| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01083/И |
| Дугаар | 02294 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 02294
2017 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2017/02294 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г, У /РД: НФ84031901/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г, хариуцагч Г, У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх хариуцагч нар 2015 оны 04 сарын 08-нд 7 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, нотариатаар баталгаажуулж гэрээ байгуулсан. Түүнээс хойш маргааш өгнө, сарын дараа өгнө гэж худлаа ярьсаар байгаад 2 сарын хугацаа өнгөрч, 2015 оны 05 сарын 21-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. Хариуцагч Н.Ганцэцэг нь манай нутгийн хүн байсан, харин нөхрийг нь танихгүй. Надад 2017 оны 07 сарын 07-ны өдөр Г 4 000 000 төгрөгийг өгсөн. Өмнө 2 000 000 төгрөг зээлж түүнийг 3 000 000 төгрөг болгож өгөхөөр тохирч, уг мөнгөө төлж дууссан. Үүний дараа 2015 оны 07 сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөгийг хүү гэж 1 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, 08 сарын 03-ны өдөр У өөрөө 1 000 000 төгрөгийг хүүний мөнгө гэж өгсөн. Мөн өөрсдөө дансаар 2 500 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Хариуцагч нар нь банк бус байгууллагын барьцаанд тавьсан машинаа манай хашаанд аваачсаныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураагаад аваад явсан. Одоо 7 000 000 төгрөгийн 50 хувиар алданги тооцоод 10 500 000 төгрөг, үүнээс 4 500 000 төгрөг өгсөнийг хасч үлдэгдэл 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчээс анх 2 000 000 төгрөгийг зээлээд 3 000 000 төгрөг болгож өгсөн. Дараа нь тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болохоор нь Гийн нөхрөөс 7 000 000 төгрөгийг зээлсэн. Үүний дараа Гийн гэрт нь манай эхнэр 1 000 000 төгрөгийг аваачиж өгсөн, өөрийн машиныг Гийн хашаанд барьцаанд тавьсан байсан. Наадмаар 3 хоног машинаа хэрэглээд, байгаа мөнгө 1 000 000 төгрөгийг өгөөд буцаагаад машинаа хашаанд нь оруулж тавьсан. Гэтэл нэхэмжлэгч гэрт нь очиж өгсөн 1 000 000 төгрөгийг өгөөгүй гэж яриад байна. Бид 2 000 000 төгрөгийг зээлж аваад 3 000 000 төгрөг болгож өгөхөөс гадна, 7 000 000 төгрөгийг зээлж авсаны дараа цувуулаад 800 000 төгрөг, дансанд 4 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг гэх зэрэг өгсөн мөнгүүдийг тооцоолоод үзэхэд нийт 11 800 000 төгрөг болж байна. Өнгөрсөн цагаан сарын үеэр Г эгчтэй утсаар ярьж хэдэн төгрөг авахыг асуухад 4 000 000 төгрөгийг авъя гэж хэлсэн. Түүнээс хойш цагаан сарын өмнө 1 500 000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгийг цагаан сарын дараа өгөхөөр тохиролцсон боловч миний хийж байгаа ажил зогссон учраас мөнгө биш байр өгсөн. Би уг байрыг зарж, зээлсэн мөнгийг өгье гэж байтал шүүхээс дуудсан” гэв.
Хариуцагч У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анх манай нөхөр Г эгчээс мөнгө зээлэхэд манай нутгийн хүн гэдгийг мэдээгүй. Тухайн үед би өөрөө бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан учраас энэ асуудалд оролцоогүй. Наадмын өмнө 4 000 000 төгрөгийг мөн, өөрийнх нь данс руу 2 500 000 төгрөг, баримтаар 1 000 000 төгрөгөөр 2 удаа өгсөн. 800 000 төгрөгийг манай нөхрөөс авсан гэж хэлдэг боловч тухайн үед би байгаагүй. Наадмын үеэр машин хэрэгтэй болоод 3 хоногоор машинаа авч хэрэглээд буцаагаад тавьсан байгаа. Ингээд нийт 11 800 000 төгрөгийг өгсөн” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017.04.11-нд шүүхэд ирүүлсэн бөгөөд 2017.09.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж үндсэн зээл 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийтдээ 10 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг шаардсан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6 000 000 төгрөгийг хариуцагч Г, У нараар төлүүлэхийг хүссэн, харин хариуцагч нар 7 000 000 төгрөгийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрсөн, нийтдээ 11 800 000 төгрөг болгож нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж маргажээ.
Хэрэгт авагдсан 2015.03.25-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Г нь 1 сарын хугацаатай 2 000 000 төгрөгийг хүүгүй зээлж авсан, 2015.04.25-ны өдөр 3 000 000 төгрөг болгож буцаан төлөх, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд гэрээний доод талд “2015.07.07 өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдууллаа. хүлээн авсан Ганчимэг 7.7-нд” гэж бичсэнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан 2015.03.25-ны зээлийн гэрээ 2015.07.07-ны өдөр биелэгдсэн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч 2015.04.08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг хариуцагч нараас шаардсан бөгөөд уг гэрээгээр Г 7 000 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй зээлж авсан, зээлсэн мөнгийг 2015.05.10-ны өдөр төлж дуусгасан байх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон, зээлийн гэрээний доод талд “2015.07.07-нд 7 000 000 төгрөгний хүү 1 000 000 төгрөг өглөө” гэсэн бичиглэлээр зээлсэн 7 000 000 төгрөгний хүү төлөгдсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд Гтэй байгуулсан зээлийн гэрээний 3-т зааснаар “хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх”-өөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтад нийцсэн гэж үзлээ.
Хариуцагч тал 2015.10.31-нд 1 000 000 төгрөг, 2015.09.26-нд 1 000 000 төгрөг, 2016.02.08-нд 500 000 төгрөг нийтдээ 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, харин 2015.07.07-нд 1 000 000 төгрөг, 2015.08.03-нд 1 000 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн болох нь Хаан банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон, харин хариуцагч Г, У нар зээлийн төлбөрт 11 800 000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэж тайлбарладаг боловч нотолсон баримтгүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан 3 500 000 төгрөгний алдангийн тооцоолол нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтад нийцсэн байх бөгөөд үндсэн зээл 7 000 000 төгрөг, алданги 3 500 000 төгрөг нийтдээ 10 500 000 төгрөгнөөс төлөгдсөн 4 500 000 төгрөгийг хасч үлдэх 6 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн Гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас хангасан хэмжээгээр тооцож 110 949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 190 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Г, У нараас зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөгийг гаргуулж Гт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 110 949 төгрөгийг гаргуулж Гт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2017.04.11-ний 174 950 төгрөг, 2017.09.26-ний 15 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ