| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01415/И |
| Дугаар | 02199 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 02199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О-д холбогдох,
зээлийн үлдэгдэл 69 600 ам доллар, 2013.04.04-ний өдрөөс 2017.04.04-нийг хүртэлх 4 жилийн хүү 22 272 ам доллар, нийтдээ 91 872 ам долларыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ба , хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэмжээгээр нэхэмжлэлээ дэмжиж байна. Зээлийн гэрээ нь 2011.08.18-ны өдөр иргэн Б, иргэн О нарын хооронд байгуулагдсан байгаа. Гэрээнд зээлийн зорилгыг "Г******* *******" ХХК-иас Оийн худалдан авч байгаа орон сууц болон зогсоолын төлбөрийн үлдэгдлийг иргэн Б зээлээр санхүүжүүлэхээр тодорхойлж, санхүүжүүлэх зээлийн дүнг 75000 ам.доллар болохыг, зээлийг бүрэн хэмжээгээр төлж дуусах хугацааг 2013.04.03-ны өдөр гэж, зээлийн төлбөрийг сард 1800-аас доошгүй буюу 3 сар тутамд 5400 ам.доллараас багагүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл хариуцагч О нь гэрээнд заасан хугацаанд ердөө ганц удаа 5400 ам.доллар төлснөөс өөр төлбөр хийгээгүй. Үүнийгээ байрны түрээсийн гэрээ цуцлагдсанаас төлбөрийг төлөх эх үүсвэргүй болсон гэж тайлбар өгсөн байна. Нэхэмжлэгчийн нөхөр Д.*******ын ярьж байгаагаар энэ байрыг тухайн үед гадаадын иргэнд түрээсэлж байсан, одоо ч гэсэн гаднын хүмүүст түрээсэлсээр байгаа гэсэн. Зээлийн гэрээний 3-т Б талын эрх, үүргийн 6-д зааснаар Б тал буюу хариуцагч О нь "Гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө байрыг өөрийн санаачилгаар бусдад худалдан зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах эрхтэй" гэж, мөн зүйлийн 7-д зааснаар "Байрны түрээсийн хугацаа дуусаж, цаашид бодитой шалтгааны улмаас түрээслэх боломжгүй болсон тохиолдолд зээлийг бусад эх үүсвэрээр төлж барагдуулах арга хэмжээ авна" гэж заасан байна. Гэтэл Б тал буюу хариуцагч О нь энэхүү орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2011.09.05-ны өдөр гаргуулж авахдаа мөнгө зээлдүүлэгч Б болон өөрийн хүү Б.Э*******ын нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд сэтгэл амарсан уу, ямар ч гэсэн, төлбөрийг цаашид хэрхэн төлж барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, гар утасныхаа дугаарыг өөрчлөөд зээлдүүлэгчтэй ямар ч харилцаагүй болсон гэдэг. Эндээс харахад иргэн Б, Д.******* нар нь сайн санааны үүднээс иргэн Оэд зээлдүүлсэн 75,0000 ам.доллараа тохирсон цаг хугацаандаа эргүүлж авч чадаагүй, харин ч үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгч нэрийн дор 4 жил гаруй хугацаанд мөнгөн хөрөнгөө эргэлтэд оруулж ашиглаж чадахгүй, уг мөнгөн хөрөнгө болон үл хөдлөхөөс ямар нэгэн ашиг шим хүртэхгүй хохирсоор байгаа юм. Одоо хариуцагч О нь нэхэмжлэгч Бд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 69,600 ам.долларыг төлөх ёстой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д "мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг үндэслэл болгон зах зээлийн орон сууцны ипотекийн зээлийн хүү нь хамгийн бага, хамгийн их эрэлттэй байдгийг харгалзан жилийн 8 хувиар хүү тооцохоор шийдсэн. Энэ нь сард 0,6%-ийн хүү төлөхөөр тооцоо гарч байгаа нь арилжааны банкнуудын ам.долларын хадгаламжийн хүүтэй дүйцэж байгааг харгалзаж үзсэн. Хэрэв арилжааны банкнаас олгодог зээлийн хүүг дунджаар тооцож үзвэл, сард хамгийн багаар бодоход 1,6-2,5 хувь болохоор байгаа. Ийм учраас аль болох бага тооцоогоор буюу нийтээр хэрэглэж байгаа хэм хэмжээнд нийцүүлэн хугацаа хэтрүүлсэн 4 жилийн хугацаанд жилийн 8 хувиар хүү тооцож 22,272 ам.долларыг нэмж нийт дүнгээр 91,872 ам.долларыг нэхэмжилж байгаа юм. Хариуцагч төлбөрийг төгрөгөөр нэхэмжилж байна гэж буруу ойлгосон бололтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ам.доллараар гаргасан, харин нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны төгрөгт тооцсон ханшаар тооцон тэмдэгтийн хураамжийг төлсөн. Ямар мөнгөн тэмдэгтээр зээлийн санхүүжилт өгсөн тэр л мөнгөн тэмдэгтээр өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан нэхэмжилж байгаа болохоор энд маргаад байх асуудалгүй гэж бодож байна. Мөн хуульд заасан эрх, боломжоо ашиглан өөрт учирсан хохирлоо арилгахыг шаардахын зэрэгцээ өөртөө олж болох байсан ашиг, үр шимийг тооцон хуулийн хүрээнд үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлснээс үүдэн учирч буй хохирлыг арилгуулахаар шаардаж байгаа явдал юм. Иймд хариуцагч Оээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 91,872 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч Бд олгож өгнө үү” гэв.
Хариуцагч О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Энэ гэрээг байгуулахдаа анх н.*******тай тохиролцоод, энэ байрыг 2300 ам.доллараар түрээсэлж, сарын 1800 ам.доллар төлж надад өөр орлогын эх үүсвэр байхгүй учраас 500 ам.долларыг ахуй амьдралдаа хэрэглэхээр гэрээнд тусгасан. Гэрээ байгуулагдсаны дараа эхний нэг улирлын төлбөрийг төлсөн. Тухайн үед Солонгосын иргэн байсан боловч төрийн байгууллагын шугамаар Монгол улсад ирээд ажиллаж байсан. Уг гэрээ дуусгавар болсноор түрээсийн орлогогүй болсон. Энэ нөхцөл байдлаа н.*******т хэлж байсан. Миний бие нэг хэсэг ажилгүй, өөр орлого байхгүй байснаас болж уг төлбөрийг төлөх боломжгүй болсон. Энэ хугацаанд орон сууцыг худалдан борлуулж, зээлийн төлбөрөө төлье гэж үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагад хандаж явж байсан. Гэвч барилгын зах зээл орон сууцны үнэ буурсантай холбоотойгоор худалдаж авах хүн олдоогүй. Миний бие сарын цалин 1 000 000 төгрөгийн цалин авдаг, үүний нийгмийн даатгалын шимтгэлд 200 000 төгрөг авдаг, үлдсэн 800 000 төгрөг байрны төлбөр болон гэр ахуйн хэрэгцээнд зарцуулах учраас төлбөр төлөх боломжгүй байдалтай байсан. Энэ төлбөрийг төлөхийг би зөвшөөрч байна. Бид нар хоорондоо ярилцаад ******* байрыг худалдаж авахаар болсон боловч үнийн талаар тохиролцож чадаагүй, би сүүлийн 1 жил холбогдоогүй нь үнэн, түүнээс өмнө зээлийн төлбөрийг хэрхэн төлөх талаар утсаар ярилцдаг байсан. Миний хүсэлт бол төлбөрийг төлнө, гэхдээ тухайн үеийн ханшаар тооцож өгнө үү. Банкнаас бусад аливаа төлбөр тооцоо Монгол улсын мөнгөн тэмдэгтээр хийгдэх ёстой. Миний хувьд тухайн үед ам.доллараар авсан ч гэсэн тухайн үеийн ханшаар тооцох ёстой гэж үзэж байна. Тухайн үеийн ханшийг гэрээн дээр тэмдэглээд авсан байгаа. Зээлийн гэрээнд нэгэнт хүү, алдангийг тооцох тухай заалт тусгаагүй, энэ талаар тохиролцсон зүйл байхгүй учир хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжилж буй 69 600 ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Оийг орон сууц болон автомашины зогсоол худалдан авахад нь зээлийн гэрээгээр үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлсэн 75,000 ам доллар, мөнгөн төлбөрийн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд нь гүйцэтгээгүйн хүү 18 000 ам доллар, нийтдээ 93 000 ам долларыг хариуцагчаас гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хамтран өмчлөгч Бг хасуулахыг хүссэн шаардлагыг 2017.05.11-ний өдөр шүүхэд анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, зээлийн төлбөрөөс төлөгдсөн гэх 5400 ам долларыг хасч үлдэгдэл 69 600 ам доллар, 2013.04.04-ний өдрөөс 2017.04.04-нийг хүртэлх 4 жилийн хүү 22 272 ам доллар, нийтдээ 91 872 ам долларыг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.
Хэрэгт авагдсан 2011.08.18-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч О нь Х******* дүүргийн *******, ******* тоот 2 автомашины зогсоол бүхий байрыг 295,890.00 ам доллараар худалдан авсан, үүнээс төлөгдөөгүй үлдэгдэл 75,000.00 ам долларыг Б зээлээр санхүүжүүлэхээр талууд хоорондоо тохирсон байх бөгөөд зээлийн гэрээний 4-ийн 1-д Б тал буюу О байрыг гадны иргэнд сарын 2,300.00 ам доллараар түрээсэлсэн байгаа ба энэ орлого нь зээлийг төлөх эх үүсвэр, 4-ийн 2-т 2011.10.03-ны өдрөөс эхлэн 3 сар тутам доод тал нь 5,400.00 буюу сарын 1,800.00 ам доллараас багагүй дүнгээр төлнө гэж заасан байна.
Мөн О нь 2010.06.18-ны өдрийн 02 тоот орон сууц хөлслөх гэрээг БНСУ-ын иргэнтэй байгуулж төлбөрийг улирлаар тооцож авахаар тохирсон, эхний улирлын орлогоос 5400 ам долларыг нэхэмжлэгчид төлсөн байдлаас үзэхэд талууд гэрээний нөхцөл, төлөгдсөн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгт болон мөнгөний ханш, хугацаа хэтрүүлсэний хүү тооцох үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
Талууд 2011.11.08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийг эргүүлэн төлөх эх үүсвэр болон төлөгдөх хэмжээ, хугацааг тодорхойлсон байх боловч уг зээлийн гэрээний доод талд “нэмэлт заалт Дөрөвийн 3. зээлээ бүрэн хэмжээгээр төлж дуусах хугацаа нь 2013.04.03-ны өдөр байна. Эхний төлбөр хийгдсэн өдрөөс хойш 1.5 жил” гэж гар бичмэлээр заалт нэмсэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд
шүүх хуралдааны явцад “эхний төлбөр буюу 5400 ам доллар төлөгдсөнөөс хойш 1.5 жил буюу 2011.11.08-ны өдрийн зээлийн гэрээний дуусах хугацааг 2013.04.03” гэж зөвшөөрсөн талуудын тайлбар болон гэрээний нэмэлт заалтаар нэхэмжлэгч Бгийн шаардах эрх 2013.04.03-ны өдөр үүссэн байна.
Нэхэмжлэгч буюу А тал нь 2011.11.08-ны өдрийн зээлийн гэрээний 3-т зааснаар графикийн дагуу 2 удаагийн төлбөрийг дараалан төлөөгүй тохиолдолд байрыг өөрийн санаачлагаар худалдан зээлийн төлбөрийг барагдуулах эрхээ хэрэгжүүлсэн болон хариуцагчаас шаардаж байсан эсэх талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч О нь “үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөхийг утсаар ярьдаг байсан, нэхэмжлэгч тал уг байрыг худалдан авахаар ярилцаж байрны үнийг тохиролцож чадаагүй” талаар тайлбарласан болно.
Тухайн үед зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “... эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч тал доллар зээлдүүлсэн гэх үндэслэлээр төлбөрийг доллараар гүйцэтгүүлэхийг хүссэн боловч Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад үйлдсэн мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “төлбөр төлөх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзээд зээлийн үлдэгдэл 69600 ам долларыг 2017.09.20-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг үндэслэн 2011.08.18-ны өдрийн долларын ханш 1.237.12 төгрөгөөр тооцож, хариуцагчаас нийтдээ 86 103 552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэсэн заалт нь хүү авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгосон хэдий ч шаардаж буй хүүг төлүүлэх шаардлагын урьдчилсан нөхцөл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2 дахь хэсгийн дагуу болон мөнгөн төлбөр төлөх үүргийн дагуу хугацаа хэтэрсэн байх явдал юм.
Нэхэмжлэгч Б уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар орон сууцыг худалдан авах талаар ярилцсан боловч орон сууцны үнийг тохиролцож чадаагүй байдал, нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь 2013.04.03-нд үүрэг гүйцэтгэх хугацаа болсоныг сануулсан, хугацаа тогтоосон болон үүрэг гүйцэтгэх талаар тодорхой сануулга өгч байсан эсэх талаар нотолсон баримтгүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, 4 жилийн хүү тооцож гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас хангасан хэмжээгээр тооцож 508 467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 279 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар Оээс 69 600 ам доллар буюу 86 103 552 төгрөг гаргуулж Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 272 ам доллар буюу 27 553 136 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Оээс 588 467 төгрөгийг гаргуулж Бд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.11-нд төлсөн 1 279 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ