| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01037/И |
| Дугаар | 01164 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 01164
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2017/01164
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн Булгийн 03-01 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФВ62122604/, Хотгойд овогт Сэрээтэрийн Хишигмаад холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 3,648,925 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: С.Хишигмаа нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдаа үйлчилгээний зориулалтаар 3,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ашиглалт эргэн төлөлтийн талаар аймгийн аудитын байгууллагаас удаа дараа албан шаардлага ирж төлбөрийг барагдуулах талаар сумын ЗДТГ-аас мэдэгдэл өгч хуваарьт төлөлтөндөө орохыг шаардан ажилласан. Иймд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 138,625 төгрөг, алданги 560,300 төгрөг нийт 3,698,925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Хишигмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Хишигмаа нь Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байр авсан нь үнэн. Энэ мөнгөөр ажлын байр барьсан. Одоо ажил, үйлчилгээ эхэлсэн. Авсан мөнгөө төлж эхэлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан хариуцагч С.Хишигмаад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 3,698,925 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С.Хишигмаа нь Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдаа үйлчилгээний зориулалтаар 3,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоногийн 0,1% торгууль төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээл хүү шаардах, хариуцагч зээл, гэрээгээр тогтоосон хүүг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 138,625 төгрөг, алданги 560,300 төгрөг, нийт 3,698,925 төгрөг нэхэмжилж байгаа.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч С.Хишигмаагаас үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 138,625 төгрөг, нийт 3,138,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид тооцож нэхэмжилсэн 560,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь 3,000,000 төгрөгийн зээлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд төлж дуусахаар гэрээгээр тохирсон байх ба зээл төлөх эцсийн хугацаа хэтрээгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин үндсэн зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 138,625 төгрөг, нийт 3,138,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч С.Хишигмаагаас улсын тэмдэгтийн хураамж 65,168 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасныг баримтлан зохигч талын эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч С.Хишигмаагаас 3,138,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн С.Хишигмаагаас улсын тэмдэгтийн хураамж 65,168 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН