Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0108

 

В- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгчБ.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б-, өмгөөлөгч Д.Н- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, В- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В- ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын Спорт комплексийн зүүн талд В- ХХК-д үйлчилгээний зориулалтаар 2725 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 165 дугаар захирамжаар уг газрыг эзэмших зориулалтыг орон сууц, үйлчилгээний болгон өөрчилсөн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болох-оор зохицуулалт байдаг боловч тухайн үед ийм зөвшөөрөл авахгүйгээр газрынхаа тодорхой хэсгийгБ- ХХК-д ашиглуулж, улмаар барилга баригдсан бөгөөд тухай барилгын өмчлөгчөөр ньБ- ХХК-ийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

В- ХХК эзэмшил газар дээрээ бусдын хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгөө бий болгохыг харилцан зөвшөөрсний үндсэн дээр барилга баригдаж өмчлөгчөөрБ- ХХК тогтоосон зэргийг харгалзан уг компаниас барилгын доорх газрыг эзэмших хүсэлт гаргасны дагуу 2010 оны 581 дүгээр захирамжаарБ- ХХК-д 916 м.кв, В- ХХК-д 1086 м.кв газрыг эзэмшүүлснийг НЗД нэр шилжүүлэх тухай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс дээрх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 1/9269, 1/2991 тоот албан бичгүүдээр шинэ захиргааны акт гаргахыг даалгасан тул Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хамтарсан 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж удирдлагын зөвлөлөөр танилцуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1017 тоот захирамжаар 2 компанид барилгын сууриар буюу В- ХХК-д 652 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар,Б- ХХК-д 916 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус баталгаажуулсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд В- ХХК нь НЗДд холбогдуулж газар чөлөөлөхгүй байгаа талаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд В- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээдБ- ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Холхивч Нумын спортын холбооны ерөнхийлөгч Д.Агваан нь анх надтай тохиролцож Б дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барьж уг барилгаас 108 м.кв талбай бүхий байрыг авахаар тохиролцсон. Ингээд би уг газарт өөрийн 100 хувийн хөрөнгөөр Орхон төвийн барилгыг барьсан. Тохиролцооны дагуу би Д.Агваанд 108 м.кв талбайг өгсөн. Анх бидний хооронд маргаан үүссэн шалтгаан нь намайг барилгаа бариад 80 хувийн гүйцэтгэлтэй явж байхад Д.Агваан уг барилгыг өөрийн хөрөнгө гэж бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг дан ганц өөрийн нэр дээр аваад банкнаас зээл авахаар явж байхад нь мэдэж бидний хооронд өмчийн маргаан үүсч шүүхээр 2004 оноос хойш явах болсон.

Тэрхүү гэрчилгээг хууль бусаар гаргаж авсныг тус шүүхээс тогтоож хүчингүй болгосон. Гэтэл уг маргааныг шийдвэрлүүлэхээр иргэний шүүхэд хэрэг хянагдаж байхад Д.Аг нь Монголын Холхивч Нумын спортын холбооны эзэмшлийн газрыг өөрийн хувийн В- ХХК руугаа шилжүүлж уг өмчлөлийн маргаантай иргэний хэрэгт газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 588 тоот тогтоолоор хамтатган шийдвэрлэсэн. Уг тогтоолоорБ- ХХК нь Орхон худалдааны төвийг барихдаа Газрын тухай хуулийг зөрчөөгүй, газар эзэмшигч болон газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр тухайн газар дээр Орхон худалдааны төв баригдсан тул уг эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн В- ХХК нь газар чөлөөлүүлэх эрхгүй этгээд байна гэж дүгнэсэн.

Энэ ч үндэслэлээр манай компани хууль ёсны дагуу өмчлөгч болсон. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зөвшөөрөлгүй түрээслэж ашиг олдог гэжээ. Манайх газрыг түрээслэдэггүй, учир нь уг газарт Орхон худалдааны төв баригдсан байна.

В- ХХК нь газрын төлбөрийг төлдөг гэжээ. Манай компани өмнө нь өөр нэрээр төлж байсан ба өөрийн нэр дээр 2010 оноос газрын төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан В- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоон, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдэврлэжээ.

Гуравдагч этгээдБ- ХХК давж заалдах гомдолдооВ- ХХК нь Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг тогтоол нь В- ХХК- ны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Харин В- ХХК нь өмнө эзэмшиж байсан 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот, 2009 оны 165 дугаар тоот Газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болсныг сэргээлгэх нэхэмжлэл гаргаагүй, ийм шаардлагыг шүүхээр хэлэлцээгүй, уг захирамжийг сэргээхийг НЗДд даалгахыг нэхэмжлэгч нэхэмжлээгүй учир хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж Улсын Дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 тоот тогтоол гарсан.

Тогтоолын тогтоох хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2-т заасан В- ХХК болонБ- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 581 дүгээр захирамжийн гурав дах заалт буюу 2009 оны 165 дугаар захирамжийн В- ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээсэн. Шүүх хүчингүй болгоогүй учир одоо ч гурав дах заалт хүчинтэй байна.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 тоот тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоон, Нийслэлийн засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна. Мөн шүүх шийдвэртээ Улсын дээд шүүхийн 147 тоот тогтоолын тогтоох хэсгийн аль заалтыг биелүүлэхгүй байгааг заагаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг заахаар хуульд заасан байна.

Улсын Дээд шүүхийн 147 дугаар тогтоолын тогтоох хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2009 оны 165 дугаар захирамжыг сэргээн шийдвэрлэсэн заалт байхгүй. Энэ тухай тогтоох хэсэгт заагаагүй. Мөн тогтоолын дагуу гүйцэтгэх хуудас бичихдээ ч 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2 заалтыг хүчингүй болгуулахаар бичигдсэн байх бөгөөд 165 тоот захирамийг сэргээлгэхээр гүйцэтгэх хуудас бичигдээгүй.

Гэтэл Засаг даргын үйлдэл хууль бус, буруутай гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байх тул гомдолтой байна. Мөн шийдвэртээ Засаг даргын ямар үйлдэл буруутай болохыг заагаагүй байна.

НЗД Улсын Дээд шүүхийн 147 дугаар тогтоолоор 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2 дахь заалтыг хүчингүй болгосон, гурав дахь заалтыг хэвээр үлдээж шийдвэрлээгүй тул 165 тоот захирамжийг сэргээгээгүй байсан учир тухайн газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж шинээр В- ХХК болон манай компанид барилгын сууриар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийг хууль бус үйлдэл гэж үзэхгүй байна.

2. Газрын эзэмшигч В- ХХК-ийн 2725 м.кв газар эзэмших эрх хэвээрээ болохыг шүүхийн шййдвэрүүд дүгнэсэн гэжээ. 2010 оны 08 дугаар сарын 20 өдрийн 581 тоот захирамжийн хавсралтын 1, 2 заалтыг хүчингүй болгосон. Харин гурав дахь заалтыг хүчингүй болгоогүй. Захирамжийн гурав дахь заалтыг хүчингүй болгож 165 тоот захирамжийг сэргээсэн шийдвэр байхгүй байхад хүчинтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

В- ХХК-иас өөрийн эзэмшлийн газрын холбогдох хэсгийг нийтийн эзэмшилд шилжүүлж үлдсэн газрын нэхэмжлэгчид эзэмшүүлж шийдвэрийг хэрэгжүүлэх гэжээ. В- ХХК-ийн 165 тоот захирамжаар газар эзэмших хугацаа 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Уг газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх эсэхийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Засаг дарга шийдвэрлэхээр заажээ. Мөн газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу талууд хүсэлт гарган, хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга шийдвэрлэхээр заажээ. Гэтэл энэ эрхэд халдаж шүүх шийдвэртээ заасан нь манай компаний эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. В- ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг; 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг гэж заасантай нэхэмжлэгчийн дээрх шаардлага нийцэхгүй төдийгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаарх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2-т заасан В- ХХК болонБ- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /2012 он/ 32 дугаар зүйлийн 32.1-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ гэж тус тус заасан.

В- ХХК-ийн 2725 м.кв газраас 916 м.кв газрыгБ- ХХК-д шилжүүлэн, нэхэмжлэгчид 1086 м.кв газар эзэмшүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг захиргааны байгууллага албан тушаалтан биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг шүүхэд хандаж тогтоолгох бус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байгаа тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх учиртай.

Түүнчлэн В- ХХК-иас Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, 2725 м.кв газрыг В- ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор В- ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр болох нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон, тус компанид газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байх тул дахин 2725 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг НЗДд даалгах шаардлагагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

Иймд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох гэсэннэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий дээрх захирамжаар нэхэмжлэгч В- ХХК-д 652 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, гуравдагч этгээдБ- ХХК-д 916 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжийн хавсралтын 1, 2-т заасан В- ХХК болонБ- ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 581 дүгээр захирамжийн Гурав-т Энэ захирамж гарсантай холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2009 оны 165 дугаар захирамжийн В- ХХК-д ...хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэж заасан. Гэвч мөн захирамжийн Нэг-т ... хавсралтаар 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсугай гэж зааж, харин хавсралт дахь В- ХХК болонБ- ХХК-д хамаарах заалтыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор уг захирамжийн Гурав-т Энэ захирамж гарсантай холбогдуулан... гэж заасан буюу тус захирамж гарах үндэслэл болсон В- ХХК-д хамаарах хэсэг хүчингүй болж шийдвэрлэгдсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн ...Улсын Дээд шүүхийн 147 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 581 дүгээр захирамжийн гурав дах заалт буюу 2009 оны 165 дугаар захирамжийн В- ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээсэн. Шүүх хүчингүй болгоогүй учир одоо ч гурав дах заалт хүчинтэй. 165 тоот захирамжийг сэргээсэн шийдвэр байхгүй... гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Б дүүргийн 06 дугаар хороонд 2725 м.кв газрыг В- ХХК-д эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63, 2009 оны 165 дугаар захирамж хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч тусгазрыг эзэмших эрхтэй.

Гэтэл НЗДас нэхэмжлэгч В- ХХК-иас өөрийн эзэмших эрх бүхий газраасБ- ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг гаргаагүй байхад шүүхийн шийдвэрийг үл ойшоож, шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 2010 оны 581 дүгээр захирамжтай адил агуулга бүхий 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг дахин гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1017 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ