Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Н

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн П.Пгийн толгойн тус газарт унадаг дугуйны обудаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэсэн мэдүүлэг

Хохирогч П.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр... Оэ Гансүхийн машинтай дэлгүүр яваад нэг шил архи авч ирсэн... манай хашаанаас хөдлөөд явж байтал зүүн байрны зүүн захад байдаг эзэнгүй хашаанд орж ууя гээд тэр хашаанд машинтайгаа бид дөрөв орсон ороод машиндаа тэр архиа ууж байгаад Гансүх машины ард согтоод унтаад өгсөн байсан Оэ бид гурав ууж байгаад би согтоод өгсөн байсан. Ууж байхдаа Н бид хоёр хоорондоо маргалдаад байсан юунаас болж маргалдсанаа бол санахгүй байна. Оэ бол бараг эрүүл байсан. Тэгээд нэг мэдсэн би машины гадна толгойноос цус гарчихсан сууж байсан... Н намайг найз нь чамайг төмрөөр цохьчихжээ согтуудаа намайг уучлаарай гэж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10- 11 дүгээр хуудас/

 Гэрч З.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын орчимд тэр өдөр ээлжтэй байсан сувилагч Э энд толгой нь хагарсан, цус нь гарсан хүн ирлээ гэсэн. Тэгээд би өрөөнөөс гараад яаралтай тусламжийн өрөөнд ортол П ганцаараа байсан. Тэгээд би толгойноос гарсан цусыг нь арилгаж цэвэрлээд оёдлын материал бэлдээд байж байтал оёулахгүй гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бын хүн байдаггүй хоосон хашаанд очоод нэг шил архи задлаад Гансүх, Н, П бид дөрөв хамт сууж нөгөө задалсан архиа ууж байгаад хашаан дотроо ороод ирсэн грашийнхаа үүдэнд Б ирсэн байж байхаар нь би очоод юм ярьж байгаад эргээд иртэл Н П хоёр муудалцсан байдалтай Н баруун гартаа хүүхдийн унадаг дугуйны обуд барьчихсан Пгийн толгойноос цус гарсан байдалтай байсан. Тэгээд би салгаад боль гэж хэлээд машинд суулгаад гэр гэрт нь хүргэж өгөөд явсан... Н бол архи ууж байхдаа Гансүх, П хоёртой юунаас болоод байгаа нь мэдэхгүй хэрэлдэж маргалдаад байсан тухайн үед би салгаад болиулаад байсан... Н аймаа р бол согтоогүй гайгүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цаг 30 минутын үед П ганцаараа согтуу эмнэлэг дээр толгойныхоо зүүн хэсгээрээ цус их алдсан байдалтай ирсэн... Пгийн толгойд нь 2 см орчим ойрхон хоёр зүсэгдсэн шарх байсан... П оёдол тавиулахгүй гээд гараараа намайг түлхээд гараад явсан... Эмнэлгийн үүдэнд тамхи татаж сууж байгаад орж ирэхдээ намайг хүн зодсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай: “...П.Пгийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, тархины эд доторх цусан хураа, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.Пгийн биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, тархины эд доторх цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, толгойн хуйхны шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ххийн 24-25 дугаар хуудас/

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч П.Пгийн толгойн тус газарт унадаг дугуйны обудаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...архи ууж байгаад ...Пг одоо наад архи уухаа боль байнга ууж байх юм гэж хэлээд бид хоёр хоорондоо хараал хэлж маргалдсан. Тэгээд П намайг түлхэхээр нь би хажууд байсан хүүхдийн унадаг дугуйгаар нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг,

хохирогч П.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр... архи ууж байхдаа Н бид хоёр хоорондоо маргалдаад байсан юунаас болж маргалдсанаа бол санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн би машины гадна толгойноос цус гарчихсан сууж байсан... Н намайг найз нь чамайг төмрөөр цохьчихжээ согтуудаа намайг уучлаарай гэж байсан....” гэсэн мэдүүлэг,

гэрч З.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутын орчимд тэр өдөр ээлжтэй байсан сувилагч Э энд толгой нь хагарсан, цус нь гарсан хүн ирлээ гэсэн. Тэгээд би өрөөнөөс гараад яаралтай тусламжийн өрөөнд ортол П ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н П хоёр муудалцсан байдалтай Н баруун гартаа хүүхдийн унадаг дугуйны обуд барьчихсан Пгийн толгойноос цус гарсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг,

 гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цаг 30 минутын үед П ганцаараа согтуу эмнэлэг дээр толгойныхоо зүүн хэсгээрээ цус их алдсан байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчийн толгой руу хүүхдийн унадаг дугуйны обудаар 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /хохирол төлбөр төлсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч Б.П нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй,эмчилгээний 6000000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан гэрч Ч.Г, Э.Э нарын мэдүүлэг, Сайхандулаан сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нь шүүгдэгчийн хувийн зан байдлыг тодорхойлсон баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хүүхдийн унадаг дугуйны обудыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 Шүүгдэгч О.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О. Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 12000 тэнцэх хэмжээний буюу 12000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт 1 жилийн хугацаанд торгуулын ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5.Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй ба хохиролд 6000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүүхдийн унадаг дугуйны обудыг/ягаан өнгөтэй/ устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН