| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01005/И |
| Дугаар | 01134 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 01134
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2017/01134
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хас-Өргөө2 хотхон 23-89 тоотод оршин суух, Тайж боржигон овогт Цэрэндэндэвийн Мөнхтуулын /регистрийн дугаар ЦД70022067/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-1-77 тоотод оршин суух, Урианхан овогт Алтанхуягийн Бямбамаад /Регистрийн дугаар: ШЖ75121201/ холбогдох
“Орон сууцны түрээсийн төлбөр 1,930,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ц.Мөнхтуул миний бие А.Бямбамаагийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Зэст багийн 1-5-27 тоот 1 өрөө байрыг түрээслэж суулгасан. Одоо 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар түрээсийн 1,025,000 төгрөг, байрны ус дулааны төлбөр 650,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд А.Бямбамаагаас түрээсийн төлбөр нийт 1,675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхтуул шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Мөнхтуул би 2017 оны 08 дугаар сарын 21-нд тус шүүхэд А.Бямбамаагаас байрны түрээс, ус дулааны төлбөр 1,675,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Түрээслэгч А.Бямбамаа нь 2017 оны 09 дүгээр сарын 16-нд түрээслэсэн байрыг чөлөөлж өгсөн боловч бас л 2017 оны 08 дугаар сарын 21-нээс хойших байрны түрээс 208,000 төгрөг, цахилгааны төлбөр 27,000 төгрөг, ус дулааны төлбөр 20,000 төгрөг өгөөгүй байгаа тул 255,000 төгрөг гарсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 255,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч А.Бямбамаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Бямбамаа нь 2016 оны 01 дүгээр сард байрны эзэн Мөнхтуултай утсаар холбогдож байрыг нь түрээслэж орсон. Улаанбаатар хотод байдаг болохоор утсаар ярьж сард 300,000 төгрөгөөр тохирсон юм. Байрны эзэн 2 удаа ажил дээр ирж уулзсан. 08 дугаар сарын 21-нд ирэхдээ хүүхдүүд уурлаж загнаад байна. Гэрээ хийхгүй бол гээд 2 цаасан дээр гарын үсэг зуруулсан. Өмнө нь түрээсийн гэрээ болон зөвшлийн гэрээ гэж юу ч хийгээгүй. Сүүлийн 3 сар бусад 7,8,9 сарын түрээсийн мөнгийг өгч чадаагүй нь үнэн. Ээж маань бурхан болж хүнд хэцүү байдалтай байгаа тухай байрны эзэнд олон удаа учирлаж хэлсэн боловч танай байгууллагад ханджээ. Хоёр хүүхэдтэй өрх толгойлж, байр хөлслөн амьдардаг учир боломж бололцоо муу байна. Иймээс байрны түрээсийг хуулийн дагуу 11 дүгээр сард өгөх боломжтой байна гэжээ.
Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Бямбамаа нь өмнөх тайлбартаа ч бичсэн. Одоо ч адил бичиж байна. Мөнхтуул эгч надтай байрны түрээсийн гэрээ огт хийгээгүй. 8 дугаар сарын 21-нд ажил дээр ирж надтай 2 дахь удаагаа уулзсан. Тэр үед ирэхдээ хүү маань гэрээ хий гээд байна гээд энэ гэрээнд гарын үсэг зуруулаад явсан. Би боломжоороо төлнө гэж хэлсэн боловч удаа дараа шүүхэд өгч утсаар хэл амаар доромжилсон. 8 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээ хийсэн, гэрээг нотариатаар батлуулаагүй. Иймээс хуулийн дагуу шийдвэж өгнf үү. Би хоёр хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг. Гэрээ хийсэн өдрөөс хуулийн дагуу байрны түрээсийг төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.Мөнхтуул нь хариуцагч А.Бямбамаад холбогдуулан орон сууцны түрээс, ус, дулааны төлбөр нийт 1,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц хөлсөх гэрээ байгуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-5-27 тоот 1 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай сарын 300,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохирч, хөлслөгч 3 сарын хөлсний төлбөрөөс 700,000 төгрөгийг төлж, хөлслүүлэгч түүний эзэмшилд орон сууцыг тавилгагүй шилжүүлсэн.
Талууд орон сууц хөлслөх гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан байх боловч хариуцагч уг орон сууцанд үргэлжлүүлэн сууж, хөлсийг төлж явсан байх ба 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлж барагдуулсан, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, хариуцагч орон сууцыг хөлслөн суусан, төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргахгүй байна.
Хөлслүүлэгч нь хөлслөгчийн нөхцөл байдлыг ойлгон орон сууцны түрээсийн төлбөрийг 2017 оны 06,07 сард 250,00 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 200,000 төгрөг болгон хямдруулсан боловч хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх орон сууцны түрээсийн болон ус, дулааны төлбөрийг төлөөгүй, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, орон сууцны түрээсийн гэрээг нөхөж хийсэн гэж маргаж байгаа боловч түүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, орон сууц хөлслөх гэрээ хуурамч эсэх, А.Бямбамаагийн гарын үсэг мөн эсэх дээр хариуцагч маргаагүй, уг гэрээн дээрх гарын үсэг өөрийнх нь гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчаас 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх нийт 4 сарын хөлс 1,233,000 төгрөг, ус, дулааны төлбөр 697,000 төгрөг нийт 1,930,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан А.Бямбамаагаас 1,930,000 төгрөг гаргуулан Ц.Мөнхтуулд олгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН