Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0047/З |
Дугаар | 128/ШШ2019/0634 |
Огноо | 2019-10-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2019/0634
2019 оны 10 сарын 01 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А.Ө
Хариуцагч: Э м я Т н б д
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А.Ө Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/346 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ тушаалын хуулбарыг би өөрөө 10 дугаар сарын 29-ний өдөр олж авсан болно.
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр туслах Ж.Д өөс тушаалын хуулбарыг албан ёсоор авахад тушаалыг засварлаж, Төрийн албаны тухай хуулийн 26.1.2 дахь заалт болгон үндэслэлийг өөрчилж, дахин үйлдсэн байна.
Дээрхи тушаалуудыг гаргахдаа зөрчлийг шалган тогтоох, баримт үндэслэлийг танилцуулах, нэмэлт тайлбар авах, сонсох үйл ажиллагаа явуулах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4, 5 дугаар заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь заалтыг зөрчиж, ижил огноо, дугаар бүхий, хууль бус Төрийн нарийн бичгийн даргын Б/346 тоот 2 тушаал үйлдэгдээд байна.
Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэсэн тушаалд зөрчлийг “Засгийн газрын худалдаанд Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг оруулсан, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан зөрчил гаргасан тул...” гэсэн байна.
Дараа нь уг тушаалыг засварлаж, дахин үйлдэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26.1.2 дахь заалт болгон өөрчилж, зөрчлийг “2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг оруулсан, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан зөрчил гаргасан тул...” гэсэн байна.
“Засгийн газрын хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг оруулсан” гэсэн зөрчлийн талаар:
Эрүүл мэндийн яам нь Засгийн газар, УИХ болон бусад дээд шатны байгууллагад асуудлыг танилцуулахад Төрийн нарийн бичгийн даргаар заавал хянуулсан байх журамтай.
Эрүүл мэндийн яамны 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3230 тоот албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З, 1а/3231 тоот албан бичгээр Сангийн сайд Ч.Х т “Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ ”-ний талаар Засгийн Газрын хуралдаанд танилцуулах Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, хуралдааны тэмдэглэлийн төслийг хүргүүлсэн болно.
Уг мэдээллийн талаар 8 дугаар сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн сайд болон Т.Э******* нарт албан ёсоор танилцуулж, тайлбарласан бөгөөд сайдын өгсөн чиглэлийн дагуу эцсийн байдлаар би боловсруулж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ц*******аар хянуулж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С зөвшөөрөн гарын үсгээр баталгаажуулж, сайдын гарын үсгээр албажуулсан болно.
Тухайн үед нийгмийн эрүүл мэндийн газрын даргын дарга эзгүй, ажилдаа ирэлгүй 3 долоо хоног болж байсан тул дотоод журмаар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хавсран гүйцэтгэж байсан.
Мөн Засгийн газрын хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж, түүний дагуу холбогдох арга хэмжээг авсан. Засгийн газрын хуралдаан болохоос өмнө материалыг Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С, Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э нарт албан ёсоор өгсөн.
Үүнээс үзэхэд Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад танилцуулалгүйгээр Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсан", “Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан зөрчил гаргасан ”гэдэгтэй огт санал нийлэхгүй, мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Яаманд захиргааны шийдвэр гарах процесс хуулийн хүрээнд явагдахгүй байна. Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулдаг журамтай боловч нэгжийн удирдлагын зүгээс буруу, дутуу мэдээллээр хангасан байна.
Энэ оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох сонгон шалгаруулалт явагдсан. Тус сонгон шалгаруулалтын Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд А.Ө өрсөлдөн 68.2 оноо авч, нэгд жагсан, 10 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас Төрийн албаны зөвлөлийн 103 дугаар тогтоол гарсан. Ийм хууль бус тушаал гаргасныг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох сонгон шалгаруулалттай холбоотойгоор зохион байгуулалттайгаар хийсэн үйлдэл хэмээн үзэж байна.
Түүнчлэн А.Өтай тохиролцолгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Нийгмийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулсныг хүчингүй болгож, дээрх тушаалуудыг хүчингүй болгосныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“А.Өд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудал оруулсан, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг зөвшөөрөлгүйгээр сольж батлуулсан зөрчлийг нь үндэс болгосон. Үүнд:
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/375 дугаар тушаалыг батлуулахдаа 3 дугаар хавсралтыг сольж батлуулсан. Өөрөөр хэлбэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2018 оны 8 сарын 15-ны өдрийн 9/785 тоот албан бичгээр “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн тушаалын төслийг хүргүүлсэн. Энэхүү тушаалын төслийг мэргэжилтэн А.Ө хянуулж, батлуулсан ба ингэхдээ хавсралтад ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар А.Ө гэж хянуулсан боловч тушаалыг гаргахдаа нарийн бичгийн даргаар Д.Э ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга гэж өөрчлөн батлуулсан.
2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр яамны НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Э томилогдсон байсан бөгөөд түүнд “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийхэд газрын дарга Т.Э д хянуулаагүй, алдаатай, зөрүүтэй мэдээлэл хийснээс болж сайд Засгийн газрын хуралдаанаас 3 удаа гарч тодруулга авах байдалд оруулж, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан.
Мөн тушаал гаргахаасаа өмнө Нийгмийн эрүүл мэндийн газрын хурал хийж түүний гаргасан алдаа зөрчлийг дурьдан сахилгын шийтгэл ногдуулах талаараа мэдэгдсэн болно.
Иймд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан буюу Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн заалтыг бичиж илт техникийн алдаа гаргасан байсан ба 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах гэж Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45-1 дэх хэсэгт заасны дагуу зассан. Шивэлтийн алдаа гэж үзэх гол үндэслэл нь тушаалын 1 дэх заалтад цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах гэж бичигдсэн байгаа явдал юм.
А.Өын хувьд өөрийн биеэр ирж урьдчилсан мэдүүлгийг бөглөсөн, өөрөө зөвшөөрөөгүй бол бөглөхгүй байх, ахлах мэргэжилтнээр томилогдсоноор түүний цалин 300.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тодорхойгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ө нь тус шүүхэд “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Э м я Т н б д ын Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Э м я Т н б дас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалын үндэслэх хэсгийг зөвтгөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч А.Өд гардуулсан болох нь хариуцагч болон нэхэмжлэгчийн тайлбар, уг тушаалын хуулбараар нотлогдож байна.
Э м я Т н б дас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 тушаалын үндэслэх хэсгийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг болгон зөвтгөж гаргасныг хоёр өөр тушаал гарсан гэх боломжгүй бөгөөд уг тушаалын хууль зүйн үндэслэлд дараах байдлаар дүгнэлт хийлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд, Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг оруулсан, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан зэрэг зөрчил гаргасан Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өд цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... А.Өд сахилгын шийтгэл хүлээлгэх талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй” гэх тайлбар гаргасан нь Нийгмийн Эрүүл мэндийн газрын 2018 оны дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, тус газрын дарга Т.Э, хурлын тэмдэглэл хөтөлсөн мэргэжилтэн Ж.Дө нарын гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын Чуулган зохион байгуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/375 дугаар тушаалын төсөлд тушаалыг А.Ө боловсруулж гарын үсэг зурсан, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар А.Өыг томилох талаар тусгагдсан боловч, батлагдан гарсан тушаалын хавсралтад Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Д.Э томилогдсон байгаагаас үзэхэд хариуцагчийн А.Өыг “...ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сольж батлуулсан” гэх тайлбар үндэслэлтэй.
А.Өын гаргасан зөрчлүүд нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/50 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 10.8.9-т “сахилгын ноцтой зөрчилд” тооцогдохоор зохицуулагдсан байх тул хариуцагчаас Төрийн албаны /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах“ сахилгын шийтгэлийг ногдуулсныг буруутгах боломжгүй байна.
Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Өыг Нийгмийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
А.Ө дээрх албан тушаалд томилуулахаар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглөж, Авилгатай тэмцэх газарт хүргүүлснийг тус газраас хянаад зөрчилгүй гэсэн хариуг 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 05/4594 дүгээр албан бичгээр Э м я Т н б дд хүргүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилогдохдоо хариуцагчтай тохиролцоогүй, зөвшөөрөөгүй гэж үзэхээргүй байна.
Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1 “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасан бөгөөд “44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч А.Ө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Нийгмийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс нэмэгдсэн нь ажилд томилогдсон тушаал, Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн лавлагаа зэрэг баримаар тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар “... эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон” эерэг нөлөө үзүүлсэн захиргааны акт бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Иймээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх тушаалуудыг хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй байна.
Ингээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Өын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН