн “мэс заслын тасгийн ахлах сувилагчийг тус тасгийн боолтын сувилагчийн ажлын байранд түр сэлгэн ажиллуулж байсан” гэх тайлбар зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шүүхэд мэдүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Ажил олгогчоос ажилтантай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэс заслын тасгийн боолтын сувилагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь К-гийн шүүхэд гомдол гаргах эрхэд саад болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

Иймд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 21, 24 дүгээр зүйлийг баримталж ажилтан К-гийн өөр ажилд шилжүүлэн томилохдоо хууль зөрчсөн, ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилсон 2 удаагийн шийдвэрийн үндэслэл болсон “талууд харилцан тохиролцож”  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, өөр ажилд шилжүүлэн томилсон үйл баримт тогтоогдохгүй байх тул К-гийн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

К-гийн гомдлын шаардлагад аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаартай 2 тушаалыг тус тус хүчингүй болох талаар дурдсан бөгөөд уг тушаалуудаар хэд хэдэн ажилтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг зохицуулсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай 2 тушаалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгосныг өөрчилж, дээрх тушаалуудын нэхэмжлэгч К-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

 

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудыг хүчингүй болгосугай.” гэснийг “Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалуудын нэхэмжлэгч К-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК