Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 203

 

Ө.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалтай, 201719000155 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ө.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх ”гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.М-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийн санаатайгаар эвдэж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ө.М-ийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан нийт 12.240.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Ганпүрэв нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхээс “Т над руу залгасан, би утсаа аваагүй, ер нь уулзахгүй байгаа” гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Ө.М нь Ц-д нөлөөлж эрхшээлдээ байлгасан, эсхүл өөр бусад байдлаар хүчээр эвлэрүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд хохирогч өөрөө сайн дураар 2 удаа “хохирол төлбөр барагдсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн” тухайгаа бичгээр илэрхийлэн нотариатаар баталгаажуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Мөн хохирогчтой сайн дураараа эвлэрээгүй гэх нөхцөл байдлыг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаанд тулгуурлан дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Ө.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож, харин бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.М нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хассан үйлдэл тогтоогдоогүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна. Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Ө.М-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэв. 

Шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Нохой хуцдаг” гэх газарт хохирогч Г.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

-мөн С.Б-ын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, тогооны дуран зэргийг хүрзээр санаатай цохиж гэмтээсний улмаас 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Ө.М нь хохирогч Г.Ц-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн С.Б-ын эд зүйлийг санаатай устгаж гэмтээсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Ө.М-д хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.М-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар 6 сар байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш дээрх хугацаа өнгөрсөн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг хэрэглэх нь Ө.М-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ө.М-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин прокуророос Ө.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг буюу хохирогч С.Б-ын гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн нарны цахилгаан үүсгэврийн толь, нарны цахилгаан үүсгэврийн тогоо, тогооны дуран зэргийг хүрзээр санаатай цохиж гэмтээсний улмаас 345.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хэмжээ 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан торгох ялын хэмжээнээс багассан тул шүүглэгч Ө.М-ийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу Ө.М-д оногдуулсан торгох ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

1.“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг

-“Прокуророос Ө.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг

-“2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /450.000 төгрөг/ торгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

           

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН