Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/Ма2015/0118

 

Б.Б-, Б.У-, Н.Э- нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Э- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.Б-, Б.У-, Н.Э- нарын нэхэмжлэлтэй, МХЕГт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-, Б.У-, Н.Э- нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны 285 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт өгнө үү гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг өмнө нь мөрдөж байсан төсөвт орон тоотой уялдуулан 137 байхаар тогтоосон нь Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар батлагдсан орон тооны дээд хязгаартай зөрчилдөх болсон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоо нь тус газрын даргын 2010 оны 32 дугаар тушаалаар батлагдахдаа Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалыг үндэслэн төсөвт орон тооноос 10 орон тооны илүүдэлтэй батлагдснаас гадна тус газраас батлагдсан орон тооноос илүүдүүлж ажилтан авч ажиллуулсан нь Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна.

Дээрх зөрчлийг арилгах, төрийн албаны төв байгууллагаас ирүүлсэн үүрэг даалгавар болон төсвийн ерөнхийлөн захирагчаас бичгээр өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр тушаал гарч орон тоог шинэчлэн батлах замаар Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авч, 10 орон тоо цөөрүүлж, нийт орон тооны хязгаарыг 140 болгосон байна. Орон тоо цөөрүүлэхдээ аль болох сул байгаа албан тушаалын орон тоог хасах бодлого барьсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын дээрх тушаалаар албан тушаалын орон тоо нь хасагдсан болон албан тушаалд анх илүүдэл орон тоо үүсгэж ажилд томилогдсон нэр бүхий ажилтнуудыг тус газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдлээс гарган ажлаас чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: 1. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.19, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Б-, Б.У-, Н.Э- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, албан тушаалд нь эгүүлэн томилж, 2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-, Б.У-, Н.Э- нарт ажилгүй байсан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газраас давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ".... бүтцийн өөрчлөлт хийгдээгүй бөгөөд зөвхөн тооны өөрчлөлтийг хийсэн.... урьд эрхэлж байсан ажил албан тушаал огт байхгүй болсон мэтээр тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэнд;

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр бүтэц, орон тооны хязгаарыг Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар баталж, нийт орон тооны дээд хязгаарыг 147 хүртэл байхаар тогтоож мөрдүүлсний дагуу тус газрын даргын 2010 оны 32 дугаар тушаалаар төв аппаратын орон тоог 147 орон тоотойгоор баталсан байна.

Агентлагийн орон тооны дээд хязгаарыг тухайн агентлагийн эрхэлсэн сайд баталдаг байсныг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар уг хуулийн 9.1 дэх заалтыг өөрчлөн найруулж агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтоож, батлан мөрдүүлэхээр болсон. Энэхүү хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг өмнө нь мөрдөж байсан төсөвт орон тоотой уялдуулан 137 байхаар тогтоосон нь Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар батлагдсан орон тооны дээд хязгаартай зөрчилдөх болсон байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тус газарт илүүдэл орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан 137, Шадар сайдын 2013 оны 26 дугаар гушаалаар нэмж баталсан 3 орон тоо буюу нийт 140 орон тоонд багтаан батлан мөрдүүлэх зөвлөмжийг ирүүлсэн байна. Илүүдэл орон тооны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл авах үүднээс Шадар сайдад хандсан албан бичгийн хариу болгож ирүүлсэн 2014 оны ЗГ-2/149 тоот албан бичигт "...орон тооны дээд хязгаарыг албан ёсны тогтоол, шийдвэрт багтаан ажиллуулах арга хэмжээ авч, дотооддоо зохицуулан шийдвэрлэх боломж"-той талаар дурджээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоо нь тус газрын даргын 2010 оны 32 дугаар тушаалаар батлагдахдаа Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалыг үндэслэн төсөвт орон тооноос 10 орон тооны илүүдэлтэй батлагдснаас гадна тус газраас батлагдсан орон тооноос илүүдүүлж ажилтан авч ажиллуулсан нь Төрийн албаны тухайЪолон Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна. Дээрх зөрчлийг арилгах, төрийн албаны төв байгууллагаас ирүүлсэн үүрэг даалгавар болон төсвийн ерөнхийлөн захирагчаас бичгээр өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр тушаал гарч орон тоог шинэчлэн батлах замаар Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авч; 10 орон тоо цөөрүүлж, нийт орон тооны хязгаарыг 140 болгосон байна.

Дээрх тушаалаар нэхэмжлэгч Н.Э-ын ажиллаж байсан албан тушаалыг огт байхгүй болгосон. Мөн нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарын ажиллаж байсан орон тоог хасагдаж цөөрсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын дээрх тушаалаар албан тушаал нь байхгүй болсон болон орон тоо нь хасагдсан нэр бүхий ажилтнуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 285 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдлээс гарган ажлаас чөлөөлж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн /15 хоногийн дараагаас/ шилжүүлсэн байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэгг бол орон тоо цөөрөх асуудал хамаарна. Харин тооны өөрчлөлт гэсэн нэр томьёо Төрийн албаны хуулинд байхгүй.

2. Шүүхийн шийдвэрийн "....энэ үйлдэл нь иргэн хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох үндэслэлгүй юм." гэсэн үндэслэлд:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтаар хуульчилсан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаанд "энэ хуулийн 25 дугаар зүйл; 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх" гэж заасан бөгөөд гомдол гаргасан ажилтнуудыг төрийн албанаас халаагуй, тухайн албан тушаалаас чөлөөлж, шилжүүлсэн байна.

Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан нэмэгдэл баталгааг хангаж орон тоо хасагдсан, илүү орон тоонд ажиллаж байсан эсэхээс үл хамаарч ажлаас бүрмөсөн чөлөөлөхгүйгээр урьд эрхэлж байсан албан тушаалын цалинг 6 сарын хугацаанд бууруулахгүйгээр олгох, ажлын байраар бүрэн хангах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д "Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө." гэж заасан байх бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн ажилтнуудыг энэхүү үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул эдгээр ажилтнуудын эрхийг дордуулсан гэх үндэслэл байхгүй байна.

3. Шүүхийн шийдвэрт "...маргаан бүхий ... тушаал нь 2014 оны 7 дугаар сарын 17- ны өдөр гарсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б-, Б.У-; Н.Э- нарыг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн нь ...." гэсэн үндэслэлд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын "ажлаас чөлөөлөх тухай" 285 дугаар тушаал нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч нэхэмжлэгч иргэдийг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхөөр тусгасан. Энэ шийдвэр гарах гэж байгаа болон гарсны даа дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарт утсаар мэдэгдсэн. Дээрх нэхэмжлэгч нартай хамт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжсэн бусад албан хаагч нар бүгд ажилдаа орсон бөгөөд, гомдол санал гаргаагүй болно.

Орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоох бүрэн эрх аливаа төрийн байгууллага, төсвийн шууд захирагчид байдаг бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ илүүдэл орон тоонд ажиллаж байсан ажилтнаас шилжүүлэн ажиллуулах талаар албан ёсоор зөвшөөрөл авч шилжүүлэх үүрэг хүлээхгүй.

Нөгөө талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн ажилтнуудын оронд өөр иргэн шинээр томилон ажиллуулсан шийдвэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргаагүй байна. Энэ нь гомдолд дурдагдсан төрийн жинхэнэ албан тушаалтныг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байгаагүй, албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулахад ажилтнаас санал аваагүй гэж буруутгасныг үгүйсгэж байна.

МХЕГ нь нэг талаас дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүргийг хэрэгжүүлж Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан, нөгөө талаас албан тушаалын илүудэл орон тоонд хууль зөрчин ажиллаж байсан ажилтнуудыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хууль ёсны ажлын байраар хангасан байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай маргаан бүхий 285 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтсийн Сургалтын төвийн дарга Н.Э-, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Б-, Гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.У- нарыг ажлаас чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоо Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор баталсан төсөвт орон тооноос хэтэрч, Төсвийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдөх үндэслэл болж байгаа гэх үндэслэлээр тус газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Орон тоо шинэчлэн батлах тухай 284 дүгээр тушаал гарсан байна. Уг тушаалд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан орон тоо болох хуулийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 2, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 2 болон цөөрч, харин Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын хэлтсийн Сургалтын төвийн даргын орон тоо хасагджээ.

Нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарын тухайд ажиллаж байсан албан тушаалынх нь орон тоо цөөрсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар байна.

Гэтэл хариуцагч нь Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгч Б.Б-ээс гадна Н.Мөнхбаяр, Г.Ууганбаатар, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Б.У-гаас гадна Ч.Гантуяа, Э.Хулан нар тус тус ажиллаж байсан байхад нэхэмжлэгч нарыг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхой бус бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан үзэж, шалгаруулалт явуулалгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүний улмаас нэхэмжлэгч Б.У-, Б.Б- нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Э-ын ажиллаж байсан Сургалтын төвийн даргын орон тоо хасагдсан[1] тул тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор байна.

Тухайн тохиолдолд хариуцагчаас хуульд зааснны дагуу Н.Э-аас орон тоо нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсантай нь холбогдуулан хэрхэн талаар саналыг нь авалгүйгээр маргаан бүхий 2014 оны 285 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, шууд Мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт Н.Э-ын ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан байхад орон тоог цөөрсөн гэж дүгнэлт хийж, түүнийг өмнө нь эрхэлж байсан албан тушаал буюу байхгүй орон тоонд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэж, түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших эсэх, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсэх, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох эсэх талаар харилцан тохиролцож шийдвэрлэх ёстой байх тул энэ асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсантай холбогдуулан ажлаас чөлөөлж, нэхэмжлэгч нарыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс орон тоо цөөрсөнтэй холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн гэж зөв дүгнэсэн боловч орон тоо хасагдсантай холбоотой харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглээгүй, мөн дээрх маргаантай холбогдолгүй, хэрэгт хамааралгүй, өөр харилцааг зохиуцуулсан мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг тайлбарлаж дүгнэлт өгсөн нь буруу болжээ.

Түүнчлэн Үндсэн хууль нь суурь харилцааг зохицуулсан ерөнхий хууль бөгөөд Үндсэн хуульд заасан эрхийг тухайн харилцааг тусгайлсан хуулиар буюу Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан төдийгүй, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллгааны тухай хуульд зааснаар Үндсэн хууль зөрчигдсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, дүгнэх заалттай тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Үндсэн хуулийн заалтыг баримтлах шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаар тушаалын Б.Б-, Б.У-, Н.Э- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-, Б.У- нарыг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, Н.Э-ын ажлын байр хасагдсантай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу харилцан тохиролцож шийдвэрлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-, Б.У-, Н.Э- нарт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд нь тооцон олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 30-32 дахь тал