Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00122

 

К банкны нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 552 дугаар шийдвэртэй, К банкны нэхэмжлэлтэй, А, С нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө гаргуулах, зээлдэгч нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн А, хамтран зээлдэгч С нар 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. 100 м.кв талбайтай өвийн сууц болон 600 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, BEIBEN 25тн ачааны машин зэргийг  барьцаалсан. Зээлдэгч А, хамтран зээлдэгч С нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлд 12730000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөгийг төлөөгүй байна. Бид удаа дараа уулзаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан. Иймд иргэн зээлдэгч А, хамтран зээлдэгч С нартай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус банктай №ЗГ479 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, А, хамтран зээлдэгч С нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөгийг орлогоос нь суутгаж мөн зээлдэгч нарын барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгийг нь худалдан борлуулж зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтэд: “Тус банк нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А, хамтран зээлдэгч С нараас үндсэн зээл 7270000 төгрөг, зээлийн хүү 703000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3100 төгрөг, нийт 7976100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7270000 төгрөг, хүү 755643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24359 төгрөг 71 мөнгө, нийт 8050002 төгрөг 71 мөнгө болж нэмэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ 

 

Хариуцагч С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: “Миний хүү болох А бид хоёр 2014 онд 20 тн даацтай Бенз Норт шинэ машиныг 20000000 төгрөгөөр барьцаалж 20000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Уг зээлийг 3 жилд төлөх ёстой байсан боловч уг машины бичиг баримт, техникийн паспортыг уг банк хураан авсан байсан. 2016 онд 02 сарын зээл төлөгдөөгүй байсан гэж хашаанд оруулан хурааж авсан. Түүнээс хойш зээл төлөгдөөгүй. Машиныг дуудлага худалдаанд оруулж 20000000 төгрөгөөс дээш үнэтэй машиныг 11000000 төгрөгөөр худалдсан байсан. Зээлийн эргэн төлөлтийг А хариуцах бөгөөд тодорхой тайлбарыг А өгнө.” гэжээ.

 

Хариуцагч А-ын шүүхэд гаргасан тайлбарт: “Тус банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,2 хувийн хүүтэй 20 сая төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Өөрөөр хэлбэл банкнаас зээлдсэн мөнгөөрөө 25тн даацтай том оврын автомашин худалдан авч түүгээр хол замын тээвэрлэлт хийж олсон орлогоороо зээлээ төлж байсан. Уг авто машин К банкны өмчөөр бүртгэгдэн тэдний эзэмшилд байсан бөгөөд би тэрхүү машинаар тээвэрлэлт хийгээд банкнаас итгэмжлэл авч замд гарч хөдөлгөөнд оролцдог байлаа. 2015 оны сүүлээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1,6 сараар хэтрүүлсэн учраас банк миний орлого олдог байсан ганц машиныг 2016 оны 1 дүгээр сарын дундуур хураан авч элэгдэлд оруулан байлгаж байгаад 2017 оны 2 дугаар сард 11 сая 500 мянган төгрөгөөр худалдсан. Миний мэдэхээр машиныг хураан авах үед буюу 2016 оны 01 дүгээр сард зээлийн үлдэгдэл хүүгийн хамт 14 сая 600 мянган төгрөг үлдсэн байсан. Уг үлдэгдлээс машины үнэ болох 11 сая 500 мянган төгрөгийг хасахад 2 сая 100 мянган төгрөг үлдэх ёстой. Ийм учраас би нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк нь зээлийн гэрээнд заасан эрхийнхээ дагуу 2016 оны эхээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн хүүг зогсоох байтал үргэлжлүүлэн хүү бодсон нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 05-ны өдрийн 552 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч А, С нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 8050002 төгрөг 71 мөнгө /найман сая тавин мянга хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч К банканд олгож,  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч А, С нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 Барьцааны гэрээнд заасан С, Б, А нарын гурван хүний өмчлөх эрхийн гэрчилгээтэй №000086009, Ө сумын 6 дугаар багт байршилтай, 100 м.кв талбайтай, зургаан өрөө үл хөдлөх хөрөнгө, мөн С-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 600 /0,06/ м.кв талбайтай газар, мөн А-ын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх А, С нараар К банкны нэхэмжилсэн 7.270.000 төгрөгийг төлүүлэхдээ үнийн дүнд ногдуулсан хүү 755.643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.359 төгрөг, 71 мөнгийг нэмж төлүүлсэнд гомдолтой байна. Үндсэн зээл 7.270.000 төгрөгийг маргаангүй төлөх хэдий ч нэхэмжлэгч К банк зээлдэгчид зээлсэн мөнгөө хуваарийн дагуу эргэн төлөх чадваргүй болсныг 2015 оны 12 дугаар сард мэдсэн бөгөөд барьцаат хөрөнгө болох том оврын авто машиныг 2016 оны 01 дүгээр сард үл маргах журмаар хураан авч дуудлагаар худалдах зар өгсөн байдаг. К банк нь мөн өдрөөс эхлэн зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлан шүүхэд хандах ёстой атал хүүг өсгөн байлгаж байгаад шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцсон бөгөөд үүнийг анхан шатны шүүх ёсоор болгон  780.002 төгрөг 71 мөнгийг хүү хэмээн төлүүлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан тул банкны хүү болох 780.002 төгрөг  71 мөнгийг нийт төлбөрөөс хасаж тооцуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна. 

 

К банк нь хариуцагч А, С нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 8050002.71 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаат хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч А, С нар нь К банкнаас 20000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авч, 100 м.кв талбайтай өвлийн сууц болон 600 м.кв талбайтай эзэмших эрхийн газар BEIBEN маркийн, ачааны машин зэрэг эд хөрөнгийг барьцаалсан нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ-479 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ479 дугаартай зээлийн гэрээний хавсралт, зээл хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон байна. 

 

Зээлдэгч А, хамтран зээлдэгч С нар нь банктай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ-479 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох, мөн нэг талын санаачилгаар банк гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирол шаардах эрхтэй талаар харилцан тохиролцсон ба мөн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан талаарх мэдэгдэх хуудсыг зээлдэгчид хүлээн авсан байна. 

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн зөрчил болон үндсэн зээлийн эргэн төлөлт, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүд 780002.71 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд 8050002,71 төгрөг гаргуулах тухай шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ, 2 удаагийн мэдэгдэл, зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг баримтуудад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хуульд нийцсэн байна. Харин хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүүд 780002.71 төгрөг төлөхгүй гэсэн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, зээлдүүлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээ, хуульд зааснаар зөв тооцсон, уг шаардлага нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 23800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК