Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Н.Анхбаяр,

            хохирогч Р.Огийн өмгөөлөгч Э.Билэгсайхан,

            шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булаг овогт Энхтуяагийн Ганзоригт холбогдох 1803000010110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн байцаалт

  ***********************

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жанцан дэлгүүрийн зүүн талын замд 26-33 УБЕ улсын дугаартай Hyundai Gresa маркийн автомашин жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Ог мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9, 11-15х/

 

            Эд мөрийн баримтаар тооцох тогтоол: СД 1 ширхэг /хх-ийн 20х/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 01 минут 00 секундэд замын хойд талаас урагшаа чиглэлтэй нэг явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах ба тээврийн хэрэгслийн зүүнээс баруун явах чиглэлийн замын улаан гэрэл ассан байх ба 01 минут 14 секундэд баруунаас зүүн тийш чиглэлтэй Микро автобус явган зорчигчийг мөргөөд зогсож байгаа харагдаж байна. 04 минут 48 секундэд бичлэг дуусахад автомашин хөдөлгөөнгүй зогсож байх ба мөргүүлсэн явган зорчигч зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдана...” гэжээ. /хх-ийн 21х/

 

            Хохирогч Р.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 20 минутын үед би гэрээсээ гараад хичээлдээ явж байсан. Тэгээд Жанцан дэлгүүрийн зүүн талын замын замынхаа хойд талаас урд тал руу нь зам хөндлөн гарч байгаад замын дунд хэсэгт машинд мөргүүлээд ухаан алдсан. Би явган хүний гарцаар ямар ч байсан зам руу орсон, ногоон гэрэл ассан байсан. Гомдолтой байна,  эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15048 дүгнэлтэд: “...Р.О-гийн   биед зүүн зулай ясанд зөрүүтэй хоёрлосон хугарал, уг хугарлаас урагш корональ заадас хүрсэн, доош чамархай ясны хөхлөг сэртэнгийн урд хэсэг, чихний сувгийн дээд, доод хана дотогш чамархайн чулуулгийн хэсэг рүү хүрсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, дух, уруулын баруун булан, баруун шанаа, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 77х/

 

            Замын цагдаагийн албаны шинжээчийн №57 дүгнэлтэд: “...Hyundai-Gress маркийн 26-33 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Р.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 98-99х/

 

                  Шүүгдэгч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 20 минутын үед би Хюндай-Грейс маркийн 26-33 УБЕ улсын дугаартай автмашинаа бариад Зүүнсалааны 1 дүгээр буудлаас зорчигч суулгаад 100-айл орохоор явж байсан. Тэгээд Жанцан дэлгүүрийн урд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 30-40 км/цаг-ийн хурдтай явж байтал гэнэт замын хойд талаас буюу миний зүүн гар талаас нэг хүн миний машины урд талаар орж ирэнгүүт нь тоормозоо гишгээд миний машин гулгаж очоод машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөж зогссон. Тэгэнгүүт нь би машинаасаа гараад хартал миний машины баруун талд нэг эмэгтэй хүн зам дээр хэвтэж байхаар нь би тэр хүн дээр очонгуутаа шууд түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 20 минутын үед би Хюндай-Грейс маркийн 26-33 УБЕ улсын дугаартай автмашинаа бариад явж байхдаа 10-аад  метрийн цаанаас гэрлэн дохиог хараад хөдөлгөөнөө үргэлжүүлсэн ба хохирогчийг 2, 3 метрийн цаанаас харсан, тухайн үед өглөө байсан болохоор харанхуй, хохирогч нь хар бараан хувцастай явсан зэрэг нь олж харахад хэцүү, тэгээд осол болсон. Гэрлэн дохиог уулзвар нэвтрэхдээ бол хараагүй, хохирогчид нийт 5.500.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Э.Гийн хохирогчид хохирол төлсөн тухай баримт 1 хуудас /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Э.Гийн хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 147х/

            Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 148х/

            Тэрээр урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/139х/, шийтгэх тогтоолын хуулбар /142-143х/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

 

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жанцан дэлгүүрийн зүүн талын замд 26-33 УБЕ улсын дугаартай Hyundai Gresa маркийн автомашин жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Ог мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсан тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15х/

 

            Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бичлэгийн 01 минут 00 секундэд замын хойд талаас урагшаа чиглэлтэй нэг явган зорчигч явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах ба тээврийн хэрэгслийн зүүнээс баруун явах чиглэлийн замын улаан гэрэл ассан байх ба 01 минут 14 секундэд баруунаас зүүн тийш чиглэлтэй Микро автобус явган зорчигчийг мөргөөд зогсож байгаа харагдаж байна. 04 минут 48 секундэд бичлэг дуусахад автомашин хөдөлгөөнгүй зогсож байх ба мөргүүлсэн явган зорчигч зам дээр хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдана...” гэжээ. /хх-ийн 21х/

 

            Хохирогч Р.О-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 20 минутын үед би гэрээсээ гараад хичээлдээ явж байсан. Тэгээд Жанцан дэлгүүрийн зүүн талын замын замынхаа хойд талаас урд тал руу нь зам хөндлөн гарч байгаад замын дунд хэсэгт машинд мөргүүлээд ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28х/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №15048 дүгнэлтэд: “...Р.О-гийн   биед зүүн зулай ясанд зөрүүтэй хоёрлосон хугарал, уг хугарлаас урагш корональ заадас хүрсэн, доош чамархай ясны хөхлөг сэртэнгийн урд хэсэг, чихний сувгийн дээд, доод хана дотогш чамархайн чулуулгийн хэсэг рүү хүрсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, дух, уруулын баруун булан, баруун шанаа, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 77х/

 

            Замын цагдаагийн албаны шинжээчийн №57 дүгнэлтэд: “...Hyundai-Gress маркийн 26-33 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Р.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 98-99х/

 

                  Шүүгдэгч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 20 минутын үед би Хюндай-Грейс маркийн 26-33 УБЕ улсын дугаартай автмашинаа бариад Зүүнсалааны 1 дүгээр буудлаас зорчигч суулгаад 100-айл орохоор явж байсан. Тэгээд Жанцан дэлгүүрийн урд талын замаар баруунаасаа зүүн тийш чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 30-40 км/цаг-ийн хурдтай явж байтал гэнэт замын хойд талаас буюу миний зүүн гар талаас нэг хүн миний машины урд талаар орж ирэнгүүт нь тоормозоо гишгээд миний машин гулгаж очоод машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөж зогссон. Тэгэнгүүт нь би машинаасаа гараад хартал миний машины баруун талд нэг эмэгтэй хүн зам дээр хэвтэж байхаар нь би тэр хүн дээр очонгуутаа шууд түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дахин хийсэн ослын газрын бүдүүвч схем зураг, хохирогч Р.О-гийн мэдүүлэг зэргээр зам тээврийн осол нь явган хүн гарцтай газарт үйлдэгдсэн буюу хохирогч нь явган хүний гарцаар, зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зам гарч явахад нь шүүгдэгч Э.Г нь тээврийн хэрэгсэл явахыг хориглосон гэрлэн дохиогоор нэвтэрч, жолоодож явсан тээврийн хэрэгслээрээ Р.Ог мөргөж хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Р.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт  тодруулбал, эмчилгээнд 2.144.080 төгрөг,  сургалтын төлбөрт  1 сая төгрөг,  хүнсэнд 249.521 төгрөг, түлшинд 277.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 1 сая төгрөг , ээж Наранцэцэг нь түүнийг сахиж ажлаа хийж чадаагүйн 1 сарын цалин 560.160 төгрөг, нийт 5.230.761 төгрөг нэхэмжилсэн байна гэжээ. /хх-ийн 32-68, 113, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Г нь хохирогч Р.Од нийт 5.500.000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн, хохирогчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан нь “... миний үйлчлүүлэгч Р.О нь шүүгдэгчээс 5.500.000 төгрөг авсан тул цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд:

Шүүгдэгч Э.Гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 Гэвч шүүгдэгч Э.Г нь  бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн шүүгдэгчин хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, уг ялаас чөлөөлөх боломжтой гэж дүгнэлээ.

   Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Гийг хорих ялаас чөлөөлсөн болно.

 

            Шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэж байгаа тул түүний BCD ангиллын 953070 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхийн CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэг хавсаргахаар тогтов.

 

Шүүгдэгч Э.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булаг овогт Энхтуяагийн Ганзоригийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Гт оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Шүүгдэгч Э.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар  оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Гийн BCD ангиллын 953070 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,  оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г. АЛТАНЦЭЦЭГ