| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0151/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/156 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Д.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Рд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 08-р сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Р
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Номин худалдааны төвийн гадна хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж, доод эрүүний далд хугарал үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ргийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би өөрийгөө Н ахын нүүр рүү гараараа цохьсон гэж мэдсэн. Намайг Н ахыг цохих үед Бнь байсан үгүйг мэдэхгүй байна, байгаагүй байсан юм шиг санаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р /А/ гэж дууддаг тэр залуу ирээд гар бариад мэндлэхээр нь би миний дүү ажил төрөл сайн уу? гэж асуутал миний ажил, төрөл таньд ямар хамаатай юм гээд сүүдрэвчнээс гарах гэж байснаа гэнэт миний зүүн хацар руу гараараа алгадах шиг болсон. Би яаж байгаа юм болдоо гэж бодоод эргээд хартал дахиад миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохьчихоод сүүдрэвчнээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Гэрч Б.Бний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэх хүн тэр танихгүй залуутай мэнд мэдтэл, тэр залуу чи миний мэндийг мэддэг хэн юм гээд нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаартай: “...Г.Нийн биед доод эрүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-34 дүгээр хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Номин худалдааны төвийн гадна хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт гараараа цохиж, доод эрүүний далд хугарал үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р ...сүүдрэвчнээс гарах гэж байснаа гэнэт миний зүүн хацар руу гараараа алгадах шиг болсон. Би яаж байгаа юм болдоо гэж бодоод эргээд хартал дахиад миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохьчихоод сүүдрэвчнээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэх хүн тэр танихгүй залуутай мэнд мэдтэл, тэр залуу чи миний мэндийг мэддэг хэн юм гээд нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Д.Ргийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би өөрийгөө Н ахыг гараараа 1 удаа цохьсон гэдгийг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 02/0355 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Дүүдүүгийн Рг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Р нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийн байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэхээр” заажээ.
Шүүгдэгч Д.Р нь ...тоотод оршин суух хаягтай боловч одоо .... тоотод дүү Эынд оршин сууж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ хаягаар гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Рд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1115010 төгрөг нэхэмжилснээс цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 8300 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс хасч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 1106710 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рд оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Рд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ргээс 1106710 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нид олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН