Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/957

 

 

 

 

 

 

     

   2021            9         20                                            2021/ШЦТ/957  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхжин хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ч- овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0165 91287 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч- овогт Б-ын Х- нь Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Алтай” нэртэй зочид буудлын 404 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-ыг өмнө нь болсон асуудлаас болж хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт нь цохих, түлхэж унагаах, хөлөөрөө өшиглөх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн шуу, шилбэ, хэвлийд цус хуралт, олон тооны гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2108 0165 91287 дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирсэн “2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 03:28:54 цагт хуучин найз залуу зодоод байна” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

2. Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын сүүлээр танилцсан Б.Х- гэх залуу над руу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр утсаар ярьж “хоёулаа уулзмаар байна” гэсэн. 21 цагийн үед утсаар ярьж байгаад уулзалдсан, уулзах үедээ согтуу байдалтай ирсэн. Бид замаасаа согтууруулах ундаа авч хэрэглэсэн. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” нэртэй зочид буудлын 404 дугаартай өрөөнд гаднаас 2.5 литрийн пиво авч орсон. 2021 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед тухайн буудалд пиво хувааж ууж байгаад хувийн таарамжгүй харилцаанаас болж Б.Х- нь баруун талын гар хэсэг рүү гараараа цохисон, газарт унагаж байгаад миний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гарнаас базаж зодсон. ...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Мөн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 29-нд 21 цагийн үед ...танил эмэгтэй Б.З-тай утсаар холбогдож уулзсан, уулзхаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид такси барьж явахдаа замдаа таксин дотор согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Шинэ Алтай” зочид буудлын 4 давхрын 404 тоот өрөөнд орж бид пиво хувааж ууж байгаад 2021 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед би өмнө нь болж байсан юмыг ярьж, Б.З-ыг хэл амаар доромжлон газарт түлхэж унагаан, хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөөд, хоёр гараараа шуунаас нь атгаж, баруун гар хэсэгт нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7032 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганы гадна дээд хэсэгт 13х8 см, зүүн шууны доод гадна хэсэгт 4х6 см, 3х3.5 см, хэвлийн зүүн хэсэгт 8х2.5 см, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 4х3.5 см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

-Б.З-ын биед баруун бугалга, зүүн шуу, шилбэ, хэвлийд цус хуралт, олон тооны гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь шинэ гэмтэл байна, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

5. Хохирогч Б.З-ын “Хаан банк”-нд эзэмшдэг 5024449248 тоот данс руу хохирлын мөнгө 500.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 62 дугаар тал),

 

            6. Яллагдагч Б.Х-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 61 дүгээр тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (63-65 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

7. Шүүгдэгч Б.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48, 52 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 55 дугаар тал), “Алтай газрын хүч” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.З-ыг хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт нь цохих, түлхэж унагаах, хөлөөрөө өшиглөх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Х- нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Х-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х- нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Алтай” нэртэй зочид буудлын 404 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Б.З-ыг урьд болж байсан маргаан бүхий асуудлаас шалтгаалан хэл амаар доромжлон, баруун гар хэсэгт нь цохих, түлхэж унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн шуу, шилбэ, хэвлийд цус хуралт, олон тооны гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар тал),

-Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед тухайн буудалд пиво хувааж ууж байгаад Б.Х- нь баруун талын гар хэсэг рүү гараараа цохисон, газарт унагаж байгаад миний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гарнаас базаж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“Шинэ Алтай” зочид буудлын 4 давхрын 404 тоот өрөөнд орж бид пиво хувааж ууж байгаад 2021 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед би өмнө нь болж байсан юмыг ярьж, Б.З-ыг хэл амаар доромжлон газарт түлхэж унагаан, хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөөд, хоёр гараараа шуунаас нь атгаж, баруун гар хэсэгт нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7032 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Х-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Х- нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.З-ын “Хаан банк”-нд эзэмшдэг  5024449248 тоот данс руу хохирлын мөнгө 500.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-62/-ыг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Х-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Х-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Х- нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Б.Х- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад гэм буруугаа, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Х-т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч- овогт Б-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.З-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА

09