Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 13

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0214/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                          А.Оргилбаяр

Шүүгдэгч                                           Ц.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Батбаяр

Нарийн бичгийн дарга                     Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-ын Б-д холбогдох 1718002730129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, урьд ял шийтүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- эвогт Ц-ын Б-.

- Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын төвөөс өөрийн эзэмшлийн, 6957 УБТ улсын дугаартай, “Hyundai Porter” маркийн цагаан өнгийн машинаар Дархан-Уул аймаг, Орхон сум Баян-Өлзийт 1-р багийн нутаг “Дэлгэрэх” уулын энгэрт иргэн Ч.С-ийг авч очиж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  356 дугаар шийтгэх тогтоолоор:

- Б- овогт Ц-ын Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж хүчиндсэн, өөр гэмт хэргийг нуун далдлах хялбарчлах зорилгоор хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1., 10.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож

- Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 3 /гурав/ жил  хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 /арван найм/ жил хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Ц.Б-д оногдуулсан 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2.д зааснаар Ц.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 239 /хоёр зуун гучин ес/ хоногийг хорих ялын 239 хоногоор тооцож хорих ялаас хасч,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч Ц.Б-иас 21,991,639 /хорин нэгэн сая есөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун гучин ес/ төгрөг гаргуулан хохирогч Ч-ын О- /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, мал туургын зам, 9-р гудамжны 6а тоотод оршин суух. РД: **********/-т олгож, “тэтгэлэг, сэтгэл санааны хохирол гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлж  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг Си-диг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хар өнгийн хуванцар үнсний сав 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн сальфетка 1 ширхэг, 12 ширхэг тамхины иш, шороо болон бусад зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, бэлгэвчний уут, бэлгэвчний тасархай, хар өнгийн эмэгтэй хүний 1 хос гутал, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн трико, хар өнгийн гялгар өмд, шар өнгийн дотортой хар өнгийн майк, ягаан эрээн өнгийн нимгэн цамц, цайвар ногоон өнгийн дотоож, хар хөх өнгийн малгайтай хүрэм, “Хараа” архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, улаан өнгийн гэртэй “Нокиа” маркийн гар утас 1-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Б-д буцаан олгох,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа Ц.Б-ийн эзэмшлийн 69-57 УБТ улсын дугаартай “Хьюндай портер” маркийн автомашиныг хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10.р зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдолдоо:

... Хүчиндсэн гэдгийг үгүйсгэсэн баримтууд /олон удаагийн бэлгийн харилцаанд ордог байсан болохыг нотолсон баримт/-ыг няцааж чадаагүй хирнээ хохирогчоос илэрсэн үрийн шингэнийг үндэслэн хүчиндсэн хэмээн тогтоож хүн алах гэмт хэргийн зүйлчлэлийг бий болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4., 39.7 дугаар зүйлийн 1.2.д тус тус заасныг зөрчих боломжийг бий болгосон байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна... гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1., 36.7 дугаар зүйлийн 2.3., 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасныг зөрчиж байна.

Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны үед болсон үйл баримтын нөхцөл байдлыг тодруулахад чиглэгдсэн гэрчийн мэдүүлэг болон Ч.С-тэй бэлгийн харилцаатай байсан гэдгийг нотлох баримтууд болохоос хохирогчийг хөнөөсөн гэдгийг нотлох баримт биш юм.

Хохирогчийг нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3.д заасныг ноцтой зөрчсөн байна.

Шүүх эмнэлгийн 91 дугаар дүгнэлтэнд ...талийгаачийн биед баруун ташаа, шилбэний зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо, хохирогчийн ам хамрыг тагласнаас болж нас баржээ /2-р хх-ийн 35-37, 40-43, 49-р хуудас/ гэсэн нь ам хамрыг тагласан гэх шинж тэмдэг хохирогчийн биед илрээгүй байгааг харуулж байхад шүүх ...Ц.Б- нь хохирогчийн ам хамрыг нь таглаж алсан байна... гэх утга бүхий дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1., 39.6 дугаар зүйлийн 1.3., 39.6 дүгээр зүйлийн 1.4.д заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан гэм буруугийн шинжийг зөв тогтоохын тулд хохирогчийн үхэлд хүргэсэн үйлдлийн эх сурвалжийг заавал тогтоох үүргээ шүүх биелүүлээгүй байна. Ам хамрыг таглахад хохирогчийн зүгээс эсэргүүцэл үзүүлж үүний улмаас түүний биед хүч хэрэглэсэн байх ул мөр илэрсэн байхыг шаардана. Гэтэл гуя, ташаа, шилбэний зулгарал нь ам хамрыг таглах гэсэн үйлдлийг нотлохгүй.

Ам хамарны орчим хөхрөл няцрал болон хүч хэрэглэсэн байх шинж тэмдэг байхгүй байгаа нь хохирогч гадны нөлөөгүй нас барсан байгааг нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Учир нь шүүх эмнэлгийн 91 дугаар дүгнэлтэнд ...уушигны архаг сүрьеэтэй, амьсгалын замын багтраа өвчтэй... гэсэн нь хохирогч амьсгалын замын багтраа өвчний улмаас хөөрч баярлах, дур тавих зэрэг амьсгал давхцал, зүрхний цохилт ихсэх, био хэмнэлийн таагүй үед, гадны нөлөөгүй нас барсан байх боломжтой байгааг нотолж байхад шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2.д заасныг зөрчсөн байгааг харуулж байна.

Шүүх ...шүүгдэгч нь хохирогчтой бэлгийн харилцаанд орсон болохоо хүлээж байгаа нь түүнийг яллах үндэслэл болно... гэх байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5.д заасныг ноцтой зөрсөн байгааг харуулж байна.

Ц.Б- хохирогчтой бэлгийн харилцаанд удаа дараа орж байсан гэдгээ хүлээсэн болохоос хүний амийг хөнөөсөн гэдгийг хүлээгээгүй. Гэтэл шүүх ..өмнө нь шүүхэд хэргээ хүлээж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байсан нь түүнийг буруутгах үндэслэл болно... гэх байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3.д зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх ...та өмнө нь хохирогчтой бэлгийн харилцаанд орсон гэдгээ яагаад хэлээгүй юм бэ, энэ чинь таны эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл болно... гэх мэтээр тулгаж байсан байна.

Хэргийг мөрдөн шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11., 16.12., 39.8 дугаар зүйлийн 1.5.д заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хэргийг мөрдөж байсан байцаагчид хэт нэг талыг барьж хэргийг шалгасан л гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх боломжийг алдагдуулсан байх боломжтой гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтууд нотолж байгаа.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.03-ны өдрийн 356 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Батбаяр тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд ороцож байна., хэрэг хэт нэг талыг барьж шалгасан., Иймд хэрэгт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б- тайлбартаа:

Анхан шатны шүүх надад 18 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим иргэн Ч.С-ийг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, улмаар өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1., 10.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар 15 /арван тав/ жил хорих.,  12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 3 /гурав/ жил  хорих ялаар  шийтгэж,  мөн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар дээрх хорих ялыг нэмж нэгтгэн түүнд нийт 18 /арван найм/ жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын төвөөс өөрийн эзэмшлийн, 69 57 УБТ улсын дугаартай, “Hyundai Porter” маркийн цагаан өнгийн  машинаар Баян-Өлзийт 1-р багийн нутаг дэвсгэр “Дэлгэрэх” уулын энгэрт иргэн Ч.С-ийг авч очиж түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн., мөн хүчиндэх явцдаа хохирогчийг эсэргүүцэхэд нь хүч хэрэглэж хохирогчийн ам хамрыг дарах зэрэг үйлдэл хийсний улмаас хохирогчийн амьсгалын зам бөглөрч нас барсан нь түүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Энэ нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримт болох:

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017-11-02-ны өдрийн  91 дугаартай  .. талийгаачийн баруун ташаа, гуя зөөлөн эдийн шилбэний зулгаралт тогтоогдсон, ам хамрыг тагласнаас түүний амьсгалын зам бөглөрч  амьсгалын хурц  дутагдлаар нас барсан.,  талийгаач нас барахаас өмнө бэлгийн харьцаанд орсон болох нь  үтрээнээс  авсан арчдас,  наалдац дээр эр бэлгийн  эс, үрийн шингэн, илэрснээр  батлагдаж байна., талийгаачийн цогцосыг зөөвөрлөсөн байх боломжтой.., гэсэн дүгнэлт, мөн энэ талаар шинжээч  Ц.Бямбадоржийн  2017-10-20-ны өдрийн  9754 .,  шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018-01-31-ний өдрийн 1338.,  тусгай шинжилгээний албаны генетикч шинжээчийн 2017-11-02-ны өдрийн 10246., 2018-4-13-ны өдрийн 3464 ., 2017-10-23-ны өдрийн 5450., 2017-11-06-ны 102  дугаар дүгнэлт / 2-р х.хийн 35-37., 39.,  123-124., 129-130., 146., 102-103 -р хуудас/ болон бусад  дүгнэлтүүд,  хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн  үзлэг тэмдэглэл,  хохирогчийн өмсөж явсан хувцаст хийсэн үзлэг тэмдэглэл, мөн гэрчүүдийн мэдүүлэг болон тухайн үед болсон үйл баримтаар зэргээр нотлогдож тогтоогдсон  бөгөөд анхан шатны шүүх  дээрх нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Б- нь  ... хохирогчтой бэлгийн харьцаанд орсон бид хоёр өмнө нь бэлгийн харьцаатай байсан., хүчиндээгүй, мөн түүнийг алаагүй ... гэж мэдүүлж байгаа боловч тэд хэрэг гарахаас өмнө бэлгийн харьцаатай байсан, тухайн тохиолдолд тохирч бэлгийн ажил хийжээ ... гэж үзэх  хэрэгт хамааралтай,  ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний энэ мэдүүлэг нь тухайн үед болсон үйл баримт тухайлбал талийгаачийн биед  баруун ташаа, гуя зөөлөн эдийн  зулгаралт  тогтоодсон, мөн  амьсгалын зам бөглөрч  амьсгалын хурц  дутагдлаар нас барсан байгаа нь шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа  бөгөөд хэрэгт авагдсан гэрч  Б.Н-, Ц.- нарын өгсөн ... С- нөхрөөсөө өөр хүнтэй уулздаг талаар мэдэхгүй.,  надад тийм зүйл ажиглагдаагүй, өөрөө надад нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн харьцаатай байсан талаар ярьж байгаагүй., би түүнийг өөр хүнтэй явдаг ч гэж ярьж байгаагүй... гэсэн мэдүүлэг., хохирогч Ч.О-ийн талийгаач нөхөр хүүхдүүдтэйгээ эвтэй амьдардаг байсан.,  ямар нэг хэрүүл маргаан зодоон цохион хийж байгаагүй.. гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгджээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо  ...шүүх тэдний олон удаагийн  бэлгийн харьцаанд  орж байсан  нотлох баримтыг  няцааж чадаагүй атлаа хохирогчоос илэрсэн үрийн шингэнийг үндэслэн хүчиндсэн гэж үзлээ ... гэж байгаа боловч  энэ нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд  “...олон удаа түүнчлэн тухай үед ч тохирч бэлгийн харьцаанд оржээ...”  гэж үзэх  баримт хэрэгт авагдаагүй  бөгөөд өмгөөлөгч  энэ талаар  ярьж, гомдол гаргаж    байгаа боловч  үүнийгээ нотлох хэрэгт ач холбогдолтой ямарч нотлох баримт гаргаж өгөөгүй,  эсхүл хэрэгт байгаа нотлох баримтыг болон  улсын яллагчийн  дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ зааж чадахгүй байна.

Түүнчлэн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, болсон үйл баримт., нотлох   баримт,  гэрч хохирогчийн мэдүүлэг, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтүүдээс үзэхэд  хохирочийг шүүгдэгч Ц.Б-иас  өөр  этгээд  хүчиндсэн.,  хүчиндэх явцдаа алсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын  үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, эсхүл няцаах, хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн зүйлчлэлийн хувьд Прокуророос шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг хохирогч  Ч.С-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилсэн нь зөв  бөгөөд ... хүний хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд нь халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан зэрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж  хурцал үйлдэх хэлбэрээр илэрдэг...  хүчиндэх  гэмт  хэргийн  шинж Ц.Б-ийн үйлдэлд агуулагджээ.

Харин шүүгдэгчийг өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хохирогчийг санаатай алсан  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба  шүүгдэгч нь хохирогчийг хүчиндэх явцад хүч хэрэглэсний улмаас алсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4.д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар  өөрчлөн зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүх иргэний нэхэмжлэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан,  хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч,  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан ...хэрэг тогтоогдоогүй, хэт нэг талыг барьж шалгасан., тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү ...гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 356  дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсэгт :   

Дархан-Уул аймгийн  Прокуророос  шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4., 12.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг.,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.,   12.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан ... гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 3., 4 дугаар заалтыг :

-  Б- овогт Ц-ын Б-ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг, хүнийг санаатай алсан, гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж.,

- Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 10 /арван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 3 /гурав/ жил  хорих ялаар тус тус оногдуулсугай гэж .,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 10 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 3  жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 /арван гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй гэж .,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Ц.Б-д оногдуулсан 13 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж., тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.  Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Батбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                    ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                        Ц.ТУЯА