Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00124

 

  Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэртэй, Х-ын нэхэмжлэлтэй, Г-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас 4840000 төгрөг гаргуулах тухай. 

Нэхэмжлэлд: “Х би Г-д 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4840000 төгрөгийг зээлсэн. Уг 4840000 төгрөгийг Г бид хоёр хамт банканд очиж, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн А-ийн Х банк дахь хувийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Х би А-аас 4840000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргасан боловч шүүх “тухайн мөнгийг А биш Г хариуцах ёстой” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Г-аас 4840000 төгрөг гаргуулан Х надад олгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: “... “Н” ХХК-ны захирал А хүүтэй зээл өгөх хүн байвал 5000000 төгрөг зээлдэж өгөх үү гэхэд нь миний бие Х-аас 5000000 төгрөгийг 2 сарын хүүг урьдчилан төлөөд “Б” ХХК-ны данснаас А-ийн дансанд шилжүүлсэн. Х сургуулийн дотуур байрны хоол хүнсийг нийлүүлэхээр өөрийн нэр дээрх “Б” ХХК-д 3 жилээр гэрээ хийж ажиллаж байсан бөгөөд 9  дүгээр сард “та миний хоол хүнс бэлтгэх бэлэн мөнгийг хүнд зээлдсэн болохоор аймагт танил хүнсний дэлгүүрээс нэг сарын хоол хүнсийг зээлээр авч өгөөч” гэсэн. Би Н хүнсний дэлгүүрээс 2 удаа хүнсний бараа авч, мөн аймгийн малын захаас 2 удаа 37 хонийг нядалж гулууз махыг нь зээлээр авчирч хүлээлгэн өгсөн. Ингээд 9, 10 дугаар сард нийт 5826700 төгрөгийн хоол хүнсийг жагсаалтын дагуу өгч мөнгийг нь аваагүй. А-д өгсөн 5000000 төгрөгийг Х өөрөө ав гэсэн учир би 2016 оны 3 дугаар сард өөрийн дансанд шилжүүлж авсан. Дараа нь Х-тай тооцоо хийж 1000000 төгрөгийг банкнаас бэлэн гаргаж өгсөн. Нотлох баримтыг тухайн үед гаргаж өгөх болно. Би захирлаар ажиллах үед Х-д албаны ажлын талаар шаардлага тавьж хууль бус ашиг сонирхлын талаар хяналт тавьж ажиллахдаа надад өш хонзон санаж тухайн үед хоол хүнс хүлээлгэн өгөх бичиг баримт үйлдээгүйг далимдуулж нэхэмжлэл гаргаж байна. Ийм учраас Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  8 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Г-аас 4840000 төгрөгийг гаргуулан Х-д олгожээ. 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Нур-Астана” ХХК-ийн зарлагын баримт, тус ХХК-ийн тамгатай бичиг, Е, С нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлээгүй, бөгөөд дээрх нотлох баримтууд нь Г-аас Х-д 5000000 төгрөгийн оронд хүнсний барааг хүлээлгэн өгч, тухайн зээлийг төлсөн болохыг нотлох ач холбогдолтой баримтууд юм. А-ын дансанд “Б” ХХК--аас 5000000 төгрөг шилжүүлсэн болохоос биш, Х-аас Г-д 5000000 төгрөг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Х, Г нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байхад Г нь Х-аас мөнгө авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардах бөгөөд Г, Х нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иймд нэхэмжлэгч Х-ын нэхэмжлэл нь хуульд заасан шаардах эрхээ алдахаас гадна нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Г-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4840000 төгрөгийг зээлсэн тул эргүүлэн төлүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь 2014 онд 100 хүүхдийн шинэ дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэсэн “Н” ХХК-ийн захирал А-ын хүсэлтээр Х-аас 5000000 төгрөгийг 2 сарын хүүг урьдчилан төлөөд “Б” ХХК-ийн данснаас А-ын дансанд шилжүүлсэн, Х нь хоол хүнс бэлтгэх бэлэн мөнгийг хүнд зээлдсэн болохоор аймагт танил хүнсний дэлгүүрээс нэг сарын хоол хүнсийг зээлээр авч өгнө үү гэсний дагуу тухайн мөнгөний оронд хүнсний зүйлийг зээлээр авч өгсөн, А-ын шилжүүлсэн мөнгийг Х-д зээлээр авч өгсөн хүнсний барааны үнэ болгож авч үлдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х, хариуцагч Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй боловч хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Нур астана” ХХК-ийн зарлагын баримт, “Нур астана” ХХК-ийн тамгатай баримт, Е, Х нарын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, зээлдэгч Г нь зээлдүүлэгч Х-аас зээлсэн мөнгөө буцааж хэзээ, хэрхэн хүлээлгэж өгсөн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

Иймд зээлийн гэрээнээс үүдэлтэй маргаанд зээлдэгч тал нь зээлсэн мөнгөө буцаан төлсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Г-аас 4840000 төгрөгийг гаргуулан Х-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж үзнэ. 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон ба зээлдэгч зээлсэн мөнгөний үнийн дүнд тохируулан хүнсний бараа, бүтээгдэхүүнийг зээлдүүлэгчид өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримт болон бусад тэмдэглэлүүд нь зээлдүүлэгч Х нь уг бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авсныг нотлохгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 92390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК