Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 12

 

Р.Ц-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                       Н.Идэр          

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Б-, О.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны 1022 дугаар захирамжтай Р-гийн Ц-ад холбогдох 1818007010462 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Р.Ц- нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг “Дархан-Улаанбаатар” чиглэлийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл техникийн зөрчлийн 5.2.т заасан хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, 3.1.т заасан дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикпь, мопедонд 0.8 мм-ээс бага болсон.., мөн мөн дүрмийн 2.5.д заасан:

-...Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3.т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх..,

-... зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх..,

 -зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх..,

 -осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно .., гэсэн заалт,

-9.2.т заасан... Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Г.Б-ыг мөргөж амь насыг нь хохироосон,

Мөн улмаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1022 дугаар захирамжаар:

-Дархан- Уул  аймгийн прокуророос А- овогт Р-гийн Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007010462 дугаартай хэргийг прокурорт буцааж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дохионы гэрлийн бутархай, толь 1 ширхэг, толины суурь 1 ширхэг тус бүрийг хэргийн хамт прокурорт буцааж, хэрэгт яллагдагч Р.Ц-ын эзэмшлийн “Hyundai mighty” маркийн 8811 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болохыг дурдаж,

 -Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Р.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор  Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.д заасны дагуу яллах дүгнэлтэнд заасан гэмт хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлоор шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу шүүхээс прокурорт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр утсаар хуралдааны товыг мэдэгдсэн учир хяналтын прокурор миний бие шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлттэй урьдчилан танилцахаар шүүхэд биеэр очиход ямар асуудлыг хэлэлцүүлэх нь тодорхойгүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгнө үү гэсэн хүсэлт байсан.

Улмаар яллагдагчийн өмгөөлөгч хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргаж хэлэлцүүлнэ гэсэн тайлбар хэлсэн ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явагдаж, шүүх хуралдаанд дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжинд дурдсан хүсэлтүүдийг хэлэлцүүлж эхэлсэн болно.

Энэ нь улсын яллагчийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдолтой урьдчилан танилцаж шүүх хуралдааны бэлтгэлийг хангах боломжоор хангаагүй, улмаар шүүх хуралдааны товыг тогтоох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс ямар үндэслэлээр гомдол, хүсэлт гаргасан нь тодорхойгүй,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9.д заасан шүүх хуралдааны товыг тогтоохдоо прокурорын саналыг харгалзаагуй, улмаар 3-аас доошгүй хоногийн өмнө шүүх хуралдааны товыг оролцогчид мэдэгдэх заалтыг шүүх хангаж ажиллаагүй байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр яллагдагчийн өмгөөлөгчөөс “Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1.д заасныг зөрчсөн. Хавтас хэрэгт шинжээч томилсон тогтоол байхгүй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2.т заасан нотлох баримтад хамаарах тул шинжээч томилсон тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан Замын Цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар 23-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7.д зааснаар нотлох баримтад тооцогдохгүй” гэх хүсэлтийг гаргасан бөгөөд мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Сүхбаатар нь шинжээч томилсон тогтоолыг андуурч хавтаст хэрэгт үдэж техникийн алдаа гаргасныг улсын яллагчаас зөвтгүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэг дээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулан гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан болно.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хурал завсарлаж шүүгч шүүхийн шийдвэр танилцуулан уншин сонсгохдоо өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдагдсан “шинжээч томилсон тогтоолыг улсын яллагчаас хэрэгт гаргаж ирүүлсэн тул өмгөөлөгчийн энэ хүсэлтийг хангахаас татгалзаж, бусад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн...” гэж танилцуулсан атлаа хэргийг прокурорт буцаасан 1022 тоот захирамжинд энэ үндэслэлийг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8.д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн ослын талаарх дүгнэлтийг дахин гаргуулах талаар урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдагдсан бөгөөд эрүүгийн 1818007010462 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Хэрэв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 104 дугаар дүгнэлтэнд ходоод болон цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээ нь харилцан адилгүй байх тул энэ талаар дахин дүгнэлт гаргуулж тодруулах талаар хүсэлтэнд дурдагдсан ба тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж талийгаачийн ходоод болон цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээ нь яагаад харилцан адилгүй байгаа талаар асууж, тодруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар заажээ.

Эрүүгийн 1818007010462 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12.т урьдчилсан хэлэлцүүлэгээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1022 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Идэр дүгнэлтдээ:

... Хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү..,  Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Ц-ын өмгөөлөгч Г.Б- тайлбартаа:

... Хэргийг буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Ц-ын өмгөөлөгч О.Оюунчимэг тайлбартаа:

...Өмгөөлөгч Г.Б-тай нэг саналтай оролцоно.., Миний бие хавтаст хэрэгтэй болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай танилцсан., анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Дархан-Уул  аймгийн Прокуророос А- овогт Р-гийн Ц-ыг  2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг “Дархан-Улаанбаатар” чиглэлийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж,  тээврийн хэрэгсэлийн  хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж  осол гарган, үүний улмаас иргэн Г.Б-ыг мөргөж амь насыг нь хохироосон., мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3., 27.11 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд прокуороын эсэрүүцэлд заасан :

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлоор урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн.,  

Энэ нь улсын яллагчийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдолтой урьдчилан танилцаж шүүх хуралдааны бэлтгэлийг хангах боломжоор хангаагүй, улмаар шүүх хуралдааны товыг тогтоох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.д заасан үндэслэлүүдээс ямар үндэслэлээр гомдол, хүсэлт гаргасан нь тодорхойгүй.,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9.д заасан шүүх хуралдааны товыг тогтоохдоо прокурорын саналыг харгалзаагуй, улмаар 3-аас доошгүй хоногийн өмнө шүүх хуралдааны товыг оролцогчид мэдэгдэх гэсэн заалтыг зөрчсөн ..,гэж  байна.  

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үед яллагдагчийн өмгөөлөгчөөс  ....Шинжээчийн дүгнэлт нь  ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1.д  заасныг зөрчсөн..,  хэрэгт шинжээч томилсон тогтоол байхгүй.,  шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2.т заасан нотлох баримтад хамаарах тул шинжээч томилсон тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан Замын Цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар 23-ны өдрийн 46 дугаар  дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7.д зааснаар нотлох баримтад тооцогдохгүй... гэсэн  хүсэлт гаргасныг мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Сүхбаатар нь шинжээч томилсон тогтоолыг андуурч хавтаст хэрэгт үдэж техникийн алдаа гаргасныг улсын яллагч зөвтгүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэг дээр шинжээч томилсон тогтоолыг танилцуулан гаргаж өгчээ.

Түүнчлэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 104 дугаар дүгнэлтэнд ....ходоод болон цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээ нь харилцан адилгүй байх тул энэ талаар дахин дүгнэлт гаргуулж тодруулах талаар хүсэлтэнд дурдагдсан ба энэ талаар тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж талийгаачийн ходоод болон цусанд агуулагдаж байгаа этилийн спиртийн хэмжээ нь яагаад харилцан адилгүй байгаа талаар асууж, тодруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой  байна.

Өөрөөр хэлбэл шүүх  хэргийг  нотлох баримтын хэмжээнд хэлэлцэж,  прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1022 дугаар захирамжийг хүчингүй болгож, Р-гийн Ц-ад холбогдох, 1818007010462 дугаартай, 2 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                       ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                            Б.МАНЛАЙБААТАР