Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/966

 

                                   

 

 

 

 

      2018          11             07                                          966

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овогт А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0471 51293 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 27-31 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.О-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй 2 шил 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд Ц.Н бид хоёр М эгчийн гэр рүү хамтдаа очсон. М эгчийнд очоод би нөхөртэй нь хамт дэлгүүр гарч 0.75 литрийн хэмжээтэй архи аваад очиход тэр 3 хувааж уусан би согтоод байсан болохоор архинаас уугаагүй. Тэгтэл М эгч согтоод орон дээр унтчихсан би хажуугаар нь ороод унтсан. Ц.Н, Б хоёр архиа уугаад үлдсэн. Нэг мэдэхэд Б “чи манай гэрт ирчихээд томордог хэн бэ” гээд чирээд байсан. Тэгээд бид хоёр барьцалдаад байшингаас гараад гадаа намайг Б үсдэж доошоо дараад хөлөөрөө өшиглөөд байсан. Би болио ахаа гэхэд болихгүй өшиглөөд байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна... Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

2. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй 0.5 литрийн архи уугаад 23 цагийн үед Ц.Н, О нарын хамтаар...гэртээ очсон. Гэрт нөхөр Б хүүгийн хамт байсан. Бид гурав гэр очихдоо дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи авсан. Тэр архиа бид 4 хувааж ууж байгаад би орон дээр сууж байгаад нэг мэдэхэд согтоод унтчихсан байсан. Тэгээд өглөө 9 цагийн үед сэрээд байж байхад ажлын эгч залгаад танай нөхөр хүн зодсон байна гэж хэлсэн...А.Б-ын 2 нүд хөхөрч, нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7),

3. Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М эгч, О хоёр орон дээр зэрэгцээд хэвтэж байсан. Б архи хундаглаад бид хоёрыг сууж байхад О босоод ирсэн. Нэг мэдэхэд О, Б хоёр хоорондоо маргалдаад...барьцалдаж зодолдоод гэрээс гарсан. Би хувцсаа өмсөөд араас нь гарахад О газар доошоо хараад хэвтэж байхад Б нүүр рүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12207 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хүзүүний баруун урд доод хэсэгт 6х4см, хэвлийн дунд хэсэгт 2х0.5см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, дух, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацрын урд хэсэг, зүүн хацар нилэнхүйдээ тав тогтсон улаан хүрэн өнгийн зулгаралтуудай. Орчны эд хавдартай. Баруун нүдний дээд зовхины гадна хэсэгт 1см урт мэс заслын 2 оёдол бүхий, гадна буланд 0.5см урт мэс заслын оёдол бүхий шархтай.

2018.10.06-ны ГССҮТ-н үзлэгт: дээд зовхины зүсэгдсэн шарх, хамар нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2018.10.07-ны ЭМЖЖ эмнэлгийн үзэлэгт: Гэмтлийн дараах хамар ясны шинэ хугарал гэжээ.

2018.10.06-ны Мөнгөнгүүр КТГ-д: ...хамар яс шахагдсан хугаралтай. Баруун талын ухархайн дотор ханын этмойдын хөндийрүү 1.1см өргөн сууриар, 0.5см гүн цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч баруун тийш муруйсан...зүүн талын гаймрын хөндийн доод хана зузаарсан...ДҮГНЭЛТ

1. Э.Одбаярын биед хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний алим, зовхи, хүзүү, хэвлийд цус хуралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13),

 

5. Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны орой...23 цагийн үед эхнэр М...ажлынхаа 2 хүнтэйгээ гэрт ирсэн. Тэр гурав ирэхдээ 1 шил 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архитай ирсэн. Бид дөрөв тэр архийг хувааж ууж байтал О унтмаар байна гэхээр нь би ор засаад орон дээр унтуулаад...эхнэр М, Ц.Н бид 3 үлдсэн архиа уусан. Гэтэл эхнэр М согтоод О-ын хажуугаар ороод унтсан. Ц.Н бид хоёр үлдсэн архиа ууж байтал О гарч бие засаад орж ирээд юм ярихгүй суугаад байсан. Тэгэхээр нь би О-д “унтахгүй яасан юм, эсвэл цуг уух юм уу” гэхэд тэрээр “юу гээд байгаа пизда вэ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “юу гэсэн юм, пизда минь тийшээ унт” гэж байна гэхэд О гараараа нүүр рүү цохисон би доошоо хараад сууж байхад араас 2 удаа өшиглөсөн. Би босож ирээд барьцалдаад гэрээс гарах гэж байхад миний хамраас цус гарсан. Би цус гарчихлаа болио гэхэд намайг чирээд гэрээс гарсан. Гадаа гараад барьцалдаад намайг тавихгүй болохоор нь би үсдэж доошоо дараад нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Тэгтэл О нүүрээ дараад суухаар нь “чи хаанхын атаман бэ” гэж хэлээд нүүр рүү нь дахиад нэг удаа өшиглөж байхад Ц.Н гарч ирээд бид хоёрыг салгасан... Би...Э.О-ыг намайг цохилоо гэх шалтгаанаар нүүр рүү нь хөлөөрөө 8-9 удаа өшиглөсөн. Намайг 2-3 удаа гараараа нүүр рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),

6. Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 20), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 21, 45)

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 22, 30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32, 33), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 44, 51), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 60) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах хэсэгт улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 27 дугаар гудамжны 31 тоот гэртээ, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчим эхнэр М, түүний ажлын газрын хүмүүс болох Э.О, Ц.Н нартай согтууруулах ундааны зүйл цуг хэрэглэжээ. Улмаар хамт архи уусан Э.О нь тэднийд байхдаа А.Б-ын “унтахгүй яасан юм, эсвэл цуг уух юм уу” гэж хэлсэн үгний хариуд тэрээр “юу гээд байгаа пизда вэ” гэж согтуугаар айл гэрт муухай ааш гарган, зүй бус үг хэллэг хэрэглэж нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээг зөрчсөн. Түүнчлэн тэрээр гэрийн эзэн А.Б-ын бие махбодид халдан цохисоны улмаас А.Б нь хувийн таарамжгүй сэдэлт болох өөрийг нь цохисон гэх шалтгаан нөхцлөөр Э.О-ын нүүрэн тус газар шууд санаатай үйлдлээр өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...Ц.Н бид хоёр М эгчийн гэр лүү хамтдаа очсон. М эгчийнд очоод би нөхөртэй нь хамт дэлгүүр гарч 0.75 литрийн хэмжээтэй архи аваад очиход тэр 3 хувааж уусан би согтоод байсан болохоор архинаас уугаагүй. Тэгтэл М эгч согтоод орон дээр унтчихсан би хажуугаар нь ороод унтсан. ...Нэг мэдэхэд Б “чи манай гэрт ирчихээд томордог хэн бэ” гээд чирээд байсан. Тэгээд бид хоёр барьцалдаад байшингаас гараад гадаа намайг Б үсдэж доошоо дараад хөлөөрөө өшиглөөд байсан. ...Тухайн үед би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б-ын 2 нүд хөхөрч, нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7),

- Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батхуяг архи хундаглаад бид хоёрыг сууж байхад О босоод ирсэн. Нэг мэдэхэд О, Б хоёр хоорондоо маргалдаад...барьцалдаж зодолдоод гэрээс гарсан. ...О газар доошоо хараад хэвтэж байхад Б нүүр лүү нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12207 дугаар дүгнэлт “...1. Э.О-ын биед хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний алим, зовхи, хүзүү, хэвлийд цус хуралт, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13),

- Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид дөрөв тэр архийг хувааж ууж байтал О унтмаар байна гэхээр нь би ор засаад орон дээр унтуулаад...эхнэр М, Ц.Н бид 3 үлдсэн архиа уусан. Гэтэл эхнэр Мөнхцэцэг согтоод О-ын хажуугаар ороод унтсан. Ц.Н бид хоёр үлдсэн архиа ууж байтал О гарч бие засаад орж ирээд юм ярихгүй суугаад байсан. Тэгэхээр нь би О “унтахгүй яасан юм, эсвэл цуг уух юм уу” гэхэд тэрээр “юу гээд байгаа пизда вэ” гээд уурлаад байсан. ...Тэгтэл..О гараараа нүүр рүү цохисон би доошоо хараад сууж байхад араас 2 удаа өшиглөсөн. Би босож ирээд барьцалдаад ...гэрээс гарсан. Гадаа гараад...би Э.О-ыг үсдэж доошоо дараад нүүр рүү нь хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Тэгтэл О нүүрээ дараад суухаар нь “чи хаанхын атаман бэ” гэж хэлээд нүүр рүү нь дахиад нэг удаа өшиглөж байхад Ц.Н гарч ирээд бид хоёрыг салгасан... Би...Э.О-ыг намайг цохилоо гэх шалтгаанаар нүүр рүү нь хөлөөрөө 8-9 удаа өшиглөсөн. Намайг 2-3 удаа гараараа нүүр рүү цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч, нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Б нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “намайг цохилоо” гэх сэдэлтээр, хохирогч Э.О-ыг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б нь хохирогч ...Э.О-ыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.О нь эмчилгээний зардалд баримтаар 1.825.118 төгрөгийг (хавтаст хэргийн 21, 45) нэхэмжилсэн боловч шүүгдэгч А.Б нь хохирогчид 120.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 44) баримтаар нотлогдон тогтоогдсон, нөгөө талаар шүүгдэгч нь хохирогчтой төлбөр барагдуулах гэрээ байгуулж (хавтаст хэргийн 61) гэмт хэргийн улмаар учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Хэдийгээр хохирол нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан хэдий ч хавтаст хэрэгт цугларсан баримттай зардал болох 1.825.118 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 120.000 төгрөгийг хасч үлдэх хохирол болох 1.585.118 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б, хохирогч Э.О нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж А.Б-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр “Монцемент Билдинг Материалс” ХХК-д Сэрээт ачигчын оператор ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Б торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0471 51293 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-с 1.585.118 (нэг сая таван зуун наян таван мянга нэг зуун арван найм) төгрөгийг гаргуулж хохирогч Э.О-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ