Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 84

 

 

 

 

                                                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                Насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагай

                                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одонтуяа

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

                                Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000198 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сум Зүүнбаянд 1966 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 57-07 тоотод оршин суух, Хүннү айр ХХК-д жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Раашин овогт Батбандийн Батрааш /РД: ЕП66041214/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Батрааш нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар, Сайншандыг холбосон хатуу хучилттай зам дээр 04-28 УНД улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж уг зам дээр Dayun маркийн мотоциклийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Хүрэлшагайгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Батрааш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би явж байтал гэнэт мотоцикл ороод ирсэн. Би холоос харсан бол тэгж мөргөх ёсгүй, зүүн гар талаас л гэнэт орж ирсэн гэж дүгнэж байна. Гурван машин зөрсөн тэр машины гэрлээр гэнэт орж ирсэн. Ямар ч харагдах боломжгүй, арын гэрэл огт байгаагүй гэв.  

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Өлзийт дээр найзуудтайгаа уулзчихаад 1, 2 ширхэг пиво уугаад ажил дээрээ орчихоод 25 орж дүүгээ аваад ээжтэй нь уулзуулчихаад буцаад явж байхад аваар бослон. Тэгээд юу ч санахгүй байна, нэг сэрэхэд Чойр дээр байж байсан. Одоо ажил хийж болохгүй толгой эргээд байдаг. 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнийгээ гаргуулж авна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай талаас эмчилгээний зардлаас гадна 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Залуу хүүхэд нүүр ам нь гэмтсэн, ажил төрөл хийх гэхээр гэмтлээсээ болоод ажил төрөл хийх боломжгүй байгаа. Г.Хүрэлшагай бол манай гэрт ганц ажил хийдэг хүн байгаа, цаашдаа аваар чинь ямар зүйл гарч болзошгүй гэдэг үүднээс хувийн зүгээс 2 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Батраашийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 6 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн 04-28 УНД улсын дугаартай, саарал өнгийн Приүс-20 маркийн машинтай найз Бат-Эрдэнэ, С.Отгончимэг, Д.Одончимэг болон Одончимэгийн хүүгийн хамт Дорноговь аймгийн Хар уул, Хамарын хийд орохоор гарсан юм. Бид нар тухайн үед архи дарс уугаагүй, эрүүл саруул явсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хойшоо 22 цагийн үед хойноосоо урагшаа чиглэлтэй засмал замаар явж байсан. Тухайн үед харанхуй болчихсон байсан ба салхи шороо шуургагүй тогтуун өдөр байсан юм. Тэр үед урдаас нэг машин ирж байсан ба тэр машинтай зөрөх үед гэнэт урд талд нэг мотоциклтой хүн ороод ирсэн. Би тухайн үед тормос гишгэхэд тэр мотоциклтой хүнийг машиныхаа зүүн гар талын урд хэсгээр мөргөсөн юм. Тухайн үед тэр мотоциклтой хүн өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд огт харагдахгүй тэгээд л мөргөчихсөн. Мотоцикл нь ардаа гэрэлгүй мотоцикл байсан...Тэгээд л мотоциклтой хүний араас нь мөргөөд тэр хүн хойшоо саваад миний машины урд салхины шилийг мөргөсөн юм. Тэгээд л зогсоод буугаад очиход жаахан хүүхэд сундалж явсан залуу байсан...Миний хувьд тухайн үед ... өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанаас болоод ийм осол болсон гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх 61-62/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Даланжаргалан сумын 5 дугаар баг зөрлөг дээр байдаг гэрээсээ өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн номер дугааргүй хуучин мотоциклоо бариад хойшоо байдаг Өлзийт зөрлөг дээр байж байгаад 21 цагийн үед буцаад 25 дугаар зөрлөг орж эгч Одонтуяагийн 3 настай Төгсөө гээд хүүхдийг нь аваад Өлзийт зөрлөгийн зүүн талд байдаг сүлжээний антен дээр ажилтай байсан ээж дээр нь аваачиж уулзуулаад буцаад 22 цагийн үед 25 дугаар зөрлөг рүү гэртээ харихаар засмал замаар ертөнцийн зүгээр урагшаа явж байсан. Дүүгээ урд банк дээр суулгаад явж байсан юм. Гэнэт араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд л би ухаан алдсан ба юу болсныг нь мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Говьсүмбэр аймгийн эмнэлэгт сэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Г.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... 2016 оны 6 дугаар сарын 11-ний орой миний төрсөн дүү Хүрэлшагай өөрийнхөө улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклтой миний хүү 3 настай Төгсөөг сундлаад надтай уулзуулах гээд ирсэн. ... удалгүй буцаад 25 дугаар зөрлөгт байдаг гэрлүүгээ явсан. ... 23 цагийн үед байх ийм осол болсон талаар мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх 118-119/,

 

Гэрч С.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 11-нд найз Батрааштай өөрийнх нь 04-28 УНД улсын дугаартай автомашинтай нь Дорноговь аймаг орохоор Бат-Эрдэнэ, Отгончимэг нарын хамт явсан ба мөн миний хүү Цог-Эрдэнэ бид нар явсан. ... Батрааш машинаа бариуд хажууд нь Бат-Эрдэнэ суугаад явж байсан. ...тухайн үед 2-3 машин хажуугаар зөрсөн ба тэр үед л гэнэт нэг улаан мотоциклтой хүн ороод ирсэн. Тэгээд л машины зүүн урд хэсгээр тэр мотоциклтой хүнийг мөргөсөн ... гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

 

Гэрч Д.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 11-ний үдээс хойш Батрааш өөрийнхөө Приүс-20 маркийн машинтайгаа Дорноговь аймаг орохоор явсан ба Одончимэг болон түүний хүү, Бат-Эрдэнэ бид нар хамт явсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хойш засмал зам дээр явж байсан. Би тухайн үед ар талд суугаад явж байсан. Гэнэт л хүмүүс урд юм ороод ирлээ гээд хашгирах шиг болсон. Тэгээд л нэг юм мөргөх шиг болсон. ... бид нар буугаад очиход засмал зам дээр мотоциклтой хүн хэвтэж байсан ба нэг жоохон хүүхэд хамт байсан ...  гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.01-ний өдрийн 161 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Г.Хүрэлшагайгийн духны баруун хэсэг, баруун чамархай хамарсан хатуу хальсны дээрх цус хуралт, духны баруун хажуу хэсгээс суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 45/,

           

            2016.06.20-ны өдрийн 32 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ...Тоёота Приүс маркийн 04-28 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Батрааш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д заасан Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэснийг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн 15 дугаар бүлгийн 15.1-д заасан Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:

            а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.

            Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

            ...Осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приүс маркийн 04-28 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Батрааш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарсан гэж үзэв... гэжээ /хх 37-38/,

 

Шинжээч Н.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 04-28 УНД улсын дугаартай Приүс маркийн машин жолоодон явсан жолооч Батрааш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход мөргөхгүй, шүргэхгүй байх хоорондын зайг сонгон явах гэсэн заалтуудыг зөрчсөн, жолооч аюул саадыг мэдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэснийг, мөн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл 15 метрээс багагүй зайд жолоочийг гялбуулж, хол ойрын гэрэл шилжүүлнэ, хэрэв жолоочийн нүд өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалд нүд гялбаж баримжаа алдсан тохиолдолд ослын гэрлийн дохиог асааж зорчин явсан ээгнээг өөрчлөхгүй, хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна... Уг хэрэгт авагдсан материалыг үзэхэд тухайн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл жолоодон явсан Хүрэлшагай нь тухайн үед замд хөдөлгөөнд оролцож явах үедээ тээврийн хэрэгсэл зогсох үйлдэл хийгээгүй замын зорчих хэсэг дээрээ эгнээ байраа эзлэн хөдөлгөөнд оролцож явж байх үед араас нь автомашин ирж мөргөсөн нь хэргийн газрын үзлэг болон бусад хүмүүсийн мэдүүлгээр тогтоогддог. Хүрэлшагайн унаж явсан мотоциклийн тээврийн хэрэгслийн үзлэгээр ар талын цацруулагч бүхий ар талын гэрэл бүтэн байгаа харагддаг. Ингэхээр араас нь ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч цацруулагчийн гэрлийг харах боломжтой байсан. Учир нь уг ар талын гэрлийн цацруулагч нь шөнийн цагт ойролцоогоор 100 орчим метр зайд харагдах боломжтой. Хэрэв өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд жолоочийн нүд гялбах тохиолдолд жолооч үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг дээр дурдссан дүрэмд заагдсанаар зогсоох арга хэмжээ авах ёстой. Гэтэл Приүс маркийн автомашин жолоодон явсан Батрааш нь автомашиныг дүрэмд заагдсанаар хурдаа хасч, зогсоох арга хэмжээ авалгүйн улмаас урдаа яваа тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан байдаг гэсэн мэдүүлэг /хх 53-54/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-15/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Батрааш нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар, Сайншандыг холбосон хатуу хучилттай зам дээр 04-28 УНД улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж уг зам дээр Dayun маркийн мотоциклийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Хүрэлшагайгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Батраашийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Би явж байтал гэнэт мотоцикл ороод ирсэн. Би холоос харсан бол тэгж мөргөх ёсгүй, зүүн гар талаас л гэнэт орж ирсэн гэж дүгнэж байна. Гурван машин зөрсөн тэр машины гэрлээр гэнэт орж ирсэн. Ямар ч харагдах боломжгүй, арын гарал огт байгаагүй гэв, насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Би Өлзийт дээр найзуудтайгаа уулзчихаад 1, 2 ширхэг пиво уугаад ажил дээрээ орчихоод 25 орж дүүгээ аваад ээжтэй нь уулзуулчихаад буцаад явж байхад аваар бослон ... гэв, шүүгдэгч Б.Батраашийн мөрдөн байцаалтанд өгсөн ... урдаас нэг машин ирж байсан ба тэр машинтай зөрөх үед гэнэт урд талд нэг мотоциклтой хүн ороод ирсэн. Би тухайн үед тормос гишгэхэд тэр мотоцикльтой хүнийг машиныхаа зүүн гар талын урд хэсгээр мөргөсөн юм. Тухайн үед тэр мотоциклтой хүн өөдөөс ирж байгаа машины гэрлийн гялбаанд огт харагдахгүй тэгээд л мөргөчихсөн ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 25 дугаар зөрлөг рүү гэртээ харихаар засмал замаар ертөнцийн зүгээр урагшаа явж байсан. ... Гэнэт араас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд л би ухаан алдсан ба юу болсныг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн  ... миний төрсөн дүү Хүрэлшагай өөрийнхөө улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклтой миний хүү 3 настай Төгсөөг сундлаад надтай уулзуулах гээд ирсэн. ... удалгүй буцаад 25 дугаар зөрлөгт байдаг гэрлүүгээ явсан. ... 23 цагийн үед байх ийм осол болсон талаар мэдсэн... гэсэн мэдүүлэг, гэрч С.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... ...тухайн үед 2-3 машин хажуугаар зөрсөн ба тэр үед л гэнэт нэг улаан мотоциклтой хүн ороод ирсэн. Тэгээд л машины зүүн урд хэсгээр тэр мотоциклтой хүнийг мөргөсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас хойш засмал зам дээр явж байсан. ... Гэнэт л хүмүүс урд юм ороод ирлээ гээд хашгирах шиг болсон. Тэгээд л нэг юм мөргөх шиг болсон. ... бид нар буугаад очиход засмал зам дээр мотоциклтой хүн хэвтэж байсан ба нэг жоохон хүүхэд хамт байсан ...  гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.01-ний өдрийн 161 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Г.Хүрэлшагайгын духны баруун хэсэг, баруун чамархай хамарсан хатуу хальсны дээрх цус хуралт, духны баруун хажуу хэсгээс суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэжээ, 2016.06.20-ны өдрийн 32 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ...Тоёота Приүс маркийн 04-28 УНД уулсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Батрааш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 9 дүгээр бүлгийн 9.2, 15 дугаар бүлгийн 15.1 заалтуудыг зөрчсөн байна. ...Осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приүс маркийн 04-28 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Батрааш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас осол гарсан гэж үзэв ... гэжээ, шинжээч Н.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... 04-28 УНД улсын дугаартай Приүс маркийн машин жолоодон явсан жолооч Батрааш нь ... автомашиныг дүрэмд заагдсанаар хурдаа хасч, зогсоох арга хэмжээ авалгүйн улмаас урдаа яваа тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан байдаг гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Батраашийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Хүрэлшагай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одонтуяа нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардал 2 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан 710 000 төгрөгийн зардлын баримт нь ямар зориулалтаар, юунд зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй, цаашид гарах эмчилгээний зардал нь 1 290 000 төгрөг гэж байгаа боловч ямар эмчилгээ хийлгэх, юунд зарцуулах нь тодорхойгүй учраас шүүх хуралдаанаар хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.  

 

Иймд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Б.Батрааш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хайхрамжгүй үйлдэл зэргийг харгалзан Б.Батраашид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулсан нэмэгдэл ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн 018342 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Раашин овогт Батбандийн Батраашийг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Раашин овогт Батбандийн Батраашид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батраашид оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

           5.Шүүгдэгч Б.Батрааш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Одонтуяа нь 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7.Шүүгдэгч Б.Батраашийн 018342 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батраашид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батраашид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            10.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД