Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/770

 

 

 

 

 

 

     2019          09         10                                      2019/ШЦТ/770

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Д.Агар,

Шүүгдэгч: Ж.Ө- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Ө-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903008690360 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Ө-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Ө-  нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 06 цаг 10 минутын үед Сүхбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэргэнд зорчин яваад Улаанбаатар өртөөн дээр буухдаа, тус галт тэрэгний 09 дүгээр вагоны 02 дугаар местэнд зорчин явсан О.М-ын мартаж буусан /гээгдэл/ Iphone-6s маркийн гар утсыг завшин, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ө-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 09-ний орой Улаанбаатар хот руу гэр бүлтэйгээ ажлын шугамаар явсан. Ачаатай явж байсан учир хамгийн сүүлд воганоос буусан. ....буух гэтэл хажуу талын сандал дээр I phone 6s маркийн гар утас байсан. Дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд хоёр хоног асаалттай байлгаж байгаад дэлгэцийг нь солиулаад хүүхэддээ өгсөн...” гэв.

Хохирогч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар өртөөнд ажлаасаа буугаад суудлын 264 дүгээр  галт тэрэгний 09 дүгээр вагоны 02 дугаар местэнд Улаанбаатар хот явахаар суусан. Би ажлынхантайгаа явж байсан. Сүхбаатараас Дархан ортол унтаагүй явж байгаад Дарханаас хөдлөөд унтаж амарсан, унтаад сэрэхэд Улаанбаатар вокзал дээр ирсэн байсан. Би 2 дугаар местэний хажуу талын хөндлөн местэний 2 давхарын орон дээр гарч унтсан. Вагонаас буугаад гар утсаа халаасандаа үзэхэд байхгүй байсан ба эргэж вагонд ороод үйлчлэгчээс гар утсаа асуухад байхгүй, мэдэхгүй гэж хэлсэн. Хамгийн сүүлд утсаараа оролдож байгаад толгойныхоо хажууд тавиад унтсан байсан. Миний гар утас саарал өнгийн I Phone 6s маркийн гаднах гэр нь хар өнгийн чонын зурагтай байгаа. 2018 оны 10 дугаар сард Теди худалдааны төвөөс 580.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад гомдол, санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч М.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны намар Теди төвөөс  I Phone 6s  маркийн гар утас 560.000 төгрөгөөр худалдаж аван хэрэглэж байгаад аавдаа өгсөн юм. Манай аав О.М- Улаанбаатар төмөр замд ажилдаг хөдөө гадаа их явдаг. 2019 оны 7 дугаар сарын 09-нд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 09 дүгээр вагоны /нийтийн вагон/ 2 дугаар тасалгаанд ажлынхаа хүмүүсийн хамт зорчин явж байгаад гар утсаа алдсан. Би 2019 оны 7 дугаар сарын 15-нд тухайн утасны /I could/ хаягийг евро утсанд хийж үзэхэд үл таних хүний зураг гарч ирсэн. Тухайн зурагнууд дотроо Otgoo Otgonbileg гэсэн хаягтай эрэгтэй хүүхэд, Хулангуа Д гэсэн хаягтай эмэгтэй хүүхдийн фейсбүүк хаяг мөн аавын барьж байсан Чонын зурагтай гэр буюу кейстэй гар утсыг барьж байгаад авахуулсан зураг гарч ирсэн. Ингээд тухайн хүмүүсийн фейсбүүк хаягийг олоод өргөдөл гаргаж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13 дугаар хуудас/,

Гэрч Д.Даваажавын мөрдөн байцаалтанд өгсөн. “ ...Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр орой галт тэргээр эхнэр Өлзий, бага хүү Отгонбилэгийн хамт наадмын амралтаар ажил хийхээр явсан. Галт тэрэг өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бид хамгийн сүүлд буусан. Галт тэрэгнээс буусны дараа манай эхнэр хажуу талын местнээс гар утас олсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Яллагдагч Ж.Ө-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/, 

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7/,  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 35/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-57/,  хохирогчийн хүсэлт /хх-н 66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ө-  нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 06 цаг 10 минутын үед Сүхбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэргэнд зорчин яваад Улаанбаатар өртөөн дээр буухдаа, тус галт тэрэгний 09 дүгээр вагоны 02 дугаар местэнд зорчин явсан О.М-ын мартаж буусан /гээгдэл/ Iphone-6s маркийн гар утсыг завшин, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.М-ын: “...Вагонаас буугаад гар утсаа халаасандаа үзэхэд байхгүй байсан ба эргэж вагонд ороод үйлчлэгчээс гар утсаа асуухад байхгүй мэдэхгүй гэж хэлсэн. Хамгийн сүүлд утсаараа оролдож байгаад толгойныхоо хажууд тавиад унтсан байсан. Миний гар утас саарал өнгийн I Phone 6s маркийн гаднах гэр нь хар өнгийн чонын зурагтай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-10/, гэрч М.Анударийн: “...Би 2017 оны намар Теди төвөөс  I Phone 6s  маркын гар утас 560,000 төгрөгөөр худалдаж аван хэрэглэж байгаад аавдаа өгсөн юм. ...2019 оны 7 дугаар сарын 15-нд тухайн утасны /I could/ хаягийг евро утсанд хийж үзэхэд үл таних хүний зураг гарч ирсэн. Тухайн зурагнууд дотроо Otgoo Otgonbileg гэсэн хаягтай эрэгтэй хүүхэд, Хулангуа Д гэсэн хаягтай эмэгтэй хүүхдийн фейсбүүк хаяг мөн аавын барьж байсан Чонын зурагтай гэр буюу кейстэй гар утсыг барьж байгаад авахуулсан зураг гарч ирсэн. Ингээд тухайн хүмүүсийн фейсбүүк хаягийг олоод өргөдөл гаргаж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 13 дугаар хуудас/, гэрч Д.Даваажавын: “...Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр орой галт тэргээр эхнэр Өлзий бага хүү Отгонбилэгийн хамт наадмын амралтаар ажил хийхээр явсан. Галт тэрэг өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бид хамгийн сүүлд буусан. Галт тэрэгнээс буусны дараа манай эхнэр хажуу талын местнээс гар утас олсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, Эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Ө-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ө- нь хохирогч О.М-ын мартаж буусан I phone 6 маркийн гар утасыг авсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш боловч тухайн эд хөрөнгийг зохих байгууллагад нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэлгүй өөртөө ашиглахаар авсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 66/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ж.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ө- нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ялыг сард 50.000 төгрөгөөр тооцож 9 сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ө-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Ө-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ө-д шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ө-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР