| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/1003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1023 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1023
2021 10 13 2021/ШЦТ/1023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Г- овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0190 20965 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г- овогт Г-ын Г- нь Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “архичин гэж хэлж, нүүр рүү нь цохисон” гэх шалтгаанаар иргэн Ц.Ч-ийн хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруулд цус хуралт, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2108 0190 20965 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусадтай зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж зодолдсон” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
2. Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:
“...Би 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ...10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалааны арын шинэ замаар Баянхошууны тойрог руу эргэхээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал хажуу талаас цагаан өнгийн Alphard маркийн машин ирж шахаж тулж зогссон. Тэгэхээр нь би бас хөдлөхгүй зогстол тухайн машинаас эмэгтэй хүн бууж ирээд ухар гэж хэлэхээр нь ухартал жолооч нь амандаа юм хэлэхээр нь миний уур хүрээд өөдөөс нь салаавч гаргатал тухайн машины жолооч нь бууж ирсэн. Би машиныхаа бүх хаалгыг түгжихэд жолооч талын хаалганы цонхыг хүчтэй цохиод байсан. Тэгээд би машинаас буутал “чи муу мангар бацаан төв замын машинд зам тавьж өгөхгүй байж өөдөөс салаавч гаргана гэнэ ээ” гэж хэлээд заамдахаар нь би зөрүүлж заамдаад, бид духаараа тулаад байж байтал тухайн машины арын хаалганаас намхан нуруутай, бага зэргийн махлаг ах бууж ирээд миний уруул хэсэг рүү нэг удаа цохитол ...уруулын дотор талын доод хэсэгт шалбарч цус гарсан. Тэгтэл намайг цохисон ах хажуунаас орж ирээд хүзүүг маань хорстол боож улайлгасан. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцсан, надтай ноцолдож байгаад миний толгойн дагз хэсгийг хумсаараа урсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг машины арын хаалганаас бууж ирсэн Г- гэх ах учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
-хохирогчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмт шарх эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
3. Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ...эхнэр Одонгоо, ах Г- нарын хамт өөрийн эзэмшлийн машинтай 11 цагийн орчим Баянхошууны тойргоор Зүүнсалаа руу эргээд явж байтал Баянхошуу руу дээш өгсдөг шинэ замаар бор өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урдуур орж ирэхээр нь сигнал дартал тэр машин зогссон. Би хөдлөхгүй тэр машиныг ухрахыг нь хүлээж байтал огт хөдлөхгүй байсан. Эхнэр буугаад нөгөө машины цонхыг тогшоод ухраад өгчих гэж хэлсэн чинь жолооч залуу нь дунд хуруугаа эхнэр рүү гаргасан. Би эхнэрийг суулгаад хажуугаар нь гарахдаа цонхоо буулгатал над руу салаавч гаргахаар нь бууж очоод “чи яаж байгаа юм бэ” гэж асуутал миний дух руу мөргөөд, намайг заамдахаар нь би зөрүүлж заамдтал ах Г- бууж ирээд тэр залууг бариад хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
4. Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хамаатны дүү болох Ч- болон түүний эхнэр, Одонгоо, 14 настай хүү Эрдэм нарын хамт ...10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргоос хойш өгсөөд Ч-ийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал туслах замаас бор шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл орж ирчхээд шахаж явахгүй байсан. Одонгоо машинаас буугаад ухарчих гэж хэлтэл тухайн машины жолооч залуу ухрахгүй зогсож байгаад салаавч гаргасан чинь дүү Ч- уурлаад тухайн машины жолооч талын цонхыг тогшиход жолооч залуу машинаасаа бууж ирээд Ч-той маргалдаж, духаараа тулаад байхаар нь уур хүрээд машинаас бууж очоод салгаж болиултал намайг “архичин минь уусан архиа шингээгээрэй” гэж хэлээд миний нүүр хэсэгт хальт цохихоор нь тухайн залуугийн уруул хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиход амнаас нь бага зэрэг цус гарч байгаа харагдсан. Ц.Ч-ийн биед учруулсан гэмтлүүдийг би ганцаараа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7807 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Доод уруулын баруун дотор хэсэгт 0.5х0.5 см язарсан шархтай. Хүзүүний урд хэсэгт 10х4 см өнгөц улаан өнгийн цус хуралттай. Дээд уруулын баруун дотор хэсэгт 1х0.5 см хүрэн өнгийн цус хуралттай. Дагзанд 2х0.2 см хүрэн өнгийн зулгаралттай.
Дүгнэлт:
1. Ц.Ч-ийн биед доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруулд цус хуралт, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Даваасүрэн/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
6. Шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “архичин гэж хэлж, нүүр рүү нь цохисон” гэх шалтгаанаар иргэн Ц.Ч-ийн хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г- нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Г-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “архичин гэж хэлж, нүүрэнд цохилоо” гэх шалтгаанаар иргэн Ц.Ч-ийн хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, хүзүү, дээд уруулд цус хуралт, дагзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),
-Хохирогч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал хажуу талаас цагаан өнгийн Alphard маркийн машин ирж шахаж тулж зогссон. ...тухайн машины жолооч нь бууж ирсэн, ...машинд зам тавьж өгөхгүй байж өөдөөс салаавч гаргана гэнэ ээ” гэж хэлээд заамдахаар нь би зөрүүлж заамдаад, ...байж байтал тухайн машины арын хаалганаас намхан нуруутай, бага зэргийн махлаг ах бууж ирээд миний уруул хэсэг рүү нэг удаа цохитол ...уруулын дотор талын доод хэсэгт шалбарч цус гарсан. Тэгтэл намайг цохисон ах хажуунаас орж ирээд хүзүүг маань хорстол боож улайлгасан. ...надтай ноцолдож байгаад миний толгойн дагз хэсгийг хумсаараа урсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг машины арын хаалганаас бууж ирсэн Г- гэх ах учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 38 дугаар тал),
-Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...өөрийн эзэмшлийн машинтай ...Зүүнсалаа руу эргээд явж байтал Баянхошуу руу дээш өгсдөг шинэ замаар бор өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урдуур орж ирэхээр нь сигнал дартал тэр машин зогссон. ...над руу салаавч гаргахаар нь бууж очоод “чи яаж байгаа юм бэ” гэж асуутал миний дух руу мөргөөд, намайг заамдахаар нь би зөрүүлж заамдтал ах Г- бууж ирээд тэр залууг бариад хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
-Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Ч-ийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал туслах замаас бор шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл орж ирчхээд шахаж явахгүй байсан. ...жолооч залуу машинаасаа бууж ирээд Ч-той маргалдаж, духаараа тулаад байхаар нь уур хүрээд машинаас бууж очоод салгаж болиултал намайг “архичин минь уусан архиа шингээгээрэй” гэж хэлээд миний нүүр хэсэгт хальт цохихоор нь тухайн залуугийн уруул хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиход амнаас нь бага зэрэг цус гарч байгаа харагдсан. Ц.Ч-ийн биед учруулсан гэмтлүүдийг би ганцаараа учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7807 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл ба, хохирогч Ц.Ч-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Ц.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ц.Ч- нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаан хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г- нь “Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.Г- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Г.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г- овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ч- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА