Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

 

Хэргийн индекс: 166/2019/0341/Э/219/2019/0070/001/2020/0115

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Золзаяа, Ө.*****маа, Б.Цэрэнбат,

Шүүгдэгч Ш.Ө , Ш.Ц , Ш.О  , П.С , Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ш.Ц, Д овогт П.С, Б овогт Ш.О, А овогт Ш Ө, Б овогт Ж.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918004210337 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг ............ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ш.Ц,

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 3-р баг ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт П.С,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УБ хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б  овогт Ш.О,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр УБ хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, нийтийн ахуйн үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Ш.Ө,

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг .............. суудаг, урьд 2010 оны 08 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Ж.Ц

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Ц  Ш.Ө , Ш.О  , П.С  нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б 1 тооны адуу,

Шүүгдэгч Ш.Ө , Ш.О  , П.С , Ш.Ц  нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг, Дархан-2 өртөөний орчим нутаглаж байсан иргэн Ж.Ц 2 тооны шүдлэн үхэр,

Шүүгдэгч Ш.Ц , Ш.О  , Ш.Ө , Ж.Ц нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Дархан-2 өртөөний орчмоос иргэн П.А 2 тооны адуу,

Шүүгдэгч Ж.Ц, Ш.Ц , Ш.О   нар бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Дархан-2 өртөөний орчмоос иргэн Д.Г ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг тус тус хулгайлсан болох нь:

Хохирогч Б.Б “...Хонгор сумын 2-р баг, 017 дугаар ангийн туслах аж ахуй гэж нэрлэдэг газар мал маллаж амьдардаг юм. Хашаандаа хүрэн зээрд зүсмийн гүүгээ сул тавьсан байсныг 2019 оны 06 сарын 09-с 10-нд шилжих шөнө хулгай авсан байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүрэн зээрд зүсмийн 6 настай гүү байгаа юм. Энэ гүүг 2019 оны 05 сарын сүүлээр хүнээс худалдаж авч байсан юм. Би унаж байгаад нурууг нь аваад одоо уг шарх нь эдгэж байгаа шинэ сорвитой байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13/,

Хохирогч Ж.Ц “...2019 оны 06 дугаар сарын 06-ны орой би хэдэн үхрээ саахад мал бүрэн байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 05 цагт босоод үхрээ саах гэтэл улаан халзан, хүрэн халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхэр байхгүй байсан, тэгээд ойр орчмоороо хайгаад олоогүй, маргааш өглөө нь Малчин баг, 3 шар, Хараа голын эрэг орчмоор хайж явсан олоогүй, дурангаар ойр орчим харж байхад хогон дээр үхэр овоороод байхаар нь очиж үзэхэд нэг цагаан шуудайнд үхрийн гэдэс хийгээд амыг нь боочихсон байсан, мөн хажууд нь 8 ширхэг шийр, 2 үхрийн шир байсан, уг 2 үхрийн шир нь манай алга болоод хайгаад байгаа 2 үхрийн шир мөн байсан, тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145/,

Хохирогч П.А “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед өөрийнхөө адууг шалгахад хээлтэй шарга гүү, хүрэн гүү хоёр байхгүй бусад нь худаг руу явж байсан..., 2019 оны 5-р сарын 29-ний орой 21 цаг хүртэл хайгаад олдохгүй болохоор нь 22 цагийн үед тов цагдаа дээр ирж өргөдөл өгч бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226/,

Хохирогч Д.Г “...Би Дархан-Уул аймгийн Малчин баг, Дархан-2 гэх газар мал маллан амьдардаг юм. 2019 оны 06 сарын 05-ны өглөө 08 цагийн үед үхрээ саагаад бэлчээрт гаргасан. Тэгээд би тухайн өдөр Дарханд ажилтай явж байгаад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай үхрүүд ирчихсэн байсан. Тэгээд үхрээ бүртгэхэд ягаан гунж, халиун бух, цагаан бяруу, алаг гунж, 4 тооны үхэр алга байсан. Тэгэхээр нь би үхрүүдээ Дархан-2 хавиар хайгаад олоогүй юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг өнгөрч байхад тосгоны хуучин будааны замаар халиун бух, цагаан бяруу, алаг гунж 3 ирж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь тосож аваад үхэртэйгээ нийлүүлээд ягаан гунж олдохгүй байсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 101/,

 

Гэрч Д.Б “...Урд шөнө буюу 2019 оны 6 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд манай хашаа руу гэрэл тусахаар нь хартал ховдын хороолол чигтээ нэг машин цааш явж байгаа гэрэл харагдсан. Их хол байсан тул ямар машин байсныг нь хараагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19/,

 

Гэрч Б.Х “...2019.06.10-нд үүрээр 05 цагийн үед над руу Ц 99 дугаарын утаснаас миний 94 дугаар луу залгаад танай хашаанд нэг адуу оруулаад нядлах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай адуу юм бэ гэсэн чинь ямар ч асуудалгүй хулгайн адуу биш гэж хэлсэн. Тэгээд намайг адуу нядлахад барилцаад өгөөч гэхээр нь би барилцаж өгсөн. Уг адууг Ө, Ц бид гурав хамт нядалсан. Адуугаа нядалж дуусаад толгой, шир, шийр, гэдсийг хамт булалцаад өг гэхээр нь манай хашааны хогийн цэгийн хажууд нүх ухаад би хамт булалцаж өгсөн юм. Тэгээд би тэндээсээ ажилдаа шууд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28/,

 

Гэрч Д.М “...2019.06.10 нд Хуучин бирж дээр мах зардаг Н та завтай бол древенээс адууны мах үзээд авчхаач гээд нэг утасны дугаар өгсөн юм. Ингээд уг өгсөн утас руу залгахад адууны мах байна гэхээр нь очиж үзээд авъя гэж яриад уулзахаар болсон. древенийн 6-н буудлын хажуугийн дэлгүүрийн урд эрэгтэй, эмэгтэй 2 зогсож байсан, тэр 2 хүн зам заагаад гэр хороолол дундуур явж байгаад нэг хашаанд очиход саарал өнгийн  УНХ дугаартай машины ард адууны мах ачсан байсан. Махыг нь үзээд 600,000 төгрөгөөр авахаар тохирч мөнгийг нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28/,

 

Гэрч Д.О “...Энэ Ө гээд байгаа эмэгтэй над руу утсаар яриад 2 жижиг үхрийн мах байна авах уу гэхээр нь бичиг баримттайгаа бол авъя гэж хэлсэн чинь байгаа байгаа гээд удалгүй нэр усыг нь ч мэдэхгүй харж байгаагүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн Буян захын биллъяардтай талд над руу ирчихлээ гээд утсаар ярьсан. Бодвол миний утасны дугаарыг энэ Ө гэх эмэгтэй өгсөн юм байлгүй. Тэгээд би гарч очоод нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй уулзахад цагаан саарал өнгийн Ниссан тино маркийн машины багажинд ачиж авч ирсэн байсан. Машины багажнаас 2 үхрийн махыг нь аваад тэрэгчин дээр очоод хяналтын жин дээр жинлэж үзэхэд нэг нь 60 гаран кг, нөгөөх нь 70 гаранхан кг жинтэй мах байсан. Тэгээд гарал үүслийн гэрчилгээг нь хураалгаж татвар хураамжийг нь төлөөд би 1 килограммыг нь 6.000 төгрөгөөр бодож нийт 700.000 гаран мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн надаас мөнгөө бэлнээр аваад л яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156/,

 

Гэрч Д.О “...Энэ ***** гэх эмэгтэй над руу утсаар яриад 2 адууны мах байна авах уу гэж асуухаар нь эгч нь адууны мах авдаггүй, харин зүгээр адууны мах авдаг хүнд хэлж өгье гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьсны дараа өмнө над дээр ирж үхрийн мах зарсан хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Ниссан тино маркийн машинтайгаа ирээд уулзахаар нь буян захын хойд талын биллъяардын ард талд байдаг 2 давхар адууны мах авдаг ***** дээр дагуулж очоод махыг нь үзүүлж харуулаад уулзуулж өгсөн. Тэд нар махаа үзүүлж харуулаад жинлэж бариад мөнгө хөлсөө тохироод зарсан байх. Би зүгээр хооронд нь уулзуулж өгөөд л явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 238/,

Гэрч А.Н “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БН ХХК-ийн мал эмнэлэг дээр сууж байхад гаднаас 6 дугаар сарын 6-ны өдөр үхрийн 1 гулууз маханд гэрчилгээ бичүүлж авсан залуу дахин орж ирээд хар байдас адууны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авмаар байна гэхээр нь өмнө нь нэг удаа бичүүлж авсан болохоор нь асуудалгүй байх гэж бодоод гарал үүслийн гэрчилгээг С гэх хүний нэр дээр өмнө бичүүлж байсан машин болох ***** улсын дугаартай машин жолооч Ц гэж бичиж тэмдэглэн гарал үүслийн гэрчилгээг олгосон” гэх мэдүүлэг /1-р хх 29/, 

Гэрч О.Ц “...2019 оны 05 дугаар сарын сүүлчээр гадуур малын вакцин хийж яваад гэртээ орой 21 цагийн үед ирээд удаагүй байхад манай урд талын айлын урд талд нүүж ирээд удаагүй айлын эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд махны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэхээр нь би ямар мал юм бэ гэж асуухад адууны гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм гэхээр нь би танайх “А” данс бүртгэл байхгүй шүү дээ гэж хэлэхэд цуг явж байсан эмэгтэй нь манай дүү 18 буюу малчин баг дээр “А” данстай тэдний хоёр адуу байгаа юм гэж хэлэхээр би үнэхээр Дархан-Уул аймаг, Дархан сумын малчин багт “А” данстай юм бол гэрчилгээг нь бичиж өгье гэж хэлээд малын махных нь гэрчилгээг бичиж өгсөн. Бичиж өгөхдөө ямар нэг асуудалтай хулгайн малын мах юм биш биз дээ гэж асуухад ямар ч асуудалгүй гэж хэлсэн болохоор нь гэрчилгээг нь бичиж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 236/,

Гэрч Ч.Э “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хойд зах дээр олон жил наймаа хийж байгаа махны ченж *****эгч ирээд адууны гулууз мах 2 бүтнийг худалдаж авсан. Нийт 296 кг жинтэй 2 ширхэг адууны мах худалдаж авсан юм. Уг адууны мах нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Тухайн үедээ гэрчилгээг нь үзэж хараад махны ченжээс авсан учир ямар нэг зүйл бодож саналгүй авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 238/,

Гэрч С.Г “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Чулуун карьерын урд худгаас ус уухаар адуу ирэхэд хээлтэй шарга гүү, хүрэн гүү хоёр байхгүй байсныг хараад адуугаа хүргэн хүү *****гийн хамт хайж байгаад олдохгүй болохоор нь 5 сарын 29-ний орой цагдаа дээр өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239/,

Гэрч М.С “...шөнө над руу утсаар яриад древенийн мал эмнэлгийн энд хүрээд ирээч, манай *****гэх ах 2 адуу авч ирсэн, та ирээд туслаад өгөөч гэж гуйхаар нь би за за гуйгаад байгаа юм бол тэгье гэж хэлээд зүс мэдэх 2 залууг хамт яваад туслаад өгөөч гэж хэлээд дагуулаад явсан. Ц гэдэг ахын хашаанд 2 адуу оруулчихсан байсан, Ө надад ямар ч хулгайн мал биш, асуудалгүй, уяа энэ тэрээс барилцаад туслаад өг гэхээр нь би уяанаас нь барьж тусалсан. Надтай хамт очсон хүмүүс ч ойр зуурын ажилд нь туслаад л явсан. Тэнд байсан адуугаа Ө, Ц гэх хүмүүс өөрсдөө нядалсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31/,

Гэрч М.Н “...2019 оны 6-р сарын 05-ны өглөө манай мах шулдаг *****гэж залуу тэнд нэг үхэр байна, очиж үзэх үү гэхээр нь древен очиж үзсэн. Тэгээд туранхай юм байна. Хямдхан авна шүү, гарал үүслийн гэрчилгээ нь хаана байгаа юм гэхэд ээжийн бие гэнэт муудаад гарал үүслийн гэрчилгээгээ авч амжсангүй гэж хэлсэн. Би тэр үхрийн махыг 500,000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 114/,                          

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 2, 135, 214, 2 дугаар хх-ийн 83/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 3-8, 136-141/,

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 216-220/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дугаар хх-ийн 63, 185, 2 дугаар хх-ийн 15, 38, 133, 140/,

Мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн 00058584 дугаартай гэрчилгээ /1-р хх 72/, 00058554 дугаартай гэрчилгээ /1 дугаар хх-ийн 197/, 00021210 дугаартай гэрчилгээ /2 дугаар хх-ийн 19/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /2 дугаар хх-ийн 32, 35, 87, 90/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 44-48/,

Шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  , П.С , Ж.Ц нарын арилжааны банкнуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /2 дугаар хх-ийн 55-64/,

Дархан-Уул аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 66/,

М.Н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 94-95/,

Ш.О Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх 98/,

Шүүгдэгч Ц.Ц “...2019.06.09-ны орой 23 цагийн үед манай эхнэр О, С, Ө нарын хамтаар миний УНХ дугаарын ниссан тино маркийн машинтай төмсний бригад орчим явж адуу хулгай хийж ирэхээр явсан. Барилгын цэргийн 017-р ангийн туслах аж ахуйн тэнд байдаг айлуудын хамгийн наад талын айлын том торон хашаанд сул хүрэн зүсмийн байдас байхаар нь барьж аваад олсоор ногтлоод зайдан унаад явсан. Манай эхнэр О, С, Ө нар миний машинтай түрүүлээд явсан. Би уг байдсыг унаад явсаар байгаад шөнө 03 цагийн үед древенд ирээд Х хашаанд ирээд *****бид 2 уг байдсыг нядалсан. 2019.06.10-ны өглөө Ө хуучин Дарханы 18-н автобусны хажууд байдаг мал эмнэлгийн эмч Г гарал үүслийн бичиг бичүүлэн авчирсан ингээд махны ченж дуудан адууны махаа өгсөн. Уг махны ченж надад махны үнэ гэж 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15/,

“...2019 оны 06 сарын 04-ны өдөр Ц нь манай хашаанд 3 тооны үхэр тууж ирээд хашиж орхиод энэ үхрийг битгий гаргаарай гэж ээж аавдаа хэлээрэй гэж захиад манай хүүхдүүдийг гэрт байхад үлдээгээд явсан байсан. Тэгээд би мэдээд Ц утсаар ярихад халиун бухыг нь Ө мөнгө болгож аваарай, алаг гунжийг нь надад мөнгө болгож өгөөрэй, ягаан гунжийг нь чи мөнгө болгоод аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би хашаандаа хонуулчхаад ягаан гунжийг нь авч үлдээд нөгөө хоёр үхрийг нь хашаанаасаа гаргаад явуулчихсан юм. Ягаан гунжийг нь махлаад зараад 500.000 төгрөг болгож авсан юм. 2019 оны 06 сарын 06-ны өглөө Ө 940 дугаарын утаснаасаа миний 943 дугаарын утас руу залгаад урагшаа яваад Ц үхрээс 2 үхэр аваад ирье гэхээр би дургүйцээд одоо больё гэхэд над руу Ө нь “Яагаад новшроод байгаа юм бэ би та нарыг чадвал чадна шүү чамайг бол яаж л бол яаж л чадна шүү” гэсэн мессеж бичихээр нь би зөрүүлээд “ямар мессеж явуулаад байгаа юм бэ” гэхэд “Ц руу орой 2 үхэрт яваад ирье” гэхээр нь би за гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 164/,

“...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 17-18 цагийн орчим би эхнэр О, хадам эгч Ө бид 3 миний машинтай Дархан-2 орчим төмөр замын нүхэн гүүрний харалдаа очсон тэнд шарга азаргатай 10 гаруй тооны адуу байсан. Түүнээс би шарга гүүг нь барьж авсан хүрэн гүүг нь барих гээд хөөж байхад *****ы хуучин нөхөр болох Ж.Ц гэдэг залуу цагаан өнгийн мотоциклтой ирж хамт хөөж сартай хүрэн гүүг барьж өгсөн. Би машинд авч явсан уяагаар ногт хийж уг 2 тооны гүүг хөтөлж хашаа руугаа явсан миний машиныг Ө манай эхнэр О хамт унаж хашаанд ирсэн намайг уг 2 адууг хөтлөөд хашаанд орж ирэхэд Өн машинтай ирчихсэн байсан би уг 2 адууг хашаандаа оруулж хашааны шонгоос уясан. Ө утсаар нэг хүнтэй яриад хүн дуудсан тэр хүн ирээд нэг адууг нь янзалсан би Ө хамт нэг адууг нь янзалсан 04 цаг 30 минут болж байхад Ө явлаа гээд гарсан би 06 цаг өнгөрч байхад ***** руу залгаад махаа өгөх ченж олсон юм уу гэж асуухад махны ченж байна 99 дугаарын утас руу залгаад үзүүлээ гэж хэлсэн. Тэр хүнтэй нь яриад үзүүлсэн аваагүй. Өөр хүнд дамжуулж өгсөн мөнгөө аваад Ө дээр очоод 2 хувааж надад 880.000 төгрөг өгсөн Ө бас 880.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 232/,

 

Шүүгдэгч П.С ын “Ө, О, Ц бид 4 Цн машинтай Д зүүн тийшээ хуучнаар 017 дугаар цэргийн туслах аж ахуйн цаана очоод нэг морины хажууд очоод өдөр харсан морь энд байгаа гэсэн чинь нохой хуцаад байхаар цаашаа хэсэг явж байгаад буцаж яваад 017 ангийн туслах аж ахуйн хажууд нэг айлын хашаанд морь байна гээд ***** машинаас буугаад Ц машиныг Ө жолоодоод О бид 3 буцаад Дархан чиглэж яваад древенд Х ирсэн. Би Х ирээд хэсэг байж байгаад 66-р брак луу гэр лүүгээ хариад амарсан. Манай хамтран амьдрагч Ө Х унтаад үлдсэн. 2019.06.10-нд өглөө 06 цагт ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчхээд байж байтал манай мастер чи одоо жоохон амарч бай гэхээр нь гэртээ харьсан. Хариад байж байтал О утсаар яриад малын гарал үүслийн бичиг хэрэгтэй байна гэхээр нь хуучин Дарханы 18-н буудлын хажууд байдаг мал эмнэлэг рүү Ө бид 2 хамт яваад малын гарал үүслийн бичиг аваад Ө малын гарал үүслийн бичгийг Ц хүргэж өгөхөөр явсан би тэндээсээ шууд ажил руугаа явсан” гэх мэдүүлэг / 1-р хх 17/,

 

“...2019 оны 06 сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байхад 94 дугаарын утсаар О надтай яриад Ц бид хоёр бэлэн байна нөгөө юмандаа явах юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тэгвэл яваад очъё гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн орчим Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар брак 04 тоотод байх гэрээсээ хамтран амьдрагч Ө бид 2 алхаад Дархан сумын 1-р баг Чулуутын...тоотод *****ийн гэрт ирсэн. Тэгээд тэдний гэрт байж байгаад 01 цагийн үед *****ийн  УНХ дугаарын машинтай Ц О, Ө бид 4 яваад Дархан-2 явдаг замын хажуугийн далангийн хажууд зусаж байгаа айлуудын малын хажууд очоод Ө О хамт машинаас бууж хэсэг байж байгаад 2 тооны улаан халзан зүсмийн шүдлэн үхэр тууж машин луу ойртуулсан тэгээд ***** бид 2 машинаас бууж тэр 2 үхрийг тууж явсан. Ө Ц машиныг бариад О хамт явсан. Үхрээ туугаад хашаа луу нь оруулахад *****, ***** хоёр ирчихсэн байсан.Тэгээд Ц бид хоёр үхрийг төхөөрч дуусаад махыг нь байшинд оруулсан. Өглөө би 06 цаг болж байхад ажилдаа явсан. Ө, Ц, О тэр хэд үлдсэн” гэх мэдүүлэг  /1-р хх 152/,

 

Шүүгдэгч Ш.О   “...Ц, С, Ө бид дөрөв 017 дугаар цэргийн ангийн туслах аж ахуйн тэнд очсон. Очоод машинаас ***** эгч буугаад би юм харчхаад ирье гээд яваад эргэж ирээд манай нөхөр Ц дуудаж уулзаж байгаад нэг хашаараа руу манай нөхөр Ц ороод нэг хүрэн зүсмийн адуу хөтлөөд гараад ирсэн. Тэгтэл Ө манай нөхөр Ц унаад эндээс холдоодох би машиныг чинь жолоодоод явна гэж хэлсэн. Ө намайг утсаа нөхөртөө өг гээд миний утсыг Ц өгүүлээд явсан. Ө утсаараа Ц рүү залгаад одоо наадахыг чинь хаана очиж янзлах уу гээд байсан. Тэгээд Ө танай хашаанд аваачаад янзалъя гэхээр нь би уурласан юм. Тэгээд манай нөхөр Х гуйгаад хашаанд нь нөгөө хүрэн зүсмийн адуугаа аваачсан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. 2019.06.10-нд өглөө 07 цагт Ө над руу яриад чи адууны мах ченжид өгөөдөх би ажил руугаа явлаа авах хүнд нь хэлсэн байгаа гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25/,

 

“...Ө өөрийн 948 дугаарын утаснаас миний 94 дугаарын утас руу залгаад “Машинаараа юманд яваад өгөөч бензин болон явсан хөлсийг нь өгнө” л гэж яриад байсан манай нөхөр Ц машин тэрэг болохгүй байгаа гээд дургүйцсэн чинь ***** нь утаснаасаа 4-5 удаа Та хоёрыг дарамтална чадна, надад новширлоо, үнэд орлоо, байнга ийм байхыг чинь харна барина гэсэн утгатай мессеж бичээд байна гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Ц ярилцаж байгаад Ө руу яриад уулзъя юу болоод яагаад байгаа юм асууя гэж хэлээд Ц Ө руу утсаар яриулахад Ө нь би танайд очиж байна гэж хэлээд манай гэрт 22 цаг өнгөрч байхад ирэхдээ С, Д, Ө гурав хамт ирсэн. Орж ирээд хэсэг дуугай суугаад байхаар нь Ц юу болоод яагаад байгаа юм гэж асуухад Ө нь Ц ирээд 2 шүдлэн үхэр ав гэсэн яваад өг гэхээр нь ***** машин болохгүй байгаа гэж хэлэхэд ядаж дөхүүлээд өгчих яаж тийшээ алхах юм гээд гуйгаад шаналгаад байхаар нь Ц руу явж байгаад Ц гэрээс нэлээн зайтай зогсоод машинд Д, С, Ц гурав үлдээд Би Ө хамт Ц гэрийн гаднаас 2 үхэр туугаад машин руу дөхүүлээд цаашаа С, Д, Ц гурав туусан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 170/,

“...Дархан-2 орчим төмөр замын нүхэн гүүрний харалдаа очсон. Тэнд шарга азаргатай 10 гаран тооны адуу байсан. Ө эгч бид 2 машинаас бууж уг адуунуудыг нүхэн гүүр лүү шахаж түүнээс Ц шарга гүүг барьж авсан. Бусад адууг нь алдсан. Ингээд явах гэж байхад нүхэн гүүрний зүүн тал мотоциклтой хүн ирсэн. Тэр нь манай хүргэн Ц байсан. Дахиж тэр хэдэн адууг манай нөхөр болон Ц хөөж ирсэн. Тэгээд Ц сартай хүрэн гүүг нь барьж авсан. Ц ах наад 2 адуугаа хашаа руугаа аваад яв гээд өөрөө яваад өгсөн. Манай нөхөр уг 2 адууг хөтлөөд хашаа руугаа явсан. ...Ө эгч 3 эрэгтэй 2 эмэгтэй хүн дагуулж ирсэн. Манай нөхөр тэр хүмүүстэй нийлж тэр 2 адууг янзалсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 234/,

 

“...Ц Ц 2 хоорондоо юм ярьж байгаад төмөр замын нүхэн гарцны наад талд хэдэн үхэр гарч ирж байсан юм энэ үхэр дотор халиун бух ягаан үнээ, нэг алаг үхэр байгаа та хоёр тэр гурван үхрийг туугаад гэрийнхээ хашаанд хүргээд хашчих нэгийг нь зараад надад мөнгө болгоод өгөөрэй, нэгийг нь Ө өгөөрэй, үлдсэнийг та 2 зараад аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид үхрийг туугаад төмөр замын нүхэн гарцаар гараад туугаад явсан чинь ийш тийшээ зугтаад байхаар нь ***** эгч рүү залгаад энэ гурван үхэр чинь талын нэг тараад гүйгээд байна бид 2 хаячхаад гэр лүүгээ харьж байна гэж хэлсэн. Тэгсэн Ц ах гурван үхрийг халзан морьтой хөөж ирээд манайд хашсан гэж гэрт үлдсэн манай хүүхдүүд хэлсэн. Тэгэхээр нь би Ц руу залгаад 3 үхрээ авч ирээд хашсан юм уу. Энэ 3 үхрийг яах юм бэ гэж асуухад Ө асуу нэгийг нь зараад надад мөнгийг нь өгөөрэй, нэгийг нь Ө өг, нөгөө үлдсэнийг та 2 аваарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь 05 цагийн үед Ө руу залгаад нар гарчихлаа энэ 3 үхрийг яах юм бэ гэж асуухад наад 3 үхрээ гаргаад явуул гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бид хоёр алаг гунж, халиун бух 2-ыг гаргаж явуулаад ягаан үхрийг авч үлдээд нядалсан юм.” гэх мэдүүлэг /2 дүгээр хх-ийн 117/,

 

Шүүгдэгч Ш.Ө “...Шөнө 23 цаг өнгөрч байхад О миний утас руу залгаад аниа бид 2-н яриад байсан юманд явах юм уу гэхээр нь би машиныг чинь барьж явна шүү гэж хэлээд хамтран амьдрагч С хамт явъя гээд О, Ц нарын хамтаар төмсний бригадаас цаашаа яваад 017-р ангийн туслах аж ахуйн тэнд очоод Ц миний авах гэж байгаа адуу энэ гээд нэг аргамжаатай бор морь харуулсан. Тэгэхээр нь би яах юм бэ наана чинь нохой, шувуу ихтэй юм байна гээд буцаад 2 хашааны голоор нь ороод явж байхад айлын торон хашаанд нэг адуу байхаар нь ***** үүнийг аваад явчих уу гэхээр нь өөрсдөө мэд гэсэн чинь Ц буугаад үлдсэн. Би Ц УНХ улсын дугаартай ниссан тино маркийн машиныг нь жолоодоод С, О бид гурав Х гэрт нь очоод би унтсан. Манай хамтран амьдрагч С 66-р брак руу гэртээ харьж унтана гээд явсан. 2019.06.10 нд өглөө 05 цаг өнгөрөөд сэрээд харсан чинь Ц, Х, О нар Ц авч ирсэн адууг нядлаад дуусаж байсан. Ингээд би өглөө эрт ажил руугаа очиж цагаа бүртгүүлчхээд ажилгүй гэхээр нь гэртээ хариад байж байхад О миний утас руу залгаад гарал үүсэлгүй бол авахгүй гээд байна гарал үүсэл авч ирээд өгчих гэсэн. Тэгэхээр нь С бид 2 хуучин Дарханы 18-н буудлын хажууд байдаг малын эмчээс гарал үүслийн бичиг бичүүлж аваад би *****д гарал үүслийн нь бичгийг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16/,

 

“...2019 оны 06 дугаар сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байхад 94 дугаарын утсаар манай дүү О надтай яриад Ц бид 2 бэлэн байна нөгөө юмандаа явах уу гэж хэлсэн тэгэхээр нь би С бид 2 яваад очъё гээд Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар бракт байх гэрээсээ гараад алхаж яваад Ц, О нарын гэр болох Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын 3-47 тоот хашаанд нь ирж гэрт нь байж байгаад 01 цагийн үед Ц  УНХ дугаарын машинтай Ц, О, С бид 4 яваад Дархан-2 явдаг замын хажуугийн далангийн хажууд зусаж байгаа айлуудын малын хажууд очоод би *****тэй хамт өвс идэж байсан хэсэг үхрээс 2 тооны улаан халзан зүсмийн шүдлэн үхэр тууж машин луу ойртуулсан. Тэгээд С, Ц нар машинаас буугаад тэр хоёр үхрийг туугаад явсан. Би Ц машиныг унаад О хамт гэр лүү нь түрүүлээд явсан ирээд гэрт нь байж байхад 30-40 минутын дараа С Ц хоёр хашаа руу үхэр туугаад ороод ирсэн би Ц гэрээс гараагүй Ц, С нар байшингийн хажууд авч ирсэн хоёр шүдлэн үхрээ янзалсан махыг нь байшинд оруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 150/,

“...Дархан-2 орчим төмөр замын доогуур мал гардаг нүхэн гүүрний харалдаа очоод Ц бууж би машиныг нь барьж Ц эхнэр О хамт гэр лүү нь явсан. Гэрт нь очоод 2 цаг гаруй болсны дараа Ц 2 тооны адуу хөтлөөд ороод ирсэн. ...Тэгээд харанхуй болохоор нь Ц тэр 2 адууг ээлжлээд нядалж эхэлсэн. Би эхнэр О нь хамт нядалж байгаа 2 адууны гэдсийг янзалсан. Махыг нь байшинд оруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 230/,

 

Шүүгдэгч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цаг өнгөрч байхад  Ц нүхэн гүүрний цаанаас 12 тооны адуу туугаад гараад ирсэн. Би наанаас нь өөрийнхөө адуугаар шахсан. Тэгээд хөдөлгөөнгүй болгосон. Ц 1 шарга гүү бариад уячихсан байсан. Би наанаас нь шахаж өгсний дараа нь сартай зээрд халзан гүүг Ц уяагаар оосорлож барьж авсан. Би өөрөө адуугаа нүхэн гүүрээр гаргаад гэр лүүгээ явсан. Ц тэр адууг аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228/,

 

“...Манай эхнэр Ш.Ө өрөнд ороод байна гэж надад хэлсэн юм. Эхнэр бид 2 тус тусдаа амьдардаг. Миний 4 хүүхдийг харж ханддаг болохоор туслах гэж мөн Ц банкны өртэй гэж ярьж байсныг санаад 2019 оны 06 сарын 04-ны орой Ц утсаар ярьсан чинь Ц манай хашаанд үхрээ хөөгөөд ир гэж ярьсан. Би энэ үдэш өөрийн хүргэн Д.Г халиун бух, хүрэн алаг гунж, ягаан үнээ зэрэг 3 тооны үхрийг Дархан-2-ын нүхэн гүүрний тэндээс тууж древен дэх Ц хашаанд тууж хүргэж өгсөн юм. Маргааш өглөө нь нь утсаар ярихад халиун бух, хүрэн алаг гунж 2-ыг нядлаагүй, хашаанаас гаргасан, харин ягаан үнээг нь нядалсан талаар надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 105/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Иймд Ш.Ц , Ш.О  , Ш.Ө , П.С , Ж.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “бүлэглэж”, 2.4 дэх хэсэгт машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хүндрүүлж өөрчлөлт оруулсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлсэн зүйл заалт байхгүй байсан тул гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.А, Д.Г, Ж.Ц, Б.Б нарт  учруулсан хохирлыг шийтгэх тогтоол гарах үед төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  ,*****, Ж.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн” ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэгт оролцсон байдал, олон хүүхэдтэй зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.С , Ж.Ц, Ш.О   нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

Гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч нарыг ялгамжтай хугацаагаар тэнссэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ц өмгөөлөгч Б.Ц “ХХХХДАЗ улсын дугаартай мотоциклийг мөрдөн байцаалтын шатанд битүүмжлээгүй, үнэлээгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ мотоциклийг ашиглаагүй, ашигласан гэх байдал тогтоогдоогүй тул Үндсэн хуулийн 13 дахь зүйлээр баталгаажсан эрхийг хангаж өгнө үү. Хөрөнгө хураах ялыг ялгамжтай хандаж тээврийн хэрэгслийг нь буцаан олгоно уу” гэж мэтгэлцжээ.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заажээ.

 

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.*****гийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэтгэх, махыг худалдан борлуулахаар  зөөж зөөвөрлөх зорилгоор шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  , П.С  нар нь ***** автомашиныг, шүүгдэгч Ж.Ц ***** улсын дугаартай мотоциклийг гэмт үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан, 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө хохирогч *****ын 1 тооны адууг хулгайлах гэмт үйлдэлдээ ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрхийн нэг адил зорилгоор ашигласан, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч *****ийн 3 тооны үхрийг хулгайлах гэмт үйлдэлдээ шүүгдэгч Ж.Ц хонгор халзан зүсмийн шүдлэн үрээгээр тууж гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай тул шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  , П.С  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** дугаартай Ниссан Тино автомашин Т-ын М-ын өмчлөлийн тээрийн хэрэгслийн үнэлгээ 1,800,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ц , Ш.О  , Ш.Ө , П.С  нараас тус бүр 450.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч *****ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Капитал зууч” ХХК-ий үнэлгээгээр 300,000 төгрөгөөр үнэлэгдсэн хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ-1 тооны адууг /2 дугаар хх-140/, Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн ХХХХ ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоциклыг хурааж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Б овогт Ш.Ц, Д овогт П.С, Б овогт Ш.О, А овогт Ш Ө, Б овогт Ж.Ц нарыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Ц , Ш.Ө , Ж.Ц П.С , Ш.О   нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө  нарыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч *****, П.С , Ш.О   нарыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ж.Цэ П.С , Ш.О   нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Цын 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 0665 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл эсвэл түүний үнийг, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хонгор халзан зүсмийн морь эсвэл түүний үнийг хурааж улсын орлогод, ***** дугаартай Ниссан тино автомашин тээврийн хэрэгслийн үнэ 1.800.000 //төгрөгийг шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  , П.С  нараас тус тус 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, *****улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О  , Ж.Ц, П.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц , Ш.Ө , Ш.О, Ж.Ц, П.С  нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД