| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0335/И |
| Дугаар | 321 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 4-292 тоотод оршин суух, Боржигон овгийн Авирмэдийн Бямба /РД: УС71123021/-ын
Талийгаач нөхөр Д.Болдсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Бямба шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр Даржаа овогтой Болдсайхан нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Налайхын уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсэгт бэхэлгээчинээр ажиллаж байсан. Нөхөр маань 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нас барсан тул охин Номин-Эрдэнэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүсэлт гаргахад Д.Болдсайханы уурхайд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхээр түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Болдсайханыг 1988 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Налайхын уурхайд бэхэлгээчинээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Бямба нь талийгаач нөхөр Д.Болдсайханыг 1988 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Налайхын уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсэгт бэхэлгээчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
А.Бямба нь талийгаач нөхөр Д.Болдсайхантай 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсон нь иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, Д.Болдсайхан нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх-12, 15/
Нэхэмжлэгч А.Бямба нь охин Номин-Эрдэнэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандсан боловч талийгаач нөхөр Д.Болдсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн бөгөөд тэрээр Д.Болдсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Талийгаач Д.Болдсайхан нь 1988 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Налайхын уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсэгт бэхэлгээчинээр ажиллаж байсан нь Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Налайхын уурхайн даргын 1989 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр “... ашиглалтын 1 дүгээр хэсгийн бэхэлгээчин Д.Болдсайханд нийт 26 хоногийн ээлжийн амралт олгох тухай ...” тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-5/, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Налайхын уурхайн даргын 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр “ ... ашиглалтын 1 дүгээр хэсгийн бэхэлгээчин Д.Болдсайханд нийт 26 хоногийн ээлжийн амралт олгох тухай ...” тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-6/, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Налайхын уурхайн даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар “... ашиглалтын 1 дүгээр хэсгийн бэхэлгээчин Д.Болдсайханд удаан жилийн нэмэгдэл олгох тухай ...” тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-7/, Налайхын нүүрсний уурхайн даргын 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 242 дугаар “... зарим хэсгүүдийн зохион байгуулалтыг өөрчилж ашиглалтын 1 дүгээр хэсгээс ажилчдыг өөр хэсэг цехүүдэд шилжүүлэн ажиллуулах тухай ...” тушаал, тушаалын хавсралт /хх-8/, Налайхын нүүрсний уурхайн даргын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 309 дүгээр “арга хэмжээ авах тухай ... олон сараар ажил орхиж явсан доорхи ажилчдыг 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай. Үүнд: ... ашиглалтын 1 дүгээр хэсгийн бэхэлгээчин Д.Болдсайхан ...” гэсэн тушаалын хуулбар /хх-9/, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1884 дүгээр албан бичгээр олгосон Налайхын нүүрсний их уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсгийн ажилтан Д.Болдсайханы цалингийн тодорхойлолт /хх-10/, гэрч С.Будболдын “... Би 1985 оны 08 дугаар сараас Налайхын их уурхайн өрөмдөх, чигжих хэсэгт хаалтчингаар ажилд анх орсон үеэс 1991 оны 11 сар хүртэл тус уурхайд тасралтгүй ажилласан. Талийгаач Д.Болдсайхан нь Налайхын их уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсэгт 1988 оноос 1991 оныг хүртэл бэхэлгээчинээр ажиллаж байсныг гэрчилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-25/, гэрч Д.Энхбаатарын “ ... 1988 онд Д.Болдсайхан бид хоёр цэргээс халагдаж ирээд Налайхын их уурхайд ажилд анх хамт орж байсан. Би ашиглалтын 2 дугаар хэсэгт бэхэлгээчинээр, талийгаач Д.Болдсайхан нь ашиглалтын 1 дүгээр хэсэгт бэхэлгээчинээр ажиллаж байсан ... бид 1991 оныг хүртэл 4 жил хамт ажилласан ...” гэсэн мэдүүлэг /хх-26/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч А.Бямбын талийгаач нөхөр Д.Болдсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан А.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар талийгаач Сутай овгийн Даржаагийн Болдсайхан /РД: УР66100714/-ыг 1988 оны 08 дугаар 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Налайхын уурхайн ашиглалтын 1 дүгээр хэсэгт бэхэлгээчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН