Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2020/0148/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Ц.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Э.Ад холбогдох эрүүгийн 2018001470118 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Э.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, циркчин мэргэжилтэй, “......................” ХХК-нд гагнуурчин, туслах ажилтан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Агийн өгсөн: Тухайн өдөр 64 дүгээр бракаас би найзын хамт гараад явж байсан. Хохирогч Ц.Э нь эхнэртэйгээ маргаж байсан. Эхнэртэйгээ чаргууцалдаад, татаад нэг цохихоор би зам хөндлөн гараад “эхнэрээ яагаад цохиж байгаа юм бэ?” гэхэд намайг цохисон. Тэгэхээр нь би эргүүлээд эрүү рүү нь 3 удаа, нүүр рүү нь нэг удаа цохисон. Хохирол төлбөрт 450.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл нэхэмжлэлийг холбогдох баримтаа гаргаж өгвөл төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Эын өгсөн: Би найз охинтойгоо хамт ажилладаг юм. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз охины хамт ээжтэй нь уулзчихаад буцаж явах замдаа маргалдаад зогсож байсан. Тэгээд найз охин түрүүлээд явсан. Намайг зам хөндлөн гараад явж байхад Э.А цаанаас ирээд цохисон. Би цохиулчхаад хувцсаа гөвөөд ажил руугаа орж, нүүр гараа угаачхаад цагдаа руу очсон. Шүүгдэгч намайг дуудаад “яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ?” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд би Э.Аг эхлээд цохисон. Өмнө баримтаар нэхэмжилсэн  1.208.080 төгрөг дээр дахин хагалгаанд орох, шүд хийлгэх зэрэгт зарцуулах 5.000.000 төгрөгийг нэмээд нийт 6.208.080 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 450.000 төгрөгийг хасна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Г.Ан өгсөн: ...О, А бид 3 64 дүгээр брак байрнаас гараад төв зам руу гарах гээд явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн муудалцаад байсан. А тэдний араас очоод “хөөе залуу” гээд тэр залууг дуудахад нөгөө залуу ирсэн. Тэгээд А тэр залууг хавирч унагаад зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч С.Нийн өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай найз залуу Э архи уухаар нь бид маргалдаад би түрүүлээд алхаж явсан. Тэгтэл Эыг цэнхэр хүрэмтэй эрэгтэй хүн араас нь дуудахаар нь би найз юм байна гэж бодоод чигээрээ явсан. Тэгтэл Э миний араас ирээд “намайг танихгүй хүмүүс зодчихлоо” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Насанд хүрээгүй гэрч А.Оийн өгсөн: ...Аг унаанд суулгаж өгөх гээд гэрээс гараад явж байтал “Мустанг” угаалгын газрын гадаа эхнэр, нөхөр 2 хоорондоо хэрэлдэж байсан. Тэгтэл А “алив очоод алчихъя, яасан их эмэгтэй хүн дээрэлхдэг юм бэ?” гэж хэлээд очоод тэр ахыг газарт унагаасныхаа дараа нүүр рүү нь хэдэн удаа гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч Ч.Эийн өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ харихаар явж байхад өндөр болон намхан 2 залуу хоорондоо барьцалдаж аваад өндөр эрэгтэй нь намхан эрэгтэйг хавсарч унагааж нүүр болон гэдэс рүү нь удаа дараа цохисон. Тэгээд замын цаанаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн тухайн залуу дээр очиход нөгөө өндөр эрэгтэй газарт унасан залууг дахиж зодсон... гэх  мэдүүлэг /хх-ийн 40/,

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: Хохирогч Ц.Эын Дархан-Уул аймгийн “Саран элит” клиникийн эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн томографын шинжилгээнд хамрын зүүн хана шинэ зөрүүтэй хугаралтай гэсэн шинжилгээний материал байсан. Уг шинжилгээг үндэслэж дүгнэлт гаргасан. Эын биед хамар ясны шинэ хугарал тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

Ц.Эын зүүн доод зовхи хөхөрсөн, шанаанд зулгарсан, хавдсан эмзэглэлтэй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 3-4/,

Цэнхэр өнгийн хүрэмтэй, саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн гүйж гарч ирэх бөгөөд араас нь хар өнгийн хүрэмтэй эрэгтэй болон цайвар өнгийн хүрэмтэй эмэгтэй хөтлөлцөн араас нь гүйж байгаа бичлэг байв гэх “..................” төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9-11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай “Ц.Эын биед доод эрүүний битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ц.Эын тайлбарлаж байгаагаар бусдад зодуулах үед үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Эрүү мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаанд сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Э.Агийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Э.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эын биед доод эрүүний битүү хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь хийлгэсэн эмчилгээний зардал, тээврийн зардал болох 1.208.080 төгрөг болон цаашид хагалгаанд орох, шүд хийлгэх зардал болох 5.000.000 төгрөг, 6.208.080 төгрөгийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 450.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан хохирогч Ц.Эын дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч Ц.Эт 50.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэргээр нотлогдож байна.

Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн нийт 1.408.080 төгрөгийн мөнгөн дүн бүхий 22 ширхэг нотлох баримтыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан 8.800 төгрөгийн баримт, 19 дүгээр талд авагдсан 31.700 төгрөгийн баримт, 20 дугаар талд авагдсан 171.500 төгрөгийн баримт нь ямар бараа үйлчилгээнд зарцуулагдсан нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй ба үлдэх 1.196.080 /1.408.080-8.800-31.700-171.500=1.196.080/ төгрөгийн мөнгөн дүн бүхий 19 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан тул үнэлэх боломжтой гэж үзлээ.

Иймд хохирогчийн эмнэлгийн үйлчилгээ болон замын зардалд нэхэмжилсэн 1.208.080 төгрөгийн нэхэмжлэлээс 12.000 /1.208.080-1.196.080=12.000/ төгрөгийн нэхэмжлэл нь холбогдох нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлсөн 450.000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцон 746.080 /1.208.080-450.000-12.000=746.080/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардалдаа 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчийг торгох ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Э.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “....................” ХХК-нд гагнуурчин, туслах ажилтан ажилтай зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, “................” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай албан бичиг /хх-ийн 165/ зэргээр тогтоогдож байгаа ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хувийг төлж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан, хохирогч Ц.Эын шүүгдэгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, эхэлж цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Агийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 60.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 60.000 /жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Агаас 746.080 /долоон зуун дөчин зургаан мянга ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш овогт Ц.Э /РД:, утас: /-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 12.000 /арван хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР