Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 006/2014/0039/З |
Дугаар | 221/МА2015/0135 |
Огноо | 2015-03-18 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0135
О.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.МөнхТ- даргалж, шүүгчЭ.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-, гуравдагч этгээд гуравдагч этгээд О.С-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Т-, Г.Б- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийнөмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Б-ы нэхэмжлэлтэй, Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн төрсөн ах О.С-тай 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамтран Д--Э ХХК-ийг үүсгэн байгуулж, 27****** регистрийн дугаартай бүртгэлийн 19/753 тоот гэрчилгээг авсан. Уг компани нь 1735539 ширхэг хувьцаатай бөгөөд түүний 8800000 ширхэг хувьцааг би эзэмшдэг. Би компани үүсгэн байгуулахад мөнгө, машин зэргээр хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл ах О.С- нь миний нэрийн өмнөөс гишүүнчлэлээс хасагдах тухай өргөдөл бичиж гарын үсгийг дуурайлган зурж гишүүнчлэлээс 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хассаныг би 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн ба үүнээс хойш Сум дундын шүүх, Захиргааны хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргаж одоог хүртэл явж байна. Би тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гишүүнчлэлээс хасагдах тухай бодож, өргөдөл гаргаж яваагүй юм. Миний хувьд энэ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан, ахыгаа захирлаар нь тавьсан, би өөрөө бие даан хувийн бизнес эрхэлж байсан, эхлээд компани ашигтай ажиллаагүй, нийгэм зах зээлд эрчимтэй шилжсэнээр буюу 2007 оноос хойш компани ашигтай ажиллаж байгааг татварын тайлан, банкны зээл авсан баримтаас үзсэн. Ах О.С- нь миний нэрийн өмнөөс өргөдөл гаргаж, гарын үсэг дуурайлган зурж өргөдлийг нотариатаар батлуулж, өөрөө тушаал гаргаж, намайг компанийн гишүүнчлэлээс үндэслэлгүй хасуулсан байна. Түүний энэ хууль бус үйлдлээр Улсын бүртгэлийн хэлтэс компанийн гишүүнчлэлд өөрчлөлт оруулж шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн байна. Энэ талаар гомдлоо Улсын бүртгэлийн хэлтэст 2 удаа гаргаж байсан ба энэ гаргасан хүсэлтийн сүүлчийн хариуг Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан юм. Уг хэлтсээс Д--Э ХХК-ийн шинэчилсэн бүртгэлд өөрчлөлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Д--Эрдэнэсүрэн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй 395943 регистрийн дугаартай Э ХЭАА нь 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 176.3 мянган төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, Осор овогтой С-, 1 үүсгэн байгуулагчтайгаар туслах аж ахуй, дэлгүүр худалдаа эрхлэхээр, Д- сумын 10 дугаар багийн 2-ын б -38 тоот байранд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бөгөөд 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр О.С-, О.Б- нарын 2 үүсгэн байгуулагчтайгаар Д--Э ХХК болон өөрчлөгдсөн байна.
Тухайн үед аж ахуйн нэгжийн бүртгэлийг Татварын хэлтэс дээр бүртгэдэг байсан бөгөөд Д--Э ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О.Б- компанийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, оруулсан хөрөнгийг өөрийн ахын компанид үлдээж байгаа 52 дугаартай нотариатч н.Алтанцэцэгийн баталсан өргөдөл, Д--Э ХХК-ийн тушаал, хурлын тэмдэглэл, албан тоотыг үндэслэн улсын бүртгэлийг тухайн үед Татварын хэлтэс дээр бүртгэсэн байна. Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д--Э ХХК-ийг шинэчлэгдсэн бүртгэлд 1 үүсгэн байгуулагчтайгаар бүртгэсэн байна. Нэхэмжлэгч О.Б- компани үүсгэн байгуулахад бэлэн мөнгө оруулсан бол компанийн дансанд бүртгэдэг ёстой байдаг. Үүсгэн байгуулах бичигт үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө бүртгүүлсэн. Иймд Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд О.С- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1992 онд анх Э ХЭАА-г ганцаар байгуулж, үйл ажиллагаа эрхэлж байсан. Гэтэл дүү О.Б- Герман улсад сурч байгаад эхнэр, хүүхдээсээ салаад хүрээд ирсэн, компанийн нэр дээр нэрээ бичүүлж, дахин Герман явах виз хөөцөлдөнө гээд миний эрхэлж байсан хувиараа эрхлэх аж ахуйг компани болгон, тухайн үед манай дүү О.АмарТ- Улсын бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан. Энэ 2 л баримт бичиг бүрдүүлж компанийг байгуулсан. Гэхдээ компани үүсгэн байгуулахад О.Б-ы оруулсан хөрөнгө болох 8800000 төгрөгийн зоорины барилга үнэн хэрэгтээ байгаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрчилгээ авсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Компани байгуулснаас хойш О.Б- нэг удаа очоогүй, нэг удаа хүрз барьж яваагүй, оруулсан хөрөнгө байхгүй, харин би ашигт малтмалын 856 га газрын хайгуулын лицензийг дүү нартаа шилжүүлэн өгсөн ба О.Б- Д--Эрдэнэсүрэн ХХК байгуулж, хайгуулын лицензийг шилжүүлэн авсан боловч, эд нар ажиллуулж чадаагүй лицензийг хураалгасан. Шүүх хуралдаан дээр компани үүсгэн байгуулахад мөнгө, машин өгсөн гэж худлаа ярьж байна. Оруулсан бэлэн мөнгө ч байхгүй. Иймд О.Б-ыг компанийн гишүүнчлэлд оруулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д--Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д- заалдах гомдолдоо: Тус хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй 395943 регистрийн дугаартай Э ХЭАА нь 1992 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 176.3 мянган төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, Осор овогтой С- 1 үүсгэн байгуулагчтайгаар, Туслах аж ахуй, дэлгүүр худалдаа эрхлэхээр, Д- сумын 10 дугаар баг 2б - 38 тоот байранд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бөгөөд 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр О.С-, О.Б- нарын 2 үүсгэн байгуулагчтайгаар Д- Э ХХК болон өөрчлөгдсөн байна.
Тухайн үед аж ахуйн нэгжийн бүртгэлийг Татварын хэлтэс дээр бүртгэдэг байсан бөгөөд Д- Э ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О.Б-ы компанийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, оруулсан хөрөнгийг өөрийн ахын компанид үлдээж байгаа 52 дугаартай нотариатч Ш.Алтанцэцэгийн баталсан өргөдөл, Д- Э ХХК-ийн тушаал, хурлын тэмдэглэл, албан тоотыг үндэслэн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдсэн бүртгэлд 1 үүсгэн байгуулагчтайгаар бүртгүүлсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2005 оны 11 дүгээр сарын 03-нд өргөдөл бичсэн, 2005 оны 12 дугаар сарын 08-нд нотариатч Ш.Алтанцэцэг баталсан, 2005 оны 12 дугаар сарын 20-нд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байгаа нь нотариатч Ш.Алтанцэцэг Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохоос өмнө нотариатын үйлдэл хийжээ.
Д- Э ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь ямарч хууль зөрчигдөөгүй хуулийн дагуу хийгдсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд О.С- давж заалдах гомдолдоо: О.С- миний бие 1991 онд Д--Э ХЭАА ганц гишүүнтэйгээр үүсгэн байгуулж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний төрсөн дүү О.Б- 2003 онд Герман улс руу гарахад аж ахуйн нэгжтэй байх шаардлагатай юм байна, та намайг өөрийн аж ахуйн нэгждээ гишүүнээр бүртгүүлж туслаач гэж гуйсны дагуу Д--Э ХЭАА-г компани болгон өөрчлөн байгуулж О.Б-ыг компанийн гишүүнээр бүртгүүлсэн юм.
Тухайн үед Д- аймгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн алба-ны даргаар миний төрсөн дүү О.АмарТ- ажиллаж байгаад улсын бүртгэлийн Ү-2003009209 дугаартай Д- аймгийн Д- сум 3 дугаар багийн Хар-Усны 7-61 тоотод байрлах 63,0 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр Ч.Шаргаа нарын 4 хүний нэр дээр бүртгэгдсэн улсын бүртгэлтэй зөгийн аж ахуйн барилга гэж давхардуулж бүртгэсэн байсан.
Далай ван-Аудит ХХК-аар Д- сум 6 дугаар багийн нутаг Ноён хонгорт байрладаг бөгөөд СБ-4 суурийн блокоор баригдсан, өндөр нь 2,2 м, урт нь 12 м, өргөн нь 6м нийт 72 м.кв талбай бүхий нэг давхар барилга юм. Уг барилга нь 2001 онд баригдаж ашиглалтанд орсон. Дээвэр нь 59х12-ын нүхтэй хучилтын хавтангаар хучиж ердийн галлагаатай барилга юм гэж үнэлүүлсэн боловч О.Б- 2013 оны 02 дугаар сарын 15-нд иргэний шүүхэд намайг Д--Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүх зөгийн аж ахуйн барилгад үзлэг хийхэд зөгийн аж ахуй байгаагүй юм.
Захиргааны хэргийн шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 27 тоот захирамжаар Д--Э ХХК-ны нэр дээр улсын бүртгэлтэй Ноёнхонгорт байрлах 8.800.000 төгрөгний үнэ бүхий зөгийн аж ахуйн барилгын өмчлөх эрхийн 0069256 тоот гэрчилгээг хариуцагч улсын бүртгэлийн хэлтэс зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад захиргааны хэргийн шүүх Далай ван-Аудитын үнэлсэн хүчингүй болсон зөгийн аж ахуйн үнэлгээнд дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Нотариатч, гэрч Ш.Алтанцэцэг иргэний шүүхэд О.С- нь О.Б- байхгүй байна, өөрөө өргөдөл бичиж өгөөд явсан гээд надаар батлуулж байсан гэж мэдүүлсэн нь Нотариатын тухай хууль-ийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг зөрчсөн тухайгаа мэдүүлсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх Архиваас Ш.Алтанцэцэг нотариатчийн үйлдлийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгүй, түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
О.Б- Д--Эрдэнэсүрэн ХХК байгуулаад гарахад нь миний бие ашигт малтмалын хайгуулын 4350х тоот лицензтэй, 856 га газар лицензээр олгогдсон талбайн хэсгийг /19/926 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй/ компанид нь шилжүүлж өгсөн.
О.Б- захиргааны хэргийн шүүхэд би Д--Э ХХК-д мөнгө, машин өгч хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлж байгаа боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нотлогдоогүй байна.
2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1512 тоот захирамжаар О.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн О.Б- иргэний шүүхээр Д--Э ХХК-ны хувьцаа эзэмшигч мөн гэдгийг тогтоолгосны эцэст намайг компанийн гишүүнчлэлээс үндэслэлгүй гаргалаа гэж заргалдах эрх нь үүсэхээр байгаа тул захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн шүүх нь гуравдагч этгээд О.С-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.
Хавтаст хэргийн 66 дугаар талд Д- уул аймгийн сум дундын шүүхийн шүүгч н.Оюундарийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1069 тоот захирамж авагдсан байдаг боловч тухайн иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх шүүхийн шийдвэр бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа. Учир нь Д- уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэгч О.Б- нь Д- Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд оруулсан хөрөнгөө нотолж чадаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл 117.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан боловч энэ материал хавтаст хэрэгт авагдаагүй.
Анхан шатны шүүх 01 тоот шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас Д- Э ХХК-ыг ганц хөрөнгө оруулагчтай үүсгэн байгуулсан О.С-ын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хавтаст хэргийн 202-204 дэх талд Д- аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.НаранТ-гийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 27 тоот захирамж авагдсан байдаг. Энэ захирамжид Улсын бүртгэлийн Ү-2003009209 дугаарт Д- сумын 6 дугаар багийн Ноён хонгорт байрлах Зөгийн аж ахуйн барилга Ү-2003009209 бүртгэлийн дугаартай, Г-0069756 тоот гэрчилгээ бүртгэгдээгүй, энэ дугаарт бусдын 12 жил амьдарч байгаа хувийн сууц бүртгэлтэй байна гэдгийг тодорхой дурьдсан байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Б- 2003 онд анх Д- Э ХХК гишүүнээр элсэн орохдоо хөрөнгө оруулсан гээд байгаа 8,800,000 /найман сая найман зуун мянган/ төгрөгний үнэ бүхий барилга нь байгаагүй гэдэг нь бүрэн батлагдсан болно.
О.Б-ы 2003 онд компанид хөрөнгө оруулсан, энэ барилгаа буулгаж авсан гэдэг нь ч үндэслэлгүй бөгөөд Ү-20036009209 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөнд амьдарч байгаа хүмүүс нь энд тасралтгүй 12 жил амьдарч байгаа гэдгээ 2013 онд шүүгчийн захирамж гарах үед мэдүүлж байсан тул тэнд ийм төрлийн хөрөнгө ерөөсөө байгаагүй гэдэг нь давхар нотлогдож байна.
Дээрх байдлаас дүгнэхэд О.Б- нь Д- Э ХХК-нд хариуцагчийн тайлбарлаж байгаагаар зөвхөн Герман явах зорилгоор түр нэрээ оруулаад дараа нь хасагдсан гэдэг нь бүрэн батлагдана.
2. Хавтаст хэргийн 130-132 дахь талд Д- Э ХХК анх 2 гишүүнтэй болж бүртгүүлэн дүрмийн сан бүрдүүлэх үед О.С- нь Д- уул аймгийн Д- сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 96 м.кв талбайтай 8,735,390 /найман сая долоон зуун гучин таван мянга гурван зуун ерин/ төгрөгний үнэ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө компанид оруулсан байна.
Харин О.Б- нь ерөөсөө байгаагүй хөрөнгө буюу өөрөө 8,800,000 /найман сая найман зуун мянга/ төгрөг гэж үнэлсэн хуурамч улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр юу ч нийлүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Энэ нь хавтаст хэргийн 113 талд авагдсан Д- уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс архиваас гаргуулсан хэрэгт нотлох баримтаар авагдсан. Д- Э ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын протоколоор давхар батлагдаж байна. О.Б- нь Д- Э ХК-нд нэг ч төгрөгний хөрөнгө оруулаагүй байж хувь эзэмшигчээр тогтоогдон Улсын бүртгэлийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 27 тоот захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нөхцөл байдал үүсч байна.
4. Үндэсний татварын албанд Д- Э ХХК-ийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тайланд О.Б-ы оруулсан гээд байгаа 8800,0 төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгө нь зоорийн барилга 72 м.кв талбайтай гээд бичигдсэн байна. Энэ тайлангаас үзэхэд зөгийн аж ахуйн барилга бус харин зоорийн барилга болж байна.
Д- Э ХХК-д О.Б-ыг гишүүнээр оруулсан Компанийн дүрмийн наймдугаар бүлгийн 2, 3, 8 дах заалтаар гишүүд нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр санал өгөх, ашиг авах, үл хөдлөх хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргана гэж заасан байна. Гэтэл оруулсан гээд байгаа ерөөсөө байхгүй байсан гэдэг нь Монгол улсын шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар батлагдсан.
Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ энэ маргаантай холбоотой асуудлууд өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсанг дурдсан атал шүүхээс гарсан шийдвэр, захирамжуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж дүгнэлт өгөх үүрэгтэй байсан гэж үзэж гомдолтой байна.
5. О.Б-ыг Д- Э ХХК-ний гишүүнчлэлээр оруулах үед 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн үүсгэн байгуулагчдын хурлын протоколд О.Б- нь 8800,0 төгрөгийн үндсэн хөрөнгө оруулсан гэж тэмдэглэл үйлдсэн байх тул түүний оруулсан хөрөнгө үл хөдлөх хөрөнгө биш байж болох ойлголтыг үүсгэж байна. Мөнгө, машинаар хөрөнгө оруулсан гэж тайлбар өгч байна. Тэгвэл оруулсан мөнгө хэзээ ямар дансаар компанид орсон, ямар дугаартай хэн эзэмшдэг автомашин байсан нь хэзээ тухайн компанийн нэр дээр бүртгэгдсэн зэргийг шүүхээс зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байсан гэж үзэж байна.
Эдгээр хоорондоо зөрчилтэй баримтаас үзэхэд О.Б-ыг ах О.С- нь ямар ч хөрөнгө оруулаагүй байхад сайхан сэтгэл гаргаж виз гаргуулахын тулд компанийн хөрөнгө оруулагчаар бүртгүүлсэн нь тогтоогдоно гэж үзэж байна.
Хэдийгээр О.С- нь Д- Э ХХК-ний гишүүнчлэлээс О.Б-ыг хасахдаа гарын үсгийг нь зуруулалгүй өөрөө төлөөлөн зурсан гэдэг нь тогтоогдсон боловч хэрэгт авагдсан баримтуудаар О.Б- нь компанид хувь хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй, түүнийг Д- Э ХХК-ийн гишүүнчлэлээс хассанаар бусдын болон гуравдагч этгээдийн эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны байхаас гадна шударга ёсны зарчим дээр тулгуурласан байхыг хууль шаарддаг. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч О.Б- Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Д--Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч О.Б-, гуравдагч этгээд О.С- нар хамтран Д--Э ХХК-ийг 2 гишүүнтэйгээр зөгийн аж ахуй, гадаад, дотоод худалдаа, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.
Хариуцагч Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь О.Б-ы компанийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах тухай 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, Д--Э ХХК-ийн захирлын тушаал, тус компанийн гишүүнчлэлд өөрчлөлт оруулах тухай хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчээс дээрх өөрчилсөн бүртгэлийг компанийн гишүүнчлэлээс хасагдах өргөдөл гаргаагүй, миний өмнөөс хуурамч гарын үсэг зурсан байхад бүртгэсэн учир бүртгэл хууль бус, анх компани байгуулахад 8800000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийн хөрөнгө оруулсан гэж, хариуцагчаас нотариатчийн баталсан өргөдөл, Д--Э ХХК-ийн тушаал, хурлын тэмдэглэл, албан тоотыг үндэслэн 2005 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинэчлэгдсэн бүртгэлд 1 үүсгэн байгуулагчтайгаар бүртгэсэн гэж, харин гуравдагч этгээдээс О.Б- гишүүнчлэлээс гарах өргөдлөө өөрөө бичсэн, компанид ямар нэгэн хөрөнгө оруулаагүй гэж маргаж байх боловч хэрэгт дор дурдсан эргэлзээтэй баримтууд авагдсан байна.
Хэрэгт авагдсан, 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлт[1]-д шинжлэгдэж буй 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн компанийн гишүүнчлэлээс гарах тухай гараар бичигдсэн О.Б-ы гэх өргөдлийг О.Б-бичсэн байж болно, компанийн гишүүнчлэлд өөрчлөлт оруулах хурлын тэмдэглэлд зурсан О.Б-ы гэх гарын үсгийг О.Б- бичээгүй байна гэж, харин 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5458 дугаар шинжээчийн дүгнэлт[2]-д 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Д- Э ХХК-ийн гишүүнчлэлээс гаргах тухай өргөдөл гаргах нь гэсэн гарчигтай шинжилж буй гар бичмэлийг О.С- бичсэн байна гэж дүгнэжээ. Түүнчлэн анх Д- Эрдэнэ-бүрэн ХХК-ийг үүсгэн байгуулахад баталсан 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн компанийн дүрэмд зурсан О.Б-ы гарын үсэг[3] нь компанийн гишүүнчлэлээс гарах тухай өргөдөлд зурсан гарын үсэгтэй адил байхад шүүх тодруулж дүгнээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна. Маргаж буйкомпанийн гишүүнчлэлээс гарах тухай хүсэлт[4]-д зурсан гарын үсгийг зөрүүтэй дүгнэсэн шинжээчийн дээрх дүгнэлтүүд хэрэгт авагдсан байхад шүүх ямар шалтгаанаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5458 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй.
Нэхэмжлэгчээс анх тус компанийг үүсгэн байгуулахад 8800000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж, харин гуравдагч этгээдээс О.Б-ы компанид оруулсан гэх хөрөнгө огт байхгүй гэдэг нь тогтоогдсон, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн, одоо энэ хүн компаниас хувь ашиг хүртэх эрхгүй гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө ч байж болох тул оруулсан хөрөнгө нь ямар дансаар компанид орсон, машиныг хэн эзэмшиж байгаад хэзээ компанийн нэр дээр шилжсэн талаар шүүх тодруулах шаардлагатай байсан, нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгөө нотолж чадаагүй тул ... иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болгож байсан материал хавтаст хэрэгт авагдаагүй гэж маргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хувьцаа эзэмшилтэй холбоотой маргааны талаар өөр шүүх дээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа эсэх талаар сайн мэдэхгүй гэж эргэлзээтэй байдлаар тайлбар гаргажээ.
Хавтаст хэрэгт Д- аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар захирамж, мөн Д- аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1512 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж авагдсан хэдий ч хэргийн оролцогчдоос дээрх байдлаар зөрүүтэй тайлбар гарган маргаж байх тул анхан шатны шүүх Д--Э ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа эсэх, шийдвэрлэгдсэн бол хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх нотлох баримтыг хангалттай бүрдүүлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэйбайна.
Түүнчлэн гуравдагч этгээдээс шүүх нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгүй, түүний мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байхад дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой, нотариатын бүртгэл дээрх гарын үсэг, анх байгуулахад зурсан компанийн дүрэм дээрх гарын үсэг, одоогийн гарын үсэг зэргийг харьцуулж дүгнэлт гаргах байсан гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчаас компанийн гишүүнчлэлээс гарах тухай 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтийг нотариат 2005 оны 11 дүгээр сарын 08-нд бүртгэснийг бүртгэлийн байгууллага хүлээн авч 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчилсэн бүртгэлд 1 гишүүнтэйгээр бүртгэсэн[5] гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэл[6]-ийг хүчингүй болгуулахаар зөрүүтэй нотлох баримтуудыг зааж, маргаж байхад шүүхнэхэмжлэгчийн маргаж буй бүртгэлийг 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн гэж дүгнэх болсон үндэслэл шалтгаанаа тодорхойлоогүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд холбогдох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, нотлох баримтад тулгуурлан үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Шүүх маргааны үйл баримтад хамаарах, ач холбогдол бүхий, эргэлзээгүй нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг бүх талаас нь бүрэн судалсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТ-
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ