Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1937

 

                                                                                                                      

  2020         11         05                                  2020/ШЦТ/1937

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч Х.Н,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 2006 00000 2518 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Эрдэнэтолгойн 50-336б тоотод найз Төрөөгийн гэрт хамтран амьдрагч Х.Нын нүүр рүү гар утас шидэж баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/         

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2518 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Х.Нын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ажил дээр байх үед хамтран амьдрагч Ц нь над руу залгаад “найз Төрөөгийн гэрт байна, ажлаа тараад энд хүрээд ир” гэж хэлсэн. 20 цагийн орчим ажлаа тарсан ба Төрөөгийн эхнэр Болороо машинтай намайг ирж авсан. Төрөөгийн гэрт очиход Төрөө, Ц нар архи уусан согтуу сууж байсан. Дахин нэмж 2.5 литрийн савлагаатай нэг пиво задлаад уусан. Би тухайн пивоноос 3 аягыг уусан. Ц хол ажилладаг тул намайг байнга харддаг. Тухайн өдрийн 22 цагийн үед намайг хардаж хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө гар утсыг хугалаад шал руу шидсэнээ миний гар утсыг аваад “надад Хашаа ахын дугаарыг өг” гэж хэлсэн. Би “чи өөрөө цээжээрээ мэддэггүй юм уу” гэж хэлтэл гартаа барьсан гар утсыг над руу шидэхэд миний баруун хацар буюу нүдний доод хэсэгт оносон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10852 дугаартай:

“Х.Нын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,

 

Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед хамтран амьдрагч Н нь над руу залгаад ажил тарчихлаа гэж хэлсэн. Би Энхтөрийн гэрт 2.5 литрийн савлагаатай пиво задлаад уухаар сууж байсан учир Ныг “Энхтөрийн гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд найз Болороог явуулж, Ныг ажлаас нь авхуулсан. Эхнэрээ ирснээс хойш 20 цагийн үед хамаатны ах Хаш-Эрдэнийн дугаарыг асуухад “чиний өөрийн чинь утсан дээр дугаар нь байгаа шүү дээ” гэж хэлэхээр нь “миний утсанд алга байна, чи өөрөө харахгүй юу” гэж хэлээд эхнэр рүүгээ гар утсаа шидсэн. Миний шидсэн гар утас эхнэрийн баруун хацрыг оносон болохоор манай эхнэр өөрийн төрсөн дүү Отгоннямыг дуудсан. Дүү нь ирээд “чи гэр, хоёр жингэрээ аваад хурдан зайлаарай” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

 

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 04-05/,

- хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06/,

- аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 13/,

- “Сод баясгалан билэг” ХХК-ийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, хохирогчийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 16-18/,

- толгойн компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, фото зураг /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Цын оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50/, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийн лавлагаа /хх-ийн 51/, эд хөрөнгийн талаар лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Цын иргэн Х.Нын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан ба шүүх хуралдааны явцад 8.000 төгрөгийг шүүгдэгч нэмж төлсөн байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

            Хохирогч Б.Н нь уг гэмт хэргийн улмаас 7 хоногийн ажилдаа яваагүй учир 7 хоногийн ажлын хөлс цалинд 280.000 төгрөг нэхэмжилсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 

            Түүний нэхэмжилсэн 280.000 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримт болох түүний хэзээнээс эхлэн хэдий хугацаанд ажилдаа яваагүй эсэх, ямар шалтгааны улмаас яваагүй эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Дийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн учир шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Н.БААСАНБАТ