Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 01909

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.О-д холбогдох,         

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гэрч О.А*******, Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.З******* шүүхэд гаргасан 2016.03.17-ны өдрийн нэхэмжлэлдээ: “...иргэн О.О*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болох 25 000 000 төгрөг, зээлийн хүү 18 021 666 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийтдээ 55 521 666 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хариуцагч О.О*******тай 2015 оны 02 сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлсэн.  Уг зээлийг өгсөн тухай мөнгө хүлээлцсэн баримтыг 2015 оны 02 сарын 14-ний өдөр үйлдсэн. Хариуцагч өөрөө мөнгө хүлээн авсан тухай баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүн дээр айлган сүрдүүлэг, залилан мэхлэх, хүч хэрэглэх зэргээр хариуцагчийн гарын үсэг зуруулаагүй. Мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанаар тооцогдож байгаа. Талууд хоорондоо зээлийн  хүү тогтоосон учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасны дагуу зээлийн гэрээ болон мөнгө төлсөн 2 хувь баримт үйлдэж, гэрээгээ 2015 оны 02 сарын 16-ны өдөр нотариатаар батлуулсан. Уг баримтууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдан авагдсан байгаа. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 1 сарын хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлийн гэрээний хугацааг тухайн үед мөнгөө төлөхгүй болохоор 25 000 000 төгрөг дээр төлөх ёстой хүүгээ тооцож 2 удаа зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 02 сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс хойш зээлдэгч ямар нэгэн мөнгө шилжүүлж өгөөгүй юм байна. Ингээд өмнөх зээлийн гэрээн дээр нэмээд дараагийн зээлийн гэрээ хийгээд явж байгаа. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт заасны дагуу 25 000 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх нэмэлт хугацаа тогтоосон. Үүнийг  хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Хариуцагч тал 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан, дараа нь нотариатаар батлуулсан гэдгийг өөрөө зөвшөөрсөн. Энэ бодит үйл явдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээг талууд эрх тэгш, харилцан сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлэн байгуулсан. Үүнд хариуцагчийн яриад байгаа хүч хэрэглэсэн, сул дорой байдлыг ашигласан хүсэл зориг байгаагүй. Харин ч эсрэгээрээ М.З******* нь 4 дүгээр ангийн боловсролтой, 25 000 000 төгрөг зээлэхэд ямар ч барьцаа аваагүй явж байсан. Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан үндэслэл шаардлагын дагуу хүсэл зорилгоо илэрхийлэн хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Хариуцагч О.О*******ын Хаан банкны 5*******9 дугаартай төгрөгийн данснаас нэхэмжлэгч М.З*******ын Хаан банкны  дансанд  2015 оны 04 сарын 22-ний өдөр нотариатын үйлчилгээний зардал болох 51000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Хаан банкны депозит дэлгэрэнгүй хуулга дээр харагдаж байгаа. Орлого дээр нь нотариатын мөнгө гэсэн агуулгатай М.З*******т шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад зээлдэгч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ хийсэн харагдаж байна. Талуудын хооронд олон гэрээ байгуулагдсан. 14/07 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хэмжээ нь 180 000 төгрөг байсан. 14/15 зээлийн гэрээнийх 360 000 төгрөг, 14/26 зээлийн гэрээнийх 432 000 төгрөг, 14/38 зээлийн гэрээнийх 540 000 төгрөг, 14/54 зээлийн гэрээнийх 720 000 төгрөг нийтдээ 5 гэрээний зээлийн хэмжээ нь өөр өөр дүнтэй тохиролцсон. Хариуцагч нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд нийт 5 эргэн төлөлтийн мөнгийг шилжүүлж байсан хуулгаас үзэхэд гэрээ бодитой хийгдсэн гэж үзэж байна. Хариуцагч О.О******* зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө төлөөгүй. Иймээс зээлийн гэрээний хугацаагаа сунгасан боловч уг хугацаанд ч гэсэн зээлээ төлөөгүй. Ингээд талууд зээлийн гэрээнд эд хөрөнгө оролцуулаад нийт 12 төрлийн ширхэг гар утсыг авсан байдаг. Энэ хэрэгт авагдсан цэнхэр дэвтэр дээр бичигдсэн байдаг. Зарим нь бичигдээгүй байгаа ч гэсэн М.З******* цэнхэр дэвтэр дээр жагсаагаад бичсэн байдаг. Ингээд нийтдээ 3 882 000 төгрөгийн 12 ширхэг гар утас авсан. Үүнийг дэвтэр дээр янз бүрээр бичсэн байдаг. Гар утасны цэнхэр дэвтэрт хэний дэвтэр, хэн бичсэн гэдэг нь тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. 2015 оны 01 сарын 15-ны өдөр 66 дугаар зээлийг гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо байгуулж, 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээнд хариуцагч О.О******* бэлнээр 11 000 000 төгрөгийг төлсөн байсан. Мөн 334 дугаар зээлийн гэрээг байгуулахаас өмнө 9 сая гаруй төгрөгийг барьж ирээд энэхүү зээлийг төлсөн байдаг. Энэ нь бодит байдал дээр бичгийн хэлбэрээр нотлогдохгүй байгаа ч гэрчийн мэдүүлгээр нотлох боломж байгаа. Гэрчийг оролцуулсан шалтгаан нь энэ мөнгөө гэрчийн өөрийнх нь мөнгө, олгосон зээлд хяналт тавьдаг байсан, М.З*******аар дамжуулан О.О*******т зээл олгож байсан хүн байгаа юм. Тухайн зээлийн гэрээг байгуулах өдөр М.З*******т 9 000 000 төгрөгийг бэлнээр өгчихөөд 16 000 000 төгрөгийг нэмээд  нийт 25 000 000 төгрөг болгож зээлж авсан акт үйлдсэн байдаг. Энэ 2 хүний хооронд 10-аад удаа зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, эргэн төлөлтөө хийгээд явж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Манай талаас хариуцагчийн эдийн засгийн байдлыг дордуулахгүйгээр үндсэн зээл болон түүний хүүг авъя, цаашид хугацаа сунгасан зээлийн гэрээгээр нэхэмжлэхгүй гэдэг саналаа илэрхийлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч талаас 25 000 000 төгрөгийг алдангийн хамт нийтдээ 37 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд талйбарлахдаа: Хэд хэдэн удаагийн шүүх хурлууд болоход хурал болгонд нэхэмжлэгчийн гаргадаг тайлбар өөрчлөгдөөд тогтворгүй явж ирсэн байгаа. Энэ нь хэрэгт гаргаж өгч байгаа баримттайгаа уялдуулж өөр өөр байдлаар тайлбарладаг гэсэн үг. Харин хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбарыг 2016 оны 04 сарын 29-ний өдөр гаргасан одоо ч хэвээрээ байна. М.З*******, О.О******* гэдэг хүмүүсийн хооронд нийт 5 удаагийн зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Хамгийн анх 5 000 000 төгрөгийн гэрээ хийгдсэн,  энэ мөнгийг зээлж авсаныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлөөд явж байх хугацаандаа нэмж 5 000 000 төгрөгийг зээлж авсан. Ингээд үндсэндээ 10 000 000 төгрөгийг зээлж авсан, хугацаагаа тохирсон графикийн дагуу төлөөд заримыг нь хугацаа хэтрээд алданги, хүү бодогдоод байсан. Хариуцагч О.О******* Тэди төвд утас зардаг. Өдрийн орлого орж ирэнгүүт байнга зээлийн хүүгээ өгдөг байсан. М.З******* нь Тэди төв болон бусад худалдаа эрхэлдэг хүмүүст зээл тарааж, өдөр болгон зээлий******* хүүг хурааж авдаг, тэр хүмүүсийг янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг байсан. О.О******* мөнгө зээлж авсан нь үнэн, нэгэнт тохирсон учраас хүү төлөх үүрэг гэж үзээд асар их хэмжээний хүү төлсөн. О.О******* нь 10 000 000 төгрөгийн зээл авсан, 12 000 000 төгрөг болоход нь зээлийг төлсөн. Үүний дараа 12 000 000 төгрөгийн төлөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр, хугацаа хэтэрсэн нэмэгдэл хүү гэж тооцоод нэмээд 15 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийсэн. Дараагийн сард нь 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ, үүний дараа дахиад 2015 оны 01 сард 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Одоо үндэслэл болгоод байгаа 2015 оны 02 сарын 16-ны зээлийн гэрээ нь өмнөх  гэрээнүүдээр уламжлагдан хийгдсэн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Дараа нь төлж чадахгүй байгаа гээд 28 000 000 төгрөг болгосон, үүний дараа 31 140 000 төгрөг гэж нэхэж байсан. Хариуцагч тал  хэзээ ч 25 000 000 төгрөгийг зөвшөөрч байгаагүй, би өмнөх шүүх хуралдаанд  “...мөнгө хүлээлцсэн баримтаас хойш 2 хоногийн дараа 2015 оны 02 сарын 16-ны зээлийн гэрээ байгуулагдсан, тэр өдөр мөнгө хүлээж аваагүй” гэсэн агуулгаар хэлсэн. Сүүлийн гэрээнүүдийг бодитоор мөнгө өгөөгүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр нэмээд гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Хариуцагч нь тухайн үед гар утас зардаг байсан, мөнгө хэрэг болсон үед 10 000 000 төгрөг зээлж аваад зээлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгэсэн, зээлийн хүүд асар их хэмжээний мөнгө дансаар төлсөн. Одоо бол зээлийн гэрээний дагуу төлөх мөнгө байхгүй. Өөрт нь хэрэгтэй үед мөнгө зээлдүүлсэн, тухайн үедээ ашиг олж байсан гэсэн утгаараа шүүхэд маргаан үүсэх үед 10 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөөд нэхэмжлэгч талтай эвлэрье гэхэд З******* нь зөвшөөрөөгүй. Хариуцагч талтай ярилцахад 10 000 000 төгрөг төлөөд маргааныг дуусгахыг зөвшөөрсөн хэвээрээ байгаа гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч М.З******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 521 666 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  хариуцагч О.О*******т холбогдуулан анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 37 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 

            Нэхэмжлэлийн үндэслэл нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №334 тоот зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 25 000 000 төгрөг, алданги 12 500 000  төгрөг нийтдээ  37 500 000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тал тайлбарласан болно.

 

            Хариуцагч тал “...зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг бэлнээр  аваагүй, өмнөх зээлийн гэрээнүүдийн хүү, алдангийг тооцож гэрээ хийсэн,  2014 оны 9 дүгээр сарын 5-ны болон 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг /5 саяар  2 удаа/ зээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

 

            Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр №334 тоот зээлийн гэрээ  байгуулагдсан,  сарын 8 хувийн хүүтэй 25 000 000 төгрөгийг 2015 оны 2 сарын 14-нөөс 2015 оны 3 сарын 16-ныг хүртэл 1 сарын хугацаатай зээлдүүлсэн,  зээлдэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний 3-т “Зээлдүүлэгч М.З******* нь 25 000 000 төгрөгийг зээлдэгч О.О*******т 2015-02-14-ний өдөр бэлнээр өгсөн” гэх, улмаар гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт”-аар нотлогдоно гэж нэхэмжлэгч тал тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

 

Энэ хуулийн заалтаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нөхцөлд хариуцагчид мөнгө төлөх үүрэг үүсэх бөгөөд хэргийн 122 дугаар талд авагдсан “мөнгө хүлээлцсэн баримт”-ыг үндэслэн нэхэмжлэгч М.З******* нь хариуцагч О.О*******т зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн эсэх талаар талууд маргаантай байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №334 тоот зээлийн гэрээ болон  2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт”-ыг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Э*******г гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч тал гаргасан, тэрээр шүүх хуралдаанд “...мөнгө хүлээлцсэнийг биш, харин энэ баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. Мөнгө хүлээн авсан эсэх талаар мэдэхгүй” гэж гэрч мэдүүлжээ.

 

Дээрх байдлаас үзэхэд О.О*******т 25 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч тал 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №334 тоот Зээлийн гэрээний дагуу тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй болно.

 

Талуудын хооронд нийтдээ 10 ширхэг зээлийн гэрээ байгуулагдсан /2014.09.05-ны өдрөөс 2015.05.20-ныг хүртэл/ байх бөгөөд нэхэмжлэгч талаас “2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх гэрээнүүд нь бодитойгоор байгуулагдсан, бусад гэрээнүүд нь гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү, алдангийг тооцож хийсэн” гэж, харин хариуцагч тал нь “2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний гэрээгээр 5 000 000 төгрөгийг нэмж нийт 10 000 000 төгрөгийг хүлээн авсан, бусад гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч тал зөвшөөрдөггүй боловч шүүх хуралдааны явцад “...шаардлагатай үед мөнгө зээлдүүлсэн, зээлж авсан нийт 10 000 000 төгрөгийг тухайн үедээ өөрийн бизнест оруулж тодорхой хэмжээгээр ашиг олж байсан” гэх үндэслэлээр хариуцагч О.О******* нь 10 000 000 төгрөгийг О.З*******т өгч болохыг зөвшөөрсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа тайлбарласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд М.З******* 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №334 тоот зээлийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг О.О*******т шилжүүлэн өгсөнийг нотолж чадаагүй болно.

Гэвч хариуцагч О.О******* нь тодорхой хэмжээний мөнгө төлж нэхэмжлэгчтэй эвлэрэх болон маргааныг эцэслэх зорилгоор 10 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  зөвшөөрч, эвлэрэх хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгчид 10 000 000 төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн тооцооллын дэвтрийн 2 дугаар хуудсанд /Зоригоод/ буюу нэхэмжлэгч М.З*******т 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангид тооцож бэлнээр болон дансаар мөнгө төлж байсан, мөн гар утсыг төлбөрт тооцон өгсөн талаарх хариуцагч О.О*******ын зээл төлөлтийн тооцоо байх бөгөөд өмнөх зээлийн гэрээнүүдийн тооцоо болохыг талууд тайлбарласан байна.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О.О*******аас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.З*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 500 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж М.З*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ