Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн улсын яллагч А.Н шүүгдэгч Ө.Т хохирогч Э.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1809007280568 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2 дугаар гудамж, 199 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо .............. дүүргийн ............ дүгээр хороо, ............... дүгээр гудамж, .............. тоотод түр оршин суугаа гэх, ял эдэлж байгаагүй, ............... дугаарын регистртэй, Б төмөр овогт Өын Т

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ө.Т 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Э.Аийн итгэмжлэн хариуцуулж өгсөн ХААН банкны виза картыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкны АТМ-д уншуулан 792.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Цагдаа дээр байхдаа бүгдийг үнэн ярьсан. Тийм болохоор нэмж ярих зүйлгүй. Би хохирогч Аийн виза картыг авч яваад Барс захын АТМ орж 790 мянга орчим төгрөгийг нь 3 удаа уншуулж авсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хохирлыг төлөх болно гэв.

Хохирогч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

ХААН банкны картад байсан миний мөнгийг энэ залуу авсан. 798.000 төгрөг байсан. Хохиролд нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Эийн А "... би оюутны ангийн найзууд болох Чимэдбальдир, Мягмарсүрэн нартай 2018 оны 2 дугаар сарын 2-ны орой 18 цагийн үед уулзаж, хамт кино үзээд 22:30 цагийн үед "+25” нэртэй шөнийн цэнгээний газарт орж сууцгаасан. Тэнд бид нар архи согтууруулах ундаа ууж байгаад Болд гэдэг залуутай танилцаад шөнийн 03 цагийн үед баарнаас гарсан. Болд гэдэг залуу өөрөөсөө гадна 2 залуутай хамт явж байсан. Тэгээд бид нар Болд гэдэг залуугийн гэр болох Орос 3 дугаар сургуулийн эсрэг талын улаан өнгөтэй, 4 давхар байрны 402 тоот гэрт нь очиж хоноцгоосон. Өглөө 10:30 цагийн үед Болд гэдэг залуугийн найз гэж байсан Т гэдэг залуу нь ундаа авахаар гараад мөнгө байхгүй гээд буцаад ороод ирэхээр нь би түүнд өөрийнхөө ХААН банкны картыг өгч, картныхаа нууц үгийг хэлээд гаргасан. Гэтэл тэр залуу гарч яваад удаад, ойролцоогоор 30 орчим минут болохоор нь миний гар утас цэнэггүй болчихсон байсан учир гар утсаа цэнэглэж байгаад асаагаад үзэхэд миний данснаас 798.000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр авчихсан байсан.

Т гэх залууг Болд гэх залуу танихгүй гэж байсан. Урьд шөнө нь бааранд байхдаа л танилцсан гэж хэлсэн. Тэр залуу ганцаараа архи уухгүй, ус уугаад суугаад байсан гэсэн. Тэгэхлээр нь Болд гэдэг залуу тэр Т гэдэг залууг сэтгэлээр унасан юм болов уу гэж бодоод хамт суусан гэсэн. Болд нь тэр Тг үнэхээр танихгүй л гэж яриад байсан” /хх-н 19-20/ гэж,

гэрч Чулуунцэцэгийн Батболд "... би найз Цэнд-Аюушийн хамт 2018 оны 2 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 00:00 цагийн үед гэрээсээ гарч хороололд байдаг Осеап нэртэй бааранд байж байгаад 02 цагийн үед Модны 2-н тэнд байдаг "+25” нэртэй бааранд ороход бүжгийн талбайн хажууд нэг ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байхаар нь цуг суух уу гээд хамт сууж байтал манай найз Цэнд-Аюуш тэнд явж байсан гурван хүүхэнтэй танилцаад хүрээд ирсэн. Бид нар тэндээ нэг их удалгүй 03 цаг өнгөрч байхад тэр танилцсан Т гэдэг залуу болон Цэнд-Аюуш, мөн бааранд танилцсан А, Чимэгээ, Мийгаа гэдэг гурван эмэгтэй нийт зургуулаа манай гэр рүү явсан. Бид нар манай гэрт очоод хөзөр тоглоод ярьж сууж байгаад унтацгаасан. Ингээд өглөө 10 цаг өнгөрч байхад дэлгүүр рүү гарч гоймон, ундаа авъя гэж яриад Мийгаа гэдэг эмэгтэйтэй хамт бид нартай танилцсан Т гэдэг залуу гараад буцаад мөнгөгүй байна гээд ороод ирэхээр нь А гэдэг эмэгтэй Т гэх залууд картаа өгөөд гаргаж байсан. Тэр залуу орж ирэхгүй удаад байхаар нь бид нар гайхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Аийн картнаас 700 гаруй мянган төгрөг авчихсан байсан. Би тэр залууг огт таньдаггүй байсан. Бааранд ороход ганцаараа ус уугаад сууж байсан болохоор нь архи уудаггүй дажгүй залуу, итгэж болохоор юм шиг байхаар нь хамт манай гэрт очиж хоноё гэж хэлээд аваад гарсан юм. Т гэдэг залуу надад хэлэхдээ дэлгүүрт ачигч маягийн зүйл хийдэг гэсэн, утасны дугаар болон фэйсбүүк хаягийг нь асуугаагүй, их дуугүй, чимээгүй залуу байсан” /хх-н 44/ гэж,

гэрч Цэрэндагвын Чимэдбальдир "... 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр найз А, Мягмарсүрэн нарын хамт Модны 2-т байрлах "Нэмэх 25” нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад 3 залуутай танилцаж циркийн ойролцоо айлд очсон. Тэр гурван залуугийн нэгийнх нь гэр эзэнгүй байсан. Тэнд нэг шил архи ууж хөзөр тоглосон. Өглөө 6 цаг болж байхад унтаж амраад өглөө 10 цаг өнгөрч байхад боссон. Манай найз А нэг залууд нь өөрийн ХААН банкны виза картаа өгч бэлэн гоймон, ундаа аваад ир гэж явуулсан. Гэтэл тэр залууг хааччихваа гэсэн чинь нөгөө хоёр залуу нь тэрийг сайн танихгүй гэж хэлсэн. А өөрөө ХААН банкны лавлах руу залгаж картаа хаалгаад, гар утсаа асаасан чинь 5 удаагийн зарлага гарсан мессеж ирсэн байсан. Аийн данснаас бүх мөнгийг нь авсан байсныг ингэж мэдсэн” /хх-н 23/ гэж,

гэрч Содномжамцын Мягмар "... 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр найз А, Чимэдбальдир нартай уулзаж 23 цагийн үед Модны 2-т байрлах "Нэмэх 25” нэртэй бааранд орж бүжиглэсэн. Тэнд 3 залуутай танилцсан. Тэгээд залуучууд өөрсдийгөө танилцуулж байсан. Нэгийг нь Болдоо гэдэг гэсэн. Бусдынх нь нэрийг санахгүй байна. Бид зургаа Болдоогийн гэрт очсон. Болдоогийн гэр нь циркийн ойролцоо байранд байдаг юм билээ. Болдоогийн гэрт хөзөр тоглож байгаад унтаж амарсан. Өглөө 10 цаг гэж байхад боссон. Би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирсэн чинь А нэг залууд картаа өгөөд ундаа бэлэн гоймон аваад ир гээд гаргасан байсан. Тэр залуу нь орж ирэхгүй удаад байхаар нь нөгөө хоёроос нь асуусан чинь "тэр залууг сайн танихгүй, өчигдөр орой л танилцсан” гэж хэлэхээр нь А тэр дор нь банк руу утасдаж картаа хаалгасан. Тэгээд А картнаасаа 798.000 төгрөг алдсан гэдгээ мэдсэн” /хх-н 24/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн ХААН банкны, хохирогч Э.Аийн эзэмшлийн 2016252819 тоот данснаас 5 удаагийн гүйлгээ хийгдэж нийт 794.500 төгрөгийн зарлага гарсан нь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 57/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 25, 32/ зэргээр тогтоогдож байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ө.Тг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Тд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.А “... гомдолтой, 794.500 төгрөгөө бэлнээр авмаар байна” гэж /хх-н 56/ мэдүүлсэн төдийгүй дээрх хохирол төлөгдөөгүй болох нь шүүх хуралдааны явцад яригдсан тул энэ мөнгийг шүүгдэгч Ө.Тгээс гаргуулж хохирогч Э.Ат олгох нь зүйтэй.

Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... торгох, ... нийтэд тустай ажил хийлгэх, ... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Тгийн хувьд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад торгох ял оногдуулах нь зохимжгүй, нөгөөтэйгүүр түүний хувийн байдлыг харгалзан /үүнд; гэм буруугийн талаар маргахгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлж байгаа/ хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Шүүгдэгч О.Тд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б төмөр овогт Оын Тг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
     
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. О.Т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. О.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тгээс 794.500 төгрөг гаргуулж хохирогч Э.Ат олгосугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Тд урьд авсан "хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

О.ЖАНЧИВНЯМБУУ

Text Box: О.ЖАНЧИВНЯМБУУДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ