Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0093/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ................  овогт ..............ын ..............д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005540047 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 27-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .............. овогт ...............ын Х /регистрийн дугаар: ТЕ............/, 19........ оны .... дүгээр сарын ........ы өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт ............. аймгийн .......... сумын ....дүгээр баг .............. дугаар гудамжны ............ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Х нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 2-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Баяр хүнсний дэлгүүрийн ард иргэн П.У iPhone-6 plus маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг ши нжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 1918005540047 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Л.У-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 11, 10 дугаар сарын 19, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 1-ний орой найзтайгаа хамт Арбат”-ын гудамжинд байдаг “Баяр” хүнсний дэлгүүрийн ард талын хашаан дотор 1 том савтай пиво уусан юм. Тэгээд найзыгаа гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ харих замдаа халаасаа тэмтэрсэн чинь миний түрийвч алга болчихсон байхаар нь нөгөө пиво уусан газраа унагачихсан юм байх гэж бодоод буцаад Баяр” хүнсний дэлгүүрийн ард тал руу төмөр замын 15 дугаар байрнаас явсан. Тэгээд 15 дугаар сургуулийн урд талд очоод түрийвчээ унасан байж магадгүй гэж бодоод хайсан чинь нэг залуу тааралдаад “юу хайж байгаа юм” гэхээр нь “түрийвчээ хайж байна гэсэн чинь “цуг хайлцах уу” гэхээр нь “тэг л дээ” гэсэн. Тэгээд 15 дугаар сургуулийн урд талд миний түрийвч байхгүй болохоор нь Баяр дэлгүүрийн ард талын хашаа руу явсан. Тэгсэн чинь нөгөө залуу ардаас гурвуулаа болоод ирсэн. Тэгээд надтай хамт эрж байгаа юмыг чинь хамт хайя гээд хайлцсан. Би тухайн үед гар утасныхаа дэлгэцийн гэрлийг газар луу тусгаж түрийвчээ хайж байгаад олдохгүй юм байна гээд өмднийхөө халаас руу хийх гэтэл нэг залуу нь миний гар утастай гараас зуураад авсан. Тэр залуу миний гар утсыг авах гээд зууралдахаар нь би эсэргүүцэж зууралдсан. Тэгээд зууралдаж байгаад миний гар утсыг гараас булааж аваад зугтаасан. Би гар утсаа өгөхгүй гээд доошоо тонгойгоод гар утсаа зуурсан болохоор тэр хүмүүсийн царай төрхийг сайн анзаараагүй. Тэгээд би газарт унаад тэр 3 гүйгээд явахаар нь босоод ардаас нь гүйгээд нэгийг нь бариад авсан. Тэгээд тэр барьсан залууг цагдаа дээр авчирч өгсөн.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хуучин Дарханд архи уугаад явж байгаад 15 дугаар сургуулийн хажууд зүс таних Хүрэлтулгатай тааралдсан. Тэр үед Х нэг туранхай согтуу залуутай хамт байсан. Би тэр хоёртой архи уухаар болоод бид гурав Арбат”-ын гудамжаар Баяр хүнсний дэлгүүрийн ар тал руу эргээд явж байсан чинь 1 залуу гэрэл тусгаад газарт юм хайж байсан. Тэгэхээр нь би Хүрэлтулгатай бас нөгөө танихгүй залуутай гурвуулаа хамт юм хайж байсан залуу дээр очсон. Тэгээд зогсож байтал Х нөгөө юм хайж байсан залуутай ноцолдоод гар утсыг нь аваад зугтаачихсан. Хүрэлтулгатай хамт байсан туранхай, согтуу залуу бас зугтаагаад явчихсан. Тэгсэн нөгөө гар утсаа алдсан залуучи миний гар утсыг дээрэмдсэн” гээд намайг бариад авсан. Тэгээд тэр залуу намайг Цагдаагийн газарт авчирсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 10, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би Хүрэлээг найздаа 1 шил архи аваад өгөөч гэсэн чинь Хүрэлээ түр байж бай гэхээр нь би Хүрэлээг дагаад хамт явсан. Тэгсэн чинь Арбат”-ын гудамжны Хот айл буудал талаас нэг залуу гарч ирээд Хүрэлээтэй нийлсэн. Би тэр хоёрыг дагаад явсан чинь Хүрэлээ, Баянмөнх хоёр Арбат”-ын гудамжинд байдаг Баяр хүнсний дэлгүүрээр тойроод ар талд нь очсон. Би тэр хоёрыг дагаад ардаас нь тийшээ очсон чинь Баяр дэлгүүрийн арын хашаанд нэг залуу гар утасны гэрлээ тусгаад юм хайж байх шиг байсан. Хүрэлээ хамт явсан залуутай хамт гар утасны гэрлээ тусгаад юм хайж байсан залуутай юм яриад байсан. Би наад талд нь зогсож байсан юм. Тэгснээ Хүрэлээ гэнэт нөгөө юм хайж байсан хүнтэй ноцолдоод гар утсыг нь гарнаас нь булааж аваад гүйгээд намайг бас гүйгээрэй гэсэн. Тэгэхээр нь би Хүрэлээг дагаж гүйгээд Арбат”-ын гудамж руу гарсан. Хүрэлээтэй хамт явсан залуу нөгөө юмаа хайж байсан залуутай ард үлдсэн.” гэх мэдүүлэг[4],

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 4ий өдрийн “...Захиалагчийн ирүүлсэн тогтоолтой танилцаад ижил, төстэй хөрөнгийн үнэ, ханшийн судалгааг аман болон бичгэн хэлбэрээр цуглуулан зах зээлийн харьцуулан жиших аргаар дүгнэлт хийлээ. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнийг 2019 оны 8 дугаар сарын байдлаар гаргав. Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгө 2019 оны 8 дугаар сарын байдлаар 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр тогтов.” гэх шинжээчийн дүгнэлт[5],

                                                                                      

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, шийтгэх тогтоолын хуулбар[6],

Хохирогч П.У хохирол барагдуулсан талаарх тодорхойлолт[7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунсувд “...хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл тогтоогдохгүй байх тул прокуророос шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч С.Х-ын хохирогч П.У эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр илрэх ба  иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдаж заналхийлж дотогшоогоо довтолдгоороо бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой юм.

“Довтлох” гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийг эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрнэ. Дээрмийн довтолгооны үед хэрэглэсэн хүчирхийлэл нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах бодит шинжтэй байх бөгөөд довтолгооны үед амь нас, эрүүл мэндэд аюултай сэтгэл санааны гүн хямралд оруулах зайлшгүй хохирлыг үүсгэх бодит заналхийлэл байдаг.

Хохирогч П.У мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн “...Тухайн үед би гар утасныхаа дэлгэцийн гэрлийг газар луу тусгаад түрийвчээ хайж байгаад олохгүй юм байна гээд өмднийхөө халаас руу хийх гэтэл нэг залуу нь миний гар утастай гараас зуураад авсан. Тэр залуу миний гар утсыг авах гээд зууралдахаар нь би эсэргүүцэж зууралдсан. Тэгээд зууралдаж байгаад миний гар утсыг булааж аваад зугтаасан. ...намайг цохиж зодоогүй болохоор миний биед гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг[8], “...өндөр биерхүү залуу нь миний баруун гараас зууралдаж байгаад миний гар утсыг авсан. ...үг хэлээрээ айлгаж сүрдүүлсэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг[9], гэрч Д.Буянбаатарын “гэнэт Хүрэлээ нөгөө юм хайж байсан хүнтэй ноцолдоод гар утсыг нь гараас нь булааж аваад гүйгээд намайг бас гүйгээрэй гэсэн.” гэх мэдүүлэг[10] зэргээр шүүгдэгч С.Хүрэлтулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.”,

Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч С.Х-ын үйлдлийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай шинжгүйгээр өнгөц байдлаар эсэргүүцэл үзүүлэх боломжийг хааж, эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гадагш чиглэсэн гэж үзэж түүнд ашигтайгаар шийдвэрлэж, прокуророос шүүгдэгч С.Хүрэлтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч С.Х нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 250.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.Х-н өмгөөлөгч С.Оюунсувд “Шүүгдэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай этгээд байна.

Шүүгдэгч С.Х-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч С.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Х-ын анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурь, түүний үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт .......... овогт ..............ын ................д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч .......... овогт ............ын ........ ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Х-г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Х-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Хүрэлтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 11-13 тал

[2] Хавтаст хэргийн  29-30, 31-32, 33 тал

[3] Хавтаст хэргийн  36-37 тал

[4] Хавтаст хэргийн  45-46, 47тал

[5] Хавтаст хэргийн 50-52 тал

[6] Хавтаст хэргийн 78-80, 82-97 тал

[7] Хавтаст хэргийн 116 тал

[8] Хавтаст хэргийн 29-30 тал

[9] Хавтаст хэргийн 31-32, 33 тал

[10] Хавтаст хэргийн 45 тал