Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1404

 

 

 

 

    2021        12          15                                 2021/ШЦТ/1404

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Х.З нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хяхан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н овогт Х-ын З-т холбогдох эрүүгийн 2106 00000 2436 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.З нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжингранд нэртэй зочид буудлын амрах өрөөгөөр үйлчлүүлж байсан хохирогч М.Б-ийн эзэмшлийн 440,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.З мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Бгийн мэдүүлэг /хх-10-11/,  Самсунг А70 маркийн хар өнгийн А70 маркийн гар утсыг Х.З-ээс хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-06/, хохирогч М.Б-д хар өнгийн Самсунг А70 маркийн гар утсыг түүнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-05/, хулгайд алдагдсан гар утсанд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/, яллагдагч Х.З-ийн мэдүүлэг /хх- 41-42/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.З нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүнжингранд нэртэй зочид буудлын амрах өрөөгөөр үйлчлүүлж байсан хохирогч М.Б-ийн эзэмшлийн 440,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А70 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ийн  “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжингранд зочид буудлын саунд орж үйлчлүүлсэн. Ингээд тухайн газрын амрах өрөөнд нь хоносон ба 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Сүнжингранд зочид буудлын цайны амрах өрөөны зурагтны урд гар утсаа сандал дээр үлдээсэн. Ингээд ариун цэвэрийн өрөө рүү орчихоод буцаад ирэхэд сандал дээр байсан гар утас байхгүй байсан. Хар өнгийн хүрээтэй Самсунг А70 маркын гар утас байгаа юм. Хяналтын камерт бичигдсэнээр саарал өнгийн саун массажны хувцастай туранхай 15-20 орчим насны эрэгтэй хүүхэд миний гар утсыг авч байгаа бичлэг байсан” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

Самсунг А70 маркийн хар өнгийн А70 маркийн гар утсыг Х.З-ээс хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-06/,

 

Хохирогч М.Б-д хар өнгийн Самсунг А70 маркийн гар утсыг түүнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-05/,

 

Хулгайд алдагдсан гар утсанд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.З--ийн мэдүүлэг “Би сонсгож буй зүйл анги болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-41-42/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Х.З-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Х.З нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.З нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Х.З-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэсэн тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Х.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Н овогт Х-ын Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З--т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Х.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

             4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Х.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

             7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА