Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0633

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “М”ХХК.

         Хариуцагч: ШӨХТГУБ Т.Б, С.Л, Д.Д нар

Гомдлын шаардлага: “ШӨХТГУБ Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох”  шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,  хариуцагч Г.Б, Д.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Гомдол гаргагч “М”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хшүүхэд гаргасан гомдолдоо: “М” ХХК нь “М С с К К ” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн "О*******” худалдааны төвөөр дамжуулан худалдаалдаг юм.

2018 оны 05 сард “М С Э К К” ХХК-аас өөрийн нэрийн нийлүүлдэг бүтээгдэхүүнүүд (ус ундаа)-г үнийг нэмэгдүүлж зарах, бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Н******* сүлжээ дэлгүүр, ******* дэлгүүр нартай ижил үнээр худалдаалах тухай мэдэгдлийг манай компанид ирүүлсэн.

Үүнээс хойш “М С Э К К” ХХК-иас барааны үнийг нэмж худалдаалах тухай шахалт болон манай компанид бараагаа нийлүүлэхгүй зогсоосон тул, манай компанийн зүгээс хэвлэлийн бага хурал хийж, 2018 оны 05-р сарын 31-нд өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргасан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэсэн хэмээн удаа дараа дуудан уулзаж, мэдүүлэг авч байсан ба 2018 оны 08 сарын 03 -ны өдөр утсаар холбогдож танай гомдлоор Н*******, ******* нарт торгууль оногдуулахаар болсон хэмээн мэдэгдсэн.

Ийнхүү 2018 оны 08 сарын 03-ны өдөр очиж гомдол шийдвэрлэсэн тухай хариуг бичгээр авах гэтэл 2018 оны 08 сарын 03-ны өдрийн №0005529 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсаар манай компанид 11.955.330 төгрөгийн торгууль оногдуулсан болохыг мэдээд, шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гарын үсэг зурахаас татгалзсан.

Ингээд 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 2/1092 дугаар бүхий албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас манай компани руу шуудангаар хүргүүлсэн байсныг бид 2018 оны 08 сарын 06-ны өдөр гардан авсан.

2018 оны 08 сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 10.7.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:                                                                        1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; ” гэж заасныг үндэслэн торгууль оногдуулсан байдаг.

Гэтэл манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар Н******* сүлжээ дэлгүүр болон ******* дэлгүүр нартай барааны үнийг хэлцэн тохирсон зүйлгүй харин ч Н*******, ******* нар нь ундааны үнийг хэлцэн тохирч борлуулан, манай компанийг ижил үнээр худалдаалахыг үйлдвэрлэгчээр дамжуулан мэдэгдэн, дарамт, шахалт үзүүлсэн байтал ийнхүү гомдол гаргагчийг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь хууль бус юм.

Нөгөөтэйгүүр “М С Э К К” ХХК болон Н******* сүлжээ дэлгүүр, И- март нарын барааны үнийг хэлэлцэн тохирч, бараа бүтээгдэхүүнийг ижил үнээр худалдаалахыг шахаж, дарамталж буй үйлдлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй тул гомдол гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1 .-т “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. ” гэж заасны дагуу “М” ХХК хохирогч юм.

          Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудас бичиж, торгууль ногдуулах болсон шалтгаанаа амаар тайлбарлахдаа “танай компани “М С Э К К” ХХК-тай байгуулсан бараа, бүтээгдэхүүн борлуулах гэрээгээр тогтоосон үнийг нэмж худалдаагүй байна” гэж байгаа нь зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй буюу хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар торгууль оногдуулсан байгаа нь харин ч хууль зөрчсөн шийдвэр гаргасан болох нь илэрхий байна.

Хоёр компанийн хооронд байгуулагдсан хувийн эрх зүйн гэрээг зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар биш бөгөөд бидний хороонд байгуулагдсан гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа ба ямар нэгэн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болно.

Бид ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй харин зөрчил гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагыг шалгуулахаар гомдол гаргасан байтал манай компанид 1 1,955,330 төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.

          Иймд ШӨХТГУБ Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 08 сарын 03-ны өдрийн №0005529 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М******* компани нь Э С Э К К компанийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн О******* худалдааны сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. 2018 оны 5 сард Э С Э К К компаниас Н******* болон Емарт худалдааны төвд худалдаалагдах үнэтэй ижил үнээр борлуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Тухайн борлуулах барааг зогсоосон үйл ажиллагаа явуулсан. Үүнтэй холбоотойгоор манай компани Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа дуудан тайлбар авсан байдаг. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Н******* болон Емарт дэлгүүрт шийтгэл оногдуулах болсон тухай мэдэгдлийг амаар хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзээд гомдол гаргагчид дуусгавар болсон тухай хариу мэдэгдэх хуудсыг авахаар очтол тус компанид 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 005529 дугаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 11.955.330 төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг үзүүлсэн. Үүнийг холбогдох компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас шүүхийн журмаар гомдол гаргасан.

Шийтгэлийн хуудсын үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчлийн 10.7 дугаар зүйлийн 1-т заасан аж ахуй нэгжид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудас ногдууллаа гэсэн агуулгатай шийтгэлийн хуудас. Гэтэл тус компанийн зүгээс ямар нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүнийг хэлэлцэн тохирсон зүйл байхгүй. Бусдыг ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Энэ шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. М******* компани өөрөө 05 дугаар сарын 31-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан гомдол гаргагч байхад процессын ажиллагаа буруу хийгдэж гомдол гаргагчид шийтгэлийн хуудсыг ногдуулсан нь хууль бус байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Гэрээг тайлбарлахад хоёр компанийн хооронд байгуулсан нийлүүлэлтийн гэрээ гэж тайлбарлаад байгаа юм. Энэ гэрээн дээр үнэ тогтоосон нөхцөл байдал бол байхгүй. Зөрчлийн хэрэгт авагдсан үнийн санал өгдөг гэж тайлбарласан байдаг. Өөрсдөө жишээлбэл 1000 төгрөгөөр зарах байдал үнийг хэлэлцэн тогтоох гол нөхцөл нь манайх бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө цаашлаад 1100 төгрөгөөс дээшээ битгий зар гэж шаардлага тавьж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Хэрэглэгчийн эрх ашиг өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал хаана байгаа нь харагдахгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдэд ямар үйл ажиллагаа явуулах талаар тодорхой дурдсан. М зөрчлийн хэрэгт гомдол гаргагчаар явж байсан юм. Шийтгэлийн хуудас гарах хүртэл гомдол гаргагчаар явж байсан. Процессын маш том зөрчил гарсан байгаа юм. Үндсэндээ 4 сарын зөрчил байна гэж үзсэн. Зөрчлийн ажиллагаа гэрээ байгуулагдсан өдрөөс хойш шалгаад явсан байсан.  М-ээс өрсөлдөөнийг хязгаарласан зүйл байхгүй тодорхойгүй байна гэж үзэж байна” гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 07 дугаартай тогтоолоор улсын ахлах байцаагч Т.Б, улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Д.Д нарын бүрэлдэхүүнтэй “М”ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу "М С Э К К" ХХК, “Н т трейд” ХХК, С хайпермаркет” ХХК-дад холбогдуулан 1802000242 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гарын үсэг зурахаас
татгалзсан, 2018 оны 2/1092 дугаартай албан бичгээр манай компани руу шуудангаар хүргүүлсэн байсан гэх тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.7-д “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан байдаг.

“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1802000242 дугаартай зөрчлийн хэргийн материалтай танилцсан боловч гарын үсэг зурахаас татгалзаж, шийтгэлийн хуудсыг хүлээн аваагүй. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 0005529 дугаартай шийтгэлийн хуудсын хувийг албан бичгээр “М” ХХК-д шуудангаар хүргүүлсэн. Энэхүү үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл биш юм.

М*******” ХХК нь Н******* сүлжээ дэлгүүр болон И март дэлгүүр нартай үнийг хэлэлцэн тохирсон зүйлгүй гэх тухайд: “М” ХХК-ний Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30/05 дугаартай “өргөдөл гаргах тухай” гомдолд "М С Э К К" ХХК-иас 463 дугаартай албан бичгээр "... жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажиллах, хамтын ажиллагааны гэрээнд саналын үнийг баримтлан ажиллах...” талаар, 493 дугаартай албан бичгээр “... 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа талаар...” мэдэгдэл ирүүлсэн, мөн "М С Э К К"  ХХК нь “... өөрийн бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр нэг үнээр худалдаалах бодлого баримтална гэсэн шахалтаар “О*******” супермаркетыг одоо худалдаалж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр дахин 5 хувь нэмж, “Н” болон “И- м”-ын сүлжээ дэлгүүрүүдтэй ижил үнэтэй бол гэсэн хууль бус шаардлага тавьж байгаа нь холбогдох хууль зөрчсөн” тухай дурдсан. Харин зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 07/13 дугаартай “Мэдэгдэл гаргах тухай” албан бичгээр “Танай байгууллагад 2018.05.30-ны өдөр гаргасан албан хүсэлт нь үгсэн хуйвалдаж үндэсний үйлдвэрлэгч нарыг дарамталж байгаа Н*******, И март дэлгүүрүүдэд манай гомдол хамаатай болно. Үндэсний үйлдвэрлэгч "М С Э К К" ХХК-д уг гомдол хамааралгүй болно” гэх бичгийг тус газарт ирүүлсэн.

"М С Э К К" ХХК нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа. бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нартаа “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” албан бичгийг бүтээгдэхүүний үнийн жагсаалтын хамт хүргүүлдэг байна. Бүтээгдэхүүний үнийн жагсаалт бүхий хавсралт нь бүтээгдэхүүний нэр төрөл, савалгаа, бар код, үйлдвэрийн үнэ, саналын үнэ гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөх Кока кола, хүслийн, түмний, бидний ундааны төрлүүд, fuze цай, bоnаgug усны нийт 43 бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийг саналын үнийн хамт 2018 оны 5 дугаар сард харилцагч нартаа албан тоотоор хүргүүлсэн байсан.

"М С Э К К" ХХК болон “М”ХХК 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №МСSСС17-05-35 дугаартай “Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний уулзалтын үеэр жижиглэнгийн үнийн саналыг баримтлан ажиллахыг харилцан тохиролцож танай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч, дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.14-т “Худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч оруулсан.” гэж, "М С Э К К"ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, “"М С Э К К" ХХК-ний борлуулалтын албаны ахлах менежер Г.Б, "М С Э К К"ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч М.Х-ийг байлцуулан 2018 он 6 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “саналын үнийг санал болгодог, хэрэглэгч нарт борлуулахад тохиромжтой үнэ санал болгодог.” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд "М С Э К К" ХХК-ний саналын үнэ гэдэг нь бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах жижиглэнгийн үнэ болох нь нотлогдож байна.

"М С Э К К" ХХК нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажилладаг тул “М”ХХК-ийг МС5СС 17-05-035 дугаартай гэрээнд заасан саналын үнэ дагаж мөрдөх талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаартай албан бичгээр шаардлага хүргүүлсэн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр саналыг үнийг мөрдөхгүй байгаа тул бараа бүтээгдэхүүний хязгаарлалт хийж байгаа талаар тус тус шаардлага хүргүүлсэн нь эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа сүлжээ дэлгүүр өөрсдийн үнийн бодлого баримталж "М С Э К К" ХХК-ийн саналын үнээс хэрэглэгчдэд борлуулах, бусад сүлжээ дэлгүүртэй үнээр өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан.

Өрсөлдөөний эрх зүй, практикт үйлдвэрлэгч. бөөний худалдаа эрхлэгч нь аливаа бараа бүтээгдэхүүний дахин борлуулах жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ байгуулах нь босоо хэлбэрийн картель гэж үздэг. Өөрийн үнийн бодлогоор жижиглэнгийн үнэ тогтоосон компанид харилцан тохиролцсон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг түр зогсоосон, саналын унийг дагаж мөрдөх шаардлагыг "М С Э К К" ХХК хүргүүлж байгаа нь шингэн хүнсний зах зээлд жижиглэнгээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг барьж байна. Үйлдвэрлэгч болон борлуулагчид бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож тогтоосноороо борлуулагч буюу жижиглэнгийн худалдаачид бусад худалдаачидтайгаа үнээр өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарладаг. Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн дунд үнийн өрсөлдөөн байснаар бараа бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний сонголт хийх боломж нэмэгдэх юм.

"М С Э К К" ХХК-ийн жижиглэнгийн нэг үнийн бодлогыг баримталж сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК-тай жижиглэнгийн үнийг харилцан тохиролцсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:” гэж, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл “Н******* *******” ХХК болон “С*******” ХХК-иудтай үнийг хэлэлцэн тохирсон зөрчил үйлдсэн гэж торгууль оногдуулаагүй.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, гомдол гаргагчийг үндэслэлгүйгээр
буруутгаж байгаа нь хууль бус үйлдэл гэх тухайд: "М С Э К К" ХХК-аас “М”ХХК-д хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр "... 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №МС5СС17-05-35 дугаартай “Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.14-т “Худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч оруулсан. Гэрээний энэхүү заалтыг баримтлан ажиллахыг худалдагч талын зүгээс албан бичгээр болон амаар удаа дараа сануулсан боловч танай зүгээс шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээний үүргээ та бүхэн хэрэгжүүлэхгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа нийлүүлэлтийг хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байсан.

“М” ХХК нь 2017 оны 9 дүгээр сар хүртэл “М С Э К К" ХХК-тай гэрээгээр харилцан тохиролцсон саналын үнэ буюу 15-17 хувийн нэмэгдэлтэй үнийг дагаж мөрдөж байгаад, 2017 оны 10 дугаар сараас өөрсдийн бодлогоор "М С Э К К" ХХК-ийн үйлдвэрийн үнэ дээр 10 хувийг нэмж, "М С Э К К" ХХК-тай гэрээгээр харилцан тохиролцсон саналын үнээс доогуур борлуулж, зах зээл дээр ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа “Н*******”, “*******” сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа барааны үнээс хямд борлуулж эхэлсэн талаар “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “М”ХХК-ний ерөнхий менежер ажилтай Т.Г*******ийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгээр болон “М”ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6-18/01/дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж, 1.5 дугаар зүйлийн 1.5.6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.” гэж тус тус заасан байдаг.

Хэдийгээр “М”ХХК нь 2017 оны 10 дугаар сараас "М С Э К К" ХХК-ийн саналын үнийг дагахаа больж, өөрсдийн бодлогоор үнээ тогтоож зөрчлөө арилгасан боловч энэ нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан болно.

"М С Э К К" ХХК нь “М” ХХК-тай МС5СС 17-05-035 дугаартай хамтын ажиллагааны гэрээ хийж, гэрээнд заасан үнийг дагаж мөрдөх талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаартай албан бичиг, гэрээний үнийг мөрдөөгүй тул бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлаж байгааг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр тус тус “М”ХХК-д хүргүүлсэн үйлдэл гаргасан нь нотлогдсон,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавихаар заасан байдаг тул нэхэмжлэгчийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж байгаа зөрчилд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэл нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч “М”ХХК-ний 0005529 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт М******* компаниас өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийн гол агуулга нь "М С Э К К"компанийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу жижиглэнгийн үнийн бодлого баримталж борлуулахгүй бол нийлүүлэлтийг хязгаарлах тухай шахалт дарамтыг өгч байна, үүнээс шалтгаалан хоёр удаагийн албан бичгээр "М С Э К К" компаниас М******* компанийн хамтын гэрээнд тохиролцсон үнээр дагаж мөрдөхгүй бол нийлүүлэлтийг зогсооно гэсэн албан бичиг ирүүлээд байна. "М С Э К К" компаниас Өрсөлдөөний хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж байгааг шалгаж өгнө үү гэсэн утга бүхий өргөдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэгт"М С Э К К", Н******* *******, Скай хаппер маркет компаниудад холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Яагаад гэвэл М компаниас ирүүлсэн гомдол дээр Н******* *******, Емарт сүлжээ дэлгүүрүүд дээр худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил нэг үнийн бодлого баримтлана гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж байна гэж гомдол дээрээ дурдсан байсан учраас 2018 оны 6 сараас тухайн компаниудад тус бүр зөрчлийн хэрэг нээсэн. М******* компанийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ерөнхий менежер Г******* гэдэг хүн томилогдоод зөрчлийн хэрэг нээж эхэлсэн хугацаанаас эхлээд зөрчлийн хэрэгтэй танилцаад холбогдох материалуудыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгсөн. Хэрэг хянан шалгагдаж байх явцад М компани"М С Э К К", Н******* *******, Скай хаппер маркет компаниудтай тус бүр бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоох харилцан тохиролцож гэрээ байгуулдаг нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл М компани харилцан тохиролцож хоорондоо гэрээ байгуулаад энэ гэрээний 3.12 дээр “худалдан авагч тал худалдагчийн санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдан авагч тал М******* компани байсан. Худалдагч тал "М С Э К К"компани байсан. "М С Э К К"компани захирлын тушаалаар бараа бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо саналын үнэ гэдгээ М******* компанид хүргүүлсэн. М******* компани нь жижиглэнгийн зах зээл дээр тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа жижиглэнгийн үнэ тарифийг "М С Э К К"компанитай тохиролцож гэрээгээр заасан үнээр худалдан борлуулж байгаад тодорхой хугацааны дараагаас гэрээний үнийг харилцан тохиролцсон гэрээний үнийг мөрдөхгүй өөрөө өөрсдөө үнийн бодлогоо үнэ тарифаа тогтооно гэж М******* компани өөрийн үнээр бүтээгдэхүүний үнийг тогтоож эхэлтэл "М С Э К К"  компаниас гэрээнд заасан үнээ мөрдөөгүй шахалтыг үзүүлсэн гэж холбогдох материал, мэдүүлгэн дээрээ дурдсан. Хяналт шалгалт хийх явцад тус компани "М С Э К К"компанитай 2004 оноос хойш хамтарч ажилласан бөгөөд сүүлийн

4-5 жилд харилцан тохиролцож гэрээ байгуулж, гэрээгээр энэ 2 компани хоорондоо жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг харилцан тохиролцдог нь тогтоогдсон. М******* компаниас ирүүлсэн хэд хэдэн албан бичигт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн бичигт бид нар "М С Э К К"компанитай байгуулсан 15-17 хувийн үнийн нэмэгдлээ мөрдөхөө больж, өөрсдийн 10 хувийн нэмэгдлээр бараагаа зарж эхэлсэн. Холбогдох бичиг баримтуудаас үзэхэд жижиглэнгийн зах зээл дээр М******* бус жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө үнийг тогтоохгүйгээр үйлдвэрлэгчийн үнээр тогтоодог талаар тогтоогдсон. Тухайн борлуулсан нийт борлуулалтын орлогоос 17-19 хувийн борлуулалтыг өөрсдөдөө авч үлддэг байсан. Бусад дэлгүүрээс хямд үнээр зарах гэдгийг өрсөлдөөнийг хязгаарласан гэрээ хэлцэл хийсэн гэж үзэн зөрчил оногдуулсан. Энэ компаниуд өөрсдөө жижиглэнгийн үнээ тогтоож маркетингийн зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан гэрээг М******* компани "М С Э К К"хамтарч хийсэн байсан учраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 –ийн 1.1-т заасан заалтыг үндэслэсэн.

Өөрөө зах зээл дээр шахалт үзүүлээд байгаа гэдгээр жижиглэнгийн үнийг хоорондоо харилцан тохиролцож гэрээ хийж ирсэн байгаа юм. 7 дугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн албан бичигт өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 30-ны өдөр "М С Э К К" компани гэрээний үнээр тохирсон үнээ мөрдөхгүй байгааг хэдий ч "М С Э К К" компанид манай компани хамааралгүй гэх зэргээр албан бичиг ирүүлсэн байгаа юм.

Энэ хэрэг дээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж ажилласан. Гомдол гаргах хууль зүйн үндэслэл бол байдаг. Хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд М******* компаниас ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй гэдгийг хэлмээр байна.

Гэрээний үнийг дагаж мөрдөхгүй байгаа талаар шахалт өгч байна гэж үзсэн. Үнийг хэлэлцэн тогтоосон гэж торгосон байсан. Өрсөлдөөний тухай хуулийн 10.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоохыг  хориглоно” гэж заасан. "М С Э К К" компани бол жижиглэнгийн нэг үнийн бодлого баримтлах талаар албан бичиг ирүүлсэн байсан. "М С Э К К" компаниас авсан мэдүүлэг болон М******* компанийн төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт үнийн санал, саналын үнэ гэх хүснэгтүүдийг гэрээний үнийн санал гэх байдлаар хүргүүлдэг гэдгийг тайлбарлаж мэдүүлсэн байсан. "М С Э К К" компанийн бүтээгдэхүүнийг бүх дэлгүүрт ижилхэн үнээр зардаг. Хувь компаниудад өөрийн үнийн бодлогоор зарах өрсөлдөх боломж бол байхгүй.

Жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компани тус бүр өөрөө өөрийнхөө үнийг барьж өрсөлдөөнийг хязгаарласан явдал болсон. Арай хямд үнээр борлуулах гэтэл "М С Э К К" компаниас танайх гэрээний үнээ дагаж мөрд, ижил хэмжээний үнээр борлуулна уу” гэж шаардсан гэх материалуудыг М******* компаниас хүргүүлсэн байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

             Гомдол гаргагч “М”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х  ШӨХТГУБ Т.Б, С.Л, Д.Д, нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

            Тэрээр улсын байцаагч “М С Э К К”ХХК, “Н*******” сүлжээ дэлгүүр болон И-Март дэлгүүрүүд барааны үнийг хэлэлцэн тохирч, бараа бүтээгдэхүүнийг ижил үнээр худалдаалсан нь Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь хууль бус гэж, харин хариуцагч “М”ХХК бараа бүтээгдэхүүний үнийг нэмж худалдаалах тухай шахалт үзүүлсэн гэж  “М С Э К К” ХХК-ийг буруутган Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан хэдий ч шалгалтын явцад дээрх компаниуд бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч Өрсөлдөөний хуулийг зөрчсөн  нь тогтоогдсон гэж тус тус маргаж байна.

            Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Гомдол гаргагч “М”ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж “М С Э К К ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг авч өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулдаг байна.

            2018 оны 05 дугаар сард “М С Э К К” ХХК-иас өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүд (ус, ундаа)-ийн үнийг нэмэгдүүлж зарах, бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг Н******* сүлжээ дэлгүүр, И-Март дэлгүүрүүдтэй ижил үнээр худалдаалах агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгч компанид ирүүлжээ.

            Гомдол гаргагч “М”ХХК 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 30/05 дугаар албан бичгээр “М С Э К К” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаар албан бичгээр “...жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж, хамтын ажиллагааны гэрээнд заасан саналын үнийг баримтлан ажиллах...” , 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар албан бичгээр “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа талаар...” тус тус мэдэгдэл ирүүлсэн нь Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байх тул хуульд нийцсэн эсэх дүгнэлт гаргуулахаар ханджээ.

            “М”ХХК-ийн ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт явуулж цугларсан нотлох баримтуудын хүрээнд гомдол гаргагч компани Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

            Учир нь “М С Э К К”ХХК болон “М”ХХК-иудын хооронд 2017 оны 06 дугаар 02-ны өдөр “Нийлүүлэлтийн гэрээ” байгуулан хамтран ажилласан байх бөгөөд энэхүү гэрээний 3.14-д “Худалдан авагч(“М”ХХК)-нь худалдагч(“М С Э К К”ХХК) талын  санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө.”  гэсэн нь  бараа бүтээгдэхүүнийг зах дээлд борлуулахдаа жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж, бусад сүлжээ дэлгүүрүүдтэй үнээр өрсөлдөх замаар хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах нөхцөлийг хязгаарлан, үнийг харилцан тохиролцсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно.”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” гэснийг зөрчсөн гэж дүгнэн шийтгэл оногдуулсан  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй.

            “М С Э К К” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа, бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нартаа “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” албан бичгийг үнийн жагсаалтын хамт хүргүүлдэг бөгөөд бүтээгдэхүүний нэр төрөл, савлагаа, бар код, үйлдвэрийн үнэ, саналын үнэ гэсэн хэсгүүдээс бүрддэг үнийн жагсаалт бүхий хавсралт[1] хүргүүлдэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалд нотлох баримтаар авагдсан байна.

            Ийнхүү бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх бүрт харилцагч нарт явуулдаг саналын үнэ, түүнчлэн “Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулж жижиглэнгийн үнийг баримтлан хамтран ажиллаж харилцан тохиролцож байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирохыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн;”, 1 дэх хэсгийн 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;” .....гэрээ хэлцэл байгуулсан нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол....аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 11955330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005529 дүгээр шийтгэлийн хуудас хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

            Түүнчлэн гомдол гаргагчийн зөрчил гаргасан үйлдэл нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримтлах, мөн саналын үнийг мөрдөх талаар “М С Э К К” ХХК-иас харилцагч “М”ХХК-д хүргүүлж байсан удаа дараагийн албан бичгүүд, зөрчлийн хэргийн холбогдогчдын тайлбар мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

            Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “М”ХХК-ийг хохирогчоор тогтоон оролцуулж байсан эрх зүйн байдлыг өөрчлөлгүйгээр зөрчил үйлдсэн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан зөрчилтэй боловч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

            Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд гомдол гаргагчийн гомдлын шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан ШӨХТГУБ Т.Б, С.Л, Д.Д, нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох “М”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

                3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР

 

 

 

 


[1] Хэргийн 71 дүгээр хуудас