Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1000

 

 

 

 

 

 

 

     

   2021            11             03                                        2021/ШЦТ/1000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ш овогт Э-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0084 31170 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Э-гийн Б- нь Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 269 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,  

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Э.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 0 дугаар гудамжны 00 тоот болох иргэн Ө.Ө-ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, найман шарга морины дүрстэй сувинер 1 ширхэг, морин хуурч өвгөний дүрстэй сувинер 1 ширхэг, эвтэй дөрвөн амьтны дүрстэй сувинер 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, морины хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхгийг уутны хамт буюу нийт 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн;

-2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Э.Б-гийн эзэмшлийн I phone-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 464.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2108 0084 31170 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ө.Ө-ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:

 

            1.1. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод хулгайч орж гэр дотроос сувинер алга болсон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

           

            1.2. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дугаар тал),

 

            1.3. Хохирогч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “...Би 2021 оны 4 дүгээр сарын 07-ны орой 19 цаг 10 минутын орчимд ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод байх гэртээ ирээд ...том өрөөнд орж ирэхэд зурагтын тавиур дээрх 8 шарга морины дүрстэй модон сувинер, морин хуурч өвгөний дүрстэй сувинер, эвтэй дөрвөн амьтны модон сувинер, зэс аяга 2 ширхэг, морины хазаар, гаанс тамхины гадар уут, гаансны хамтаар байхгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

            1.4. Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

            “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8-15 тоотод эхнэр Ө-ын хамт амьдардаг. ...19 цагийн орчимд унтаж байхад эхнэр Ө- ирээд намайг дагуулаад гэр рүү явсан. Тэгээд манай эхнэр хоол хийж байгаад том өрөөнд ортол гэрээс эд зүйл алга болсон байхыг мэдээд надад хэлсэн. Би өдөр согтуу байсан болохоор тэр зүйлийг анзааралгүй шууд гараад явчихсан юм. Манай гэрийн хаалга бүрэн бүтэн болохоор намайг гэрт унтаж байх хооронд хулгай орсон байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

            1.5. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд Налайхад такси барьж ирээд таксины мөнгө гаргуулж авахаар “Шүрэн” гэх нэртэй дэлгүүр ороход залуухан эмэгтэй худалдагч байхаар нь архи, зайрмаг авсан. Худалдагч хүүхэн надад пос машинд 500 төгрөгийн шимтгэлтэй 5.000 төгрөг гаргаж өгөх хооронд би цонхны тавцан дээр байсан худалдагчийн I phone маркийн, хар өнгийн, мэдэрдэг дэлгэцтэй гар утсыг хулгайлж гараад Хонхорт явж байхдаа гудамжинд таарсан танихгүй эмэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зарсан.

            2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн орчимд Зүүн салаанд таньдаг айлд очих санаатай согтуу явж байгаад нэг айлын хашаа руу ороод шар өнгийн байшингийн хаалгыг таттал цоожгүй, онгорхой байхаар нь дотор нь ортол орон дээр нь нэг согтуу хүн унтаж байсан. Тэгээд би шилэн хаалгатай тавилгынх нь  нэг хаалгыг онгойлгоод 8 шаргын сувинер, морины хуурч өвгөний дүрстэй сувинер, эвтэй дөрвөн амьтны дүрстэй сувинер, 2 ширхэг зэс аяга, морины суран хазаар, гаанс ууттай нь хамт хулгайлж авч яваад Хархорин захын тэнд танихгүй хүнд бүгдийг нь 100.000 төгрөг, 1 шил архиар зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-72 дугаар тал),

 

            1.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 04/118 дугаартай “...дүгнэлтийн ...3 дугаартай гарын мөр MN003410006842, MN000810009064, MN0009410009416 дугаараар бүртгэгдсэн Э.Б-ын баруун гарын алганы хээтэй тохирч байна. /Шинжээч Б.Мөнхбат/ ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-49 дүгээр тал),                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

            1.7. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 21/060 дугаартай “...Найман шарга морины дүрстэй сувинерийг 70.000 төгрөгөөр, морин хуурч өвгөний дүрстэй сувинерийг 70.000 төгрөгөөр, эвтэй дөрвөн амьтны модон сувинерийг 50.000 төгрөгөөр, жижиг зэс аягыг 50.000 төгрөгөөр, том зэс аягыг 70.000 төгрөгөөр, морины хазаарыг 40.000 төгрөгөөр, гаансыг 200.000 төгрөгөөр, нийт үнийг 550.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

 

2. Хохирогч Э.Б-гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд  

            2.1. Хохирогч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед манай дэлгүүрт үл таних эрэгтэй ганцаараа орж ирээд нэг шил 0.33 литрийн Хараа архи, зайрмаг аваад цахим картаар 6.750 төгрөгийн үйлчилгээ хийгээд дэлгүүрээс гарч явсан. Удалгүй 11 цаг 44 минутад эргэж орж ирээд “ах нь таксины мөнгө өгөх гэсэн юм, карт уншуулаад надад бэлэн 5.000 төгрөг өгчих” гэхээр нь би “500 төгрөгийн шимтгэл авдаг шүү” гэхэд тэр ах хамаагүй гэхээр нь цахим карт уншуулаад 5.500 төгрөг уншуулаад бэлнээр 5.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр үл таних ах дэлгүүрээс гарсны дараа цонхны тавцан дээр байсан миний I phone-7 гар утас байхгүй болсон байсан. Гар утсаа хайгаад олдохгүй байхаар нь дэлгүүрийн камер шүүхэд надаас бэлэн 5.000 төгрөг авсан ах миний гар утсыг авч халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан. Орой 18 цагт ажил бага болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),

 

            2.2. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...11 цагийн үед таксинд суугаад ...Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Шүрэн” дэлгүүрийн гадаа ирж буугаад архи авахаар дэлгүүр рүү ороод архи, зайрмаг авчхаад, картаас мөнгө уншуулаад бэлэн 5.000 төгрөг гаргаад өгчих гээд дэлгүүрийн худалдагчийг гуйсан. Тэгээд миний картыг төхөөрөмжиндөө уншуулж байх хооронд цонхны тавцан дээр байсан худалдагчийн гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. ...Хонхор гэх газарт очоод алхаж байгаад гудамжинд таарсан нэг танихгүй ахад хулгайлсан гар утсаа 30.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар тал),

 

            2.3. “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн НА-20-175 дугаартай “...Iphone-7 маркийн гар утасны үнийг 464.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 126-127 дугаар тал),

           

            2.4. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Б-гаас ирүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тус дэлгүүрийн лангууны ард улаан цамцтай, хар саарал өмдтэй, хар гуталтай эмэгтэй хүн зогсож байх бөгөөд гаднаас “Эрдэнэс таван толгой” гэсэн бичигтэй ажлын хувцастай, 170 см орчим өндөртэй, саарал саравчтай малгайтай, маск зүүсэн эрэгтэй орж ирэх ба худалдагч дээр очиж карт уншуулаад худалдагчийг цааш эргэх үед нь цонхны тавцан дээрээс тонгойж байгаад эд зүйл аваад халаасандаа хийж байгаа гэх ач холбогдох бүхий дүрс бичигдсэн байсан. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 116 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд

            3. Шүүгдэгч Э.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 75 дугаар тал), Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 269 дугаартай захирамжийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 77-82 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоот болох иргэн Ө.Ө-ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, найман шарга морины дүрстэй сувинер 1 ширхэг, морин хуурч өвгөний дүрстэй сувинер 1 ширхэг, эвтэй дөрвөн амьтны дүрстэй сувинер 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, морины хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхгийг уутны хамт буюу нийт 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

-мөн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Э.Б-гийн эзэмшлийн “I phone-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 464.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба дүгнэлтдээ “Э.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож үргэлжилсэн үйлдлээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.Б- нь:

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоот болох иргэн Ө.Ө-ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, найман шарга морины дүрстэй сувинер 1 ширхэг, морин хуурч өвгөний дүрстэй сувинер 1 ширхэг, эвтэй дөрвөн амьтны дүрстэй сувинер 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг, морины хазаар 1 ширхэг, гаанс 1 ширхгийг уутны хамт буюу нийт 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулаллтай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт нь:

            -2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод хулгайч орж гэр дотроос сувинер алга болсон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

            -2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дугаар тал),

            -Хохирогч Ө.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 4 дүгээр сарын 07-ны орой 19 цаг 10 минутын орчимд ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 8 дугаар гудамжны 15 тоотод байх гэртээ ирээд ...том өрөөнд орж ирэхэд зурагтын тавиур дээрх 8 шарга морины дүрстэй модон сувинер, морин хуурч өвгөний дүрстэй сувинер, эвтэй дөрвөн амьтны модон сувинер, зэс аяга 2 ширхэг, морины хазаар, гаанс тамхины гадар уут, гаансны хамтаар байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

            -Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цагийн орчимд унтаж байхад эхнэр Ө- ирсэн. ...манай эхнэр хоол хийж байгаад том өрөөнд ортол гэрээс эд зүйл алга болсон байхыг мэдээд надад хэлсэн. Би өдөр согтуу байсан болохоор тэр зүйлийг анзааралгүй шууд гараад явчихсан юм. Манай гэрийн хаалга бүрэн бүтэн болохоор намайг гэрт унтаж байх хооронд хулгай орсон байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

            -Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Налайхад такси барьж ирээд таксины мөнгө гаргуулж авахаар “Шүрэн” гэх нэртэй дэлгүүр ороход залуухан эмэгтэй худалдагч байхаар нь архи, зайрмаг авсан, ...худалдагч хүүхэн надад пос машинд 500 төгрөгийн шимтгэлтэй 5.000 төгрөг гаргаж өгөх хооронд би цонхны тавцан дээр байсан худалдагчийн I phone маркийн, хар өнгийн, мэдэрдэг дэлгэцтэй гар утсыг хулгайлж гарсан.

            2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн орчимд Зүүн салаанд ...нэг айлын хашаа руу ороод шар өнгийн байшингийн хаалгыг таттал цоожгүй, онгорхой байхаар нь дотор нь ортол орон дээр нь нэг согтуу хүн унтаж байсан. ...Би шилэн хаалгатай тавилгынх нь  нэг хаалгыг онгойлгоод 8 шаргын сувинер, морины хуурч өвгөний дүрстэй сувинер, эвтэй дөрвөн амьтны дүрстэй сувинер, 2 ширхэг зэс аяга, морины суран хазаар, гаанс ууттай нь хамт хулгайлж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-72 дугаар тал),

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээчийн “...3 дугаартай гарын мөр MN003410006842, MN000810009064, MN0009410009416 дугаараар бүртгэгдсэн Э.Б-ын баруун гарын алганы хээтэй тохирч байна. /Шинжээч Б.Мөнхбат/ ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-49 дүгээр тал),                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

            -“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

            Мөн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүрэн” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн Э.Б-гийн эзэмшлийн I phone-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 464.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

            -Хохирогч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед манай дэлгүүрт үл таних эрэгтэй ганцаараа орж ирсэн.

...тэр үл таних ах дэлгүүрээс гарсны дараа цонхны тавцан дээр байсан миний “I phone-7” гар утас байхгүй болсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),

            -Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...11 цагийн үед таксинд суугаад ...Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Шүрэн” дэлгүүрийн гадаа ирж буугаад архи авахаар дэлгүүр рүү ороод архи, зайрмаг авчхаад, картаас мөнгө уншуулаад бэлэн 5.000 төгрөг гаргаад өгчих гээд дэлгүүрийн худалдагчийг гуйсан. ...картыг төхөөрөмжиндөө уншуулж байх хооронд цонхны тавцан дээр байсан худалдагчийн гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дугаар тал),

            -“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 126-127 дугаар тал),

            -2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Б-гаас ирүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 116 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б- нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тус гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

             “Мастер үнэлгээ” ХХК нь хохирогч Ө.Ө-ын хулгайд алдагдсан эд зүйлийн нийт үнийг 550.000 төгрөгөөр, “Дамно” ХХК нь хохирогч Э.Б-гийн Iphone-7 маркийн гар утасны үнийг 464.000 төгрөгөөр тус тус тогтоожээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрээс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Э.Б-гийн “Хаан банк”-ны 5031762172 тоот данс руу “Э.Б- хохирол барагдуулав” гэсэн утгатай 464.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ө.Ө-ын 5025045889 тоот данс руу 550.000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. Иймд шүүгдэгч Э.Б- нь хохирогч Ө.Ө-, Э.Б- нарт төлөх төлбөргүй байна. 

             

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатараас “Шүүгдэгч Э.Б-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Шүүгдэгч Э.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 2 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.Б- нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус тус үйлдсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэг хамаарахаар байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж, тус зүйлийн 7.2 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/  гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Э.Б-т оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 2 жил 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б-ыг иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Э-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш овогт Э-гийн Б-ыг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 (дал) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 2 (хоёр) жил 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 2 (хоёр) жил 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

9. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Ө-, Э.Б- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Б-т  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА