Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00501

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01920 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Т-

          Хариуцагч: “М-” ХК-д холбогдох

          ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-11-17-ны өдрийн 02232 дугаартай шийдвэрийн дагуу М- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-04-20-ны өдрийн Б/120 дугаартай тушаалаар Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн томилогдож 2018-05-17-ны өдөр ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд ажлаа хэвийн гүйцэтгэж байтал М- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019-03-14-ний өдрийн Б/79 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4, 7.5-г үндэслэн Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газар, Шуудан үйлчилгээний газрын даргын 2018 оны ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэхэд хангалтгүй дүн үзүүлсэн тул гэсэн шалтгааныг зааж дахин ажлаас халсан. Би 2018-05-17-ны өдөр ажилдаа орсноос хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлсэн байсан ба хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, ажлыг цалгардуулаагүй, ажлын гүйцэтгэлийг бууруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймд ажил олгогч нь ажлаас шалтаг зааж ажлаас дахин халж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. М- ХК-ийн Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: М- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-04-20-ны өдрийн Б/120 тушаалаар Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээг 2018-03-01-с 1 жилийн хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. М- ХК нь 2016 онд хувьчлагдаж 64 хувь нь төрийн, 36 хувь нь олон нийтийн оролцоотой аж ахуй нэгжийн болсон. Аж ахуй нэгжийн гүйцэтгэх удирдлагын хувьд Төлөөлөн удирдах зөвлөлтэй контрактын гэрээ байгуулдаг. Контрактын гэрээний гол шалгуур нь тухайн компанийг ашиг, орлоготой ажиллуулах, алдагдалгүй байлгах үндсэн үүрэг хүлээдэг. М- ХК-ийн гүйцэтгэх захирал аймгийн шуудангийн газрын дарга нартай 2018 онд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байсан. 2019 оноос контрактын гэрээ байгуулсан. Аймгуудын шуудан үйлчилгээний газрын үндсэн үүрэг ямар байдаг бэ? гэхлээр, М- ХК нь аймаг бүрд Шуудан үйлчилгээний газар гэсэн нэгжтэй, тухайн орон нутгийн нэгжийн дарга нь нэгжийг удирдан зохион байгуулдаг, мөн аймгийн Шуудан үйлчилгээний газрыг ашиг орлоготой ажиллуулах үндсэн үүргийг хүлээдэг хүн нь Шуудан үйлчилгээний газрын дарга нь байдаг. М- ХК нь аймгуудын Шуудан үйлчилгээний газрын 2018 оны ажлын гүйцэтгэлийг дүгнэж, 2018-02-21-с 25-ны өдрийн хугацаанд Орон нутгийн удирдах ажилтаны зөвлөгөөн зохион байгуулан, үнэлэхэд Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газар 20 дугаар байр буюу сүүлээсээ 3 дугаар байр эзэлсэн. Иймд Б.Т-ийг гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй, Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрыг зөв удирдан зохион байгуулж чадсангүй, алдагдалгүй, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсангүй гэж, мөн Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир цаашид хөдөлмөрийн гэрээ сунгагдах боломжгүй гэсэн шалтгаанаар дуусгавар болгосон. Тухайн аймгийн Шуудан үйлчилгээний газрын орлого, даргатай уялдаа холбоотой байдаг. 2018-11-01-ний өдөр А/216 тоот тушаалаар Б.Т-т сахилгын сануулах шийтгэл оногдуулсан. Орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд санаачилга муутай ажиллаж, 2018 оны эхний 3 улирлын байдлаар 90 хувиас доош үнэлэгдэн орлогын төлөвлөгөөг тасалсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэвч Б.Т- нь сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш, зөрчлөө заасан сайжруулж чадаагүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна. Энэ нь тухайн аймгийн шуудан үйлчилгээний газрыг удирдан зохион байгуулж, ашиг, орлоготой ажиллуулах шалгуурт нийцэхгүй байна гэж үзсэн. Иймд Б.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдах боломжгүй гэсэн шийдвэрийг захирлын зөвлөлийн хуралдаанаас гаргаж, гүйцэтгэх захирлын 2019-03-14-ний өдрийн Б/79 дугаар тушаал гарч биелэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 182/ШШ2019/01920 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Т-ийг М- ХК-ийн Завхан аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М- ХХК-иас 5,804,604  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар  Б.Т- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 107,823 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан боловч хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч компани өөртөө тогтоосон хөдөлмөрийн дотоод зохион байгуулалтын дэгээр буюу захирлын зөвлөлөөр хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн, ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн зэрэг нь ажлаас буруу халсныг зөвтгөх үйлдэл биш юм. Хариуцагчийн татгалзал түүний хууль зүйн үндэслэл нь ажлаас халсан шийдвэрт тусаагүй, илтэд зөрүүтэй агуулгатай байхад давж заалдах шатны шүүх маргааны хувьд хэрэглэгдэхгүй хөдөлмөрийн гэрээний бусад заалтыг үндэслэн маргааныг буруу дүгнэсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Т- 2019-04-10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “М-” ХК-ийн Завхан аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М-” ХК-ийн гүйцэтгэх захирал 2019-03-14-ний өдөр Б/79 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 7.4,7.5., компанийн Захирлын зөвлөлийн 2019-02-25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн, “ажил дүгнэхэд хангалтгүй дүн үзүүлсэн” гэж Б.Т-ийг Завхан аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажлаас чөлөөлсөн байна. /хх 3/

        Зохигчийн хооронд 2018-03-01-ний өдөр байгуулсан 17/06 дугаартай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан /хх 10-12,24-28/, зохигч нар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаатай байгуулж ирсэн нь /хх 75-77.,149/ тогтоогджээ.

        Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцсоноор уг гэрээг хугацаатай байгуулж болно. Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон нь 2018-03-01-ны өдрийн 17/06 дугаар гэрээний 2.1, 2.6 дахь заалт болон гэрээний 1-р хавсралтаар /хх 24,29/ нотлогдож байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

         2. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь аймгуудын Шуудан үйлчилгээний газрын 2018 оны ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт /хх73/, хөдөлмөрийн гэрээг дүгнэх хуудас /хх78/, Захирлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 23, 25-ны өдрийн хуралдааны /хх 30-34/ шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй юм.   

        3. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 107,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ