| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1841/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1861 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч К.Чимгээ,
Нарийн бичгийн дарга, И.Санаасайхан
Шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн 2006 03569 2421 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.М , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 05 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан боловч эсэргүүцэн нүүр лүү нь нэг удаа, бэлэг эрхтэн рүү нь 2 удаа өшиглөж биед нь халдаж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох богино холбооны гар станцыг өшиглөж гэмтээж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Г.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Г.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны гадна байхдаа эргүүлийн офицер Э.Б-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж, гар станцыг нь өшиглөж гэмтээсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 05 минутын үед 6 дугаар хорооны байрны орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байтал үл таних эмэгтэй хүн цагаан өнгийн ямар нэгэн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл хойд талын тоосгон хашааг шүргэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг очиж шалгахад үл таних 20-25 насны эмэгтэй хүн жолоо барьсан байх ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг тавьж тээврийн хэрэгслээс буулгаж, тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал мөн замын хөдөлгөөнийг чөлөөлөх зорилгоор зогсоолд байршуулаад тухайн эмэгтэйн биеийн байцаалтыг үзэж болох уу гэтэл ёс бус хэллэгээр харааж зүхэн дайрсан ба тэр үед нь тусгай хэрэгсэл хэрэглэн гавлахад миний нүүрний зүүн тал руу 1 удаа, бэлэг эрхтэн рүү 2 удаа өшиглөж миний биед халдан улмаар станцыг өшиглөж гэмтэл учруулсан ба энэ үед чи маргааш ажлаасаа халагдана, ямар хүн залгахыг хараарай гэх зэргээр доромжилсон...” гэх мэдүүлэг[3],
Хөрөнгийн үнэлгээний тайлан[4],
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,[5]
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,[6]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[7],
Оршин суугаа хаягийн тодорхойлолт[8],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 00 цаг 05 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан боловч эсэргүүцэн нүүр лүү нь нэг удаа, бэлэг эрхтэн рүү нь 2 удаа өшиглөж биед нь халдаж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох богино холбооны гар станцыг өшиглөж гэмтээж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Г.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны гадна байхдаа эргүүлийн офицер Э.Б-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж, гар станцыг нь өшиглөж гэмтээсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх[11] ,
Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних 20-25 насны эмэгтэй хүн жолоо барьсан байх ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг тавьж тээврийн хэрэгслээс буулгаж, тухайн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал мөн замын хөдөлгөөнийг чөлөөлөх зорилгоор зогсоолд байршуулаад тухайн эмэгтэйн биеийн байцаалтыг үзэж болох уу гэтэл ёс бус хэллэгээр харааж зүхэн дайрсан ба тэр үед нь тусгай хэрэгсэл хэрэглэн гавлахад миний нүүрний зүүн тал руу 1 удаа, бэлэг эрхтэн рүү 2 удаа өшиглөж миний биед халдан улмаар станцыг өшиглөж гэмтэл учруулсан ба энэ үед чи маргааш ажлаасаа халагдана, ямар хүн залгахыг хараарай гэх зэргээр доромжилсон...” гэх мэдүүлгүүд[12], Хөрөнгийн үнэлгээний тайлан[13], Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,[14] Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[15] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.2-т “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг нь зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулийар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.
“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.
Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч Э.Б-ийн нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эргүүлийн офицерийн ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”,
Мөн хуулийн 31.1-д “Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгана: 31.1.3 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа байдал нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй; 31.1.7.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй бол” гэж,
49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож хашааг шүргэсэн байх бөгөөд цагдаагийн албан хаагч буюу эргүүлийн офицер Э.Б-ийн нь Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж, хууль ёсны шаардлага тавьж хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулж, шүүгдэгч Г.М нь түүний нүүр лүү нь нэг удаа, бэлэг эрхтэн рүү нь 2 удаа өшиглөж биед халдсан нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг, “чи маргаашш ажлаасаа халагдана ямар хүн залгахыг хараарай” гэх зэргээр сүрдүүлсэн нь “Хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэх шинжүүдийг бүрэн хангаж байна.
Мөн шүүгдэгч Г.М нь хууль сахиулагчийн гар станцыг өшиглөж эвдсэн нь “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжинд халдаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг агуулж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.М нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу гар станц нь Хөрөнгийн үнэлгээгээр 147,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч нь үүнийг төлж барагдуулсан, мөн хохирогчид эрүүл мэнд боолн сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг өгсөн байх бөгөөд өөр нэхэмжилсэн зүйл байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан.
....
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тхуайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хуагцаар тэнсэн болно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Г.М гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал болох Токио 2021 Олимпийн наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Г.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М г “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.М г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Г.М г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас