| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0354/И |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо 16 дугаар байрны 147 тоотод оршин суух, Салон овогт Халзангийн Энхцэцэг /РД:УД62101704/-ийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар дуусгавар болсон. Иймд намайг 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхцэцэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Х.Энхцэцэгийн ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон байна.
Нэхэмжлэгч Х.Энхцэцэг нь 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл Цэргийн оёдлын 2 дугаар үйлдвэрт, 1993 оны 05 сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Бүтээлч ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Х.Энхцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Налайх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 000011761 дүгээр архивын лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт, Бүтээлч компанийн ерөнхий захирлын 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 90 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, гэрч Ц.Дэнсмаа, Д.Эрдэнэчимэг, Н.Нансал нарын ...Д.Энхцэцэгтэй 1983 оноос 1995 он хүртэл цэргийн оёдлын үйлдвэр болон Бүтээлч ХК-д оёдолчноор хамт ажиллаж байсан гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Х.Энхцэцэгийг 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуустал хугацаанд Цэргийн оёдлын 2 дугаар үйлдвэрт болон Бүтээлч ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч Х.Энхцэцэгийг 1983 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл Цэргийн оёдлын 2 дугаар үйлдвэрт оёдолчноор,
1993 оны 05 сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Бүтээлч ХК-д оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар Х.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ