| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01703/И |
| Дугаар | 01969 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, 8 дугаар байрны 30 тоотод оршин суух, Нохой хөвдүү овогт Батцагааны Бямбасүрэн /РД: НЭ83050742/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 27- 587 тоотод оршин суух, Бэсүд овогт Содномын Лхагвасүрэн /РД:НЮ81021173/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, хариуцагч Л, нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2002 онд танилцаад улмаар 2003 онд гэрлэлтээ бүртгүүүлсэн, 2002-2004 он хүртэл цуг амьдарсан, энэ хугацаанд хүү маань 2003.05.07-ны өдөр төрсөн. Бидний зан байдал, ар гэрийн асуудлаас болж салсан, одоо тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхэд төрснөөс хойш миний асрамжинд өсөж байгаа. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2002 онд танилцаж, 2003 онд гэрлэлтээ батлуулсан. 2004 онд Бямбасүрэн нутаг руугаа яваад ирээгүй, ингээд бид тус тусын амьдрал зохиосон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид 2-т хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Лд холбогдуулан гаргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд Б, Л нар нь 2002.02.10-ны өдөр гэр бүл болсныг 2003.07.03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2003.05.07-ны өдөр хүү Л.Ундрал төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, Г-169 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүссэн, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин зөвшөөрсөн, хүүхдийн асрамж болон тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Л.Ундралыг эхийн асрамжид нь хэвээр үлдээхээр шийдэв.
Эвлэрүүлэн зуучлалын 2017.06.09-ний өдрийн 139 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд гэрлэгсэд 2004 оноос хойш тусдаа байгаа, одоо тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Л, Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003.05.07-ны өдөр хүү Л.Ундралыг эх Бгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Лгээс 70 200 төгрөг гаргуулж Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ