Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/366

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.ЛхагваС, 

улсын яллагч Ш.Хосбаяр, 

         шүүгдэгч Ш.С,

         хохирогч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Ш.Сд холбогдох эрүүгийн 201725030764 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ш.С, 1959 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч С.Оийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 72 дугаар гудамжны 806 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 946 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, регистрийн дугаар ХН59112931.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 85 дугаар гудамжны 1050 тоотод согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч хохирогч С.Отэй маргалдаж, улмаар хэвлий тус газар нь хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 3 сард би эмнэлгээс гараад хэдхэн хонож байсан юм. Оийг ирэхэд би хоол хийгээд байж байсан. Хөгшин маань орой ирэхдээ нилээн согтуу 1 шил 0.33 грамын архи аваад ирсэн. Миний хувьд санаатай хутгалаагүй. Ийм явдал болсонд маш их харамсаж байна. Дахин архи уухгүй байгаа. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би тэр өдөр найзтайгаа уулзаад нилээн согтсон байсан. Гэртээ харихдаа 0.33 грамын  1 шил архи аваад очсон гэсэн. Түүнийгээ санахгүй байгаа. Манай айлын хүмүүс намайг агсам тавиад байсан гэж хэлж байсан. Би ер нь архи уухаараа жаахан агсам тавиад байдаг юм. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ш.Сд хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ …2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагт найз эмэгтэй Чулуунцэцэг дээр очиж Мартын 8-ны баяр тэмдэглэхээр явсан. Тэгээд 100 айлын тэнд байх Чулуунцэцэгийн гэрт очоод хоол идээд цай уугаад нэг шил 0,5 л хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд Чулуунцэцэгийн гэрт байж байх үед С над руу залгаад хаана явж байна гэж асуусан. Тэгэхээр нь би найзындаа байна, удахгүй очно гэж хэлж байсан. Тэгээд бид Чулуунцэцэгийн гэрээс гараад караокед орж 2 цаг дуу дуулаад дахин 100, 100 грамм авч уугаад тэндээсээ гараад гэр рүүгээ ганцаараа явсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэр рүүгээ явж байх үед С над руу залгаад 100 гр архи аваад ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би 7 буудлын дэлгүүрээс 0,33 л хэмжээтэй архи аваад гэртээ очсон. Тэгээд С бид хоёр уг архийг хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дахин нэг шил архи хажуу айлын эмэгтэй Чимгээгээр авахуулсан. Тэр архийг Чимгээ болон түүний нөхөртэй нийлээд 4-үүлээ хувааж уусан. Тэгээд Чимгээ болон түүний нөхөр хоёр гараад явсан. С бид хоёр унтахаар үлдсэн. Тэгээд унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг сэрэхэд би эмнэлэгт хэвтэж байсан. С бид хоёр л байсан. С л хутгалсан байх. Өөр хүн байгаагүй. Миний хэвлийн зүүн хэсэгт хутгаар хатгагдсан шарх байсан” гэжээ /хх-28/.

Гэрч Н.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний орой ойролцоогоор 19 цагийн үед би гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ байж байтал манай хажуу айлын О эгч жаахан халамцуу байдалтай мөнгө барьчихсан эгчдээ дэлгүүрээс нэг шил архи авч ирж өгчихөөч гэж хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр хувцсаа угааж байсан тул жаахан завгүй байна, ажлаа дуусгаад архийг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би юмаа угааж дуусаад О эгчийн үлдээсэн 5000 төгрөгийг авч гараад сургуулийн буудлын хажуугийн дэлгүүрээс 0.33 л хэмжээтэй Ерөөл архи нэгийг аваад О С нарын гэр рүү би өөрийнхөө эхнэр Эрдэнэчимэгийг дагуулаад орсон. Бид хоёрыг ороход С ах жижиг шилтэй пиво уучихсан О эгч орон дээрээ хэвтэж байсан. Бид хоёрыг орж ирэхээр О эгч босоод цай чанасан. Тэгээд миний авч ирсэн архийг задлаад С ах хундагалаад О эгч манай эхнэр болон надад нэг нэг хундага хийж өгсөн. Тэгээд юм ярьж сууж байгаад хоёр гурван хундага хийгээд нөгөө архи нь дуусчихсан. Тэгтэл С ах надад 20000 төгрөг өгөөд дахиад 0.5 л хэмжээтэй архи авчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ С ахын гэрт үлдээгээд сургуулийн буудал руу нөгөө дэлгүүр рүүгээ орж 0.5 л хэмжээтэй Ерөөл- архи нэгийг нэг ундаа аваад тэгээд буцаад С ахын гэрт очсон. Тэгээд намайг очих манай эхнэр Эрдэнэчимэг, О эгч С ах нар юм яриад сууж байсан. Тэгээд би авч ирсэн архиа өгөөд С ах уг архийг задлаад бид нар хувааж уусан. Энэ архийг талд нь оруулаад би ганц хоёр татаад би эхнэр хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Тэгээд бид гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал хэсэг хугацааны дараа О эгч манай гэрийн амбаарын хаалга нүдсэн. Би босоод нүцгэн хаалгаа онгойлгосон. Тэгтэл О эгч эгч нь яг үхлээ. Хутгалуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд манай гэрийн үүдэнд орж ирээд доошоо 4 хөллөөд хэвтээд өгсөн. Тэгээд манай эхнэр өөрийнхөө утсаар түргэн болон цагдаа дуудсан. Тэгээд түргэний эмч ирж манай гэрт О эгчийг үзээд боолт хийгээд түргэний жолооч бид хоёр О эгчийг түргэний машинд өргөж суулгасан. Тэр үед цагдаа цуг ирсэн байсан бөгөөд С ахыг цагдаа гавлаад аваад явсан. Тэр цагдаа нь жаахан хүүхэд нь үлдсэн шүү та хоёр харж байгаарай гэж хэлээд орхиод явсан. Эхнэр бид хоёр хүүхдийг нь гэртээ оруулаад С ахын гэрийг нь цоожилсон” гэжээ /хх-29-30/,

          Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “… 2017 оны 03 дугаар сарын 09-ний орой О эгч манайд орж ирсэн. Тэр үед нөхөр бид хоёр хувцсаа угааж байсан. О эгч орж ирээд хэлээд надаас эгчдээ 100 гр архи байвал өгчих гэж хэлж байсан. Тэр үед надад архи байгаагүй. Тэгээд О эгч манайд нилээд сууж байгаад 5050 төгрөг гаргаж ирээд архинд яваад өгөөч гээд манай нөхрөөс гуйгаад байсан. Манай нөхөр буудал орж авна ш дээ гээд явахгүй нилээд цааргалсан. Тэгээд О эгч мөнгөө үлдээчихээд гараад явчихсан. Тэгээд О эгчийг гарч явсны дараа би нөхөртэйгөө за яах вэ нэг удаа яваад өгчих гээд манай нөхөр яваад 0.33 л хэмжээтэй архи авч ирсэн. Тэгээд бараг цаг гарангийн нөхөр бид хоёр нөгөө архийг нь аваад С ахын гэрт орсон. Тэр үед хоол цай хийчихсэн байсан. Тэгээд авч ирсэн архийг нь өгөхөд задлаад хоол цай өгөөд нөгөө архинаасаа өгсөн. Тэгээд тэр архийг хувааж уугаад дууссан чинь С ах 20000 төгрөг гаргаж ирээд дахиад архи аваад ир гээд манай хэлсэн. Тэгтэл О эгч хажуугаас яадаг юм аваад ир ундаатай аваад ир гэсэн. Тэгээд манай яваад 0.5 л хэмжээтэй архи авч ирсэн. Тэгээд С ах уг архийг 4 хундаганд хийгээд бид нар өгсөн. Тэгээд тэр хундагатай архийг нь уусан чинь дахин нэг нэг хундаганд хийсэн. Тэгтэл О эгч өөрийнхөө хундагатай архийг уучихаад дахиад С ахын урд байсан хундагатай архийг нэмээд уучихсан. Тэр үед О эгч нилээд согтуу С ахтай маргалдах гээд хувцсаа аваад зайл гэж хэлж байсан. С ах юу ярихгүй сонсоогүй юм шиг суугаад байсан … нөхөр бид хоёр гараад явсан … бид хоёр хаалга цоожлоод унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал 00 цагийн үед манай үүдний амбаарын хаалгыг хүн цохиод байсан. Тэгээд манай нөхөр яах юм гээд онгойлгохгүй байсан. Тэгтэл дахин дахин нүдээд байхаар нь аргаа бараад манай нөхөр хаалгаа онгойлготол О эгч орж ирээд намайг дахиад хутгалчихлаа ш дээ гээд 4 хөллөөд манай үүдэнд хэвтээд өгсөн. Тэр үед хамаг бие нь хүйтэн байсан болохоор би бараг цаг орчим гадаа байсан болов уу гэж бодсон. Тэгээд О эгч өөрөө түргэн дууд гэхээр нь би сандраад цагдаа дуудсан. Манай нөхөр түргэн дуудсан. Тэгээд цагдаа түргэн хоёр ирээд цагдаа нь С ахыг авч яваад эмнэлэг нь О эгчийг авч явсан. Хүүхдийг нь манай гэрт үлдээсэн …” гэжээ /хх-31-32/,

          Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 85-1050 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагаар очиход О гэгч эмэгтэй урд айлдаа орчихсон байсан. Тэр айлынх нь эхнэр, нөхөр дуудлага өгсөн байсан. Хэн хутгалсан гэж асуухад С хутгалсан гэж хэлсэн. Тэгээд хойд айл болох Сгийн гэрт ороход С гэртээ орон дотроо хэвтэж байсан. Тэгээд би ороод алив бос хутга чинь хаана байна гэхэд С орон дээрээсээ хутга авч өгөөд боссон. Тэгээд би Сг авч гараад машинд суулгаад хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгсөн …Сгээс асуухад эхнэр гадуур хүмүүстэй архи уугаад орж ирээд агсам тавиад байсан гэж ярьсан. Би айлгах гээд хутга авсан тэгтэл энэ өөрөө гүйж ирсэн. Тэгээд хутга орчихсон гэж ярьж байсан …” гэжээ /хх-33/,

            Насанд хүрээгүй гэрч С.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Цагаан сарын өмнө эмээ өвөө хоёр дээрээ очоод сая ээж аав дээрээ ирсэн. Тэр өдөр би унтаж байсан чинь эмээ архи уугаад ирсэн. Тэгээд эмээ Очироо ахынд ороод бас дахиад архи уугаад ороод ирсэн. Тэгээд эмээ орж ирээд хуушуураа хайраад гал дээр тос асгасан. Тэр үед зурагтаар Жангүм гарч байсан. Тэгээд би эмээд нүүрний маскаа тавиад унт гэж хэлсэн. Тэгээд намайг унтаж байгаад сэрсэн чинь өвөө эмээ хоёр байхгүй байсан. Тэгээд би уйлаад Очироо ахын гэрт орсон. Намайг Очироо ахынд байж байхад Сарнай эгч ирээд намайг авч явсан. Өвөө эмээ хоёр хоорондоо хэрэлдсэн. Манайд Чимгээ эгч, Очироо агаа хоёр Мөөгийнөө гэдэг жаахан хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгтэл эмээ өвөөг архи ууж чадах юм бол архи уу гэсэн. Өвөө Чимгээ эгч Очироо ах хоёрыг яв хөөсөн. Тэгээд Чимгээ эгч Очироо агаа жаахан Мөөгийнөө гурав гэр рүүгээ орсон. Тэдний гэр нь ойрхон байдаг юм. Тэд нарын явсны дараа өвөө эмээ хоёр хоорондоо хэрэлдсэн. Өвөө эмээг хутгалсан …” гэжээ /хх-34/,

            Ш.С нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө би 10 цагийн үед боссон. Тэгээд цайгаа уугаад байж байтал 11 цагийн үед манай хөгшин О найз Туяаг эргэнэ гээд гараад явсан. Тэгээд би 12 цаг 30 минутын үед ярихад О юм уусан байдалтай найзтайгаа уулзаад явж байна гэсэн. Хэнтэй уулзаж байгаа юм гэхэд хэлэхгүй одоо удахгүй очлоо чамд 33 аваад очноо гэж байсан … 19 цагийн үед О шал согтуу орж ирсэн. Торон дотроо 0.33 литр хэмжээтэй Ерөөл архи хүүхдэд нэг чихэр авч ирсэн байсан. Тэгээд Чука өгсөн гээд нүүрний маск авч орж ирсэн. Тэр Чука гээд байгаа нь миний сууж байгаад 1996 онд салсан эхнэр байсан. Тэгээд би Од чи хуушуурын гурил зуурчих гэхэд чадахгүй гэж байсан. Тэгэхээр нь би өөрөө гурил зуураад хуушуураа чимхсэн. Тэгээд 0.33 л хэмжээтэй архийг ууя гээд байхаар нь би Отэй хамт уг архийг хувааж уугаад хуушуураа хайрсан. Хуушуур хайрч байхад О бие засна гээд гараад явсан. Тэр үед О, Очироо, Эрдэнэчимэг хоёр дээр орсон юм байна лээ. Тэгээд би хуушуураа дуусчихаад Даян дэлгүүр ороод тамхи, шил, шил пиво утасны нэгж гурав авсан. Тэгээд гэртээ ороод пиво уух гэж байтал Очироо Эрдэнэчимэг хоёр архи бариад орж ирсэн. Тэгээд юу архи юм гэхэд О эгч захисан юм гэж байсан. Тэгээд тэр архийг нь хувааж ууж дуусаад би 20000 төгрөг Очироод өгөөд өөрсдөө мэдээд юм аваад ир гэсэн. Тэгээд удалгүй Очироо архи ундаа аваад хүрээд ирсэн. Тэгээд тэр архинаас нь би нэг их уугаагүй. Эрдэнэчимэг Очироо хоёр ч гэсэн тэр архинаас нэг их уулгүй гараад явсан. Тэгээд тэр хоёрыг гараад явсны дараа миний нойр хүрээд байсан би унтах гээд хэвтэж байсан О орж гараад яваад байсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд би унтчихсан байсан. Гадаа цагдаа ирчихсэн байсан. Цагдаа намайг хувцсаа өмс гэж хэлээд аваад явсан. Тэгээд цагдаа дээр очоод буцаад намайг аваад манай гэрт ирээд зураг авсан. Тэр үед би гадуур хувцсаа өмссөн. Би Оийг өөрийгөө хутгалсан л байх гэж бодоод байгаа. Яагаад гэвэл О гэдэснийхээ хажуу талд өвдөөд байна гээд яриад байдаг байсан. Тэгээд би дагуулж явж эмчид үзүүлж байсан. Би бодохдоо О группт гарах гээд л өөрийгөө хутгалсан байх гэж бодож байгаа” гэжээ /хх-34/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 741 тоот хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

            “1. С.Оийн биед хэвлийн хөндийг нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, хэвлийн цусан болон баасан хязгаарлагдмал гялтантаст бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2017.03.09-нд үүссэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хийх боломжгүй.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-39-40/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9х/, Эд зүйл хураан авч, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-15х/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-88-91х/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 85 дугаар гудамжны 1050 тоотод согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч хохирогч С.Отэй маргалдаж, улмаар хэвлий тус газар нь хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Сг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

   Хохирогч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэсэн болно. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхэгддэг тонгорог хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ш.Сг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай. 

            5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эвхэгддэг тонгорог хутга 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН