Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0165

 

Д.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.З, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.З-ийн нэхэмжлэлтэй Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улсын Их Хурлын Тамгын газарт судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн референтээр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Тамгын газрын шинэчилсэн бүтцийн дагуу 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 тоот захирамжаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтээр томилогдон өнөөг хүртэл үүрэгт ажлаа зохих журмын дагуу бүрэн гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2013 онд дахин Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан ба үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн намайг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар захирамжийн дагуу ажлаас чөлөөлсөн. Тухайн үед захирамжийг Ерөнхий нарийн бичгийн дарга нийт хэлтсийн ажилтнуудад уншиж танилцуулснаар ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдсэн

 

Үүний дараагаар ажилд эгүүлэн томилох тухай захирамжийг уншиж танилцуулахад тэдгээр ажилтнуудын дотор миний нэр байгаагүй. Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн захирамж гарсан тул захирамжийн биелэлтийг хангахаар шинээр томилогдсон Ж.Чд ажил хүлээлгэн өгөх явцад тэрээр өөр ажилд томилогдсон байсан. Тиймээс 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал ажлаа хийж байсан бөгөөд шинээр нөхөн томилогдсон Н.О ажлыг хүлээлгэн өгсөн. Энэ байдлаас үзэхэд миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа нь тодорхой юм.

Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газар нь бүтцийг шинэчлэн баталсан хэдий ч миний ажлын байр хадгалагдаж байхад намайг ажлаас чөлөөлөн хоёр ч удаа орлох ажилтныг томилж байгаа нь хууль бус хэмээн үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т "Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасан байхад намайг ажлаас чөлөөлөн өөр ажилтан томилсон явдал юм.

Иймд энэхүү гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу захирамжийг хянан шийдвэрлэж намайг хуучин ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 171 тоот захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин болох 4.502.694 төгрөгийг нэхэмжилсэн билээ.

Захиргааны хэрэг үүсгэснээс хойш багагүй хугацаа өнгөрч нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, мөн нэмэгдүүлж байна. Үүнд:

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар захирамжийн надад буюу Д.З-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох,

Миний 1 сарын цалин 785485 төгрөг юм. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл даруй 9 сарын хугацаа өнгөрсөн тул ажилгүй байсан нийт хугацааны цалин болох 7.069.365 төгрөгийг гаргуулах, цалинд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг нөхөн хийхийг даалгах гэж өөрчилж, нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийнхээ хүрээнд "Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх" чиг үүрэг бүхий Тамгын газрын үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлэхийг даалгаж (Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар намайг томилогдох үед) Тамгын газрыг чадварлаг, цомхон, мэргэшсэн аппарат бүрдүүлэн ажиллах шаардлагатай байгаа талаар чиглэл болгосон юм.

Үүнийг хэрэгжүүлэх үүднээс 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар "Ажлын байрны зураг авалт явуулах" үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулсан ба энэхүү ажлын хэсгээс Тамгын газрын ажилтнуудын ажлын ачаалал жигд бус, зарим ажлын давхардал байгаа тухай дүгнэлт гарсныг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр "Тамгын газрын бүтэц, чиг үүрэг шинэчлэх талаар санал боловсруулах" үүрэгтэй ажлын хэсгийг дахин томилж ажиллуулсан билээ. Энэ ажлын хэсгээс ч Тамгын газрын орон тоог хасах нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан.

Эдгээр дүгнэлт, судалгаанд үндэслэн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Тамгын газрын бүтэц, чиг үүрэг, орон тоог шинээр баталсан 113 дугаар захирамжаар Тамгын газрын 225 албан хаагчийн орон тоотой байсныг 197 албан хаагчтай болгохоор цомхотгосон. Уг захирамжаар өмнө нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн орон тоо хэлтсийн дарга-1, албаны дарга-1, ахлах референт-1, төрийн мэдээлэл эмхэтгэлийн эрхлэгч-1, референт-3, шинжээч-4, гэрээт ажилтан-12, нийт-23 ажилтантай байсныг хэлтсийн дарга-1, ахлах референт -1, референт-3, шинжээч-3, төрийн үйлчилгээний ажилтан-9, нийт-17 болгон хасч 6 орон тоо хэмнэгдсэн болно.

Энэ арга хэмжээ нь хэн нэгний эсрэг чиглээгүйгээс гадна ажлын зайлшгүй шаардлагын дагуу ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэгдсэн баримт нотолгоотой бөгөөд хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн төрийн захиргааны 11 ажилтныг 8 ажилтан болгож төрийн мэдээлэл эмхэтгэлийн эрхлэгчийг референтээр томилж 1 албаны дарга, 1 референт, 1 шинжээчийн ажлын байрыг хассан юм. Өмнө нь буюу Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 оны 190 тоот захирамжаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтэд тавигдах мэргэжлийн шаардлага нь сэтгүүлч мэргэжилтэй байх ёстой атал Д.З нь хөдөлмөрийн эдийн засагч, төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй байсан нь ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй болсон.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх, иргэдийн санал бодлыг авч төсөлд тусгах, телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх, парламентын сэтгүүлчдийг мэдээллээр хангах ажлыг хариуцан зохион байгуулах зэрэг чиг үүрэгтэйгээс гадна

 

хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбоотой мэдээлэл бичих, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх гэх мэтийн сэтгүүлчийн мэргэжил, ур чадвар зайлшгүй шаардсан албан тушаал юм.

Д.З-г Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр бүтцийн өөрчлөлтөд хамруулж болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасны дагуу түүнд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Иймд Д.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны талаар гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх харьяалал бүхий энэ маргааныг захиргааны хэргийн шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх 1 гэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйл болон энэ талаар шүүн таслах ажиллагааны практик тогтоосон Улсын Дээд шүүхийн удирдамж, Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд Төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан гомдол маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журам" зэргийг тус тус зөрчсөн гэж үзэж байна

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Д.З-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа.

Д.З-ийн ажилгүй байсан үеийн цалин буюу нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртэлх хугацааны цалин, нэмэгдэл нь 5 203 444.77 төгрөг болж байгаа үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг суутгаад 4214790.27 төгрөгийг олгох боломж байсан юм байна.

Энэ нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 217 тоот захирамжийн 2 дугаар зүйлээр нэмэгдүүлсэн хоол, унааны хөнгөлөлтийг ажлын өдрүүдэд 6100 төгрөгөөр тооцож нэмж оруулсан болно. Д.З-г ажиллаж байх хугацаанд хоол, унааны хөнгөлөлт 4900 төгрөг байсан болно.

Д.З нь нэмэгдүүлсэн шаардлагадаа ажилгүй байсан үеийн цалингаа 4502694 төгрөг гэсэн ба энэ нь үндэслэлгүй байна. Д.З нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4066110 төгрөгийг өөрийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкны 53134035 тоот дансанд шилжүүлж авсан ба хэрэв Д.З-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрвөл Д.З-ийн авах ёстой байсан 4214790.27 төгрөгөөс 1 удаагийн буцалтгүй тусламжаар авсан 4066110 төгрөгийг суутгаж, 148688.77 төгрөгийг нөхөж олгуулахаар даалгах боломжтой юм.

Улсын Их Хурлын Тамгын газар нь Д.З-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон дээрх үндэслэлүүдийн дагуу мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Улсын Их Хурлын Тамгын газар нь 2013 оны төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт эгүүлэн өгсөн ба энэ нь илүү орон тоо цөөлсөн, эдгээрийг дагасан халамж, тусламжийг багасгасан явдал болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Зг хариуцагчийн 2013 оны 171 дүгээр захирамжаар ажил албан тушаалд , томилоогүй үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүнээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалт, эдгээрийг гаргасан үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс өмнө нь хэлтсийн дарга-1, албаны дарга-1, ахлах референт-1, төрийн мэдээлэл эмхэтгэлийн эрхлэгч-1, референт-3, шинжээч-4, гэрээт ажилтан-12, нийт-23 ажилтантай байсан. Гэтэл 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн орон тоог хэлтсийн дарга-1, ахлах референт-1, референт-3, шинжээч-3, төрийн үйлчилгээний ажилтан-9, нийт-17 болгож 6 орон тоо хассан болно. Энэ өөрчлөлтөөр төрийн захиргааны албан тушаалтнуудын хувьд 1 албаны дарга, 1 референт, 1 шинжээчийн орон тоог хассан бөгөөд энэ тухай нотлох баримт, ажлын байрны тодорхойлолтуудыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тайлбарласаар байхад шүүхийн шийдвэрийн 9 дэх талд бичсэн үндэслэх хэсэгт "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн "референт1 орон тоо 3 байхаар хэвээр батлагдсан байна" гэж механик тоо харж шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын 2009 оны "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг батлах тухай" 06 дугаар тогтоолын хавсралтаар Улсын Их Хурлын Тамгын газрын албан тушаалын ангилал зэрэглэлд "нарийн бичгийн дарга, хэлтэс, албаны дарга, тасгийн дарга, ахлах зөвлөх, зөвлөх, ахлах референт, референт, ахлах шинжээч, шинжээч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч" гэсэн албан тушаалын орон тоо баталсан 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс өмнө "Төрийн мэдээлэл сэтгүүлийн эрхлэгч"-ийг эдгээрийн аль албан тушаалд хамааруулж байгаа нь тодорхойгүй байсныг уг захирамжаар референтийн албан тушаалд хамааруулсан. "Төрийн мэдээлэл сэтгүүлийн эрхлэгч"-ийн ажлын байрны тодорхойлолт ч референтийн албан тушаалын хүрээнд хийгдсэн болно. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтийн 3 орон тооны 1 референтийн ажлын байрны тодорхойлолт төрийн мэдээлэл сэтгүүлийг эрхлэн гаргах тусдаа чиг үүргийг бие даан хэрэгжүүлэхээр баталсан. Үүний улмаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүргийг 2 референтийн орон тоотойгоор гүйцэтгэхээр зааж 1 референтийн орон тоо хасагдсан юм. Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн "Референт" орон тоо 3 байхаар хэвээр батлагдсан байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч этгээдийн ажил албан тушаалын орон тоо хэвээр буюу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл гараагүй байсан, мөн хуулийн 27.2.3-д заасан сонгон шалгаруулалт явуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан зарчим, мөн түүнчлэн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчиж үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн төрийн захиргааны албан тушаалтнуудын орон тоо 3-аар цөөрсөн учраас ажлын байрны тодорхойлолтууд хэвээр хадгалагдан үлдэх боломжгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргийн өөрчлөлтийн асуудлыг шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа тодорхой тусгасан.

 

Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 оны 190 дүгээр захирамжаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтэд тавигдах мэргэжлийн шаардлага нь сэтгүүлч гэсэн атал Д.З-ийн мэргэжил нь эдийн засагч байсан учраас анх томилогдохдоо мэргэжлийн болон ажилласан жилийн шаардлага хангаагүй байсан. Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 134 дүгээр захирамжаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтийн ажлын байранд тавигдах шаардлагыг өмнө байсан байдлаар баталсан бөгөөд ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх замаар Д.З-г ажлаас халсан асуудал байхгүй.

Энэ хэлтсийн референтээр Ж.Чг томилоход мэргэжлийн шаардлага хангахгүй байсан учраас тэр даруй нь алдааг засварлаж Ж.Чг ажлаас чөлөөлж мэргэжлийн хүнийг томилсон. Энэ хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүргийн референтийн ажлын байранд сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай өмнө нь энэхүү хэлтэст шинжээч болон хэлтсийн даргын албыг хашиж байсан туршлагатай Ш.С, С.О гэх 2 хүн ажилладаг. Эдгээр хүмүүсийн төрийн албан хаагчийн анкет болон холбогдох материалыг анхан шатны шүүхэд хүргүүлсээр байхад нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх ашигт үйлчилсэн шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 болон 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг барьж маргаан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, иргэн Д.З-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаар захирамжаар, тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтээр ажиллаж байсан Д.З-г “Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.З “Улсын Их Хурлын Тамгын газар нь орон тооны бүтцийг шинэчлэн баталсан хэдий ч миний ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь хэвээрээ хадгалагдаж байхад намайг хууль бусаар ажилд томилохгүй байгаа, уг албан тушаалд хоёр ч удаа томилгоо хийсэн" гэж маргасан байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай” 210 дугаар захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтийн орон тоог гурав гэж баталсан байх ба мөн даргын 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаар захирамжаар Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоог шинэчлэн баталсны дотор тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст референтийн орон тоог мөн гурав байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.З-ийн ажиллаж байсан референтийн албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдсан байхад түүнийг урьд ажиллаж байсан референтийн албан тушаалд томилж ажиллуулахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна.

Хариуцагчаас, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан "... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн шаардлагыг хэрэгжүүлсэн, Д.З нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг олон нийтийн дунд хууль, тогтоомжийн хэлэлцүүлэг зохион байгуулах/-ээ маш хангалтгүй биелүүлж ирсэн, тэрээр ажлын байранд тавигдах “сэтгүүлч мэргэжилтэй байх” шаардлагыг хангаагүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн “тухайн үед ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаж байсан учир уг албан тушаалд томилогдон ажилласан” гэсэн тайлбар, Д.З-ийн 2011, 2012 онуудын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийг үнэлэх илтгэх хуудсанд “А” буюу 93, 96 оноогоор үнэлэгдсэн байдал, Ж.Ч, С.О нарыг референтээр томилсон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 216, 218 дугаар захирамжууд зэргээс дүгнэхэд хариуцагчийн “хуульд зааснаар албан хаагчийг шалгаруулж авсан” гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн. нэхэмжлэгч Д.З-г Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 171 дүгээр захирамжаар ажил албан тушаалд томилоогүй үйлдэл нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референтийн албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.З-д түүний ажилгүй байсан хугацааны буюу 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгох

үндэстэй бөгөөд үүнээс нэхэмжлэгчид 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгосон 4066110 төгрөгийг хасч тооцон, үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулж олгох ёстой тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын “нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож” гэснийг “нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, түүнээс нэхэмжлэгчид 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгогдсон 4066110 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулан олгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр.үлдээсүгэй,
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

*