Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1950

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

2020          11           06                                        2020/ШЦТ/1950

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга Н.Солонго,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2006 00000 2618 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Б , Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 29-738а тоотод хойд эцэг Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, зүүн хацарт шарх, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эхнэртэйгээ хамт гэртээ архи уугаад сууж байхад гаднаас манай хүү Д.Б  архи уучихсан орж ирээд та нарыг ална гээд гал тогооны өрөөнд байсан хутгыг авч миний зүүн талын хацарт нэг удаа зүссэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Даваасамбуу, хүү Буянбат, дүү Сайнбаяр бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Хүү Буянбат уусан архиндаа согтоод аавынхаа зүүн талын хацар хэсэгт хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг[4],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11135 дугаартай:

“1. С.Д -н биед зүүн хацарт шарх, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн хацрын шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун нүдний алим, зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5] ,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,[7]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 29-738а тоотод хойд эцэг Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед халдан, зүүн хацарт шарх, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

шүүгдэгч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх[9],

хохирогч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гал тогооны өрөөнд байсан хутгыг авч миний зүүн талын хацарт нэг удаа зүссэн.” гэх[10],

гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аавынхаа зүүн талын хацар хэсэгт хутгаар зүссэн...” гэх мэдүүлгүүд[11], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11135 дугаартай дүгнэлт[12] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч С.Д гийн  эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч С.Д д Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11134 дугаартай дүгнэлтээр “зүүн хацарт шарх, баруун нүдний алим, баруун зовхинд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгааргэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгч Д.Б , хохирогч С.Д  нар гэр бүлийн харилцан хамаарал бүхий болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

 

Шүүгдэгч Д.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Д г хутгаар нүүрэн тус газарт нь зүсэж хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл хийснийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Б ын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч С.Д  нь “гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”[13] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Д.Б  уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Д.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ   

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 28-29 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас

[11] Хавтас хэргийн 28-29 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас

[13] Хавтас хэргийн 82 дугаар хуудас