Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, 

улсын яллагч Б.Байгалмаа, 

         өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

         өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганцоож,

         шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Орлууд овгийн Г.А, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овгийн Б.Г нарт холбогдох эрүүгийн 201725030847 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Орлууд овгийн Г.А, 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгон 4-33 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар МА02221218,

2. Боржигон овгийн Б.Г, 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 13-296 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан, регистрийн дугаар УИ94091332.           

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул рестораны 1 давхарт байх The coffee bean кофе шоп дотор үйлчлүүлж байсан Д.Солонгын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг нөт-5 загварын гар утсыг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Loving hut цагаан хоолны газар үйлчлүүлж байсан Ж.Хишигжаргалын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси жи-7 гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 4 дүгээр сард 2 удаа Г.Аын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Самсунг нөт-5, Самсунг галакси жи-7 загварын гар утаснуудыг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.                                               

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017-04-19-ний өдөр би ЧД-ийн 1-р хороо Туул рестораны доор байрлах кофе шоп дотор хичээлээ хийгээд сууж байхад нэг өндөр эрэгтэй хүүхэд орж ирээд задгай мөнгө байвал өгчих гэхээр нь байхгүй гэсэн чинь гарахдаа ширээн дээр байсан миний гар утсыг аваад гарсан байсан. Самсунг галакси нөт-5 маркийн гар утас байсан. Гомдолтой, гар утсаа олж авмаар байна...” гэжээ /хх-36-37/.

Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Чимэг төвийн урд талд байх Loving hut нэртэй цагаан хоолны газар нөхөр Энхчулууны хамт 15 цаг өнгөрөөгөөд хоол идсэн юм. Тус газрын жижигхэн 2 хүний ширээн дээр суугаад хоолоо дөнгөж аваад идэж байтал гаднаас 15-16 орчим насны, 170 см орчим өндөртэй, туранхай биетэй, шөвгөр шардуу царайтай, өтгөн хөмсөгтэй, саарал юүдэнтэй цамцтай, гадуураа хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай дээгүүрээ цамцныхаа юүдэнг өмссөн банди орж ирээд тэкэн дээр нь очсоноо эргэж ирээд миний хажууд ирэнгүүтээ барьж явсан А5 хэмжээтэй шар өнгийн Оросоор бичсэн бичигтэй цаасаа миний урд тал руу шахаад ширээн дээр тавьснаа задгай мөнгө байвал өгөөч эгчээ гэхээр нь байхгүй гэхэд манай нөхрөөс мөн задгай мөнгө өгөөч гэхээр нь манай нөхөр чи гараач ээ, задгай мөнгө байхгүй, юу яриад байгаа юм гэхэд юм дуугаралгүй ширээн дээр тавьсан цаасаа аваад юу яриад байнаа эн тэр гэж юм ярьснаа гараад явчихсан. Гараад явсны дараа 2-3 минутын дараа утас байхгүй болсныг мэдээд гараад эргэн тойрноо харахад байхгүй болчихсон байсан. Тэр хүүхэд юм ярихад архи үнэртэж байсан. Миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна...” гэжээ /хх-55/.

Гэрч А.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед Туул рестораны 1 давхарт байрладаг кофе шопт нэг ангийн Солонго Дэчин-Отгон нарын хамт хичээлээ хийхээр орсон. Тэгээд сууж байхад үл таних 15-20 орчим насны хар саравчтай малгайтай, хар куртик, хар өмдтэй 170-175 орчим см өндөртэй хүүхэд орж ирээд 2 гартаа бичгийн цаас барьсан манай ширээн дээр ирээд мөнгө байна уу гэхэд би мөнгө байхгүй ээ цаашаа яв гэж хэлсэн. Солонго ширээний баруун захад сууж байсан ба гар утсаа ширээн дээр ил гаргасан байсан чинь тэр хүүхэд авчихсан байсан...” гэжээ /хх-38/.

Гэрч О.Энхчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед эхнэр бид 2 анзаараагүй ба 1-2 минутын дараа гар утсаа хайсан чинь байхгүй байхаар нь би араас нь гарсан... надад үзүүлж байгаа зурган дээрх этгээд гар утас хулгайлсан хулгайлсан хүн мөн байна...” гэжээ /хх-57/.

Гэрч Д.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би Монтел худалдааны төвийн дотор байх гар утасны лангуун дээрээ зогсож байтал гаднаас зүс мэдэх гар утасны засварчин хийдэг гээд Ганаа намайг гар утас авах уу гэсэн ба би ямар утас юм бэ гэж асуутал шар өнгийн Самсунг жи 7 маркийн гар утас гаргаж ирээд намайг авчих гээд гуйгаад байхаар нь би хэд юм бэ гэж асуутал Ганаа 250.000 төгрөг гэсэн ба би
тэгвэл авахгүй гэж хэлтэл гуйгаад 220.000 төгрөгөөр авчих гэхээр нь л худалдаад авчихсан. Тэгээд маргааш нь би тэр гар утсаа хүнд зарчихсан. Ганаа ахтайгаа гар утас засварладаг,сая засварласан гар утас байгаа юм гэж хэлсэн. Тэгээд авчихсан чинь дараа нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн...” гэжээ /хх-58-59/.

Өсвөр насны шүүгдэгч Г.Аын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-13/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-127, 170/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул рестораны 1 давхарт байх The coffee bean кофе шоп дотор үйлчлүүлж байсан Д.Солонгын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг нөт-5 загварын гар утсыг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Loving hut цагаан хоолны газар үйлчлүүлж байсан Ж.Хишигжаргалын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси жи-7 гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 4 дүгээр сард 2 удаа Г.Аын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Самсунг нөт-5, Самсунг галакси жи-7 загварын гар утаснуудыг авсан гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэж, хохирол учруулсан гэм буруутайд,

мөн шүүгдэгч Б.Г-ыггэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.А болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс нийт 950.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Ат Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан бөгөөд Г.А нь энэ тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ат оногдуулсан хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, Б.Г-ын эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Аын 2017 оны 5 сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Г цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Орлууд овгийн Г.Аыг хүч хэрэглэхгүйгээр бусдын хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,

-Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Гантулгыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Аыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Ат оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгасугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Г, өсвөр насны шүүгдэгч Г.А/түүний хууль ёсны төлөөлөгч/ нараас нийт 950.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Д.Сд 500.000 төгрөг, хохирогч Д.Хд 450.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Өсвөр насны шүүгдэгч Г.Аын 2017 оны 5 сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэл нийт 111 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, үүнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд хувийн баталгаа гаргах тухай, өсвөр насны шүүгдэгч Г.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ХАЛИУН