Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтанчимэг

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т зааснаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 127 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2107000000127 дугаартай хэргийг 2021 оны 09  дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*******-ны өдөр Төв аймаг *******, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн *******  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД:НУ86052058/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 19 тоотод Г.*******тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Т.*******гийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тэр орой нь манай гэрт хохирогч ирсэн байсан. Тэр үед би гэртээ юм уучихсан байсан. Тэгээд над руу дайрахад нь би хутгалсан... Над руу заазуур барьж дайраад чихний ард руу заазуурдсан. Би зөрүүлээд хутгалсан” гэв.

Хохирогч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Сайн санахгүй байгаа. Хутгалуулснаа л мэдэж байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Т.*******гийн өгсөн: “...алхаад явж байтал Г.******* миний ардаас гэрээс гарахдаа авч гарсан заазуураараа миний зүүн талын чих рүү далайж зүссэн. Манай эгч ******* бид хоёрыг муудалцаад байгааг хараад салгах гээд гараад ирсэн бололтой бид хоёр дээр хүрч ирж Г.*******ээс заазуурыг нь булааж авчхаад байшин руугаа орчихсон. Тэгээд би Г.*******эд заазуурдуулсандаа уурлаад гэртээ ороод байж байтал Г.******* намайг дагаж гэр лүү ороод дахиад надтай барьцалдаж аваад “намайг ална, гараад ир” гээд өөдөөс согтуурхаад дайрч байгаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би өөрийнхөө орон дээр байдаг хонь мал гаргахдаа ашигладаг жижиг хутгийг аваад ардаас нь гарсан. Ингээд гэрийн үүдэн дээр Г.*******ийг зогсож байхад нь над руу эргэж харах үед нь баруун гартаа байсан хутгаараа түүний гэдэс рүү нэг удаа дүрчхээд буцаагаад хутгаа татаж авсан...” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 111 дүгээр тал/,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******ийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өглөө нь босоод Б., Дарвихан бид хэд дахиад нэмж 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг авч хувааж ууцгаасан. Тухайн үед ******* өглөө гэрээсээ гарч яваад 11 цагийн үед гэртээ бага зэрэг архи уучихсан ирсэн. Ингээд бид хэд бөөндөө Т.*******гийн амьдардаг монгол гэр дотор юм ярилцаж сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш яг юу болсноо мэдэх зүйл алга. Учир нь би тасарчихсан байсан. Нэг мэдсэн л би монгол гэрийн гадаа Т.******* миний урд хутга барьчихсан зогсчихсон байсан. Харин миний гэдэснээс их хэмжээний цус гараад би ганцаараа шархаа дарж зогсож байгаад доошоо гэдэс рүүгээ харсан чинь миний хамаг дотор гэдэс шархнаасаа ил гараад цувчихсан байдалтай байсныг хараад шоконд ороод ухаан балартаад уначихсан. Тэгээд бүүр орой нь эмнэлгийн орон дээр ухаан ороод сэрсэн. Миний биед дээрх гэмтлийг Т.******* хутгаар хэвлийн тус газар минь хутгалж учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 16-17 дугаар тал/,

 

3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр У.*******гийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул 1-20 тоот гэртээ аав Г.*******, ээж нарын хамт байж байхад ******* гэгч ээжийн найз нь Налайх дүүргийн ******* тоот гэртээ дуудаж бөөндөө ганц шил юм хувааж ууя гээд дуудсан. Өглөө нь босоод манай аав, ээж, ******* ах, ******* эгч тэр хэд дахиад нэмж архи билүү пиво хувааж ууцгаагаад /тэр архиных нь нэрийг мэдэхгүй байна том хуванцар савтай л зүйл байсан/ 11 билүү 12 цагийн үед гэрт ******* ах, аав, ээж бид хэдийг байж байхад манай аав Г.******* ээж бид хоёрыг авч харих гээд гутлаа өмсөөд явъя гэсэн чинь ******* ах аав руу согтуу “чи муу пизда минь” гээд янзан бүрээр хэлээд аавыг явуулахгүй байсан. Тэгээд аав ******* руу уурлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд гэрийн гал тогооны тавиурны шургуулгаас нэг заазуур аваад хөөе гараад ир гэсэн чинь ******* орон дээр хэвтэж байснаа гудасныхаа доороосоо хутга гаргаж ирээд алив гаръя гээд гэрээс гараад тэр хоёр хоорондоо зодолдоод ******* ах хутгаараа аавын гэдсийг нь зүсэхэд их цус гарсан...Энэ үед ******* эгч гарч ирж тэр хоёрыг салгаж болиулаад цагдаа, эмнэлэг дуудах шиг болсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Дарвихааны өгсөн: “...Тухайн үед Г.*******, Т.******* бид нар нийлж 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан. Ингээд 11 цагийн үед манай хашаанд байх төрсөн дүү Т.*******гийн амьдардаг Монгол гэр дотор бид хэдийг бөөндөө сууж байхад Г.******* /Гомбо гэж хочилж дууддаг/ гэнэт согтуурхан манай ******* руу “ална шүү пизда минь” гээд орилоод дайраад байсан. Тэгээд манай дүү Г.*******тэй хэсэг хэрэлдэж байгаад тэр хоёр хоёулаа гэрээс гараад явсан. Энэ үед ******* гэрийн гал тогооны шургуулганаас цагаан иштэй заазуур бариад гарсан. Тэгээд гадаа тэр хоёр муудалцаад ******* манай дүүгийн чихний ар хэсэг рүү барьж байсан заазуураараа зүсчихсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор орж салгаж *******ээс заазуурыг нь булааж аваад тэр хоёрыг одоо гайгүй байлгүй дээ гэж бодоод хашаанд байх өөрийнхөө байшин руу орсон. Тэгсэн гаднаас *******ийн  охин  *******  “*******  эгчээ  аавыг хутгалчихлаа”  гээд чанга орилхоор нь гараад хартал Монгол гэрийн гадаа үүд хэсэгт Г.******* газар хэвтчихсэн гэдэс нь нил цус болчихсон хажууд түүний эхнэр уйлаад сууж байсан. Тэгэхээр нь *******гээс “хэн аавыг чинь хутгалчихсан юм бэ?” гэхэд надад ******* ах аавыг хутгаар хутгалчихсан” гээд уйлаад байсан. Харин ******* айсандаа болоод хашаанаас хойшоогоо гараад гүйж байсан. Тэгэхээр нь би хажуу айлынхаа хүнээр эмнэлэг цагдаад дуудлага өгүүлсэн юм. Т.******* гэрийнхээ гудасны доор байдаг хонь мал гаргахдаа ашигладаг бор иштэй жижиг хутгаар Г.*******ийг хутгалчихсан юм байналээ. Тухайн үед би тэр хутгыг Т.*******гийн гараас булааж авсан юм. Г.******* барьж байсан заазуур болон манай дүү *******гийн гарт байсан жижиг хутгыг би хоёулангийн аваад байшин руу авч орсон. Согтуу байсан болохоор байшингийн яг хаана тавьсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.н өгсөн: “...би нөгөө хэдээсээ түрүүлээд тасарчихсан байсан нэг мэдсэн чинь манай охин ******* “ээж аавыг ******* ах хутгалчихлаа” гээд уйлцан сэрээхээр нь монгол гэрээс гартал Г.*******ийн гэдэс нь нил цус болчихсон гэдэс нь шархаараа цуваад гараад ирчихсэн байдалтай байсан. Тэгээд би айж сандраад нөхрийнхөө хажууд очоод байж байтал түргэний тэрэг ирээд намайг нөхөртэй минь цуг авч яваад эмнэлэг дээр очоод байж байтал түргэний тэрэг ирээд намайг нөхөртэй минь цуг авч яваад эмнэлэг дээр очоод нөхрийг маань шууд хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 30 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “...өвчтөн Г.******* нь хэвлий нь нил цус болсон, дотор гэдэснүүд нь шархаараа ил гараад цувчихсан даралт, пүльс /зүрхний цохилт/, амин үзүүлэлтүүд нь үзэгдэхгүй маш хүнд шокийн хүргэгдэж ирсэн тул шууд яаралтайгаар хагалгаанд оруулж хэвлийг нээж шалгах, нарийн гэдэс чацархай оёх хагалгааг 12 цаг 50 минутад эхлээд 16 цагийн үед амжилттай дуусгасан...Өвчтөн Г.******* нь хагалгааны дараа сэрэхдээ архи нь гүйцэт гараагүй өөрт залгасан байсан төвийн вений гуурс, ходоодны гуурс хоёрыг суга татаж “би үхмээр байна” гэж орилж хашхиран эмчилгээ хийхэд нэлээдгүй саад учруулж өөрөө өөрийнхөө амь насанд аюултай үйлдэл гарган согтуурхсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 32 дугаар тал/

 

 7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 02-05 дугаар тал/

 

             8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 6-8 дугаар тал/

 

              9. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                   /хх-ийн 9-11 дүгээр тал/

 

              10. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №08 шэ/371 дугаартай: “Г.*******ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт, хэвлийн хөндийн шархыг нээж чацархайн шархыг оёж цусан хурааг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

            /хх-ийн 41 дүгээр тал/

 11. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №08 шэ/349 дугаартай: “Т.*******н биед зүүн чамархайнд шарх, бүсэлхийнд цус хуралт зулгаралт, цээж, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

            /хх-ийн 46 дугаар тал/

 

             12. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3094 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Т.*******гаас авсан гэх “001348735” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 51 дүгээр тал/

 

            13. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 1875 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутга, мөнгөлөг бариултай заазуурын гадаргуугаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 57-59 дүгээр тал/

 

            14. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3096 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад  хураан авсан гэх 30 см урт төмөр иштэй заазуур дээр цус илрээгүй, 20 см урт улаан хүрэн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь хүний цус байна...” гэх дүгнэлт,

            /хх-ийн 61-62 дугаар тал/

 

            15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3095 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 001348735 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 66-67 дугаар тал/

 

            16. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3097 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хатсан цус мэт зүйл нь цус мөн байна. Илэрсэн цус нь хүний цус байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 72-73/

 

            17. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3097 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан гэх Т.*******н хумсны дээж нь шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

            /хх-ийн 78-79 дүгээр тал/

 

 18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

           /хх-ийн 121 дүгээр тал/

 

             19. Т.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 136-138, 145-146 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Т.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш цагдан хоригдож байгаад улмаар шүүхээс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хугацаанд хохирогчийн нэхэмжилсэн нийт 1.819.901 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байдаг. Одоо үлдэгдэл 819.901 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Т.*******гаас гаргуулж, Г.*******эд олгуулах дүгнэлтийг мөн адил гаргаж байна.

...Иймд шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагдан хоригдсон 111 хоногийг эдэлсэн хугацаанд тооцуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй модон хутга, төмөр иштэй заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрх бүхий байгууллагад шилжүүлж, устгуулах саналыг гаргаж байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг дурдуулах саналтай байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд нийт хохирлоос 9 сард хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 819.901 төгрөгийг боломж олдвол төлөхөө илэрхийлж байгаа.

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирол төлбөрөө төлсөн. Т.******* нь эрүүл мэндийн шалтгааны хувьд унаж, татдаг өвчтэй. Энэ хүний ар гэр гэх дагуулаад эмнэлгээр үзүүлэх хүн байхгүй. Гэрт нь эмчилгээ хийлгэж байсан бичиг баримт байна уу гээд гэрт нь очиход эгч Т.******* нь архины хамааралтай болсон хүн байсан. Эгч нь нэг ч удаа холбогдоогүй. Шүүгдэгч өөрөө 1.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Т.******* нь 111 хоног цагдан хоригдож байх хугацаанд түүний ар гэрээс нэг ч удаа эргэлт ирж байгаагүй. Хувийн байдлыг нь судалж үзэхэд цагдаагийн асап санд бүртгэгдсэн нь ховор байна. Мөн хүний үгэнд сайн орж, хий гэснийг нь хийдэг ийм хүн. 2021 оны 06 дугаар сарын 20-оос хойш нэлээдгүй хугацаанд энэ хэрэг дээр ажиллаж байгаа тул өмгөөлөгчийн хувьд энэ хүний хувийн байдлыг өөрийн зүгээс үзэж дүгнэсэн. Иймд Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байгаа гэж үзээд 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 10 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд оногдуулах ял шийтгэлийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх,

Иргэдийн төлөөлөгчийн “гэм буруутай гэж үзэж байна” гэх мэдүүлэг, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Т.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 19 тоотод Г.*******ийг “агсан тавилаа, намайг чихний ард талд заазуурдлаа.” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Т.*******гийн  “...Г.******* намайг дагаж гэр лүү ороод дахиад надтай барьцалдаж аваад “намайг ална, гараад ир” гээд өөдөөс согтуурхаад дайрч байгаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би өөрийнхөө орон дээр байдаг хонь мал гаргахдаа ашигладаг жижиг хутгийг аваад ардаас нь гарсан. Ингээд гэрийн үүдэн дээр Г.*******ийг зогсож байхад нь над руу эргэж харах үед нь баруун гартаа байсан хутгаараа түүний гэдэс рүү нэг удаа дүрчхээд буцаагаад хутгаа татаж авсан” гэх,

Хохирогч Г.*******ийн “...Нэг мэдсэн л би монгол гэрийн гадаа Т.******* миний урд хутга барьчихсан зогсчихсон байсан. Харин миний гэдэснээс их хэмжээний цус гараад би ганцаараа шархаа дарж зогсож байгаад доошоо гэдэс рүүгээ харсан чинь миний хамаг дотор гэдэс шархнаасаа ил гараад цувчихсан байдалтай байсныг хараад шоконд ороод ухаан балартаад уначихсан...” гэх,

           Насанд хүрээгүй гэрч У.*******гийн “...Тэгээд аав ******* руу уурлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд гэрийн гал тогооны тавиурны шургуулгаас нэг заазуур аваад хөөе гараад ир гэсэн чинь ******* орон дээр хэвтэж байснаа гудасныхаа доороосоо хутга гаргаж ирээд алив гаръя гээд гэрээс гараад тэр хоёр хоорондоо зодолдоод ******* ах хутгаараа аавын гэдсийг нь зүсэхэд их цус гарсан.” гэх,

         Гэрч  Т.*******ы “...Г.******* газар хэвтчихсэн гэдэс нь нил цус болчихсон хажууд түүний эхнэр уйлаад сууж байсан. Тэгэхээр нь *******гээс “хэн аавыг чинь хутгалчихсан юм бэ?” гэхэд надад ******* ах аавыг хутгаар хутгалчихсан” гээд уйлаад байсан...” гэх,

       Гэрч Б.н “...манай охин ******* “ээж аавыг ******* ах хутгалчихлаа” гээд уйлцан сэрээхээр нь монгол гэрээс гартал Г.*******ийн гэдэс нь нил цус болчихсон гэдэс нь шархаараа цуваад гараад ирчихсэн байдалтай байсан.” гэх,

      Гэрч Б.гийн “...өвчтөн Г.******* нь хэвлий нь нил цус болсон, дотор гэдэснүүд нь шархаараа ил гараад цувчихсан даралт, пүльс /зүрхний цохилт/, амин үзүүлэлтүүд нь үзэгдэхгүй маш хүнд шокийн хүргэгдэж ирсэн тул шууд яаралтайгаар хагалгаанд оруулж хэвлийг нээж шалгах, нарийн гэдэс чацархай оёх хагалгааг 12 цаг 50 минутад эхлээд 16 цагийн үед амжилттай дуусгасан...Өвчтөн Г.******* нь хагалгааны дараа сэрэхдээ архи нь гүйцэт гараагүй өөрт залгасан байсан төвийн вений гуурс, ходоодны гуурс хоёрыг суга татаж “би үхмээр байна” гэж орилж хашхиран эмчилгээ хийхэд нэлээдгүй саад учруулж өөрөө өөрийнхөө амь насанд аюултай үйлдэл гарган согтуурхсан” гэх мэдүүлгүүд,

  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 371, 349,  3094, 1875, 3096, 3095, 3097, 3097 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Хохирогч Г.******* нь нийт 1.819.900 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан /хх157/ нийт 340.951 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1.000.000 төгрөгөөс хасаж илүү 659.049 төгрөг төлсөн байх тул  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин /хх155/ баримт болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/,...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

 

Гэтэл шүүгдэгч Т.******* нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна.

 

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу хохирогч нь түрүүлж заазуур авч шүүгдэгчийн биед халдсан нь насанд хүрээгүй гэрч У.*******гийн “...Тэгээд аав ******* руу уурлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд гэрийн гал тогооны тавиурны шургуулгаас нэг заазуур аваад хөөе гараад ир гэсэн...” гэх, гэрч Т.*******ы “...Энэ үед ******* гэрийн гал тогооны шургуулганаас цагаан иштэй заазуур бариад гарсан. Тэгээд гадаа тэр хоёр муудалцаад ******* манай дүүгийн чихний ар хэсэг рүү барьж байсан заазуураараа зүсчихсэн...” гэх,  яллагдагч Т.*******гийн “...Над руу заазуур барьж дайраад чихний ард руу заазуурдсан. Би зөрүүлээд хутгалсан” гэх мэдүүлгүүд болон Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №08 шэ/349 дугаартай: “Т.*******н биед зүүн чамархайнд шарх, бүсэлхийнд цус хуралт зулгаралт, цээж, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хар өнгийн төмөр  иштэй, нийт 20.3 сантиметрийн урттай, хүрэн өнгийн бариултай хутга, нийт 29.6 сантиметр урттай, мөнгөлөг бариултай, металл заазуур тус бүр 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.******* нь нийт цагдан хоригдсон 113 хоногийг оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.*******г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Т.*******н цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20.3 сантиметрийн урттай, хүрэн өнгийн бариултай хутга, нийт 29.6 сантиметр урттай, мөнгөлөг бариултай, металл заазуур тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

 

7. Шүүгдэгч Т.*******гаас 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлснийг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болон цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

             11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

 

                        

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД

 

                

 

                      ШҮҮГЧ                                   Э.ЭНХЖАРГАЛ