Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 93

 

2016.08.22 Дугаар-93
    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0103/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Я.Сансар,    
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Ганхуяг
Шүүгдэгч                        Д.Түмэндалай нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Түмэндалайд холбогдох эрүүгийн 201623000144 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Цэргийн хотхон 04-179 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан, хэрэг хариуцах чадвартай Гульшар овогт Дашдаваагийн Түмэндалай /РД:83061234/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Яллагдагч Д.Түмэндалай нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хаялага” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Хангарьд” шатахуун түгээх станцын баруун урд талд Нэткапитал-Авто ХХК-ны эзэмшлийн 39-75 УБЦ улсын дугаартай Тоёото приус маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамааруулан ойлгоно/ бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан 29-83 УНЕ улсын дугаартай Ниссан преса маркийн автомшинтай мөргөлдсөний улмаас унаж зам тээврийн осоол гаргаж тус автомашинд зорчиж явсан иргэн А.Солонгын бие махбодид хүнд гэмтэл, иргэн Т.Шараагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, М.Норжинямбуугийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Санчинхүүд 1.525.200 төгрөгийн хохирол, Нэткапитал-Авто ХХК-д 1.459.987 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
             
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч А.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймагруу явахаар тоёото приус 20 маркын автомашинтай гарсан. Би машины урд талын суудалд суусан, миний ард талд өвөө суугаад хажуу талд нь эмээ суугаад эмээгийн хажуу талд найз Отгонжаргал суусан байсан. Хэнтий аймагт 20 цагийн үед ирсэн шиг санаж байна... жолооч Хэнтий аймгийн урд талд байдаг колонкоос талон авна гэхээр нь тэнд нь бие засья гэж бодож байсан. Уг колонкийн тэнд очоод колонкийн гарц руу эргэхэд эсрэг талын урсгалын машин манай машинтай мөргөлдсөн. Намайг харахад эсрэг талын урсгалаас ногоон саарал өнгийн машин их хурдтай явж ирж харагдсан. Жолооч урдаас ирж байсан машиныг харсан эсэхийг мэдэхгүй байна. Ослоос болоод миний биеийн хэвлийн хөндий өвдөөд байсан. Би гомдолтой байна эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилж байна. ... Миний сууж явсан машины жолооч өөдөөс нь машин ирж байхад кологкруу эргэж л байдаг миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/ 
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.070 дугаартай дүгнэлт: А.Солонгийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, их сэмжний урагдал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цутгалан гэдэсний хэсгүүдийн няцрал, хэвлийн хөндийн дотуур цус хуралдалт /гемоторокс/ цус алдалтын дараах шок... зэрэг бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 57 хуудас/  
Хохирогч Т.Шараагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Хэнтий аймгаас өнгөрөөд аймгийн урд талд байдаг шатахуун түгээх станцаас жолооч бензин авна гээд замаас хойд зүг рүү зуурт манай машин өөр машинтай мөргөлдсөн. Осол болсны дараа харахад миний дээрээс эхнэр, нөгөө эмэгтэй 2 дарсан байсан. Миний талаар машин унасан байсан машинаас гарах гэтэл би босож чадахгүй хөл хугарсан байдалтай байсан аймгийн эмнэлэгт ирээд хөлний зурагаа авахуулаад 2 хөл хугарсан байсан. ... Жолооч хүү урдаас машин ирэхийг хараагүй гэсэн би машин ирж байхыг харсан. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.128 дугаартай дүгнэлт: Т.Шараагийн биед баруун шилбэны шаант, тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал, мөн зүүн шаант ясны гандан хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 60 хуудас/
Хохирогч М.Норжинбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Дорнод аймагруу явахдаа замын унаанд суусан. Тэгээд Хэнтий аймаг дөнгөж өнгөрөөд явж байхад гэнэт машин мөргүүлээд унасан би тухайн үед унтаж явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.135 дугаартай дүгнэлт: М.Норжинбуугийн биед цээжний зүүн талд 8,9-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниудах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 62 хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Санчинхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Ослын улмаас миний автомашинд 1.525.200 төгрөгийн хохирол учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 25 хуудас/
Автомашинд учирсан хохирлын үнэлгээ /хх-ийн 174 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Иргэн Түмэндалай нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тоёото приус маркийн 39-75 УБЦ улсын дугаартай автомашиныг барьцаалан 2.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Тус компанийн нэр дээр байгаа тоёото приус 20 маркийн 39-75 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд зам тээврийн осол гаргаснаас эвдэрч үнэгүйдэж байгаа тул манай байгууллага барьцаа хөрөнгөгүй болоод байна. 1.459.987 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна ...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/
Гэрч Ц.Санчинхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Дорнод аймгаас өөрийнхөө 29-83 УНЕ улсын дугаартай ниссан преса маркын суудлын автомашинтай эхнэр болон 2 хүүхдийнхээ хамт Улаанбаатар хот орохоор үдийн хойно гарсан. Тэгээд Чингис хотын урд байдаг шатахуун түгээх газрын ойролцоо явж байтал тэр шатахуун түгээх газрын цаанаас буюу баруун талаас миний өөдөөс цэнхэр өнгийн приус 20 маркийн суудлын автомашин ирж байгаа харагдсан тэр машин ямар нэгэн дохио өгөөгүй явж байсан би тэр машиныг чигээрээ явах гэж байна гэж бодоод өөдөөс явж байтал нь гэнэт урдуур шатахуун түгээх газрын баруун уулзвар луу эргээд ороод ирсэн. Би энэ үед тэр шатахуун түгээх газрын зүүн талын уулзварыг өнгөрөөд яг голд нь явж байсан тэгээд тэр машин гэнэт миний урсгал руу эргээд ороод ирэхээр нь тормос гишгэсэн боловч гулгаж очоод тэр машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07 хуудас/
Зам тээврийн осолд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 48, 52-53 хуудас/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140хуу/ зэрэг болно. 

Шүүгдэгч Д.Түмэндалай нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хаялага” гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Хангарьд” шатахуун түгээх станцын баруун урд талд Нэткапитал-Авто ХХК-ны эзэмшлийн 39-75 УБЦ улсын дугаартай Тоёото приус маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт мөн дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамааруулан ойлгоно/ бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан 29-83 УНЕ улсын дугаартай Ниссан преса маркийн автомшинтай мөргөлдсөний улмаас унаж зам тээврийн осоол гаргаж тус автомашинд зорчиж явсан иргэн А.Солонгын бие махбодид хүнд гэмтэл, иргэн Т.Шараагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, М.Норжинямбуугийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Санчинхүүд 1.525.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт,  хохирогч, гэрч  болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч Д.Түмэндалайд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон ба эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарын эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Нэткапитал ХХК нь 1.459.987 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч зээлийн гэрээгээ цуцалсан тухай баримтыг ирүүлээгүй, гэрээнд заасан нөхцөлөөр гэрээгээ цуцалсан баримт байхгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж тус компани нь иргэний журмаар зээлийн төлбөрөө шаардах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гульшар овогт Дашдаваагийн Түмэндалайг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан, бусдад бага бус хэмжээний хохирол учруусан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь шүүгдэгч Д.Түмэндалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түмэндалайд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Д.Түмэндалайд оногдуулсан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 452497 дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Түмэндалайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
7.Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түмэндалайд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Түмэндалайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Ц.МӨНХТУЛГА