Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/962

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905041931212 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Нарангийн 1-11 тоот гэртээ эхнэр Ч.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ч.Н-ын биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Н- мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би ажлаасаа тарах гээд нөхөр рүүгээ яриад намайг ирээд ажлаас авчих гэж хэлээд манай нөхөр намайг ажлаас ирж авсан. Би цэцэрлэгээс гарахдаа бага хүүхдээ аваад гарсан. Нөхөр ирэхдээ том хүүхэд Ган-Эрдэнэтэй ирсэн. Тэгээд бид дөрөв харьж хоол хийж идье гээд дэлгүүр орж будаа, банш аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ ороод хоолоо хийж идэх болоод манай нөхөр гал дээр ус тавьсан. Өлсөөд яараад будаагаа угаалгүй буцалж байсан ус руу хийхэд нөхөр намайг будаагаа угаалгүй хийлээ гээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Энэ хооронд манай хүү Ган-Эрдэнийн утас руу хадам эх Намжилсүрэн залгаад Ган-Эрдэнэ хадам эхтэй ярьж байгаад надтай яръя гэхээр нь би утсаа аваад хадам эхтэй ярьсан чинь нөхөр бид хоёрын маргалдаж байгааг сонссон байсан. Надаас юу болоод байгаа юм гэж асуухаар нь би болсон асуудлаа хэлэхэд хадам эх *******-тэй яръя гэсэн. Тэгээд *******- эхтэйгээ ярьж дуусчихаад чи намайг эхтэй минь мууцалдууллаа гэж хэлээд босож ирээд тогоотой хоолоо өшиглөж  унагаасан. Би асгасан хоолыг нь цэвэрлэж байхад чи намайг эхтэй муудалцууллаа гээд миний гэдэс, толгой, гар, хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Өмнө нь ийм зодоон болж байгаагүй учраас манай хоёр хүүхэд уйлаад гэрээс гараад гүйсэн. Би хоёр хүүхдийнхээ араас гарч гүйгээд хоёр хүүхдээ аваад буцахад манай нөхөр араас гарч ирээд миний баруун гараас аймаар чанга бариад оръё гээд гараараа миний хацар руу цохисон. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Н-ын дахин мэдүүлэхдээ: Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарч байна. Хамт амьдарч байхад огт ийм зүйл болж байгаагүй. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 43/ гэжээ.

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5-6/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 8/,

 

         Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би нэг найзтайгаа хамт архи уугаад такси бариад эхнэр Наранзулыг ажлаас нь очиж аваад гэр рүүгээ харьсан. Гэрт очоод эхнэр хоол хийх гэж байхдаа будаагаа угаахгүй хийчихээр нь би будаагаа угаагаач гэж хэлснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдсаныг манай эхнэр миний төрсөн эх Намжилсүрэнд утсаар хэлсэн байсан. Тэгээд би эхтэйгээ утсаар ярьж эхдээ загнуулсан. Тэр уурандаа эхнэрийнхээ гар руу, толгой руу нь гараараа цохиж гуя руу нь өшиглөсөн чинь манай эхнэр цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан.  /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12266 дугаартай “...Ч.Н-ын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, хоёр шуу, хэвлий, зүүн гуя, баруун өгзөг, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 16/ гэх дүгнэлт,

 

       Х.*******- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлт /хх-ийн 49/, хохирогч Ч.Н-ын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлт  /хх-ийн 44/, болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 31-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******- согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 08-нд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Нарангийн 1 дүгээр гудамжны 11 тоот өөрийн гэртээ эхнэр Ч.Н-ыг “хоолонд будаа угаахгүй хийлээ” гэснээс  маргалдаж Ч.Н-ын биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Н-ын “...чи намайг эхтэй минь мууцалдууллаа гэж хэлээд босож ирээд тогоотой хоолоо өшиглөж  унагаасан. Би асгасан хоолыг нь цэвэрлэж байхад чи намайг эхтэй муудалцууллаа гээд миний гэдэс, толгой, гар, хөл рүү гараараа хэд хэдэн удаа цохисон...миний баруун гараас аймаар чанга бариад оръё гээд гараараа миний хацар руу цохисон...” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12266 дугаартай

Наранзулын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, хоёр шуу, хэвлий, зүүн гуя, баруун өгзөг, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Х.*******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.*******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “таван зуун тавин нэгжээр торгох” ял оногдуулах саналыг *******-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Х.*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ