МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг
-улсын яллагчаар М.Гансувд
-шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу
-хохирогч Ц.Батбаатар
-шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ивгээлт овогт Жавхлантын Бямбажавт холбогдох эрүүгийн 2034000470191 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг “Бага улаан хад” гэх газарт Ц.Батбаатартай малын бэлчээрээс болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед малаа услаад байж байтал Батбаатарын мал манай гэрийн гадаа ирсэн. Тэр малыг хөөгөөд явж байтал малчин Баярсайхан араас ирсэн. Тэгтэл дахиад машин ирж байгаа харагдсан юуун машин бэ гэтэл манай хэд ирж байна гэсэн миний хажуугаар яваад өнгөрхөөр нь уураганыхаа үзүүрээр урдуур нь хөндлөн болгосон. Тэгтэл тэд нар зогсоод би мориноосоо Батбаатар машинаасаа гарч ирсэн. Батбаатар хувцасаа тайлаад бид хоёр барилцаж авсан хүүхэд нь боль гээд байсан барилцаж аваад би нэг түлхээд гуд татсан гэтэл араас хүүхэд нь бариад араас боосон. Тэгээд зууралцаад салсан. Ахиад Батбаатартай барилцаад зогсож байхад малчин нь ирж салгасан. Салгаад Батбаатарын эхнэртэй хэрэлдээд мордоод явсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс гарсан бодит хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Ц.Батбаатар мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн өглөө дээл хүргэж өгөх гээд явж байсан. Манай малчин хонио туугаад явсан. Худгаас морио услаад гарч байтал учир зүггүй шилбүүрдээд доошоо хөөгөөд байсан. Би очтол машины урд цонх руу уурганыхаа бөгсөөр цохьсон. Бууж ирээд ална гээд шууд дайрсан. Намайг шууд боосон. Боохоор нь 2 гарыг нь бариад авсан дугтараад ийм болсон уу мэдэхгүй байна миний гар ийм болсон гээд өөрт нь харуулсан. Манайх тухайн өвөлжөөг худалдаж аваад 4-5 жил болсон. Бямбажавын цаана ус байдаг, ус авахаар дандаа хэрүүл болдог урд нь бас ус авахад намайг боож байсан. 2019 онд намайг 2 удаа боосон. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Манай хүүхдийг бас хонио эргүүлээд явж байтал шилбүүрдсэн гэсэн. Эмчилгээний зардал, хохирлын баримтаар нэхэмжилж байна... Бямбажав ирээд намайг боогоод авсан. Дээлний захнаас давхар ороогоод татсан юм шиг байна лээ би болиулах гээд гараараа бариад авсан байсан. Манай хүүхэд ирээд болиулах гэтэл бид хоёрыг давхар барьсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ц.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 4-11 тал/, гэрч Н.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 12-13, 28-29 тал/, гэрч Б.Лувсандоржийн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал, 30-31 тал/, гэрч Х.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч М.Отгончимэгийн мэдүүлэг /хх-ийн 19-20, 27 тал/, гэрч Ж.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 24-25, 32-33 тал/, гэрч У.Баатарцогтын мэдүүлэг /хх-ийн 36 тал/, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 тал/, шинжээч Б.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 373 тоот дүгнэлт /хх-ийн 50-52 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 92-96 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын баримтууд /хх-ийн 71-89 тал/, хохирогчийн шинээр өгсөн баримтуудыг зэрэг болон шүүгдэгч З.Эрдэнэбаярын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг “Бага улаан хад” гэх газарт Ц.Батбаатартай малын бэлчээрээс болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 64 тал/
- 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №47 дугаартай: “...1.2.Ц.Батбаатарын биед зүүн сарвууны 2-р хурууны 1, 2-р үений мултрал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/
- Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан №373 дугаартай: “...1 .Ц.Батбаатарын биед зүүн сарвуун долоовор хурууны 1, 2 дугаар үений мултралт, суналт гэмтэл үүсч уг гэмтлийн улмаас 2-р үений хөдөлгөөн хязгаарлалт болсон нь тогтоогдож байна. 2.Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 50-52 тал/
- Хохирогч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би... нэг найзыгаа хүргэж өгөх гээд Улаанбаатар хот руу хөдлөөд явж байхад манай хонийг Бямбаа шилбүүрдээд явж байсан. Тухайн үед манай малчин морио услах гээд хонио орхисон байсан. Тэгээд би ажиглаад харж байтал манай малчин хонин дээрээ ирсэн. Тэгээд Бямбаа манай малчинтай уулзчихаад над дээр морьтой давхиад ирсэн. Тэгээд шууд машины цонх руу уургаараа цохисон. Тэгээд би машинаасаа буутал Бямбаа мориноосоо бууж ирээд ална чамайг гээд намайг шууд гараараа боосон. Тэгээд би салгах гэтэл миний зүүн гарын долоовор хурууг давхар бариад мушгисан. Тэгээд манай хүүхэд салгах гээд иртэл давхар боосон. Тэгээд намайг хавсарч унагаагаад дээрээс мөрөн дээр цохисон. Тэгтэл манай эхнэр дундуур орж ирээд салгасан. Тэгээд салаад явцгаасан...Бэлчээрээс л болж маргалдаж намайг зодсон...Бямбаа намайг эхлээд хоёр гараараа боосон. Тэгэхээр нь би салгах гээд барьтал миний хурууг давхар мушгисан. Тэгээд мөр даланд гараараа цохисон өөр цохиж зодоогүй...Бямбаа эрүүл байсан...би...эрүүл байсан...Би Бямбааг цохиогүй...Намайг Бямбаа 2019 оны 03 дугаар сард 2 удаа боож байсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/
- Хоёр дахь удаагаа өгсөн: “...Би Бямбажавд 2019 оны 12 дугаар сард зодуулснаас болоод миний зүүн гарын долоовор хурууны хоёр үе мултарсан....Өөрийнхөө мултарсан хурууг оношлуулж, эмчлүүлэх гэж одоогоор би өөрөөсөө 400,000 төгрөг зарцуулаад байна...Би Бямбажаваас эмчилгээний төлбөр, замын зардал болох 900,000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8- 9 тал/,
- Гурав дахь удаагаа өгсөн: “...Тухайн Бямбажав гэх залуутай маргалдсан асуудал нь Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг “Бага улаан хад” гэх газарт 2019 оны 12-р сарын 22-ны өдөр болсон. Би өргөдөл гомдол гаргахдаа 10 орчим хоногийн дараа гаргасан болохоор анхны өгсөн мэдүүлэгтээ цаг хугацааг нь андуурч өгсөн байсан...Би сүүлд баримт гаргаж өгснөөсөө хойш эмчилгээндээ 300.000 төгрөг зарцуулаад байна. Тухайн хүнээс эмчилгээнд зарцуулсан мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
- Дөрөв дэх удаагаа өгсөн: “...би машинаас буугаад ирсэн чинь намайг заамдаад би салгах гэсэн чинь миний зүүн гарын хуруутай цуг цамцыг мушгиад хуруу гэмтээсэн, мөн толгойн ар луу гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
- Гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би нөхөр Батбаатарын хамт хүү болон найзыгаа Улаанбатар хотод хүргэж өгөхөөр өглөө 10 цагийн үед гэрээсээ хөдлөөд явж байтал манай малыг Бямбажав...урагш нь хөөж байсан. Тэгээд бид нар машинтайгаа зогсоод ажиглаад харж байтал манай малчин хонин дээрээ явж очсон. Тэгээд Бямбажав морьтой бид нар дээр ирээд уургаараа манай машины цонх руу цохисон. Тэгтэл манай нөхөр Батбаатар машинаасаа буутал Бямбажав мориноосоо бууж ирээд манай нөхрийг шууд барьж аваад цамцаар нь хоолойг нь шахсан. Тэгээд нуруу руу нь цохиод газар унагаасан. Тэгтэл манай хүү Лувсандорж Бямбажав дээр очтол газар унагаасан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ? Намайг зод чи гэж хэлсэн тэгтэл Батбаатар миний хуруу сонин болчихлоо гэж байсан. Тэгэхэд би Бямбажавтай хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд манай малчин ирээд Батбаатарын гарыг үзэж байгаа харагдсан. Тэгээд Бямбажав явахдаа орон нутагтаа багтахгүй юмнууд чамайг муу авгай минь чамайг мэднэ шүү архи уухаараа эрийн доор хэвтдэг гэж намайг хэл амаар доромжилсон...Ер нь бол бэлчээрээс болж л маргалдсан...хоёулаа эрүүл байсан...Бямбажав гараараа эхлээд боосон. Тэгээд түлхэж унагаагаад дал мөрөнд нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд барилцаж байхдаа зүүн гарын долоовор хурууг мушгисан...3үүн гарын долоовор хуруу мушгираад хойшоогоо ээтийсэн байсан, тэгэхэд Бямбажав өөрөө тэр хурууг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
- Хоёр дахь удаагаа өгсөн: “...Тухайн үйл явдал нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон гэж өмнөх өгсөн мэдүүлэгтээ андуурч өгсөн байсан. 10 орчим хоногийн дараа нөхрийн хуруу өвдөөд болохгүй болохоор нь цагдаад хандаж өргөдөл гаргах болсон юм. Бямбажав гэх залуутай маргалдаж муудалцсан асуудал нь 2019 оны 12-р сарын 22-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Аптанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бага улаан хад гэх газарт болсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 28-29 тал/,
- Гэрч Б.Лувсандоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ээж Алтанцэцэг аав Батбаатар ээжийн найз Урнаа бид нар Улаанбаатар хот руу өглөө явж байхад Бямбажав манай хонийг хөөж байхаар нь бид буцаад хонь руугаа дөхөж очиход манай малчин түрүүлээд хонин дээрээ ирсэн. Тэгээд тэр Бямбажав морьтой ирээд уургаараа манай машины урд шил рүү цохисон. Тэгээд аав машинаасаа буутал Бямбажав морио тушчихаад аавыг шууд заамдаад авсан. Тэгэхээр нь салгах гээд очтол намайг давхар заамдаад намайг түлхээд унагаасан. Тэгээд аавыг хавирч унагаагаад дээрээс нь дарчихсан байсан. Тэгээд манай ээж Урнаа эгч хоёр манай малчин ирээд салгасан. Тэгээд хэрэлдэж байгаад мориндоо мордохдоо та нар нэг нэгээрээ таарнаа гээд заналхийлээд байсан. Тухайн үед манай аавын зүүн гарын долоовор хурууг заамдахдаа эвгүй болгоод хаячихсан байсан...3үүн гарын долоовор хуруу хойшоогоо хотойсон байсан. Тэгээд хавдаад эхэлсэн. Урьд өмнө нь хуруу нь зүв зүгээр байсан...заамдаад боосон, тэгээд хавирч унагааж байсан, намайг газар унагаасан болохоор яг яаж зодсоныг хараагүй, дараа нь хуруу нь эвгүй болчихсон байсан...бэлчээрээс болж л гадуурхаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
- Хоёр дахь удаагаа өгсөн: “...Тус үйл явдал нь Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бага улаан хад гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчим болсон. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж андуурч өгсөн байсан. Хугацааг нь эцэг эхээсээ асууж байгаад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
- Гэрч Х.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Батбаатарын хонийг хөлсөөр малладаг юм. Тэгээд тэр өдөр өглөө хонио бэлчээчихээд морио услах гээд явчихсан байсан. Тэгээд хонин дээр иртэл Бямбажав манай хонийг хөөгөөд явж байсан. Тэгээд намайг очиход Бямбажав над дээр морьтой яваад ирсэн. Тэгээд ард чинь ирж байгаа машин хэн бэ гээд надаас асуухаар нь би манай хэд байна гэж хэлтэл Бямбажав тэр хэд рүү яваад өгсөн би хонио эргүүлчихээд тэд нар дээр яваад очтод Бямбажав мордоод яваад өгсөн тэгтэл Батбаатар гар эвгүй болчихлоо гар татаад өгөөч гэхээр нь би гарыг нь татаж өгсөн тэгээд яваад өгсөн...3үүн гарын долоовор хуруу эвгүй болчихлоо татаад өг л гэсэн...Урьд өмнө нь хуруу нь зүв зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 34-35 тал/,
- Гэрч М.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчим манай нөхөр гэрийн хойно саахалт айлын Батбаатарын хонь бэлчиж байхаар нь гэрийнхээ хойноос холдуулахаар явсан. Тэгээд 12 цагийн орчим буцаад гэртээ хүрээд ирсэн. Манай нөхрийн багалзуур хэсгээр нь улайчихсан байхаар нь юу болсон юм бэ гэж асуусан чинь Батбаатар авгай хүүхэдтэйгээ нийлж ирээд хонь хөөсөн гэж уурлаад маргалдсан. Тэрнээсээ болж ноцолдож байгаад ирлээ гэж ирсэн...”, “...Тухайн үйл явдал нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн бүтэн сайн өдөр болсон...Маргаан болсон өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг болж байхад манай нөхөр Бямбажав нь айлын хонь хөөж холдуулах гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд удаагүй байж байтал 11 цаг 30 минутын орчим хүзүү нь улайж шалбарсан, толгойны ар хэсэгт нь хавдаж хөхөрсөн, баруун талын чамархай нь улайчихсан, уруулын дээд хэсэгт нь жижигхэн зулгарч улайсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 27 тал/,
- Гэрч Ж.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хажууд нь очоод зогсоход нөгөө морьтой хүн Батбаатарын машины цонх руу уургаараа цохисон. Тэгээд тухайн залуу мориноосоо бууж ирээд морио тушсан. Тэгэхээр нь Батбаатар машинаасаа буусан чинь нөгөө морьтой ирсэн хүн Батбаатарыг миний бэлчээр лүү хонио орууллаа гэж уурлаад нэг гараараа заамдаж аваад нөгөө гараараа гарнаас нь зуурсан. Тэгсэн чинь машинаас Батбаатарын авгай хүүхэд хоёр буугаад болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь Лувсандорж аавыг цохиод унагачихлаа гэж орилоод хүүхэд нь болох Лувсандорж салгах гэсэн чинь хүүхдийг нь нөгөө морьтой ирсэн хүн заамдаж барьж байгаад хажуу тийшээ шидэж унагасан...Батбаатар гараа бариад ёооё гээд орилоод гар болохоо больчихлоо гээд хэвтээд байсан...Ямар ч байсан Батбаатарыг заамдаж аваад гарыг нь мушгиад байсан...Дараа нь нөгөө залууг явсаны дараа Батбаатарын гарын долоовор хуруу хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 32-33 тал/,
- Гэрч У.Баатарцогтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Батбаатар 50 настай эрэгтэй хүний зүүн гарын сарвуу ясны рентген зургийг уншихад хоёр дугаар хуруу буюу долоовор хурууны 1, 2 дугаар шивнүүрүүдийн үений харьцаа алдагдаж хагас мултралттай байсан. Би тухайн үедээ хариу дүгнэлт бичихдээ андуурч 1 дүгээр хурууны 1, 2 дугаар үе гэж бичсэн байна. Тухайн хүний зүүн гарын сарвууны хоёр дугаар хурууны 1, 2 дугаар хуруунд гэмтэл учирсан...Би тухайн хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
- Шинжээч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020.01.08-ны өдрийн 47 дугаартай Цэдэв овогтой Батбаатарын биед үзлэг хийхэд зүүн сарвууны 2-р хурууны 1, 2-р үений мултралтай, 2-р хуруунд бхэлгээ гипстэй байсан. Харин 2020.01.03-ны Мөнгөн гүүр эмнэлгийн зүүн талын сарвууны ясны 2 байрлалтын рентген зурагт 1-р хурууны 1, 2-р үений шивнүүр яснуудын үелэх хэсгээр хагас мултралтэй гэсэн дүгнэлтэнд 1-р хуруу гэж алдаатай бичигдсэн байна. Миний гаргасан дүгнэлтэнд ямар нэгэн алдаа байхгүй болно...Ц.Батбаатарын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу хүний гараар мушгих, хүчтэй татах, эргүүлэх үед үүсгэгдэх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
- Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдачаар мэдүүлсэн: “тухайн өдөр Ц.Батбаатарын хонь манай гэрийн гадаа яваад ирсэн юм. Тэгэхээр нь би хонийг нь хөөгөөд явж байсан чинь Ц.Батбаатарын малчин гэх Баярсайхан яваад ирсэн. Тэгтэл араас нь машинтай ирж байсан би малчин Баярсайханаас энэ хүмүүс юун хүмүүс юм бэ гэсэн чинь манай хүмүүс байгаа юм. Тэгээд машинтай хүмүүс ирээд зогсоод би морьтой байсан. Тэгтэл миний барьж байсан уурга машинд нь хүрсэн. Тэгээд би мориноос буугаад морио тушаад тэгтэл Батбаатар машинаас буугаад гадуур хувцасааа тайлаад тэгхэд машин дотроос араас нь хүүхэд нь ааваа боль гэж байгаа дуулдсан. Тэгээд Батбаатартай бид хоёр бие биенээ заамдалцаад авсан...Батбаатар намайг барьчихсан байсан, барьцыг нь тавиулах гээд цааш нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Хохирогч Ц.Батбаатарын биед “зүүн сарвуун долоовор хурууны 1, 2 дугаар үений мултралт, суналт” гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Ц.Батбаатарын биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.Бын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Бын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Батбаатар нь мөрдөн байцаалтын шатанд 415.100 төгрөгийн, шүүхийн шатанд 397419 төгрөгийн нийт 812.519 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батбаатарт 500.000 төгрөг төлж, үлдэгдэл 312.519 төгрөгийг төлөхөө илэрхийлж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ж.Баас 312 519 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батбаатарт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу нь “Ж.Б нь 500 000 гаруй малтай, 3 оюутан хүүхэдтэй малчин хүн байгаа. Малчин хүний хувьд нийтэд тустай ажил хийлгэх нь цаг үеийн нөхцөл байдлын хувьд үнэхээр хэцүү байгаа тул хувийн байдлыг харгалзан үзээд 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ж.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч ж.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Быг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь хохирогч Ц.Батбаатарт 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Баас 312.519 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батбаатарт олгосугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА