| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0398/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/360 |
| Огноо | 2017-09-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, эрүүгийн 1711003830038 дугаартай, Шарнууд овгийн Т.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шарнууд овгийн Т.Б, 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Зүлэгт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бөмбөгөр худалдааны төвийн Хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 10, эмээ, эцэг, эх, дүү, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 837 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕТ93091510.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжинд Э.Мтай маргалдан зодож, улмаар өөрийн немц овчарк үүлдрийн нохойгоор бариулж, түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, баруун гуя, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй. Торгуулын ялыг биелүүлэх болно.…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Мнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагт Дэнжийн мянгийн эцэс дээр өөрийн танил Энхбаяр гэх ахын портер маркийн машиныг машины эзэн Энхбаяр, Энхбаяр ахын найз Энхжаргал нарын хамтаар янзлаад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00 цагийн орчимд дуусаад амраад байж байхад машин эзэн Энхбаяр гэх ах төв зам руу яваад мөнгө аваад ирье гээд яваад 30 орчим минутын дараа Энхжаргал ахын утас руу залгаад “Би зодуулж байна” гэхээр нь би Энхжаргал ахын хамтаар Энхбаяр ах руу очиход Энхбаяр ах нэг танихгүй залуутай заамдалцаад байж байхаар нь би дундуур нь ороод салгах санаатай очиход нөгөө залуу шууд миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь согтуу хүнтэй зодолдоод яах вэ гэж бодоод Энхбаяр ахыг татаж салгаад нөгөө залууг түлхэхэд нөгөө залуу хашааныхаа хаалгыг нээгээд өөрийнхөө хашаанд байсан Немц овчарк үүлдэрийн нохойгоо чирч гаргаж ирээд над руу “барь” гэж хэлээд дайруулсан. Тэгээд нөгөө нохой нь миний гуян тус газар хазахаар нь би нохойгоо аваач гэж орилсоор байгаад нохойг нь салгуулсан. Тэгээд намайг цохисон залуу нохойгоо аваад хашааруугаа чирч оруулахаар нь би цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг цохисон залууг авч явсан …” гэжээ /хх-10-11х/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10234 дүгээр дүгнэлтэд:
“1. Э.М-н биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, баруун гуя, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20х/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33-34х/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-37-40х/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжинд Э.Мтай маргалдан зодон, улмаар өөрийн немц овчарк үүлдрийн нохойгоор бариулж, түүний эрүүл мэндэд 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт, зулгаралт, баруун гуя, зүүн ташааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогч Э.Мнь гомдол, саналгүй гэснийг дурдав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овгийн Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН