Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00123

 

С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэртэй, С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 465000 төгрөгийг гаргуулах.  

Нэхэмжлэлд: “С би С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Ажилд бүр томилох тухай” Б\15 тоот тушаалаар 1, 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдон 5 жил  ажилласан. Гэтэл ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлж, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр миний ажлыг А-д хүлээлгэн өгсөн. Ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тушаалыг авах гэсэн боловч тэрээр одоог хүртэл өгөөгүй. Ажил олгогч намайг ямар ч шалтгаангүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Иймээс ажил олгогч намайг ганцаарчлан гадуурхаж ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 465000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Төсөв төлөвлөгөө нь батлагдсан нөхцөлд зуны улиралд 1-ээс 2 сар гаруй ажилладаг улирлын чанартай ажил учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл гомдол гаргагч С нь одоо хүртэл цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. 

Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, улирлын чанартай ажил учраас цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны зун цэцэрлэгт ажилласан бүх багш, ажилчдыг уг ажлын үргэлжлэх хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг тухайн үед нь ажилласан бүх хүмүүст мэдэгдэж, тэд ажилласан үеийн цалин хөлсийг авч, тооцоогоо хийж дууссан. Үүнийг тогоочоор ажилласан С ч мэдсэн. С нь үүнээс хойш өнгөрсөн 9 сарын хугацаанд гомдол гаргах байсан. С нь хуулийн дагуу 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 9 сарын дараа гомдол гаргасан. Харин 2017 онд 6 газарт хувилбарт сургалт явуулах болсонтой холбогдуулан үүнд ажиллахаар өргөдөл ирүүлсэн хүмүүсийг болзол журмын дагуу авч ажиллуулж байна. С нь энэ талаар өргөдөл ирүүлээгүй. Одоо ажиллаж байгаа 18 хүний 8 хүн нь өмнөх жилүүдэд ажиллаж байсан хүмүүс, 10 хүн нь анх удаа орж хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. 

2012 оны Б/15 дугаартай тушаалаар С-ийг 1, 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочоор томилсон боловч уг улирлын чанартай ажилд 2013, 2014 онуудад 1, 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочоор өөр өөр хүнийг томилон ажиллуулсан байна. Иймд С-ийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэрээр: 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан С-ийн Баян-Өлгий аймгийн С сумын 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 465000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлд төлсөн 14606 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “С-ийн ажиллаж байсан туслах тогоочийн ажлыг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр А гэдэг хүнд хүлээлгэн өгч түүнийг ажилгүй болгон хохироосон. Ажил олгогч нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б\24 дугаартай тушаалаар С-ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туслах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримтыг хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбарт хавсаргасан үед мэдлээ. 

С нь улирлын чанартай буюу гэр цэцэрлэгт туслах тогоочийн ажлыг хийж байсан нь үнэн боловч гүйцэтгэж байсан ажил үүрэг нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс дахин үргэлжлэн явагдах байсан тул түүнийг үүрэгт ажлаас ажил олгогч бүр мөсөн чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа түүнийг үүрэгт ажлаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн хууль зүйн үндэслэлээр чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн. 

Цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал гэдгийг далимдуулан хүмүүсийг намын үзэл бодлоор нь ялгаварласан ба олон жилийн турш ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой үзэж байна. Иймээс нэгэнт ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа, орон тоо нь хасагдаагүй ажилтныг ямар ч шалтгаангүй үүрэгт ажлаас чөлөөлж буй ажил олгогчийн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. 

Анхан шатны шүүх С-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд зөвхөн хариуцагчийн эрх ашгийг илүүд үзэж, нэг талыг барьж, хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэгт  холбогдуулан тус сумын 1, 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 465000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, С-ийг Баян-Өлгий аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар тус сумын 1, 6 дугаар багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд томилон ажиллуулж байсан ба тухайн ажлын байр нь улирлын чанартай, байнгын ажлын байр биш болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. 

С нь 2016 оны зуны улиралд 6 дугаар багийн гэр цэцэрлэгт туслах тогоочоор ажилласан ба Баян-Өлгий аймгийн С сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн С-ийг уг ажлаас чөлөөлж байжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд бүр томилогдсон, 5 дахь жилдээ ажиллаж байсан, 6 дахь жилдээ ажиллах ёстой байсан, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс туслах тогоочийн ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй, зөв тайлбарлаж хэрэглэн,  ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон буюу улирлын чанартай тус ажлын байранд С-ийг дахин авч ажиллуулаагүй, ажилтныг уг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. С нь Баян-Өлгий аймгийн С сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд 2017 оны зуны улиралд уг ажлын байранд ажиллах ёстой гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нотлоогүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ажил олгогчоос ажилтныг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан” гэж гомдол гаргасныг хянавал, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал тогтоохыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 14606 төгрөгийг улс, орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 14606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК